• Өнөөдөр 2026-01-26

ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙН ТАВИУЛУУДАД ТАЛХЛАГДСАН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЭМГЭНЭЛ

2026-01-26,   130

          Эрчим хүчний салбарын түүх Ардын хувьсгалаас нэг дүү. Даанч бид одоо ч лаа, шүдэнзнээсээ салж чадаагүй л байна. Нэг том шалтгаан нь, эрчим хүчний салбарыг үеийн үед томчуудын тавиулууд, тонуулчид удирдаж ирсэн. Жишээ нь, сая АТГ-ынхан ЭХ-ний сайд асан Н.Тавинбэхийн цусалж цөлмөсөн мөнгөний мөрөөр хөвөрдөж хөөгөөд л бүхэл бүтэн бүлэглэл, төсөл тоногчдын мафи илрүүлчихлээ. Тэр мафийнх нь гишүүд дандаа томчуудын тавиулууд. Өөрөөр хэлбэл, төрийн томчууд намын нөхөр, нутгийн дүү, найз нөхдөө эрчим хүчний салбарт даргаар томилдог, тэд нь станц барих том төслүүдийг дундаас нь тонодог, тэгсээр байгаад дампууруулж гацаадаг, эцэст нь ашгаа хуваадаг асар том систем ажиллаж ирсэн нь сүүлийн хэдэн өдрийн АТГ-ын баривчилгаагаар ил болж байна. Тэгэхээр бид цаашдаа эрчим хүчний салбарт хийгдэж буй томилгоог нийгмээрээ анхаарч, намтрыг нь нэгжиж байх шаардлагатай гэсэн үг. 
 
Тэгвэл одоо эрчим хүчний салбарын ТӨХК-иудыг ямар хүмүүс, гол нь хэний хүмүүс удирдаж буйг судалж үзлээ. 
 
“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн захирал Мягмарын Мөнхөө
 
     2022 наймдугаар сард Б.Чойжилсүрэн ЭХ-ний сайдаар томилогдсон даруйдаа М.Мөнхөө гэх залууг Увсаас дуудаж авчирсан. Улмаар Улаанбаатар хотын айл өрх, албан байгууллагын 13 хувь буюу Баянзүрх дүүргийг дулаанаар хангадаг “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн захирлаар томилсон байдаг. “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн дөрөв дэх жилдээ удирдаж буй М.Мөнхөө өдгөө төрийн хамгийн баян захирлуудын нэг болж, долоон орон сууцанд тухалж, үйлчилгээний гурван барилга эзэмшиж, тансаг зэрэглэлийн Benz S400 хөлөглөж, 700 саяын хадгаламжаа үрж ядаж яваа. Тэгээд болоогүй, М.Мөнхөөгийн төрсөн эгч М.Жаргалсайханы хүү Б.Чинбат  “Амгалан дулааны станц” ТӨХК-д ажлын бээлий, амны хаалт, сэлбэг, сантехникийн материал шахаж, хагартлаа хөлжиж буй. 
“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирал Лхагвасүрэнгийн Мөнхнаран
 
      Б.Чойжилсүрэн ЭХ-ний сайд болсон даруйдаа Увс дахь бие төлөөлөгч, сонгуулийн менежер, багын найз, аймгийн заан П.Баттулгыг “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирлаар томилж байв.  Өдгөө Б.Чойжилсүрэн П.Баттулгыгаа Увс аймгийн ИТХ-ын дарга болгож, түүний оронд “Увс хүнс” ХК-ийн захирал Л.Мөнхнаранг “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирлаар томилон ажиллуулж буй. Өөрөөр бол, Б.Чойжилсүрэн хойд хөршөөс тог цахилгаанаа худалдаж авдаг баруун бүсийг чацаргана тарьдаг хүнд хариуцуулчихаад сууж буй. 
 
“Ховд дулааны станц” ТӨХК-ийн захирал Дагийгийн Энхсайхан
 
      ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнгийн эхнэр Д.Энхгэрэлийн төрсөн ах. Ховдын Дөргөн сумын сургуульд математикийн багш, Ховдын Жаргалант сумын МАН-ын хорооны дарга гэх мэт аахар шаахар ажил хийж явсан намтартай. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН ялж, хүргэн дүү Б.Чойжилсүрэн нь Сангийн сайд болсноор Д.Энхсайхан “Ховд дулааны станц” ТӨХК-ийн захирал болж томорсон түүхтэй. 
 
“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал Дашийн Бямбасүрэн
 
      ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн ангийн найз. Тодруулбал, Д.Бямбасүрэн 1988 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн II сургуулийг ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнтэй хамт төгссөн. Түүнээс хойш Б.Бямбасүрэн туж Б.Чойжилсүрэнгээс хормойдож яваа. Жишээ нь, 2016 онд Б.Чойжилсүрэн Сангийн сайд болмогцоо Б.Бямбасүрэнг яамныхаа харьяа Төрийн банкны орлогч захирлаар томилж, сард 10 сая төгрөгөөр цалинжуулж байлаа. Дараа нь, 2022 оны наймдугаар сард Б.Чойжилсүрэн ЭХ-ний сайд болмогцоо Б.Бямбасүрэнг яамныхаа харьяа "Эрчим хүчний үндэсний төв" ТӨХК-ийн захирлаар томилсон байдаг. Ноцтой нь, гурав хоногийн өмнө АТГ-аас "Эрчим хүчний үндэсний төв" ТӨХК-ийн захирал Б.Бямбасүрэнг саатуулж, гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж, их хэмжээний валют, үнэт эдлэл хурааж авсан. 
 
“ДЦС-3” ТӨХК-ийн захирал Баатарын Сандуйжав
 
      “ДЦС-3” ТӨХК-ийг БХ-ын сайд Д.Батлутын нэг сумын, нэг голын найз Л.Эрхбаатар дөрвөн жил удирдсан. Өнгөрөгч 2025 оны зургадугаар сард “ДЦС-3” ТӨХК-ийн турбин генератор дэлбэрч, нэг инженер амиа алдсан. Ингээд ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн “ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарыг чөлөөлж, түүний оронд Н.Тавинбэхийг “ДЦС-3” ТӨХК-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилж байв. 
 
Тэгвэл өнгөрөгч 2025 оны арванэгдүгээр сар Н.Тавинбэхийг чөлөөлж, “ДЦС-3” ТӨХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр Б.Сандуйжав гэгчийг томилсон. “ДЦС-3” ТӨХК-ийг хоёр сар гаруй удирдаж буй Б.Сандуйжавын тухайд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Засгийн газарт хоёр удаа сайд болоход дэргэд  нь байсан итгэлт хүн нь. Жишээ нь, 2017-2020 онд Ц.Даваасүрэн ЭХ-ний сайд байхдаа Б.Сандуйжавыг яамныхаа Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар томилон ажиллуулж байсан. Ингээд Ц.Даваасүрэн 2020 онд ЭХ-ний сайдаас буухынхаа өмнөхөн Б.Сандуйжавыг “ДЦС-4” ТӨХК-ийн Дэд захирал болгож дэвшүүлсэн. Дараа нь Ц.Даваасүрэн БХБ-ын сайдаар ажиллахдаа мөн л Б.Сандуйжавыг яамныхаа Салбарын хяналтын газрын даргаар томилон ажиллуулж байв. 
 
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Цэрэндоржийн Амарсанаа
 
      ЭХ-ний сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн 10 жилийн найз Ц.Амарсайханы төрсөн дүү. Тиймдээ ч анх Ц.Даваасүрэнгийн туслах, сонгуулийнх нь менежер хийж төрд орж ирсэн. Улмаар 2011 оноос Ц.Даваасүрэнгийн “татаас”-аар “Өсвөр үе хүнс” ТӨҮГ-ын захирал, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлаар дэвшин ажиллаж буй. 
 
“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал Хаянхярваагийн Ганчулуун
 
     2020 оны орон нутгийн сонгуулиар Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. 2021 онд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж, ердөө хоёрхон сарын дараа Х.Ганчулуун Хэнтийгээс дуудагдаж ирээд, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирлаар томилогдож байв. Тэр даруйдаа Х.Ганчулуун эхнэр Б.Баяржавхлангийнхаа нэр дээр “Ар хөв энерги” ХХК-ийг байгуулж, эрчим хүчний салбарын тендерүүдийг баруун солгойгүй түүж эхэлсэн. Ингээд 60 сая төгрөгийн хашаа байшинтай байсан Х.Ганчулуун 900 сая төгрөгийн хоёр орон сууцтай, 390 сая төгрөгийн Land cruiser 300, Lexus RX350 загварын хоёр жийптэй, 400 шахам толгой малтай болж, амьдрал нь алга урвуулах төдийд цэцэглэсэн. Улмаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас буухын өмнөхөн Х.Ганчулуун “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирлаар томилогдсон байдаг. 
 
Сонирхуулахад, Х.Ганчулуун нь Л.Оюун-Эрдэнийн хүүхэд байхаас нь өсгөсөн хуурай дүү, УИХ-ын гишүүн асан, “бандааш” хочит Д.Гантулгын удирддаг Монголын морин спорт залуу уяачдын холбооны Хэнтий салбарын тэргүүнээр ажилладаг. Мөн Х.Ганчулуун, Л.Оюун-Эрдэнийн төрсөн дүү Б.Баярнэмэх хоёр Хэнтий аймгийн “Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны дэд тэргүүнээр хамт ажилладаг. 
 
“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирал Өглөгчийн Жаргалсайхан
 
      “Дорнод бүийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирлаар УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болорбаатарын худ Г.Отгонбаатар ажиллаж байсан. Г.Отгонбаатарыг захирал байх үед нь Х.Болорчулууны хамаатнууд “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн тендерүүдийг түүж, ёстой л мөлждөг байв. Ингээд 2024 оны намар “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирал Г.Отгонбаатарыг чөлөөлж, оронд нь Ө.Жаргалсайханыг томилсон. Хоржоонтой нь, Ө.Жаргалсайхан нь мөн л УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болоржаргалын эхнэр, “Дорнод финанс” ХХК-ийн Ерөнхий захирал Ө.Сүнжидмаагийн төрсөн дүү. Товчхондоо, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийг Х.Болорчулууны тойрон хүрээлэгчид үе улируулан удирдаж буй. 
 
“Цахилгаан дамжуулан үндэсний сүлжээ” ТӨХК-ийн захирал Билэгтийн Дашдаваа
 
       МАН-ын хууччуулын нэг, Хотын дарга асан Т.Билэгтийн хүү. 2016 оны УИХ-ийн сонгуулийн дараа “ДЦС-4” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер, 2019 онд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал, 2023 оноос “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК –ийн гүйцэтгэх захирал болж дэвшсэн. 
 
“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Балтсүхийн Цэдэвсүрэн
 
      УИХ-ын гишүүн Д.Рэгдэлийн төрсөн ах Д.Балтсүхийн хүү. Мөн УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн эхнэр Б.Лхагважаргалын төрсөн ах. Товчхондоо, тун том артай нэгэн. Намтрын тухайд, 2024 оны орон нутгийн сонгуулиар Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр МАН-аас сонгогдож, улмаар 2024 оны арванхоёрдугаар сард “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирлаар томилогдсон. 
 

ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙН ТАВИУЛУУДАД ТАЛХЛАГДСАН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЭМГЭНЭЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188