• Өнөөдөр 2025-05-17

Архи ууж агсамнах бүрдээ буугаа шүүрч айлгадаг хэчнээн эцэг байгаа бол...

2021-11-26,   1130

      Төрсөн гурван хүүхэд рүүгээ хүйтэн бууны хошуу чиглүүлж, тэгээд гохоо гурвантаа дарчихсан онц ноцтой, басхүү ой тойнд багтамгүй хэрэг нийгэмд нэгийг сануулж, хоёрыг бодогдуулав. Эцэг эхчүүд бидний энхрий жаахан үрсээ хайрлах, энэрэх сэтгэл хааччихсан юм бэ. Тэдэн рүүгээ хүйтэн бууны хошуу чиглүүлэх бүү хэл хараалын үгээр ч загнаж болохгүй, хорвоогийн аль муу муухай бүхнээс хамгаалах ёстой хүмүүс чинь эцэг эхчүүд бид биш билүү. Гэтэл яагаад...
         Шөнийн 02:00 цагт тэр аймшигт хэрэг гарчээ. Тэр гурван хүүхэд унтаж байсан байх, тэгээд төрсөн эцгээ агсамнахыг сонсоод сэрчихсэн, хөнжил дотроо гурван биенээ тас тэврээд хэвтэж байсан байх. Эсвэл аав, ээжийнхээ хэрүүл маргааныг хэдэнтээ сонсож, салахыг нь хүртэл харж, амьдралын наадах, цаадхыг гадарладаг болсон 14-тэй том ах нь айж, уйлагнасан долоохон настай охин дүүгээ өвөр дээрээ, есөн настай дүүгээ дэргэдээ суулгачихаад “Аав, ээж удахгүй хэрэлдэхээ больчихно оо, айх хэрэггүй” хэмээн аргадаж суусан биз. Архинд хөлчүүрсэн эцэг нь агсамналаа агсамналаа гээд арай ч өөрсдийг нь буудчихна чинээ яаж төсөөлөх билээ. Харамсалтай нь, буун дуу гэр дотор гурвантаа тас хийж, тэд үүрд явчихаж. Бас араас нь нэг удаа тас хийх дуулдаж, эцэг нь тэднийхээ хойноос явжээ. Там, диваажин гэж хэрвээ байдаг бол тэд нэг газар очихгүй биз ээ, ерөөс тэр ертөнцөд төрсөн эцэгтэйгээ уулзсан ч уучлахгүй байх. Салсан эцэг эхийнхээ хэрүүлийн золиос болсон хайран гурван амь...
 
"Хүүхэд ямар буруутай вэ" гэж бид өөрсдөөсөө, энэ нийгмээс асуух цаг болж. Төрсөн үрээ танигдахгүй болтол нь зодсон, заазуурдсан, нууц амрагийнхаа хүүхдийг бусдад захиалга өгч хөнөөлгөсөн, нөхрийнхөө дагавар хүүхдийг тарчлааж алсан гээд жигшмээр хэргүүд нэг биш удаа л дуулдаж, нийгмийг цочроож байсан. Нэмээд халамцуу эцэг хэлд, хөлд ороогүй нялх үрээ хажуудаа суулгачихсан атлаа хурд хэтрүүлэн давхиж, тэгээд осолдсон хэргүүдийг тоолбол барагдахгүй. Тэр байтугай, хоёрдугаар ангид ч ороогүй жаахан охиноо “хүүхэн” гэж хараад хүчиндсэн жигшим хэргүүд ч тоймгүй. Тэгээд бас гэртээ гал түлээд ганц хүүхдээ гаднаас нь цоожилж үлдээгээд ажилдаа явчихсан, гэтэл гэнэт гэрт нь гал гарч, гаднаасаа цоожтой бяцхан үр нь гарч чадахгүй тарчилсаар хорвоогоос одсон харамсалтай хэргүүд өвлийг яг энэ цагт хэд хэдээрээ гарахыг нь яана. Хариуцлагагүй, хайнга, хэнэггүй, харгис балмад эцэг эхчүүдээс болж хорвоогоос хэтэрхий эрт буцсан бяцхан үрсийг тоолбол дуусахгүй.
 
Гэтэл одоо гурвын гурван хүүхдээ эгнүүлээд буудсан хэрэг гарлаа. Цэнэгтэй буу хэчнээн айлд байгаа бол, архи ууж агсамнах бүрдээ буугаа шүүрч айлгадаг хэчнээн эцэг байгаа бол, бас төрсөн үрээ буудахаас сийхгүй балмад эцэг хэд байгаа бол... Хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүй нь харамсалтай, хэрвээ сонгож төрдөг байсан бол агсамнаж, айлгаж ичээдэг эцэг эхийг биш хайрлаж халамжилдаг, хуруугаа эсгэхэд нь ч өмнөөс нь уйлах тийм л эцэг эхийг сонгож төрөх байсан биз. Нэгэнт тэд сонгож төрдөггүй, харин хувь тохиолоор заяаж ирдэг учраас бяцхан үрсээ хайрлаж, хамгаалж, хүйтэн бууны хошуу чиглүүлэх биш хайрын дулаан гараар тэвэрч, хошуу дэвсэн эрхлүүлэх ёстой юм шүү.
 

Архи ууж агсамнах бүрдээ буугаа шүүрч айлгадаг хэчнээн эцэг байгаа бол...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-28 09:36:49
    Эрдэнээ: Тэр ээж нь гэж ямар хүн байна 3 хүүхэдээ орхиод салаад байхдаа яадаг юм үр хүүхэдээ бодох сэтгэлгүй өөрийгөө бодож явдаг хайран 3 хүүхэд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-26 12:10:25
    вюп: энэ ЗГ-ын татвар төлөгчдийн мөнгийг хулгайлж хувааж идэж байх зуур ард түмэн иймдээихүрч дээ Эрхэм сэтгүүлч минь. бил өлсөж дааарч угаартаж осол гэмтлээр үхээд дуусах гэж бна. Монгол улс мөхөхд ойрхон иржээ гэж дүгнэж бгаа. өрнөөс өрний хооронд өлмөн зэлмэн амьдрал. бүх юмны үнэ өсөхөд цалин нэмэгдсэнгүй. хэдэн мөнгө хүүлэгчид л хөлжөөд бна у. сэтгэл амар гэдэс цатгалан аз жаргалтай улс болохоп 3 хан сая хүнийг ингэж амьдруулж бга энэ 2 нам татан буугдах болсон.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188