• Өнөөдөр 2024-05-18

УКРАИНД АЖИЛЛАСАН СЭТГҮҮЛЧ О.ЭРДЭНЭДАВАА: ДАЙНЫ БҮСЭД ИРГЭД ХАГАС ӨЛСГӨЛӨНГИЙН БАЙДАЛТАЙ, ТАЛХ, ЗАГАСНААС ӨӨР ХҮНСГҮЙ БАЙНА

2022-03-29,   2459

          Товч.мн мэдээллийн сайтын сэтгүүлч О.Эрдэнэдаваатай ярилцлаа. Тэрбээр 20 мянган километрийг туулж, амаргүй цаг хугацаа, хүнд нөхцөлд, дайны цэгээс сурвалжилга бэлтгээд ирсэн билээ.

-Сайн явж ирсэн үү. Эх орондоо ирсэн чинь сайхан тайван байна уу?

          -Сайн явж ирлээ. Эх орондоо ирсэн хүн чинь сайхан байлгүй яах вэ. Хэдийгээр цөөхөн хоног явсан ч онцгой томилолт байлаа. Бид чинь дэндүү тайван, эх нутагт амьдарч байна гэдгийг ойлголоо. 

-Сэтгүүлчээр ажиллаад 10 жил болж байгаа юм билээ. Гадаад, дотоодын олон томилолтод явж байсан байх. Энэ удаагийн томилолтын онцлог, дайны бүс рүү явах шийдвэр хэрхэн гаргасан талаараа яриагаа эхлэх үү?

           -Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос олон улсын сэтгүүлчдийн байгууллагаар дамжуулаад, дэлхийн халуун цэг болсон Орос, Украины асуудлыг очиж сурвалжлах сэтгүүлч, зураглаач явуулах боломж олдож, энэ саналыг манай редакцад анх тавьсан байдаг. Бид ярилцаад “Энэ боломжийг алдаж болохгүй юм байна.  Яагаад заавал барууны эсвэл Оросын хэвлэлээс дайны мэдээллийг авах ёстой юм бэ. Өөрсдийн нүдээр очиж үзээд, аливаа нэгэн захиалгат биш, тийм мэдээ мэдээллийн хүргэе” гээд явах шийдвэрээ гаргасан. Дайны цэг рүү томилолтод явна гэдгээ явахаасаа долоо хоногийн өмнө мэдсэн. Гэхдээ гэр бүл, ах, дүү хамаатан садан, найз нөхдийнхөө хэнд нь ч хэлээгүй. Хэрэв мэдчих юм бол дайны бүс нутаг руу явах гэж байгаа учир хориглох эрсдэлтэй байсан. Тэгээд өглөө гэрээсээ ойрхон томилолтод явах гэж байгаа хүн шиг ойр зуурын хувцсаа аваад гарсан. Онгоцны буудал дээр очоод нисэхийнхээ өмнө “Украин руу сурвалжилгад явлаа” гэх утга бүхий пост бичээд л утсаа унтраачихсан. Гэрийнхэн маань миний бичсэн постоос Украин руу явж байгаа гэдгийг мэдсэн дээ. Монголоос Улаан-Үд рүү нисээд, Улаан-Үдээс Москва ороод, Москвагаас цаашаа 2000 гаруй километр машинаар явж байж зорьсон газар Украины  хил дээр хүрсэн. Олон томилолтод явж байсан. Энэ удаагийнх дайны талбар гэдгээрээ онцлог, маш эрсдэлтэй байлаа. Гэхдээ сэтгүүлчид бид чинь дайны цагт ч, энх цагт ч ажлаа хийж байх л ёстой, үүрэгтэй шүү дээ.

         Монголоос явахдаа Донецк, Луганск  гэсэн салан тусгаарлагчдын хотуудаар очно гэсэн төлөвлөгөөтэй явсан. Гэтэл биднийг яг тэр хотод очих үед Америкийн нэг сэтгүүлч суманд оногдож, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгээд тухайн хэсгээр очих ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн. Бид ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлд “Бид Монгол Улсаас ирсэн, сурвалжилга бэлдэх хэрэгтэй байна” гэсэн  хүсэлт тавьсан. Тэгээд өөр боломж бололцоо хайсны үр дүнд Украины хилийн урд урд хэсэг Крымийн хойд талаар орох боломжтой юм байна гэсэн хариу ирсэн. Бид машинаар цаашаа 2000 гаруй километр яваад Крымийн хойг дээр тулж очсон. Крымийн хойг дээр очиход цаашаа мөн л оруулахгүй байлаа. Мэдээж дайны бүс нутаг байсан, энх цагт ямар ч  улс руу нэвтрэхэд хүртэл ямар өндөр шалгуур тавьдаг билээ дээ. Тэрнээс хэд дахин илүү хүнд нөхцөл байдал биднийг угтсан. Биднийг тэнд Оросын хилийн цагдаа, тусгай, тагнуулынхан гээд маш олон байгууллагаас алхам тутамд шалгаж байлаа. Эндээс авч явсан камер, техник хэрэгсэл, хувийн бэлтгэл базаасан цүнхээ зогсоосон газар болгон нь шалгуулсан. Ер нь маш өндөр шалгалтын дундуур явж Украины хилд тулж очсон. Тэгээд Крымийн хойг дээр байрлах хотод байрласан даа.

         Тэндээсээ “Явж сурвалжилга авах шаардлагатай байна” гэдэг хүсэлтээ дахиж гаргасан. Сэтгүүлч нас барсан учраас өөр хотод очих боломжгүй, хамгийн тайван гэх юм уу даа, эрсдэл бага  Геническ, Мелитополь хотод очих боломжтой гэсэн хариу өгч, биднийг тэндээс сурвалжилга авах уу гэсэн. Мэдээж тэнд нь ганцхан Монгол гэлтгүй Герман, Сийр, АНУ, Голланд гэх мэтчилэн олон орны сэтгүүлч оччихсон байсан. Тэд Украин руу очих боломжтой хэсгээр нь оччихсон, сурвалжлах хүсэлт хүргүүлээд удчихсан, зарим нь бүүр 10 гаруй хоног хүлээж байсан юм.  Бид хоёр хоног хүлээж байж хариугаа аваад, ямар ч байсан азтай цаашаагаа орох боломж олдсон. Крымийн хойгоос биднийг буцаана гэж ярьж байсан шүү дээ. Хол зам туулж очоод, ганц ч дүрс, яриа авч чадахгүй буцах дээрээ хүртэл тулсан. Үнэхээр хэцүү, эвгүй байдаг юм билээ. Энэ мэтчилэн биднийг явсан зам дардан байгаагүй. Эрсдэлтэй, амаргүй зам туулж, зориод очсон газрынхаа бодит байдлыг хүргэх зорилгоо өвөртлөөд хүлээсээр байгаад л нэвтрэх эрхээ олж авсан. Гэхдээ Геническ, Мелитополь хотын аль нэгнээс нь сурвалжилга бэлтгэх, ингэхдээ гуравхан цагийн хугацаанд л ажлаа амжуулах боломж, эрх олгосон. Бид чинь энх цагт яваагүй, дайны, эрсдэлтэй бүс нутагт явж байгаа учраас олгосон цаг хугацаанд нь сурвалжилгаа авахыг хичээсэн.

-Хэчнээн хоног явж очсон юм бэ?

            -Эндээс гараад Улаан-Үд, Москва хотод нэг, нэг хоносон. Цаашаа хил рүү машинаар 2000 километрийг туулахдаа хоёр хоносон. Дөрвөн шөнө, таван өдөр болж очсон юм байна.

-Сурвалжилга авах хугацаа үнэхээр бага байжээ. Энэ хугацаанд юуг хүргэе гэж голчилж зорьсон бэ. Сурвалжилга хийсэн хотынхоо нөхцөл байдлын талаар ярихгүй юу?

            -Мэдээж нөхцөл байдал маш хүнд байсан. Монголчууд янз бүрийн мэдээллийн сувгаас Орос, Украины талаарх мэдээллийг хүлээж авч байгаа. Хоёр улсын яагаад дайтах болсон, нөхцөл байдал ямар байгаа гэх мэтчилэн мэдээллийг мэдээллийн сувгуудаас л хүлээж авч байгаа шүү дээ. Бидний гол зорилго “Монголхүн яг нүдээрээ очиж үзээд, нөхцөл байдал газар дээрээсээ яг ямар байгаа юм бэ. Барууны хэвлэлүүдийн бичиж байгаа шиг байгаа юм уу, эсвэл Оросын хэвлэлийнхний бичээд байгаа шиг байгаа юм уу” гэдгийг өөрсдийн биеэр очиж үзээд, үзэгчдэдээ үнэн бодит мэдээллийг өгөхийг хүссэн.  

        Хэдий ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албаар дамжуулж, тус улсын цэргүүдийн хамгаалтан дор мэдээ, сурвалжилгаа бэлтгэж байгаа ч зөвхөн үнэнийг, аль нэг улсын талд орохгүйгээр дамжуулах боломжтой байсан шүү. ОХУ-ын цэргүүд биднийг хамгаалж явахдаа нэг ч удаа “Одоо тэнд буугаад, тийм хүнээс яриа ав. Ийм мэдээлэл бэлтгэнэ шүү” гэж тушаагаагүй, цензур тавиагүй. Аюулгүй байдлын үүднээс гуравхан цагийн хугацаа өгнө гэдэг зүйлийг л ярьсан. Тухайн хотуудад сэтгүүлчид өөр өөрийн өнцгөөрөө л мэдээ мэдээлэл, хүссэн асуултаа асууж, хариултаа авч, нөхцөл байдал газар дээрээ ямар байгааг үзүүлэхийг зорьсон. Миний хувьд иргэдийн амьдрал аж байдал ямар байгаа өнцгөөс харж мэдээллээ бэлдэх гэж хүссэн. Газар дээрээ нөхцөл байдал хүнд, иргэд нь талх үйлдвэрлэж байна, загасаа барьж байна. Өөр ямар нэгэн үйлдвэрлэл, аж ахуй эрхэлж байгаа хүн байгаагүй. Иргэд нь ОХУ болон Украины нийслэлээс хүмүүнлэгийн коридороор явуулж байгаа хүнсээр амь зогоож байна лээ. Тэд хүмүүнлэгийн коридороор ирэх хүнс, ахуйн хэрэглээний бараанд нэг өдрийн өмнө захиалга өгч, бүртгүүлдэг юм билээ. Хоёр хоногт 20-40 тонны ачаа ирдэг. Ирсэн багахан бараанд маш урт дараалал үүсгэн дугаарлаж, хоногийн хоолоо арай гэж авна. Зарим иргэн нь авч чадахгүй, хоосон хонож байгаа. Ер нь иргэд нь хагас өлсгөлөнгийн байдалтай байсан. Энд, тэнгүй ундуй сундуй, хамаг юм нь эвдэрч, сүйтсэн байсан. 

          Тайван хоёр хот нь тийм нөхцөл байдалтай байхаар нөгөө хотуудын нөхцөл байдал ямар байгаа нь тодорхой байх. Магад бидний төсөөлснөөс ч хүнд байхыг үгүйсгэхгүй. Бид гэхэд л 24 цаг хоолгүй явж байлаа. Дээрээс нь хүнд хантааз, хувцас хэрэгсэл өмсөөд, хамаг техник хэрэгслээ үүрээд явдаг байсан. Орой нь дата, интернэттэй газар хайгаад, мэдээллээ дамжуулах гэ багагүй “юм”-тай учирна.

-Олон өдрийн эрсдэлтэй, аюултай нөхцөл байдал дундуур туучаад ямар ч гэсэн сурвалжилгаа авчээ. Сурвалжилга цацагдсаны дараа олон дайралт ирсэн байх?

            -Хоёр, гурван чиглэлээр дайралт ирсэн. Нэгдүгээрт, “Оросын нутаг дэвсгэрээр явсан байна. ОХУ-аас санхүүжилт аваад явсан байна” гээд л олон хүн бидэн рүү дайрсан байна лээ. Манай улс чинь БНХАУ, ОХУ гэсэн хоёр улстай л хиллэдэг биз дээ. Тэгэхээр БНХАУ-ын нутгаар дамжаад Орос, Украины хил  дээр очно гэж байхгүй. Бид шууд Украины нутгаар дайрч явж чадахгүй шүү дээ. Хамгийн ойрхон, дөт, аюулгүй гэсэн зам нь ОХУ-ын нутгаар дамжиж явах байсан учраас бид энэ замыг сонгосон. Хүмүүс үүнийг буруугаар ойлгосон юм шиг байна лээ. Хоёрдугаарт, ОХУ-аас санхүүжилт авсан гэсэн. Үнэндээ тийм зүйл огт байхгүй. Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос бидний ирж, очих онгоцны зардлыг шийдэж өгсөн. Манай редакцын зүгээс ойр зуур хэрэглээ, хоол, унд,  буудаллах байрны мөнгийг гаргасан. Гэхдээ олон өдөр явсан учраас мөнгө багагүй хэрэг болсон. Манай редакцын зүгээс сэтгүүлчээ дэмжиж, чадах чинээгээрээ л тусалсан. Ганцхан Эрдэнэдаваа гэдэг хүн явсан биш, олон хүний тусламж, дэмжлэг оролцсон юм, энэ томилолтод. ОХУ-ын талаас бидэнд Украины нутаг дэвсгэрт ороход цэргийн хамгаалалт бол гаргаж өгсөн. Тийм хамгаалалтгүй бол угаасаа орох ямар ч боломж байхгүй. Бүхэл бүтэн дайны бүс рүү орж байна шүү дээ. Тиймээс цаанаас нь ямар нэгэн хамгаалалт гаргаж өгдөг юм байна лээ. Хэдий хамгаалалт гаргаж өгсөн ч “Та нарын амь насыг нэг хувь ч хариуцахгүй, хэзээ хаанаас дайралт ирэхийг бид өөрсдөө ч мэдэхгүй. Тиймээс та нарт гуравхан цаг байна. Нэг газартаа удаж болохгүй” гэсэн шаардлага тавьсан. Хальт бууж хөтлөлт хийх, яриа авах иймэрхүү үед маш хурдан шилжилт хийж ажиллах шаардлага тулгарсан. Энэ бүгдийг хүмүүс ингэж ойлгосон юм болов уу даа.

Ганцхан Эрдэнэдаваа гэдэг хүн явсан биш, олон хүний тусламж, дэмжлэг оролцсон юм, энэ томилолтод.

-Иргэдээс дайралт ирэх үед та Украинд байсан байх. Дайны бүс нутагт ажиллахад сэтгэл санааны хувьд ямар байсан бэ.

          -Ер нь бол манай монголчууд дэндүү жаргалтай амьдарч байгаа юм байна гэх бодол төрсөн. Тэнд хүмүүс хагас өлсгөлөнгийн байдалтай байна. Хичээгээд, хичээгээд  юу ч хийж чадахгүй болчихсон тийм нөхцөл байдалтай байна шүү дээ. Гэтэл монголчууд маань Украин, Оросоороо хуваагдчихсан хоорондоо компьютерынхоо цаанаас хэрэлдээд сууж байна шүү дээ. Тэгээд бүр болоогүй Монгол сэтгүүлч дайн болж байгаа газарт очоод мэдээлэл хүргэхээр “Оросын захилгаар очлоо, Украины талд орсонгүй. Эсвэл Украины талд орлоо” гэх мэтчилэн байдлаар хандаж байна. Гэхдээ бидний үндсэн үүрэг бодит нөхцөл байдлыг л сурвалжлах байсан. Мэдээж анхны зүйл учраас алдаа, оноо гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид чадах чинээгээрээ бодит байдлыг хүргэсэн л гэж бодож байгаа. Олон улсын сэтгүүлчид миний бэлтгэсэн мэдээг үзээд “Үнэхээр сайн болсон байна” гэж хүртэл үнэлсэн. Тэд намайг “Өөрийнхөө хөтлөлтийг Орос руу хөврүүлээд өгөөч. Бид өөрсдийн хэл дээр , өөрсдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргамаар байна” гэдэг хүсэлтийг тавьсан. Тэдний хүсэлтийн дагуу би мэдээллээ орчуулж өгсөн. Миний бэлтгэсэн сурвалжилга Германы хэвлэлээр хадмал орчуулгатай гарсан байгаа. Олон улсын сэтгүүлчидтэй хамтарч ажиллаад нэгнээсээ суралцаад, бие биеийнхээ яаж ажилладаг юм байна гэдгийг харах бас нэгэн олзуурхууштай байлаа. Хүнд нөхцөл байдалд ажиллаж байгаад шүүмжлэлд өртөж, утга учиргүй гүтгүүлэх бас амаргүй юм билээ. Гэхдээ яах вэ, чин үнэнчээр ажлаа л хийсэн шүү дээ.

-Украины иргэд цаашдын нөхцөл байдлын хэрхэн харж байна вэ. Тэнд ажиллаад ирсэн хүний хувьд Орос, Украины нөхцөл байдал цаашид хэрхэх юм шиг санагдсан бэ?

            -Иргэд нь ярилцлага өгөхдөө яг тодорхой байр сууриа илэрхийлж чадахгүй байсан. Учир нь, цаашид нөхцөл байдал яах нь тодорхойгүй. Цаашид Орос тухайн улс оронд эзэн сууж магад. Эсвэл Оросыг цэргээ эргүүлэн татсаны дараа Украины хуучин удирдлагууд эргэж ирж магадгүй. Ийм учраас иргэд нь хурц, хурц өнгө аястай зүйл ярьж чадахгүй байна гэдгээ илэрхийлж байсан. Хэрэв Оросын талд орвол украинчууд, Украины талд орвол оросууд шийтгэнэ гэсэн айдастай, өнгө аястай байна лээ. Орчуулагчтайгаа хамжаад аль болох гол зүйлийг нь чадахынхаа хэрээр яриулж, асуудлыг голыг олох гэж үзсэн. Ер нь цаана нь юу болоод байгаа юм гэдгийг нэлээн ухаж төнхөх шаардлага гарсан. Гэхдээ өөрсдийнх нь байр суурийг авсан гэж бодож байна. Хамгийн гол нь тэнд хэний зөв, буруу гэдгийг харуулахыг зориогүй.

-Оросын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхөд нөхцөл байдал ямар байсан бэ?

         -Оросын нутгаар явж байхад хүмүүс нь яг хийдэг ажлаа хийгээд л явж байсан. Иргэдийн хувьд ямар ч асуудал байхгүй байна лээ. Дайн болж байгаа нь огт сонин биш.

-Ярилцсанд баярлалаа.

-Эх орон, эх дэлхий минь амгалан байхыг хүсье. 


УКРАИНД АЖИЛЛАСАН СЭТГҮҮЛЧ О.ЭРДЭНЭДАВАА: ДАЙНЫ БҮСЭД ИРГЭД ХАГАС ӨЛСГӨЛӨНГИЙН БАЙДАЛТАЙ, ТАЛХ, ЗАГАСНААС ӨӨР ХҮНСГҮЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-30 08:07:46
    bat: zvgeer ochij haraad l irsen yum bishvv
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-30 07:58:13
    Халамж: Монголд өлмүүн зэлмүүн амьдарч байгаачууд нь залхуугийнх. Хүнсний ногоо үнэд орсон энэ үед ч хэдэн төмс булаад намар хураагаад зарчих сэтгэл байхгүй. Зөвхөн халамж горьдоно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-29 18:56:52
    Zochin: Orosuudaar hamgaaluulaad unen zuv medeelel uguh uu ????? Heniig huuraad bnaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-29 15:00:56
    Сэтгүүлчид амжилт: Амжилт хүсье, сурвалжилгынх нь линк байна уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-29 13:47:51
    A: Mundag bailaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-29 12:09:26
    Д: Украин иргэн товчийг товчхон амыг нь тагласан даа Оросын бхя нээх мундаг уриалагхан шд азизовын гөлөгнүүдэд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-29 11:26:36
    Зоригоо: Дайны нөхцөлд сайн л хооллож байгаа юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-29 10:43:12
    иргэн: МОНГОЛД ТАЛХ ЗАГАС Ч ҮГҮЙ ӨЛӨН ЗЭЛМҮҮН АМЬДАРЧ БАЙГАА АЙЛ ӨРХ БАГАГҮЙ БИЙ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188