• Өнөөдөр 2024-05-04

ТОМИЛОЛТ: УЛААНБАДРАХААС ФРАНЦ РУУ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРТ ХҮРЭХ ЗАМ II

2023-12-21,   630

        Улаанбадрах сумаас уран олборлож эдийн засгийн эргэлтэд оруулах нь хүн, байгальд хортой гэж олон жил хөрөнгө оруулалтын төслөө манайх хойшлуулсан. 25 жилийн өмнөөс Франц Улсын хөрөнгө оруулалттай “Орано” групп манайхтай төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангасан ч өнөөдрийг хүртэл цаасан дээрх төлөвлөгөө хэвээр байна.

        Тэгвэл уран олборлох нь байгаль хийгээд хүн амьтанд хортой эсэх, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хариуцлагатай уул уурхай хэрхэн хөгжиж байгаа талаар газар дээрээс нь сурвалжиллаа. Өмнөх дугаартаа манайх эрчим хүчний хараат байдлаас гарах ямар боломж, гарц гаргалаа байгаа хийгээд байгалийн баялагаа ашиглуулснаар хоосон газар дээр үлдэх үү, уул уурхайн олборлолтын нөхөн сэргээлтийг хэрхэн хийсэн бэ гэдгийг газар дээрээс нь сурвалжлан хүргэсэн билээ. Өөрөөр хэлбэл, ураны олборлолт хийснээр Монгол Улсад цөмийн хаягдал булшлаж, байгаль орчин хордох уу гэсэн асуултад хариулт авсан. Ураны олборлолт нь хүн байгальд, хор хөнөөл багатай хийгээд Монгол Улсад цөмийн хаягдлыг булшлахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.

     Энэ удаад цөмийн эрчим хүчний түлш үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг хэрхэн аюулгүй бэлтгэж байгаа болон уран дэлхийн зах зээлд ямар үүрэг гүйцэтгэж байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.

ШАР НУНТАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР БОЛОХ НЬ

        Дэлхий дулаарлын эсрэг улс орнууд нэгдэж, хүлэмжийн хий ялгаруулдаг эрчим хүчний эх үүсвэрээс татгалзаж эхэлсэн. Европын өндөр хөгжилтэй ихэнх орнууд цөмийн болон сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлээд удаж байна. Франц Улс гэхэд 95 хувь нь хүлэмжийн хий ялгаруулдаггүй эрчим хүчний эх үүсвэртэй. Франц Улсын “Орано” групп нь дэлхийд цөмийн эрчим хүчний салбарт эхний гуравт эрэмбэлэгддэг бөгөөд ураны олборлолтоос гадна цөмийн эрчим хүчний түлш хийх бүтээн үйлдвэрлэлээрээ тэргүүлж байна.

      Франц Улсын Парис хотоос зүүн урд 400 гаруй километрийн зайд “Орано” группын Тракистан сайт бий. Франц Улсын гурван хотын газар нутагт байгуулсан тус үйлдвэр нь нийт 600 гаруй га талбайд шар нунтаг болох ураныг хувирган, баяжуулж, цөмийн эрчим хүчний түлш хийх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

    Хоёр зуун жилийн өмнө барьсан барилга байшингуудаа тэр чигт нь хадгалсан нам гүмхэн буйдхан хотоос өглөө эрт хөдлөсөн автобус хурдын замаар давхисаар төмөр хашаагаар хүрээлүүлсэн том байгууламжийн өмнө хүрэв. Энд Еропт ганцхан байх ураны хувирган, баяжуулах “Орано” группын Тиракстин сайт цөмийн эрчим хүчний түлш үйлдвэрлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зогсолтгүй ажиллаж байна. Хурдны замаар салхи татуулан давхиж байсан автомашинуудын үйлдвэрийн ойролцоо ирмэгц удааширч дараалалд зогсоод өндөр хамгаалалт бүхий төмөр хашааны хаалгаар бүртгэл хийлгээд дотогш нэвтэрч байлаа. Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаар очсон сэтгүүлчдийн багийг "Орона" группын Трикастин сайтын хувиргалт, баяжуулалтын үйлдвэрийн Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Натали Боннфуо гэх эмэгтэй угтан авч, аюулгүй ажиллагааны дүрмээ танилцуулав.

     Ийн аюулгүй ажиллагааны дүрмийг ягштал танилцуулсны дараа үйлдвэр рүү нэвтрэхдээ өмсдөг малгай, гутал, өмд цамц, маск зэрэг зориулалтын хувцсыг бэлдэж өглөө. Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахад зориулалтын хувцас хэрэглэлийг заавал өмсөх ёстойг дахин сануулав. Тракистин сайтад “Орано” майнинг компанийн олборлосон уранаас гадна гурван компани ураны түүхий эдийг нийлүүлж байна. Уран бол цөмийн эрчим хүчний түлш үйлдвэрлэх гол түүхий эд. Тус үйлдвэр нь жилд 15 мянган тонн уран хувирган баяжуулах хүчин чадалтай бөгөөд одоогийн байдлаар жилд 10 тонн уран хувирган баяжуулж байна.

           Олборлолтоос ирсэн шар нунтагийг “Орано” группын Малвези дахь уран хувиргах үйлдвэрт фторт устөрөгчийн атомаар хувирган хатуу, ногоон биет хэлбэрт оруулдаг. Үүнийгээ тээвэрлэн Трисактин сайтад авч ирж, 3-4 шат дамжлагаар хувиргасны дараа баяжуулах үйлдвэр рүү шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл, хувирган баяжуулах үйлдвэрт химийн урвалын 3-4 дамжлага явуулсны дараа цөмийн түлш үйлдвэрлэх бүтээгдэхүүн бэлэн болдог гэсэн үг. Уран олборлолт нь үүнээс хэд дахин аюулгүй гэдгийг үйлдвэрийнхэн онцолж байлаа.

УРАНЫГ ХУВИРГАН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРТ ЦАЦРАГИЙН БОЛОН ХИМИЙН ХОР НӨЛӨӨ БАЙДАГГҮЙ

      

      Энэ талаар "Орано" группийн Трикастин сайтын хувиргалт, баяжуулалтын үйлдвэрийн олон нийттэй харилцах хэлтсийн дарга Натали БоннфуоБид бүхэн ураны түүхий эд хадгалж байгаа бүс дээр зогсож байна. Уурхайн олборлолтын талбайгаас авчирсан ураны түүхий эд болох шар нунтгийг эхлээд Малвези дахь уран хувиргах үйлдвэрт фторт устөрөгчөөр хувиргалт хийж, хатуу, ногоон өнгөтэй болгодог. Үүнийг UF4 гэж нэрлэдэг бөгөөд уурхайн олборлолтоос ирсэн шар нутагтай ижил шинж чанартай. Бидний ард харж байгаа энэ хэсэгт байгалийн уран буюу UF4 бүхий ураныг хадгалж байна. Улмаар UF4 хэлбэртэй уран дээр дахин фторын хоёр атом нэмж, UF6 болгоно. Үүнийгээ баяжуулах үйлдвэр рүү шилжүүлдэг. Хувиргалтад оруулсан уран нь цацрагийн болон химийн ямар нэг хор нөлөөгүй, хадгалалтын саванд гараа хүргээд үзсэн ч болохоор аюулгүй юм. Энэ үйлдвэрлэлийн хэсэгт ачих, буулгах өргөх үйл явцад үүсэх механик эрсдэл л бий. Өөрөөр хэлбэл, цөмийн эрчим хүчний түлш бэлтгэх түүхий эд болох ураныг хувирган баяжуулахдаа бид энгийн ажлын хувцастай ажиллаж байна. Энгийн ажлын хувцас гэдэгт та бүхний харж байгаа малгай, хантааз, гутал, өмд, цамц зэрэг багтаж байна. Мөн урьдчилан сэргийлэх зорилгоор биедээ зориулалтын маск авч явдаг. Үүнийг эрсдэлтэй нөхцөл үүссэн нөхцөлд зааврын дагуу хэрэглэдэг. Тэгэхээр цөмийн эрчим хүчний түлш үйлдвэрлэдэг ураныг хувирган баяжуулахад хүн, байгаль орчинд сөрөг нөлөөгүй” гэлээ.

             Ураныг химийн уралд оруулж, баяжуулснаар цөмийн эрчим хүчний түлш хийх боломжтой болдог юм байна. Гурван шат дамжлагаар хувиргасан ураныг хэрхэн баяжуулдаг талаар "Орано" группийн Трикастин сайтын баяжуулах үйлдвэрийн захирал Жан Люк Винсент мэдээлэл өглөө. Тэрбээр “Хувиргалтад оруулсан UF6 буюу ураныг центэр факт төхөөрөмжид хийдэг. Ингээд химийн урвалд оруулж, баяжуулдаг.  Баяжуулсан уран нь талстжсан хэлбэртэй болдог. Бидний харж байгаа энэ саванд хоёр тонн баяжуулсан уран байна. Харин урд байгаа энэ том саванд 12 тонн баяжуулсан ураныг хадгалж байгаа юм. Баяжуулсан ураны савны гадна талаас гараараа барьсан ч болно. Ямар ч аюулгүй гэсэн үг. Эцсийн байдлаар бид ураныг хоёр тонноор савлаад хэрэглэгчдэд нийлүүлдэг” гэлээ.

      Ийн хувирган баяжуулсан ураныг хатуу төмөрлөг болгон цөмийн түлш үйлдвэрлэх үйлдвэрүүдэд нийлүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, “Орано” групп нь цөмийн түлш үйлдвэрлэддэггүйн дээр баяжуулсан ураныг зөвхөн ахуйн хэрэглээнд буюу цөмийн эрчим хүчний салбарт хэрэглэх үүрэг хүлээсэн байна.

ГУРВАН УЛСЫН 90 САЯ ӨРХИЙГ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАЖ БУЙ ХУВИРГАН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР ДЭЭРЭЭС

       Энэ талаар "Орона" группийн Трикастин сайтын захирал Франсуа Люрэн “Манайх уран хувиргах болон баяжуулах үйлдвэрлэлийг хамтад нь хийдгээрээ дэлхийн бусад үйлдвэрээс онцлогтой. Манай үйлдвэр 600 гаруй га талбайг хамардаг. Энэ талбайн эргэн тойронд орон нутгийн иргэд зэрэгцэн оршиж байна. Аюулгүй гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Трикастин сайтын баяжуулах үйлдвэр 2010 онд ашиглалтад орсон шинэ үйлдвэр юм. Нийт 15 сая тонн уран хувирган, баяжуулах хүчин чадалтай. Энэ жил 10 сая тонн уран хувирган баяжуулсан. Манай үйлдвэрийн тоног төхөөрөмж, орчин үеийн, аюулгүй найдвартай. Бид сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийнхээ тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулж байна. Трикастин сайтын үйлдвэрт хувирган, баяжуулсан 10 сая тонн уранаар 90 сая өрхийн эрчим хүчний хэрэглээг хангах боломжтой байдаг.

     Цөмийн эрчим хүч нь хүлэмжийн хий ялгаруулдаггүй гэдгээрээ онцлогтой. Одоогийн байдлаар манай үйлдвэр Франц, Герман, Англи гэсэн гурван орныг эрчим хүчээр хангаж байна. Цаашид бид үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэх зорилго тавин ажиллаж байна. Бид хэрэглэгчтэйгээ гэрээгээр ажилладаг. Өөрөөр хэлбэл, цөмийн эрчим хүчний түлш үйлдвэрлэх үйлдвэрүүдтэйгээ олон жилийн урт хугацааны гэрээ байгуулан хамтран ажилладаг гэсэн үг. Жишээлбэл, нэг үйлдвэртэй 2030-2040 он хүртэл түлш үйлдвэрлэх бүтээгдэхүүн буюу баяжуулсан уран нийлүүлнэ гэсэн гэрээтэй ажиллаж байна. Дэлхийд эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. Тиймээс бид үйлдвэрлэлийн хүчин чадлаа тэр хэрээр нэмэгдүүлнэ” хэмээн мэдээллээ.

         Трикастин үйлдвэр нь хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжийг ашигладаг бөгөөд аюулгүй байдлыг хангах үүднээс техник тоног төхөөрөмжийг шинэчилдэг байна. Трикастин үйлдвэрт хувирган баяжуулах үйлдвэрийн ойролцоо цөмийн эрчим хүчний үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тодруулбал, Франц Улсын EDF компанийн цөмийн цахилгаан станц үйл ажиллагаагаа явуулж байлаа.

 

УРАНЫ ХУВИРГАЛТ, БАЯЖУУЛАЛТЫН ҮЙЛДВЭР БИЙ БОЛСНООР ХОТЫН ОРШИН СУУГЧДЫН ТОО НЭМЭГДСЭН

       Үйлдвэрийн ажилчдын дийлэнх хувь нь орон нутгийн иргэд. Тус үйлдвэрээс ердөө гуравхан километрийн зайд хотын иргэд ажиллаж, амьдарч байна.

       Сен-Поль Труа-Шато Хотын дарга Жан-Мишел КателинуаМанай хот 10 мянган хүн амтай. Үүнээс гадна би эргэн тойрон дахь 14 хотыг нэгтгэсэн холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг. Энэ 14 хотод нийт 45 мянган иргэн амьдардаг. Манай хотод "Орано" группийн Трикастин үйлдвэр буюу ураны хувирган баяжуулах үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. 1976 оноос энэ үйлдвэрийг барьж эхэлсэн. Манай хотын иргэд болон хотуудын холбооны иргэдийн 95 хувь нь цөмийн эрчим хүчний станц байгуулах, үйлдвэр барихыг дэмжиж хүлээж авсан. Цөмийн сайтуудын эргэн тойронд буюу 20 км зайд орших бүх иргэн цөмийн болзошгүй аюулаас яаж сэрэмжлэх вэ гэдэг талаар бүрэн мэдээлэлтэй байдаг.

      Өнгөрсөн хугацаанд ямар нэг байдлаар осол, эрсдэл гараагүй. Бүх өрхөд цөмийн ослын үед хэрэглэх эм бэлдмэлүүдийг өгсөн. Цөмийн эрсдэл үүссэн үед хотыг хариуцсан департаментын удирдлагаар ажиллах үүрэг хүлээсэн байдаг. Мөн манай хотод үйл ажиллагаа явуулж байгаа цөмийн үйлдвэрүүдэд ойролцоох хотын иргэд ажилладаг. Тиймээс үйлдвэрийн аюулгүй ажиллагааны дүрмийг мэдэхгүй гэр бүл гэж нэг ч байхгүй. Үндсэндээ аюулгүй ажиллагааны дүрмийг бүгд баримтлан ажилладаг гэсэн үг.

    Цөмийн аж үйлдвэр хөгжихөөс өмнө манай тосгоны хүн ам 3000 байсан бол "Орано" групп үйл ажиллагаа явуулж эхэлснээр манай хотын хүн ам эрс өссөн.  Аюулгүй ажиллагааны дүрмийг дагаж мөрдөхдөө үйлдвэрт өчүүхэн төдий алдаа гарсан  байсан ч бүгдийг нь надад мэдэгдэх үүрэг хүлээдэг. Энд ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд иргэдийн аюулгүй байдал нэгдүгээрт тавигддаг. Манай хотын нийт орлогын 70 хувийг цөмийн аж үйлдвэртэй холбоотой аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг. Аж ахуйн нэгжүүдээс орж ирэх татвар өндөр учраас иргэдээс авах татварын хэмжээгээ бид багасгасан. Францын аль ч нутаг дэвсгэрт цөмийн цахилгаан станц байгуулахыг иргэд нь шууд зөвшөөрдөг. Бидний хувьд дараагийн хоёр том цөмийн цахилгаан станц бариулах гээд бусад хотуудтай өрсөлдөж байна” гэлээ.

       Монгол Улсад ураны төсөл хэрэгжиж эхэлбэл, түүхий эд нийлүүлэгч орон болно. Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас уран олборлож эхэлбэ, “Орано” группийн Тиркастин үйлдвэрийн хувиргах баяжуулах үйлдвэрт хүрнэ. Цаашлаад  цөмийн эрчим хүчний түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгч улс болно гэсэн үг. Ийн Улаанбадрахаас Франц Улс руу Эрчим хүчний эх үүсвэрт хүрэх зам нээгдэх нь.

 


ТОМИЛОЛТ: УЛААНБАДРАХААС ФРАНЦ РУУ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРТ ХҮРЭХ ЗАМ II
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 10:06:21
    Mendamar: Tom tusuluudee hudulguj ur duntei ashigluulah ni buruu bish ee jaahan uls tur shantaaj fb eer ajil hiideg e l bolichihmoor do
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188