Монголын төр банкны дээрэмчид, төсвийн тендерчид, сангийн тонуулчид, нүүрсний хулгайчдаар дүүрчихсэн, үүр, уурхай нь болчихсон байсныг өнгөрсөн гурван жил хангалттай олон жишээгээр харлаа, бид. Хамгийн сүүлийн, басхүү хамгийн жигшүүрт жишээ буюу “Ногоон автобус”-ны хэргээс төсвийн тендерчид яаж хөлжиж, төрд, түмэнд ямар хохирол учруулдгийг бэлхнээ харж байна. “Ногоон автобус”-ны хэрэгтнүүд төрд, төсөвт, түмэнд 134 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Өөрөөр бол, цоо шинэ автобус 165 сая төгрөгийн үнэтэй байхад “Ногоон автобус”-ны хэрэгтнүүд хулхи, хуучин автобусныг 336 сая төгрөгөөр оруулж ирж, нэг автобуснаас багадаа 200 сая төгрөгийн “цавчаа” хийсэн асуудал үүсээд буй. Товчхондоо, тендер ийм ашигтай, төрд нөлөөтэй төсвийн тендерчид ингэж л хагартлаа хөлждөг.
Тэгвэл Ардчилсан нам энэ сонгуульд тойрог тус бүрд төсвийн “тендерчид”-ийг сойжээ. Ингэхдээ эрчим хүчний, эрүүл мэндийн, барилгын, тоног төхөөрөмжийн, малын вакцины гэхчилэн салбар бүрийн “тендерчид”-ийг солонгоруулан сойсон байх аж.
I тойрог
Ээжтэйгээ “нийлж” тендер “түүдэг” П.Мөнхтулга
Нэр дэвшигч П.Мөнхтулгын аав Ө.Пүрэвбаатар нь 2012-2016 онд АН-ыг засаглаж байх үед Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байлаа. 2016 оны УИХ-ын сонгуулиар АН-аас Сонгинохайрхан дүүрэг нэр дэвшээд унаж байв. Харин П.Мөнхтулгын төрсөн дүү П.Оюунтөгс нь Сангийн сайд асан, АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогтын бэр. Өөрөөр бол, П.Мөнхтулга нь гэр бүлээрээ улс төрд нөлөөтэй нэгэн. Тэгвэл П.Мөнхтулга болон ээж С.Төмөрчөдөрийнх нь компани төсвийн тендерүүдийг “түүдэг”.
Тодруулбал, П.Мөнхтулга “Эе-Эв” ХХК-ийг эзэмшдэг. “Эе-Эв” ХХК нь:
2021 онд
ЦЕГ-ын цагдаагийн алба хаагчдын дүрэмт хувцасны даавуу нийлүүлэх 1.1 тэрбум төгрөгийн тендер
Нийслэлийн нэгдсэн эмнэлгүүдэд сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх 1.2 тэрбум төгрөгийн тендер
2022 онд
Говь-алтай аймгийн Баян-Уул суманд 160 хүүхдийн дотуур байр барх 3.5 тэрбум төгрөгийн тендер гэх мэтээр шалгарсан.
Харин П.Мөнхтулгын ээж Санжпэрлээгийн Төмөрчөдөр нь “Өгөөмөрбаян булаг” ХХК-ийг эзэмшдэг. “Өгөөмөрбаян булаг” ХХК нь төсвийн 20 тендерт шалгарсан. Жишээ нь,
2020 онд
Дархан-Уул аймгийн Дархан суманд буюу Дархан хотын дулааны шугам тавих 1.1 тэрбум төгрөгийн тендер
2021 онд
Говь-алтай аймгийн Есөнбулаг суманд буюу Алтай хотод цэвэр усны шугам сүлжээ тавих 2.4 тэрбум төгрөгийн тендер
Төв аймгийн Зуунмод хотын цэвэр усны шугам сүлжээг шинэчлэх 1.5 тэрбум төгрөгийн тендер
2022 онд
Дорнодын цахилгаан станцын зуухны хяналтын удирдлагын системийг шинэчлэх 1.5 тэрбум төгрөгийн тендер
Дархан-Уул аймгийн Дархан сумын буюу Дархан хотын цэвэр усны шугам хоолойг шинэчлэх 5.6 тэрбум төгрөгийн тендер гэх мэтээр түүжээ.
Баянхонгорын ба төмөр замын тендерүүдийг “хашраадаг” Д.Жаргалсайхан
Нэр дэвшигч Д.Жаргалсайхан Баянхонгорын АН-ын дарга, Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Тиймдээ ч Х.Баттулга 2017 онд Ерөнхийлөгч болмогцоо Д.Жаргалсайханыг Баянхонгороос дуудан авчирч, ЕТГ-ынхаа Зохион байгуулалтын хэлтсийн дарга болгосон. Улмаар 2019 онд Д.Жаргалсайханыг ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын даргаар дэвшүүлэн томилж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг ажлыг хариуцуулсан. Шанд нь, Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буухдаа Д.Жаргалсайханыг Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж байв.
Тэгвэл Д.Жаргалсайхан ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын даргын эрх мэдлээ урвуулан ашиглаж, 2020 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын 228.3 метр урттай гурван ширхэг бетон гүүрний гүйцэтгэгчээр өөрийн төрсөн төрсөн эгч Д.Одсүрэнгийн “Их богд зам” ХХК-ийг тендергүйгээр шалгаруулж, 14.4 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан баримт байна. Сонирхуулахад, Д.Жаргалсайханы төрсөн эгч Д.Одсүрэн нь одоогийн Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга Д.Мөнхсайханы эхнэр. Хадам, хүргэнээрээ ээлжилж аймаг удирдсан түүх тэднээс өөр үгүй байх.
Цаашилбал, Д.Жаргалсайхан “Түмэд групп” ХХК, “Жишиг бетон” ХХК-уудыг эзэмшдэг. Тэгвэл “Жишиг бетон” ХХК нь Баянхонгор аймгийн Өлзийт сумаын 100 хүүхдийн цэцэрлэг цэцэрлэгийн 1.2 тэрбум төгрөгөөр барьсан, “Түмэд групп” ХХК нь Баянхонгор аймгийн 18 сумын ерөнхий төлөвлөгөөг 540 сая төгрөгөөр гаргаж байсан баримтууд бий.
II тойрог
Нүүрсний ба даатгалын “тендерчин” Б.Түвшин
Нэр дэвшигч Б.Түвшин Г.Батхүү агсныг амьд ахуйд “АПУ” ХХК-ийн Санхүү хариуцсан дэд захирал, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. 2020 оны УИХ-ын сонгуулиар ХУД-т нэр дэвшсэн ч унасан. Харин энэ сонгуулиар төрсөн нутаг Завхан аймгаа бараадаж, УИХ-ын II тойрогт нэр дэвшиж буй нь. Тэгвэл Б.Түвшин “Мултипак” ХХК, “Миг даатгал” ХХК-уудаараа төсвийн тендерүүдийг “түүдэг”. Жишээ нь,
- “Мултипак” ХХК нь 2019 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Цанхийн баруун уурхайн нүүрс ачилтын гүйцэтгэгчийг шалгаруулах 9.3 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан.
- “Миг даатгал” ХХК нь төрийн 27 тендерт шалгарсан. Жишээ нь, зөвхөн өнгөрөгч 2023 онд л гэхэд ИНЕГ-ын нисгэгчдийн эрүүл мэндийн даатгалын 200 сая төгрөгийн тендер, “МИАТ”-ын нисгэх бүрэлдэхүүний амь насны даатгалын 127 сая төгрөгийн тендер, “Шивээ овоо” ТӨХК-ийн хүнд машин механизмын 124 сая төгрөгийн тендер зэрэгт шалгарсан.
III тойрог
Баян-Өлгийн толгой баян мөртөө тендер “царайчилдаг” Д.Мурат
Нэр дэвшигч Д.Мурат 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байлаа. Ноцтой нь, Д.Мурат 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа хувийн бизнесүүдээ цэцэглүүлж, хэтэвчээ ч хангалттай зузаалж амжсан. Тодруулбал, Д.Мурат 2019 онд УИХ-ын гишүүн байхдаа “Өлгий цемент” ХХК-ийг байгуулж, 20 тэрбум төгрөгөөр жилд 150 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэр ашиглалтад оруулсан. Мөн л аймагтаа ганцхан байдаг, хамгийн том цементийн үйлдвэр гэж хэлж болно. Түүнчлэн, Д.Мурат нар Баян-Өлгий аймгийн шатахууны магнат, ирэх сонгуульд МАН-аас горилж буй Х.Жангабылтай “Бериктөрт” ХХК-ийг хамтран байгуулж, тус компаниараа 2020 онд Баян-өлгий аймагтаа хамгийн өндөр буюу 11 давхар “MJS tower” нэртэй зочид буудал, худалдаа үйлчилгээний барилгыг ашиглалтад оруулсан.
Тэгвэл Д.Мурат УИХ-ын гишүүн байхдаа хувийн компанидаа тендер авч байсан. Тодруулбал, Д.Мурат УИХ-ын гишүүн байхдаа буюу 2019 онд “Жанат” ХХК-аараа Баян-Өлгий аймгийн Бугат сумын 300 суудалтай Соёлын төвийн барилгын 1.1 тэрбумын тендерийг авсан байдаг.
IV тойрог
Хөвсгөлийн барилгын бүх тендерийг ганцаараа “хуу хамдаг” Г.Мөнгөнхуяг
Нэр дэвшигч Г.Мөнгөнхуяг 2016 оноос Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2020 оноос Хөвсгөл аймийн ИТХ-ын даргаар ажиллаж буй. Тэгвэл Г.Мөнгөнхуяг, түүний аав С.Гүншир хоёрын “Урагшлах” ХХК нь АН, МАН-ын аль ч Засгийн үед Хөвсгөл аймгийн барилгын бүх тендерүүдийг түүж ирснээрээ зартай. Жишээ нь, “Урагшлах” ХХК нь:
2018 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын 2.5 тэрбумын тендер,
2019 онд Хөвсгөл Тосонцэнгэл сумын 20 ортой эмнэлгийн барилгын 1.8 тэрбумын тендер,
2020 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 100 ортой эмнэлгийн барилгын 8.7 тэрбумын тендер
2023 оны арванхоёрдугаар сард Мөрөн сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын 7.4 тэрбумын тендер гэх мэтээр аймгийнхаа том төсөвтэй барилгын бүхий л тендерүүдийг түүж ирсэн байдаг.
Гэвч төрийн тендерүүдэд “ногоон гэрэл”-ээр шалгардаг “Урагшлах” ХХК-ийн балаг барагдахгүй их. Наад зах нь л, арьсан барилгууд нь ихдээ хоёр, гуравхан жил болоод хана, тааз нь цуурч, шал нь цөмөрчихдөг гэмтэй. Нурж унахад бэлэн, чанаргүй барилга барьдаг хар түүхүүдтэй мөртөө дээр дурдсанчлан төрийн тендерүүдэд шалгарсаар л байдаг. Жишээ нь, “Урагшлах” ХХК нь 2013 онд Хөвсгөл аймагт төсвийн 2.1 тэрбум төгрөгөөр 50 ортой төрөх эмнэлэг барьсан ч 2015 онд тус эмнэлгийн халаалтын паарууд нь ээлжлэн цоорсноор ус алдаж, хөхөө өвлөөр халаалтаа зогсоож байлаа. Дараа нь 2017 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын сургуулийн барилгыг төсвийн 2.3 тэрбум төгрөгөөр барьсан. Гэвч 2021 онд тус сургуулийн барилгын хана, тааз нь төө гарантай цуурч, шал нь цөмөрч, хүүхэд хичээллэх боломжгүй болсон. Улмаар тус сургуулийн 500 гаруй сурагч цахимаар хичээллэхэд хүрсэн байдаг.
VI тойрог
Малын вакцины “тендерчин” Д.Балдан
Нэр дэвшигч Д.Балдан дуучин, СТА цолтой. Тэгвэл Д.Балдан малын эм хангах нийлүүлэх “Дээд эрхэт” ХХК-ийн Ерөнхий захирлаар, аав Д.Дэмбэрэлваанчиг нь мөн малын эм ханган нийлүүлэх “Зон дэм” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилладаг.
Д.Балдангийн “Дээд эрхэт” ХХК нь 2022 онд “Бог малын гоц халдварт мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин нийлүүлэх”-354 сая төгрөгийн тендер, 2023 онд “Гоц халдварт өвчний халдвар хамгааллын нэг удаагийн хувцас нийлүүлэх”- 310 сая төгрөгийн тендерт тус тус шалгарсан. Харин аав Д.Дэмбэрэлваанчигийнх нь “Зон дэм” ХХК нь 2019 онд “Гоц халдварт өвчний ариутгал халдваргүйтгэлийн бодис нийлүүлэх”- 673 сая төгрөгийн тендер, 2021 онд “Гоц халдварт өвчний ариутгал халдваргүйтгэлийн бодис нийлүүлэх”-773 сая төгрөгийн тендерт оролцож, шалгарч байсан.
Ноцтой нь, Мал эмнэлгийн ерөнхий газрын захирал асан Д.Түмэндэмбэрэл өнгөрсөн онд өгсөн ярилцлагадаа “Малын вакцины наймаа, тендерийн будилаан манай салбарт тасардаггүй байсан. Тиймээс би 2018 оноос малын мялзан, шүлхий өвчний вакциныг Орос, Энэтхэгийн үйлдвэрлэгчдээс нь шууд худалдан авч эхэлсэн. Тендерээр биш, үйлдвэрээс нь өөрсдөө худалдаж аваад эхэлсэн чинь вакцины бизнесийнхэн намайг элдвээр дарамталж, АТГ-аар айлгаж эхэлсэн. Намайг “Дээд эрхэт” компанийн захирал Д.Балдан гэж залуу байнга дарамталдаг байсан. Заавал тендер зарла, АТГ-аар чамайг шалгуулна, АТГ-ын дарга манай хамаатан. Бас би нийслэлийн прокурорт маш олон танилтай гэж байнга дарамтална. Сүүлдээ авлига, мөнгө ч амлаж үзсэн” гэж ярьсан байдаг.
VII тойрог
Тойргийнхоо тендерүүдийг “гаргаадаггүй” Р.Эрдэнэбүрэн
Нэр дэвшигч Р.Эрдэнэбүрэн урьд нь УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Тэгвэл Р.Эрдэнэбүрэн “Гравити майнинг трейд” ХХК, “Сонголт дизайн” ХХК, “Тоска” ХХК-уудыг эзэмшдэг. Ноцтой нь, Р.Эрдэнэбүрэнгийн “Сонголт дизайн” ХХК, “Тоска” ХХК-ууд нь тендерийн мангасууд. Тэр тусмаа Р.Эрдэнэбүрэн “Сонголт дизайн” ХХК, “Тоска” ХХК-уудаараа одоо нэр дэвшиж буй тойрог буюу Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн тендерүүдийг “түүдэг”. Жишээ нь, “Сонголт дизайн” ХХК нь төрийн 35 тендерт оролцож шалгарсан.
2021 онд
Дундговь аймгийн Хулд, Луус сумын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах 200 сая төгрөгийн тендер
2022 онд
Өмнөговь аймгийн Ханхонгор, Баяндалай, Цогт-Овоо сумын дахин төлөвлөлтийн төлөвлөгөө боловсруулах 540 сая төгрөгийн тендер
2024 онд
Өмнөговь аймгийн Ноён, Булган, Номгон сумын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах 600 сая төгрөгийн тендер гэх мэтээр 35 тендерт шалгараад буй.
VIII тойрог
Түргэвчилсэн оношлуурын “тендерчин” Ц.Жадамбаа
Нэр дэвшигч Ц.Жадамбаа 2012-2016 онд АН-ыг засаг барьж байх үед Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргаар ажиллаж байлаа. Улмаар 2016 оноос УИХ-ын гишүүн болохоор “улайрах” болсон. 2020 онд Дорноговь аймагт нэр дэвшээд унаж байв. Харин энэ сонгуульд Д.Саранчимэгтэй тойргоо “сольж”, Баянзүрх дүүрэгт буюу VIII тойрогт нэр дэвшиж буй. Тэгвэл Ц.Жадамбаа “Шинэ сэгэ мед” ХХК-ийг эзэмшдэг. Тэгвэл “Шинэ сэгэ мед” ХХК нь төрийн өмчит эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл “шахдаг”. Тэр тусмаа, Ковид-19” халдварт тахлын үед буюу 2021 онд “Шинэ сэгэ мед” ХХК нь Эрүүл мэндийн яаманд түргэвчилсэн оношлуур нийлүүлэх 14 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан баримт байна.
Эрүүл мэндийн салбарын "тендерчин" Т.Батцогт
Нэр дэвшигч Т.Батцогт 2012 оноос БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 2016 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан. 2020 онд З.Энхболдтой хамт Баянзүрх дүүрэгт нэр дэвшээд ойчиж байв. Тэгвэл Т.Батцогтын эхнэр П.Тунгалаг нь “Мон тун фарм” ХХК-ийг эзэмшдэг. “Мон тур фарм” ХХК нь сүлжээ эмийн сан ажиллуулдаг. Мөн “Мон тун фарм” ХХК нь “Чингис хаан” нисэх буудлын “Ковид-19 цар тахлын нэг удаагийн хамгаалах хэрэгсэл”-ийн 195 сая төгрөгийн тендер, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн “Холбогч, хавчаар”-ын 130 сая төгрөгийн тендер зэрэгт оролцож, шалгарч байсан.
X тойрог
Цэцэрлэгийн “тендерчин” И.Мөнхжаргал
Нэр дэвшигч И.Мөнхжаргал 2004 оноос хойш УИХ-ын дарга асан З.Энхболдын “Арвайхээр чөлөөт суваг” телевизийн захирлаар ажилласан. 2017 оноос хойш АН-ын гал тогоонд ажиллаж буй. Тэгвэл И.Мөнхжаргал “Бат энх хүү” ХХК-ийг эзэмшдэг. “Бат энх хүү” ХХК нь төрийн 11 тендерт оролцсон. Жишээ нь, Чингэлтэй дүүргийн 8-р хороонд 150 хүүхдийн цэцэрлэг барих 1.2 тэрбум төгрөгийн тендерт И.Мөнхжаргалын “Бат энх хүү” ХХК нь шалгарсан байдаг.
Эрчим хүчний “тендерчин” Х.Болормаа
Нэр дэвшигч Х.Болормаа СБД-ийн Засаг даргын орлогчоор дөрвөн жил, Засаг даргаар найман жил ажиллаж байгаа. Товчхондоо, СБД-ийг 12 жил удирдаж буй нэгэн. Тэгвэл Х.Болормаагийн нөхөр Ц.Дашцэрэн нь “Эй Би Жи Энерго” ХХК-ийг эзэмшдэг. “Эй Би Жи Энерго” ХХК нь төсвийн найман тендерт шалгарсан. Жишээ нь, “Эй Би Жи Энерго” ХХК нь
Дархан-Уул аймагт дэд станц өргөтгөх 4.0 тэрбумын тендер
Нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээг шинэчлэх 24.6 тэрбум төгрөгийн тендерийн 1.2 тэрбум төгрөгийн багц
Баянхошууны дэд станцыг өргөтгөх 1.7 тэрбум төгрөгийн тендерт зэрэгт шалгарсан байдаг.
АН ТОЙРОГ БҮРД ТӨСВИЙН “ТЕНДЕРЧИД”-ИЙГ СОЙЖЭЭ |
|