Чимээгүй хэр нь хамгийн хурдацтай тархаж буй тахал бол хар тамхи юм. Саяхныг болтол кинон дээрээс л үздэг байсан хар тамхины аюулын харанга одоо бидний дунд түймэр мэт түгж байна. Амар хялбар аргаар мөнгө олохыг хүссэн азандаа найдсан хүмүүс тээвэрлэгч болон золиослогдсоор. Сэтгэлийн хөөрөл, тайвшрал, амирлангуй байдал бий болгодог гэсэн өрөөсгөл ойлголт хэрэглэгчдийн дунд их байна. Үүний хор нөлөөгөөс болж гэнэн томоогүй, сониуч зандаа хөтлөгдсөн хүүхдүүд, өсвөр насныхан донтох өвчинд өртөж байгаа нь хамгийн том эмгэнэл.
Хар тамхинд хэзээ ч “Ганцхан удаа гэдэг үг үйлчлэхгүй. Цор ганц үйлчлэх үнэн бол хууль. Анх удаа хэрэглэхэд хордтолоо дахин хэрэглэх хүсэл төрөхөөс эхлээд туйлын муухай санагдах хүртэл янз янзын нөлөө үзүүлдэг. Бодисын солилцооны үйл явцад мансууруулах бодисын нөлөө оролцоод ирэхээрээ сэтгэл зүйн болон бие махбодын хүчтэй хараат байдалд 1-2 удаа хэрэглэснээр орно. Энэ мэт соён гэгээрүүлэх мэдлэг мэдээлэл одоо ч бидэнд хэрэгтэй байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэгт холбогдсон иргэдийн 82.5 хувийг залуучууд эзэлдэг
Манай улсад өнгөрөгч оны есдүгээр сарын байдлаар 131 хэрэгт 258 хүн шалгагджээ. Дээрх хэрэгт холбогдогчдын 85-90 хувийг 18-30 насны залуучууд эзэлсэн харамсалтай тоо баримт байна. Иргэдэд тэр дундаа залууст хар тамхи хэрэглэхийн хор уршигийг таниулан сурталчилах талаар олон талт арга хэмжээг хууль хүчний байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага өргөн хүрээнд явуулсан боловч амжилтад эс хүрэв. 2018 онд улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 199 хэрэг бүртгэгдэж тэдгээр хэрэгт 412 хүн сэжигтнээр холбогдон шалгагдсан байна. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотойгоор шалгагдсан дээрх иргэдийн 337-нь эрэгтэй, 75-нь эмэгтэй юм.
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох эмэгтэйчүүдийн тоо ихэссэн нь иргэдийн дунд айдас үүсгэж байна. Үүнээс харахад хар тамхины хэрэглээ болон, сэтгэцэд нөлөөлөх бодисын наймаа нь нас хүйс, мэргэжил, шашин шүтлэг харгалздаггүй бололтой. Эдгээрийн дунд санаатайгаар бус өөрөө ч мэдэлгүй бусдын дайврыг авч хил нэвтэрсэнээр тээвэрлэгч, дамжуулагч болох тохиолдол ч бүртгэгдсэн байна. Аалзны тор мэт сүлжээ үүсгэж залуучуудыг залгисаар буй энэ чимээгүй тахлыг эсэргүүцэж хэн жагсаал зохион байгуулав. Аль хөдөлгөөн тууштай тэмцэв. Улс төр, нам эвслийн тухай яриа цухуйлгах төдийд л дуу дуугаа аван мэдэгдэл хийж, бослого гарган тэмцдэг төрийн болон төрийн бус байгууллагынхан хаачив. Тэд яагаад хар тамхины талаар дуугарахгүй байна вэ.
Гэмт хэрэг үйлдэгчдийн арга улам бүр нарийсч байгаагаас гадна олон улсын хил дамнасан сүлжээнд манай улсаас оролцсон тохиолдол бүртгэгдсэн нь мөн л сэрэмжлэх бас л нэг өнцөг. Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар 2018 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, Хэвлэл мэдээллийн төвтэй хамтран нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулаж ажиллажээ. Цагдаагийн ерөнхий газар дээрх арга хэмжээний үр дүнд 2019 онд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчийн тоо эрс буурна гэсэн байр суурьтай байна.
Тухайн үйл ажиллагааны хүрээнд сүүлийн хоёр сард Монгол Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн хэргүүдийг илрүүлжээ. Сүүлийн хоёр сарын хугацаанд интернэт вэб сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, Америкийн нэгдсэн улсаас мансууруулах төрлийн бодисыг захиалан Олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг тогтоон уг хэргүүдийг үйлдсэн иргэн Ч,А,Б,Т,Д,Г нарыг дайчлан баривчлан, таслан зогсоож, цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилсээр байгаа гэх. Харин хил дамнасан бус мансууруулах төрлийн бодисыг ахуйн хүрээнд гар аргаар тарьж ургуулах тохиолдлыг илрүүлэн, таслан зогсоож үр дүнтэй ажиллаж байгаагаа Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мэдээллээ.
Цахим орчны хууль хяналт гэж байхгүй энэ цагт эцэг, эхчүүд хүүхэддээ цаг гарган сайн найз нь болохгүй бол энэ мэт бусдад уруу татагдаж санаандгүй болон санаатайгаар хар тамхины асуудалд холбогдож гэнэн цагаан хүүхэд насаа хэзээ ч арилшгүй хар толбоор тамгалсаар байх болно. Ингэхийн тулд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, багш, сургуулийн ажилчид энэ чиглэлд хамтрах, төр, хувийн хэвшлийнхэн соён гэгээрүүлэх ажлаа эрчимжүүлмээр байна. Өсвөр насны хүүхдүүдэд сургуулийн боловсролоор нь дамжуулж хар тамхи, мансууруулах бодисын хор уршигийг таниулан жигшүүлвэл энэ төрлийн гэмт хэрэгт залуучууд өртөх нь багасна. Нийгмийн аль ч салбарт та бид хар тамхины эсрэг дугарахгүй бол хүчээ зузаатгаж энэ чимээгүй тахлаас залуу үеэ аврахгүй бол цөөхөн иргэдтэй манай улсын ирээдүйг аль нэг бар орон шийдэх вий дээ.
Хар тамхины чимээгүй тахлаас залуу үеэ аваръя |
|