Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн хэл яриа бий болсон. Эх Монгол хэл нь бидний өдөр тутмын амьдралын харилцааны чухал хэрэглүүр болдог. Бидний өөр хоорондоо ойлголцох хэрэглүүр эх хэл юм. Монгол хэл уусан, үгүй болох цагт Монгол үндэстэн гэдэг ойлголт үгүй болно. Монгол үндэстний өвөрмөц соёл, ахуй амьдралын онцлог нь Монгол хэлэнд нэвт шингэсэн байдаг билээ. Улс, гүрэн оршиж байвал угсаатан оршин байна. Угсаатан байна гэдэг үндэсний онцлог бүхий соёл байна гэсэн үг. Өвөрмөц соёлыг хэл нь хадгална. Хэлний утгат чанарыг бичиг тээнэ. Эргүүлээд үндэсний бичгээ гээвэл хэл эвдэрнэ. Хэлээ эвдвэл монгол соёлын мөхөл болно. Тухайн угсаатан харьжчихвал улс нь ч мөн үгүй болох талтай.
Дэлхийн нийт ард түмний 5651 хэлээс өдгөө 2500 гаруй нь амьд хэрэглэгдэж байгаа. Бусад нь мөхсөн. Мөхмөл хэлийг тээгчид бүгд байхгүй болсон гэсэн үг биш, аль нэг том гүрний ард түмний хэлээр ярьдаг болсон гэсэн үг. Монгол угсаатан манж нарын хувь заяа үүний бэлэн гэрч болж байна. Хятад Улсад манж хэлээ мэддэг 100 гаруй иргэн бүртгүүлсэн нь бүгд 80-аас дээш настангууд байгаа аж. Өмнөд Хүннү нар болох Жо Вей буюу Тоба Вейчууд, Хятадуудтай нийлж, Умард Хүннү нарыгаа мөхөөсөн байдаг. Тэр дайнаас дайжсан их, бага нүүдэл, Тэнгэр-Уул, Химлай, Урал, Кавказ, Баруун Европ, Балпаны хойгийг чиглэсэн. Өнөөдөр Химлайн нуруунд амьдарч буй 30 сая гаруй Цагаан Хүннү нар эх хэлээ мартсан. Балпаны хойг руу нүүсэн Хүннү нар Болгар, Турк, Итали, Грек, Испани үндэстэнд уусан хайлаад алга болсон. Афганистанд амьдарч буй 10 гаруй сая Хазар үндэстэн эх хэл, соёлоо мартсан. Монголчуудын байгуулсан Энэтэхэгийн Их Могол гүрний ордны буюу урду хэл өнөөдөр мөхсөн.
Эх хэлний хэрэглээ байхгүй болсон цагт тухайн хэлний, үндэстний мөхөл болдог. Өнөө цагт дэлхий нийтийн даяаршил хэмээн англи хэлийг сурч, хэрэглэх зөв гэж цэцэрхэгчид олширч байна. Англи хэлийг сурах нь зөв. Гэхдээ эх хэлнээсээ дээгүүрт тавьж, үндэсний хоёрдогч хэлээр англи хэлийг хуульчлах нь аюул дагуулна. Манай улс төрчид Монгол эх хэлээ ад шоо үзэх нь олширч байна. УИХ-ын индэр дээрээс С.Бямбацогт гишүүн “Монгол бичиг зааж, хайран алтан цагаа алдаж яах юм бэ. Түүний оронд англи хэл заах нь зөв. МҮОНТ-ээр англи хэлээр олон нэвтрүүлэг хийж, улс орноо сурталчилдаг болмоор байна” гэж байв. 1990-ээд оны үед үндэсний сэргэн мандалтын үе эхэлж, үндэсний бичиг, соёлоо сэргээх ажлыг эрчимтэй эхлүүлсэн. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Хос бичигтэн болох нь зөв” гээд эрчийг нь суларуулж, аль ч үгүй болгосон. 2025 оноос ахин хос бичигтэн болгох хуулийг хэрэгжүүлнэ гээд байгаа. Харин түүнийг нь эсэргүүцэгч олон байгаа. Хоцрогдсон Монгол бичгийг сэргээх шаардлагагүй. Үүний оронд латин үсгийг үндэсний бичиг болгох ёстой гэж байна.
Гэтэл ХҮН нам 2024 оны сонгуульд олонх болж чадвал “Англи хэлийг албан ёсны төрийн хоёрдогч хэл болгох” бодлогыг хэрэгжүүлнэ гэж сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Харин тэрбум гаруй хүн амтай Хятад Улсад хавчигдан амьдарч буй Өвөр Монголчууд үндэсний монгол бичиг, соёлоо авч үлдэх гэж хэрхэн тэмцэл өрнүүлэн мөхөсдсөн билээ. Тухайн улс үндэстэнг устгахдаа хэлийг нь бичиг, соёлыг нь, түүх уламжлалыг нь үгүй хийдэг. ОХУ-д эзлэгдсэн Тува, Якут, Буриад, Ойрад, Халимагуудын төрөлх хэлийг хязгаарласан, тийм ч учраас тэдний эх хэлний нь хэрэглээ хумигдан хайлан уусан орос хэлтэнгүүд болж хувирсан.
Зохиолч Г.Аюурзана “Цус юу юм бэ, эцсийн эцэст юу ч биш. Хэл уствал, үндэстэн мөхнө” гэж гашуун үнэнийг хэлсэн байна. Гадаад хэлийг сурах нь буруу биш зөв. Гэхдээ эх хэлнээсээ хэзээ ч дээгүүрт тавьж, хоёрдогч хэл болгон хуульчилж болохгүй. Монгол хэл харь хэлний довтолгоонд автаад 30 гаруй жил болж, албан байгууллага, гудамж, талбай, зочид буудал, зоогийн газар, хотхон хорооллууд гадаад нэртэй болоод удаж байна. Автобусанд нэг ч гадаад хүн байхгүй байхад дараагийн буудал гэж монголоор зарласан байтлаа англиар хариулах юм. Гудамжинд тоглож буй хүүхдүүд хоорондоо англиар ярьж чамирхах болсон. Зарим нь үнэхээр Монгол хэлээ мэдэхгүй, англи хэлний сургуульд сурч хүмүүжиж байгаа. Ирээдүйд тэдний үр хүүхэд монгол хэлгүй хүн болж төлөвших болно.
Монгол хэлний тухай хуульд “Монгол хэл нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа мөн” гэж заасан байх юм. Монгол Улсын иргэн “Монгол хэл бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, Монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гаргах үүрэг хүлээнэ. Монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх журамт үүрэг хүлээхийг заасан байна. Нэрт эрдэмтан Ш.Лувсанвандан “Монгол бичгийн хэл лавтай 700 жил тасралтгүй хэрэглэгдэж ирэхдээ ямагт үе үеийн ардын ярианы хэл нутгийн аялгуугаар тэжээгдэж хөгжсөөр ирсэн тул мөхсөн хэл болсонгүй, болох ч нөхцөлгүй юм” гэжээ. Гэтэл манай улс төрчид Монгол хэлний хэрэглээ бага, гурван сая хүн хэрэглэдэг хоцрогдсон хэл. Дэлхий даяаршилтай хөл нийлүүлэн алхахыг хүсэж байгаа бол англи хэлийг хоёрдогч хэл болгон хуульчлах ёстой гэж цэцэрхэж сууна.
Яруу найрагч Зундуйн Дорж:
Xэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян, Монгол баян.
Xэл, хил, мал гурваасаа хагацвал хэн эмгэнэлтэй, Монгол эмгэнэлтэй.
Xэл, хил, мал гурвынхаа төлөө энэ яваа насаа эцэслэн дуустал тэмцье.
Үхсэний дараа сүнс байдаг бол үргэлжлүүлж бас тэмцье. гэжээ.
Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагын дагуу хүүхдийн сэтгэлгээний түвшинг өсгөхийн тулд эх Монгол хэлээрээ эсээ бичүүлэх, албан бичгийн хэлбэрүүдийг бичүүлж сургах, Монгол хэл дээр суурилсан гадаад хэл заах зэрэг шинэтгэлүүд хийх ёстой. Монгол Улс төрийн албандаа Монгол хэл ялангуяа бичгийн хэл сайн эзэмшсэн хүнийг сонгон авч баймаар байна. Ингэж л эх хэлний үүрэг нөлөөг нь өндөрсгөж байж Монгол хэлний нэр хүнд өснө. Монгол Улс хэлний бодлогоороо хөршөөсөө хоцорч огтхон ч болохгүй. Эх хэл, түүх соёл, эх нутаг, хил хязгаартайгаа байгаа үндэстэн тийм амар тусгаар тогтнолоо алдаж, бусдын атганд орохгүй.
Монгол хэлний зарим эрдэмтэд Монгол хэл их ядуу хэл, үгсийн санд нь хятад, түрэг, манж, түвд, санскрит, уйгар, буриад үг их байна гээд л буруу сурталчилгаа хийх болжээ. Түрэг, тунгус, манж, уйгар, буриад нь Монголын эртний угсаатан овог аймгууд гэдгийг тэд мэдэхгүй байх юм. Үндэснийхээ соёл бүхнийг харьжуулах гэж зүтгэнэ. Монголчууд ямарч бичиг үсэг, түүх соёлгүй зэрлэг бүдүүлэг нүүдэлчид байсан гэдэг Социалист нийгмийн үед Оросын эрдэмтэдийн бичсэн худал зохиомол түүхийн ухуулгыг тэд чухалчилж дэмжсэн хэвээр. Англи хэлийг төрийн албан ёсны хоёрдогч хэл болгоод, газар нутгаа 100 жилээр гадныханд эзэмшүүлэх гэж зүтгэнэ гэдэг эх орноосоо урвасан үйлдэл мөн.
Саяхан дэлхийн дуучин болохыг хүсэж байгаа бол англи хэлээр дуулах ёстой гэдэг байв. Бүгд энэ үгтэй санал нэгддэг байлаа. Гэтэл “Хүннү” хамтлаг аялгуут сайхан Монгол хэлээрээ дуулж, дэлхийн хамтлаг болчихоод явж байна. Гадаадын сонсогчид, хөгжим, урлагийн мэргэжилтнүүд Монгол хэлийг шагшин магтаж, бахархан бичиж, ярих болсон. Тэд “Монгол хэл ямар гоё аялгуулаг, сонсголонтой, уянгалаг, бадрангүй, сүрлэг хүчтэй хэл юм бэ” хэмээн магтаж байх юм. Оросууд” Хүннү хамтлагийн дууг сонсоход шар үс босох шиг мэдрэмж төрж байна. Бидний генинд монголчуудаас айх айдас, түгшүүр нуугдаж байдаг бололтой. Монгол хэл ямар хүчирхэг, сүр хүчтэй хэл юм бэ” гэжээ. Монгол хэл сурах гэсэн хүсэл эрмэлзэлтэй “Хүннү” хамтлагийн шүтэн бишрэгч гадны олон хүн бий болж байгаа нь сайшаалтай.
Их эрдэмтэн Б.Ринчен:
Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би хэмээн шүлэглэжээ.
Эх Монгол хэлээ хайрлая. Улс төрийн солиорол эх хэлээ, эх орноо устгах хэмжээнд хүрч болохгүй. Эх Монгол хэлээ мэдэхгүй хүнд, түүх соёл, уламжлал нь утгагүй мэт бодогдоно. Түүхээ мэдэхгүй хүнд эх орон, эх хэл нь үнэ цэнгүй болно.
ЭХ ХЭЛЭНДЭЭ ХАЙРГҮЙ УЛСТӨРЧИД |
|
2025-05-10 15:01:00
2025-05-10 14:50:01
2025-05-10 13:56:57
2025-05-10 12:23:53
2025-05-10 11:55:31
2025-05-10 11:25:33
2025-05-10 10:40:53
2025-05-10 10:32:08
2025-05-10 09:59:22
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-09 23:18:16
2025-05-09 18:11:07
2025-05-09 17:56:16
2025-05-09 17:43:29
2025-05-09 17:36:05
2025-05-09 17:14:18
2025-05-09 14:58:38
2025-05-09 13:23:32
2025-05-09 12:32:44
2025-05-09 11:52:36
2025-05-09 11:32:56
2025-05-09 11:25:22
2025-05-09 09:50:17
2025-05-09 09:40:55
2025-05-09 09:35:48
2025-05-09 09:32:37
2025-05-09 09:15:36
2025-05-09 07:37:33
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |