Аймгуудын Байгаль орчны газар, сумдын ойн ангийнхны цэвдэг хүйтэн сэтгэл, мөнгөний төлөө сүнсээ ч худалдаж мэдэх шунал Монголын ойн санг дуусгаж, хэдхэн жилийн дараа ой мод байсан газрын хөрсийг нь үнэрлээд, шороонд булагдаж суух эмгэнэлтэй, гашуун түүхтэй ирээдүйг хойч үедээ үлдээхээр улайран дайрч байгаа зарим ойн ангийнханд эмгэнэл илэрхийлье. Монголын ойн сангийн эрлэг, жинхэнэ модны хулгайчид нь ойн ангийнхан болсон гэвэл уншигч та итгэх үү. Ингэж зоригтой хэлэх хэд хэдэн шалтгаан, ноцтой баримтыг хүргэх гэж байна.
Ойн салбарынхан, модны амийг хайрлахаар, байгалийг байгалиар нь үлдээхээр, ойн санг үржүүлэн нэмэгдүүлэхээр, үрсэлгээг нь хариуцахаар, адгаг санаат модны хулгайчдаас ойн модоо хамгаалахаар ажиллах ёстой зарим ойн ангийн мэргэжилтэн, дарга нар жинхэнэ модны хулгайч болчихоод буйдхан тосгонд бүгж сууна. Тэд модны хулгайчдын гар, хөл, найдвартай түнш нь болсныхоо хариуд цүнх цүнхээр нь мөнгө, машин машинаар нь байшингийн мод, банз хахуульд авдаг гэх. Тэдний байгаль орчны эсрэг санаатайгаар үйлдэж, их хэмжээний мөнгө олж, ойн санг зарж идсэн мөн ч олон ноцтой гэмт хэрэг нь баримт, нотолгоотойгоо хууль хяналтын байгууллагын албан хаагчийн ширээн дээр сагсайж байна. Модны хулгайч болсон ойн ангийнхныг хууль хяналтынхан ч шалгаад эхэлжээ. Хуулийн цоорхойг ашиглаж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ганцхан ширхэг алга дарам заасаар хаваржин, өвөлжин мод бэлтгэх зөвшөөрөл олгож, зун, намартаа цаасных нь он сарыг солиод явуулдаг гаж тогтолцоо ойн сангийн мянга мянган модны амийг авч одож байна. Ойн сангаас мянга мянгаар нь мод ачуулдаг ойн ангийнхан, тэдний гар, хөл болсон шуналтнуудын хэрээс хэтэрсэн үйлдэл, ойн сангаас мод бэлтгэх үед үйлдэгдэж байгаа хууль бус үйлдлийг нэн даруйг зогсоох шаардлага нэгэнт тулгарчээ.
Хууль хяналтын байгууллагынхан Сэлэнгэ аймагт ажиллаж, тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяа Сэлэнгэ бэлчир, Ерөө, Хараа, Орхон, Хүдэр бүсийн таван ойн ангид хяналт, шалгалт хийсэн. Шалгалтын хариу тун тоогүй гарч, олон зөрчил илэрчээ. Тодруулбал, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын 2019-2021 онуудад Ойгоос мод бэлтгэх журам, мод модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгох журмуудын хэрэгжилт, түүнд тавих хяналтын ажил хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт, шалгалтыг биечлэн хийхэд зөрчилгүй ойн анги гэж алга гэнэ. Харин их үү, бага уу л гэдгээр яригдаж байгаа аж.
Хууль хяналтын байгууллагынхны хийсэн шалгалтын дүнгээр ямар ямар зөрчил илэрснийг баримттайгаар хүргэе.
БАРИМТ-1
Сэлэнгэ аймгийн Ерөө бүсийн сум дундын ойн ангийн хяналтын улсын байцаагч нар гарал үүслийн гэрчилгээг хянасан талаарх тэмдэглэгээг цасаар болон цахим бүртгэлд хийгээгүй. А тасалбар дээр бичвэл зохих тэмдэглэл (эрхийн бичгийн дугаар, автомашины дугаар модны төрөл)-ийг үйлдээгүй, А тасалбарыг архивын нэгж болгон хадгалаагүй. Мөн Ерөө сумын 2018, 2019 оны А тасалбарыг санаатайгаар үрэгдүүлсэн зөрчил гаргасан байжээ. Тус ойн ангийн эрх бүхий албан тушаалтан нь “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 6.8-д заасныг санаатайгаар зөрчиж, гарал үүслийн гэрчилгээний үлдэх хувь дээр мод модон материалын төрөл, зориулалтыг өөрөөр тоо хэмжээг нь багасгаж бичсэн байв.
Харин гарал үүслийн үндсэн хэсэг буюу аж ахуйн нэгж, иргэдэд олгосон хяналтын бичвэр хийгдэх хэсэгт үлдэх хэсгээс өөрөөр буюу тээвэрлэж байгаа модны төрөл, зориулалт, хэмжээг ачиж яваа модтой ижил тэнцүү бичиж, санаатайгаар төөрөгдөл учруулжээ. Үүний улмаас хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, хяналтын постны цагдаагийн албан хаагч хяналт тавьж зөрчлийг илрүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл, ойн ангийн дарга, эрх бүхий ажилтны гарал үүслийн гэрчилгээний үлдэх хэсэгт модны төрөл, тоо хэмжээг бага хэмжээгээр бичилт хийн авч үлддэг байжээ. Ингэснээр ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөл нь тухайн жилд олгосон мод бэлтгэх тоо хэмжээнээс хэд дахин их байгаа зөрчил илэрсэн байна. Шалгалтын явцад 627 куб метрээр илүү хэмжээтэй нарс мод бэлтгэж, худалдаалах боломжийг санаатайгаар олгосон нь гэмт хэргийн шинж агуулж байгаа аж.
1. “Сэлэнгэ Бугант” ХХК-ийн 0005181 дугаартай гарал үүслийн бичгийн үлдэх хувийн бичилт ойн ангийн тэмдэглэлд түлээ 20 м3 гэж бичигдсэн боловч хяналтын А хувь 40м3 нарсан палк, банз авч явсан.
2. “Номин од” ХХК-ийн 0005189 дугаартай гарал үүслийн бичгийн үлдэх хувийн бичилт ойн ангийн тэмдэглэлд түлээ 20 м3 гэж бичигдсэн боловч хяналтын А хувь 38м3 нарсан палк ачсан.
3. “Номин од”ХХК-ийн 0005190 дугаартай гарал үүслийн бичгийн үлдэх хувийн бичилт ойн ангийн тэмдэглэлд түлээ 20 м3 А хувь 60м3 нарсан палк авсан.
4. “Буян од” ХХК-ийн 0005191 дугаартай гарал үүслийн бичгийн үлдэх хувийн бичилт ойн ангийн тэмдэглэлд түлээ 20 м3 А хувь 40м3 нарсан палк авсан.
5. “Сэлэнгэ Бугант” ХХК-ийн 0005200 дугаартай гарал үүслийн бичгийн үлдэх хувийн бичилт ойн ангийн тэмдэглэлд түлээ 20м3 А хувь 40м3 нарсан палк авсан.
6. “Буян од”ХХК-ийн 0005206 дугаартай гарал үүслийн бичгийн үл эх хувийн бичилт ойн ангийн тэмдэглэлд 20 м3түлээ гэж бичигдсэн боловч А хувь 37м3 нарсан палк авсан.
7. “Номин од” ХХК-ийн 0005224 дугаартай гарал үүслийн бичгийн үлдэх хувийн бичилт ойн ангийн тэмдэглэлд түлээ 20 м3 гэсэн бичилт хийгдсэн байх боловч А хувь 38м3 нарсан палк авсан.
8. “Номин од” ХХК-ийн 0005289 үлдэх хувь дээр 20м3 түлээ гэсэн бичилт бичигдсэн боловч А хувь 41 м3 палк, банзны мод авсан.
9. “Номин од” ХХК-ийн 0005290 үлдэх хувь дээр 20м3түлээ гэсэн бичилт бичигдсэн боловч А хувь 39м3 нарсан палк авсан.
10.“Номин од” ХХК-ийн 0005291 үлдэх хувь дээр 20м3түлээ гэсэн бичилт бичигдсэн боловч А хувь 60м3 нарсан палк авсан.
11. “Номин од” ХХК-ийн 0005363 үлдэх хувь байгаагүй А хувь 17м3 зах банз авсан.
12. 0005162 гарлын дугаартай үлдэх хувь дээр 10м3 гэж бичигдсэн болов ч А хэсэг дээр 35 м3 нарсан банз авсан.
13.0005030 дугаартай гарлын үлдэх хувь дээр 20 м3 түлээ гэж бичилттэй болов хяналтын Ахэсэгдээр41 мЗ палк авсан.
14.0005090 дугаартай гарлын үлдэх хувь дээр 38м3 түлээ гэсэн тэмдэглэгээтэй боловч хяналтын А хэсэг дээр 38 м3 палк
15.0005701 дугаартай гарлын үлдэх хувь дээр 17 м3 зах банз гэсэн тэмдэглэгээтэй боловч хяналтын А хэсэг дээр 17 м3 банз авсан.
16.0005155 дугаартай гарлын үлдэх хувь дээр 3 м3 түлээ гэсэн тэмдэглэгээтэй болов хяналтын А хэсэг дээр 63 м3 гэсэн зөрүүтэй нийт 627 м3 нарсан палк, банзыг хууль бусаар ашиглуулсан нөхцөл байдал тогтоогджээ. Дээрх хэмжээний нарс модны экологи, эдийн засгийн дундаж үнэлгээ 438.9 сая төгрөгийн хохирол учруулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ойн ангийн дарга, эрх бүхий албан тушаалтнууд түлээний мод нэрийн мод ойн сангийн хамгийн өнгөлөг, чанартай, залуу модыг ачуулж, банз, палк болгох зөвшөөрлийг олгожээ.
БАРИМТ-2
Сэлэнгэ бэлчир бүсийн сум дундын ойн ангид хийсэн шалгалт. Сэлэнгэ бүсийн сум дундын ой анги нь Шаамар, Алтанбулаг, Сүхбаатар сумыг хамааран Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Ойн судалгааны хөгжлийн төвөөс 2019 онд нийт 1750 ширхэг мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг Сэлэнгэ бүсийн Ойн анги хүлээн авсан байна. Үүнд:
1. 0010251-0011250 сери бүхий Гарал үүслийн гэрчилгээ 1000 ширхэг
2. 0013501-0013750 сери бүхий Гарал үүслийн гэрчилгээ 250 ширхэг
3. 0014251-0014500 сери бүхий Гарал үүслийн гэрчилгээ 250 ширхэг
4. 0013751-0014000 сери бүхий Гарал үүслийн гэрчилгээ 250 ширхэг
Тус Ойн ангийн 2019 онд олгосон мод бэлтгэх эрхийн бичигт олгосон хэмжээг /мЗ/ гарал үүслийн гэрчилгээний үлдэх хувь, А тасалбартай тулгалт хийн нягтлахад мод бэлтгэх эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлэн бэлтгэсэн болон тээвэрлэсэн, мөн гарал үүслийн гэрчилгээнд тогтоосон тооноос хэтрүүлэн /2555 м3 модыг хэтрүүлсэн/ олгосон зөрчил илэрчээ. Дээрх гарал үүслийн гэрчилгээг Сүхбаатар сумын ЗДТГ-ын дарга Э.Нандин-Эрдэнэ бичиж, хяналтыг Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Эрдэнэбилэг тавьж А тасалбарыг авч үлджээ.
Зөрчилтэй гарал үүслийн гэрчилгээ болон мод бэлтгэх эрхийн бичгийг жагсаалтыг зургаар хавсаргав.
Сэлэнгэ бэлчир бүсийн сум дундын ойн анги гэхэд л нийт 2555 м3 модыг цаасан дээр бичсэн тооноос илүү ашиглуулсан байна. Дээрх хэмжээний нарс модны экологи эдийн засгийн дундаж үнэлгээ 1.7 тэрбум төгрөг болж байгаа аж. Мөн мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээнд бичилт хийсэн албан тушаалтны арын үсгийн тайлал байхгүй, мод бэлтгэх эрхийн бичигт заасан хэмжээнээс илүү буюу хэтрүүлэн гарал үүслийн гэрчилгээ олгосон нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн шинжтэй байгаа аж. Сүхбаатар сумын ЗДТГ-ын дарга Э.Нандин-Эрдэнэ ойн ангийн даргын албан тушаалыг давхар хашиж, өөрийнхөө томилсон байгаль хамгаалагчаар хяналт тавиулж, ойн сангийн модыг дураар тоглосон, их хэмжээний хохирол учруулсан ноцтой гэмт хэрэг үйлджээ.
БАРИМТ-3
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ойн анги нь гарал үүслийн гэрчилгээнд бичилт хийлгүй үлдээж, аж ахуйн нэгж, иргэнд өөрөө бичих эрх “олгодог”. Нэг үгээр бол өөрсдийнхөө ажлыг хийдэггүй гэсэн үг. Тус сумын Ойн ангийн мэргэжилтэн нь хууль, журмаар эрх олгоогүй байхад гарал үүслийн гэрчилгээний бичилт хийдэг зөрчил илэрчээ. Мөн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэг нь 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны есдүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 00006326- 00006550 хүртэл 225 ширхэг, 0065001-0065171 хүртэл 171 ширхэг буюу нийт 396 ширхэг гарал үүслийн гэрчилгээний А тасалбарыг таслан аваагүй байна.
Тухайлбал, 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдрөөс хойш олгогдсон 0000 00006393, 00006394, 00006395, 00006397, 00006405, 00006406, 00006407, 00006409, 00006410, 00006411, 00006415-0006420, 0006422-00006438, 00006441-00006448, 00006453, 00006459, 00006461-00006465, 00006467,000006468, 00006470-00006472, 00006474-00006486, 00006489,00006490, 00006507, 00006511-00006515, 00006526, 00006547 0065034, 0065038, 0065055, 0065066, 0065067, 0065069-0065071, 0065127- 0065128, 0065143, 0065145, 0065146, нийт 89 гарал үүслийн гэрчилгээний хянасан А тасалбар байцаагч М.Мөнхцэцэгт байхгүй байжээ.
Энэ талаар Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэг тайлбарлахдаа “Бүртгэл хөтлөөгүй болохоор өөрийн хянасан болон өөр байгаль орчны хяналтын улсын байцаагч хянасан эсэхийг мэдэх боломжгүй” гэжээ.
Мөн тус анги нь өнгөрсөн жил гэхэд л 2000 гаруй нарс модыг шилжүүлэн суулгах зөвшөөрөл олгож, ойн сангаас ачуулсан байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн цаасан дээр бичсэн тоо бөгөөд үүнээс ч их модыг намаржин ачсан гэдгийг сумын иргэд ярьж байгаа юм. Ойгоос шилжүүлэн суулгах нэрээр ачуулсан мод нь ойн захаас, сийрүүлэх шаардлагагүй талбайгаас ачуулсан ноцтой зөрчил илэрч байлаа.
БАРИМТ-4
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчин хяналтын тасгийн дарга Ж.Волоож, хяналтын улсын байцаагч Ч.Мөнхтүвшин, Ю.Гүрбадам нар нь Гарал үүслийн гэрчилгээний А тасалбарыг тасалсан тухай тэмдэглэл хөтөлдөггүй. Гарал үүслийн гэрчилгээний А тасалбарыг үрэгдүүлсэн байжээ. Дээр дурдсан албан хаагчид “Одооноос бүртгэлийг хөтөлж ажиллана, өрөөнд байгаа байх, хайж олоод эргэж шалгуулъя” гэх зэрэг тайлбарыг хууль хяналтын байгууллагынханд өгчээ.
Тус ойн ангийн гарал үүслийн 10105-10250 хүртэл 146 ширхэг гэрчилгээг Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн А тасалбартай тулгалт хийж үзэхэд:
Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Волоож: 10108, 10201, 10202, 10203, 10204, 00005266, 00005268, 00005278, 00005297, 00005298, 00005307, 00005309, 00005310, 00005387, 00005388, 00005389, 00005473 нийт 17 ширхэг А тасалбар үрэгдүүлсэн.
Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ю.Гүрбадам: 10131, 10134, 10135, 10136, 10142, 10143, 10150, 10164, 00005258, 00005320, 00005328, 00005333, 00005334, 00005345, 00005347, 00005385, 00005390, 00005424 нийт 18 ширхэг А тасалбар үрэгдүүлсэн.
Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээнд бичилт хийсэн албан тушаалтны гарын үсгийн тайлал байхгүй, мод бэлтгэх эрхийн бичигт заасан хэмжээнээс илүү буюу хэтрүүлэн гарал үүслийн гэрчилгээ олгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглажээ.
БАРИМТ-5
Сэлэнгэ аймгийн Орхон бүсийн сум дундын ойн анги нь Баруунбүрэн суманд байрладаг. Ойн ангийн даргаар нь Ч.Баяр-Эрдэнэ ажилладаг гэнэ. Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Сант, Сайхан сумын иргэдийн хэрэглээний мод бэлтгэх, тээвэрлэх зөвшөөрөл олгож ажилладаг байна. Мөн ойн бүсэд үйлдвэрлэлийн болон хэрэглээний зориулалтаар нарс модыг ашиглуулдаггүй тул шинэс (хар мод)-ыг иргэдэд 2-4 куб метрийг түлээний зориулалтаар ашиглах эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулж ажилладаг байна. Баруунбүрэн суманд Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн орон тоо байдаг боловч сүүлийн хоёр жилийн хугацаанд хүн ажилд аваагүй. Иймээс ойг нээх хугацаанд буюу зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 20, арваннэгдүгээр сарын 10-наас арванхоёрдугаар сарын 31-ний өдрүүдэд Орхон, Сайхан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар долоо хоногоор ээлжилж ажилладаг гэнэ. Тус ойн бүсэд ажилладаг Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар хяналтын А тасалбар дээр ямар нэгэн тэмдэглэгээ хийдэггүй, цаасан болон цахим бүртгэл хийгээгүй, хяналтын тасалбарыг архивын нэгж болгоогүй нийтлэг зөрчил гаргажээ.
Дээрх зөрчлийн хүрээнд хууль хяналтын байгууллагынхан ажиллаад эхэлжээ. Угтаа бол уулын модоос ачиж явсан бол нэг ширхэг түлээний модыг ч Байгаль орчны хяналтын улсын байцаагч цаасан дээр, тэр бүү хэл цахимд бүртгэсэн байх ёстой. Гэтэл энэ журам Сэлэнгэ аймгийн таван ойн ангид хэрэгжихгүй байна. Энэ нь ойн сангийн эсрэг үйлдэх ноцтой гэмт хэргийн халхавч, үндэс суурь нь болж байгаа юм. Үүнийг анхаардаг төр засаг байхгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтнүүд нь нүдэн балай чих нь дүлий өрөөндөө шигдэн сууцгааж байна, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ээ. Энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоох ёстой Экологийн цагдаагийн газар, аймгуудын цагдаа нар авлигад “идэгдсэн” мэт чимээгүй байсаар өдий хүрч байна, ЦЕГ-ын дарга Ж. Болд оо. Улсаараа тэрбум мод тарих гээд хөөрцөглөж суух зуур төрийн албаныхан зулзаган ойг сүйтгэж дууслаа, Ерөнхийлөгч өө.
ОЙН АНГИЙНХАН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДТЭЙ НИЙЛЖ УУЛЫН МОД ХУЛГАЙЛЖ БАЙНА, БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ, ЦЕГ-ЫН ДАРГА Ж.БОЛД ОО |
|
2025-04-18 16:03:45
2025-04-18 07:00:00
2025-04-18 07:00:00
2025-04-18 07:00:00
2025-04-18 07:00:00
2025-04-18 07:00:00
2025-04-18 07:00:00
2025-04-18 06:00:00
2025-04-18 06:00:00
2025-04-17 21:38:31
2025-04-17 19:09:06
2025-04-17 17:58:32
2025-04-17 13:36:26
2025-04-17 13:24:08
2025-04-17 13:15:34
2025-04-17 12:20:02
2025-04-17 12:00:16
2025-04-17 10:57:08
2025-04-17 10:47:20
2025-04-17 10:40:46
2025-04-17 10:11:46
2025-04-17 10:00:19
2025-04-17 09:38:52
2025-04-17 08:50:10
2025-04-17 08:32:23
2025-04-17 07:40:06
2025-04-17 07:00:15
2025-04-17 07:00:00
2025-04-17 07:00:00
2025-04-17 07:00:00
2025-04-17 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |