• Өнөөдөр 2024-05-20

А.НАРАНХИШИГТ: "ЖАРГАЖ ҮЗЭЭГҮЙ НАР" КИНОГООР ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ АЮУЛД ХҮРСНИЙГ ХЭЛЭХИЙГ ХИЧЭЭСЭН

           "Бодит амьдралаас сэдэвлэн бүтээв" гэх үг киноны төгсгөлд гарахад сэтгэл бүүр ч их эмзэглэж, "Жаргаж үзээгүй нар" киноны гэр бүлийг, тэр жаахан охиныг, түүнийг хайрлаж өсгөсөн бүх хүнийг тэвэрмээр санагдаж билээ. Гэгээ охиныг аав, ээжтэйгээ алсын харагч дээр суухыг, аавтайгаа хамт хүслийн жагсаалтаа дуусгахыг олон хүн хүлээсэн болов уу.

         Тус уран бүтээлд нөхрийнхөө хүсэл мөрөөдлийг хамгийн сайн ойлгодог гэргий, охиноо гэсэн хайр нь үргэлж ундардаг ээж  Урнаа гэх бүсгүйн дүр бий. Урнаагийн дүр бурхнаас "охиныг минь битгий авч яваач" гэж залбирах нөхөртөө "Миний охиныг хэн ч авч явах гээгүй байна" гэж уурлахдаа, эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэх охиныгоо хөхөөрөө даллан дуудахдаа, охиныхоо төлөө бүхнийг хиймээр байгаа ч юу ч хийж чадахгүй байх тэр ээж хүний цөхрөлийг хамгийн сайн харуулсан болов уу. Урнаагийн дүрд ажилласан залуу жүжигчин А.Наранхишигттэй ярилцлаа.

Энэхүү уран бүтээлийг аавынхаа зүрхэн дээр өлмийгөөрөө гишгэсэн хэзээ ч жаргахгүй наранд зориулжээ.
-"Жаргаж үзээгүй нар" уран сайхны кино үзэгчдээс эерэг үнэлгээ авсаар байна. Тус уран бүтээлд хэрхэн ажиллах болсон бэ?
 
                -Уран бүтээлийнхээ зохиолыг зураг авалт эхлэхээс хоёр хоногийн өмнө авсан. Найруулагч маань зураг авалт эхлэхээс долоо хоногийн өмнө Урнаагийн дүрд ажиллах санал тавьсан байсан ч дунд нь дүр маань хэсэг солигдсон л доо. Гэхдээ эцэст нь Урнаагийн дүрд ажиллахаар болж, зохиолоо авсан. Богино хугацаанд дүрдээ орох шаардлага болсон. "Жаргаж үзээгүй нар" кино үзэгчдээс эерэг үнэлгээ авч байгаад уран бүтээлчийн хувьд баяртай байгаа. 
 
-Халамжтай эхнэр, ээжийн дүрд ажиллах ямар байсан бэ. Урнаа танаас хэр өөр хүн бэ? 
 
        -Зөөлөн, хайртай хүмүүсээ халамжилж байгаа нь надтай төстэй. Би хараахан ээж болж амжаагүй учраас ээжийн дүрд ажиллах жаахан хэцүү байлаа. Найруулагчтайгаа зураг авалтын өмнө зөвлөлдөж, тухайн хэсгийг хэрхэн амилуулах талаар зөвлөгөө авдаг байсан. Гэр бүлийнхнээсээ ээж байх ямар байдаг талаар асуусан. Сайн ээж байх талаар хамгийн сайн зөвлөгөөг ээж минь л өгнө шүү дээ.
 
-Гэр бүлийнхэн нь ямар зөвлөгөө өгсөн бэ? 
 
          -Ээж байна гэдэг тэр чигтээ хайр юм билээ. Эх хүнээс хүүхдээ гэсэн хайр ундраад л байдаг юм шиг санагддаг. Ээж маань "Хэрэв ээж нь хүнд өвчин тусчихвал миний охинд ямар мэдрэмж төрөх вэ" гэсэн. Тэр үгийг сонсоод шууд дотор зуураад, амьсгалахад хэцүү санагдсан. Тэр үед авсан мэдрэмжээрээ л Урнаагийн дүрийг ойлгож, тоглосон. 
 
-Бодит түүхээс сэдэвлэсэн уран бүтээл шүү дээ. Тус уран бүтээлч киноны зураг авалтын турш хамт байсан юм билээ. Д.Төмөрбаатар жүжигчин ямар зөвлөгөө өгсөн бэ?
 
        -Хэдий "Жаргаж үзээгүй нар" кино уран бүтээл ч гэсэн тухайн хүний хувьд дурсамж, туулаад гарсан хэцүү цаг үе нь шүү дээ. Би "Та энэ үед ямар байсан бэ" гэж асууж ч зүрхлэхгүй юм билээ. Д.Төмөрбаатар ах кинонд ажиллаж байгаа бүх уран бүтээлчдийг суулгаад өөрт тохиолдсон бүхнээ эхнээс нь дуустал тухайн үед төрсөн бодол, мэдрэмжтэй нь ярьж өгсөн. Тэндээс л их зүйл ойлгосон доо.
 
-"Жаргаж үзээгүй нар" киноноос таны хувьд хамгийн сэтгэлд үлдсэн хэсэг аль вэ? 
 
         -Эмнэлэгт хөхөө илээд охиноо дуудаад уйлдаг хэсэг бий. Тухайн хэсгийн зураг авалт дууссан ч би уйлахаа зогсоож чадаагүй, бүүр амьсгалж чадахгүй уйлаад л байсан. Дараа нь бодсон ч хоолой зангируулсан хэсэг тэр л байлаа.
 
-Э.Галиндиймаатай ээж охин болж тоглосон шүү дээ. Охиныхоо тухай ярихгүй юу? 
 
         -Кинон дээр гарч байгаагаасаа хэд дахин илүү сэргэлэн, хөөрхөн охин. Зураг авалтгүй үед би "Эгчийн дүү" гэж дуудаж болно шүү дээ. Гэхдээ Э.Галиндиймаа "Та яагаад намайг "Миний охин гэж дуудахгүй байгаа юм" гээд уурлана, гомдоно. Нээлтийн үеэр охиноос "Эгчийн дүү кино нь ямар болж" гээд асуучихсан, хэл халтираад л эгчийн дүү гээд дуудчихсан хэрэг. Тэгсэн "Кино дууссан ч гэсэн би таны охин хэвээрээ намайг дахиж эгчийн дүү гэж дуудвал би гомдоно шүү" гэсэн. Жаахан охин гэж хэлэхээргүй зарим үед мэргэжлийн жүжигчдээс илүү мэргэжлийн байсан. Анх удаа ээжийн дүрд тоглоод хөөрхөн охинтой болсон доо. Манай кино багийн нэгтгэж, тэвэрсэн хайр нь Э.Галиндиймаа охин байсан.
 
-"Жаргаж үзээгүй нар" киногоор үзэгчдэд юу хүргэхийг хүссэн бол? 
 
         -Тус уран бүтээлээ хүнсний аюулгүй байдал аюулд хүрснийг хэлэхийг хичээсэн. Эцэг эхчүүд хүүхдээ эрхлүүлж байна гээд түргэн хоол, болон хүүхдийн эрүүл мэндэд хортой амттан авч өгдөг. Тэр бүр нь заримдаа хүүхдэд хор болох талтай. 
 
-Ажилласан анхны дүрийнхээ талаар ярихгүй юу? 
 
       -"Girls" олон ангит киноны хоёрдугаар бүлэгт ажилласан. Миний ажилласан анхны кино, анхны олон ангит. Хэдий дүр миний тийм хэцүү байгаагүй ч надад олон зүйл заасан. Кино уран бүтээл гэж юу байдгийг л ойлгосон доо. "Жаргаж үзээгүй нар" кинонд найруулагч Ө.Мөнх-Эрдэнэ ахтайгаа хамтарч ажиллаад илүү олон зүйл сурсан. Урнаагийн дүрд ажиллаж өөрийгөө өөрөөр харуулах боломж олгосон найруулагчдаа баярлалаа.
-Загвар өмсөгчөөр ажилладаг юм билээ. Яагаад тус салбарт орсон бэ? 
 
           -Би 15 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн. Олон улсын болон дотоодын олон тайзан дээр гарч, загвар өмссөн. Загвар өмсөгчөөр ажилладаг учраас өдөр тутамдаа эрүүл хооллож биеэ зөв авч явж сурсан гэж боддог. Жүжигчин, загвар өмсөгч болоход топ модель Д.Пүрэвсүрэн эгч нөлөөлсөн дөө. Багаасаа үлгэр дуурайлал авч ирсэн уран бүтээлч.
 
-Залуу жүжигчний хувьд ажиллахыг хүсдэг дүр бий юү? 
     
      -Зөөлөн эмэгтэйн дүрд ажиллахыг хүсдэг дээ. 
 
-Ярилцсанд баярлалаа.

А.НАРАНХИШИГТ: "ЖАРГАЖ ҮЗЭЭГҮЙ НАР" КИНОГООР ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ АЮУЛД ХҮРСНИЙГ ХЭЛЭХИЙГ ХИЧЭЭСЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188