Эргэлт.мн мэдээллийн сайтаас энэ оны онцлох 22 дуулиан, онцлох 22 хүн, онцлох 22 үйл явдлыг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад 2022 оны онцлох 22 хүнийг нэрлэж байна. Энэхүү жагсаалтад багтсан 22 хүн нь салбартаа манлайлсан, бүтээсэн түүхээрээ бусдад үлгэрлэсэн, үндэстнийхээ эв нэгдлийг хангасан, урлаг, спортоор улсынхаа нэрийг өндөрт өргөсөн хүмүүс болон эсрэгээрээ улс орноо уруудан доройтуулсан хүмүүс ч багтсан болно.
ТЕАТРТ "ТӨРСӨН" ХҮН
Хүн төрөлхтний соёл иргэншлийг театргүйгээр төсөөлөхийн аргагүй. Олон мянган жилийн түүхтэй театрын соёл, хөгжил, үнэт зүйлийг үзэгчдэд танин мэдүүлж, түүгээрээ нийгмийг соён гэгээрүүлэх томоохон ажил гүйцэтгэдэг театрыг “Ариун сүм” хэмээн нэрийддэг. Энэ л ариун сүмийн эзэн болж, олон уран бүтээлчийг атгасан гарт зангидаж, итгэл, сэтгэл, чадварыг нь хөгжүүлж, жүжгээр дамжуулан соён гэгээрүүлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулдаг найруулагч Мягмарнарангийн Батболд оны хүнээр шалгарлаа. Тэрбээр “Фауст”, “Гэм зэм” жүжгээр Монголын театрын урлагт шинэ өнгө төрөхийг бүтээсэн найруулагч бол яах аргагүй М.Батболд. АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр “Орфей” театрын тайзнаа тавиад буй. Оросын алдарт зохиолч Достоевский мэндэлсний хоёр зуун жилийн ойд зориулан “Гэм зэм” жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон. Энэ үеэрээ хэвлэл өгсөн ярилцлагадаа “Гэм гэм” жүжгийг үзээд аав минь “Миний хүү найруулагч болжээ” гэсэн. Энэ үг надад хамгийн нандин, үнэн санагдсан. Одоо энэ үгний үнэ цэнийг алдах эрх байхгүй. Энэ үгнээс том шагнал хаана ч байхгүй” хэмээн дурдсан байдаг.
ГЭРЭЛ ТҮҮГЧ
Театрын урлагийг шимтэн үзэгчдийн хайртай жүжигчин бол яах аргагүй Б.Одгэрэл. Тайз, дэлгэцийн уран бүтээлийн хослуулан яваа чадварлаг тэрбээр сүүлийн үед театрын тайзанд түлхүү дүр бүтээх болсон. Судлаач, шүүмжлэгчид түүнийг “Зохиолч П.Баярсайханы “Хүн гөрөөс” жүжгийг бүтээсэн хүчирхэг, чадварлаг уран бүтээлч” хэмээн тодорхойлоод буй. Сайн уран бүтээлч болохын тулд тууштай хөдөлмөр хамгаас чухал гэдгийг үг, үйлдлээрээ тэр харуулж яваа. Түүнийг театрыг тайз эзэгнэн дүрээ бүтээхийг бахархан харах, шимтэн олон хүн бий. Тэрбээр Эргэлт.мн мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа “Өдөр ирэх тусам мэргэжлээрээ бахархаж байгаа. Миний эзэмшсэн мэргэжил дүр дээр ажилладаг. Хүн судалдаг мэргэжил. Тиймээс тайз, дэлгэцийн уран бүтээл ч гэлтгүй амьдралд минь маш их хэрэг болдог. Яагаад гэхээр нэг уран бүтээлд тоглохын тулд дүр дээр маш их судалгаа хийдэг. Үүнийг дагаад цаг, хөлс хөдөлмөрөө зарцуулж ажилладаг. Энэ бүгдээс нийгмийг харах хандлага, хэн нэгнийг хайрлах сэтгэл, ойлгож харилцах мэдрэмж төрж байдаг. Ер нь бол сэтгэл зүрх гаргахгүй уран бүтээл дээр ажиллана гэдэг ямар нэгэн амжилтыг араасаа дагуулахгүй. Би бүхнийг гэгээлгээр харах дуртай” гэжээ.
ЭГЭЛ ДАРУУХАН О.ХАНГАЙ АВАРГА
Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд О.Хангай түрүүлж аварга цол хүртсэн. Эгэл ард түмэндээ тарвасаа хуваагаад инээмсэглэж зогсдог. Даруухан айлын даруулгатай хүү түүнийг хайрлахгүй хүн үгүй. 30 насныхаа босгон дээр төр, түмнийхээ магнайг хагалан омог бардам дэвж явсан. Үүнийг нь харах сайхнаас сайхан байлаа. Тэр хавар, зун, намар гээд жилийн гурван улиралд хүнсний ногоон талбайд өнждөг. Хаврын урт өдрүүдэд хүнсний ногоо тариалж, зуны аагим халуунд гарынхаа шууг цуцтал зэрлэг зулгааж, намрын хонгор өдрүүдэд ургацаа хурааж, шуудай шуудайгаар нь төмс үүрээд тариан талбай дундуур хөлсөө дуслуулан алхдаг хөдөлмөрч айлын ганц хүү. Түүний аав Ж.Оргих гуай үржил шимт хөрсөө шүтэж, даруухан мөртлөө тасралтгүй хөдөлмөрлөж, ганц олдох энэ амьдралаа хөдөлмөрөөр цогцлоон бүтээж болдгийг дөрвөн хүүхдэдээ үлгэрлэж яваа нэгэн билээ. Тийм ч болоод О.Хангай түмэнтэйгээ ойр амьдардаг байж мэднэ. Ирэх намар аав, ээжийнхээ тарьсан тарвасыг 22-ын товчооныхоо тэнд зараад зогсоорой, О.Хангай аварга аа. Таныг эгэл ард түмэнтэйгээ ойрхон байхыг харах сайхан байдаг юм аа.
ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД ДҮҮЛЭГЧ
Дэлхийн дэвжээнд хортой, шартай, зоригтой, дайчин барилдаан үзүүлдэг жүдоч хэн гэвэл бүгд дуу нэгтэй Ц.Цогтбаатар хэмээн хариулах байх. Тууштай бэлтгэл, хагаршгүй зан, бардам омог түүнийг чимдэг. Заримдаа ялихгүй алдаа гаргаж, түүндээ нялх хүүхэд шиг шаралхан уйлдаг эрх нэгэн. Тэр монголчуудынхаа найдвар, итгэл, сэтгэлийг нураандаа үүрч яваа жүдоч. Дэлхийн дэвжээнээс нулимстай бууж байсан ч эргээд босож чадах, ялж чадах тэвчээр байлаа. Түүнийгээ ч тэр харуулж чадсан, монголчууд бахархаж суусан. Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэнийхээ дараа Ц.Цогтбаатар "Маш их хичээсний эцэст медаль авлаа, сэтгэл дүүрэн байна. Миний зорьсон зүйл нэгээр зогсоогүй, миний оргил хаана байх вэ гэдгийг би өөрөө тогтоохыг хүссэн. Өнөөдөр өөрийн биеэ 100 хувь бэлдэж ирсэн. Би хэнтэй ч учраа таарсан бай ялна гэх зорилготой ирсэн" хэмээж байсан бол, Дэлхийн аварга болсныхоо дараа “ДАШТ-д түрүүлж, олимпын хүрэл медалиа ахиулах зорилготой ирсэн. Миний туйлын зорилго бол олимп, дэлхийн аварга болох” хэмээснийг бид бахархан сонссон. ДАШТ-ий гол дүрийн нэгээр тодорсон Ц.Цогтбаатарын үнэ цэнтэй алтан медалийн ачаар, -60 кг-д Э.Ариунболд мөнгө, эмэгтэйчүүдийн -57 кг-д А.Энхрийлэн хүрэл медаль хүртсэний тусаар, -52 кг-д Б.Хорлоодой шагналт байрт шалгарсны дэмээр Монголын жүдочид багийн дүнгээр японы дараа хоёрдугаар байрт бичигдэж багын дүнгээр дөрөвдүгээр байрт жагссан юм.
ҮГ ХЭЛХСЭН ХҮН
Дэлхийн соёл иргэншил, түүх, намтрыг эх хэлнээ хөрвүүлнэ гэдэг тийм ч амар биш. Хүн төрөлхтний сэтгэлгээ, оюун санааг сүлж, сурч, танин мэдүүлэх хүндтэй үүргийг хэн бүхэн хүлээхгүй. Тиймээс бид оюун санааны гүүр болж буй дуун хөрвүүлэгч, яруу найрагч Г.Лхагвадуламыг оны онцлох хүнээр нэрлэж байна. Тэрбээр Яруу найрагч, орчуулагч Америкийн яруу найрагч Эмили Дикинсоны шүлгийн түүврийн "Орчлонд илгээх захидал" нэрээр, Альбер Камюгийн "Хөндлөнгийн хүн", Эрнст Ханс Гомбрихын "Дэлхийн бяцхан түүх, Федерико Феллинигийн намтар, дурсамжийн "Зүүд бол цорын ганц бодит зүйл" зэрэг олон ном бүтээлийг эх хэлнээ буулгасан чадварлаг орчуулагч юм. Аядуу зөөлөн дуу хоолой, дөлгөөн харц, дулаахан төрхтэй бүсгүй. Харин царай төрхийг огт хараагүй уран бүтээл, яруу найраг, орчуулгын өгүүллэгийг нь уншсан хүн бол эрс тэрс, хурц үгсийг нь уншаад их л шийдэмгүй, хатуу хүн гэж санагдахуйц. Түүний сэтгэлийн дотоод ертөнцөд цав цагаан өнгө, ус шиг цалиглан байдаг болов уу. Учир нь түүний уран бүтээлүүд эшлэл шиг энгийн хэрнэ бодууштай. Шүлгийг нь уншихад баяр, гуниг мэдрэгддэг. Түүний ертөнцөд бүхий л мэдрэмжүүд хуран цугларсан гэж болно. Мэдрэмжээрээ дамжуулан хэний ч сэтгэлийг цэнэглэх шиг л тийм хүчтэй тийм нандин үг сувд мэт урсан байдаг.
БӨМБӨГ УДИРДААЧ
Тунгалагийн Санчир нь 1989 оны дөрөвдүгээр сарын 8-д төрсөн. Монгол улсын сагсан бөмбөгийн “Хасын Хүлгүүд” багт тоглодог мэргэжлийн тамирчин юм. Тэрбээр Монголын шилдэг сагсан бөмбөгчдийн нэг бөгөөд 1995 оноос хойш Монголоос гадаадын лигт тоглосон анхны тамирчин юм. 2015 оны 4-р сарын 1-нд Филлипиний сагсан бөмбөгийн лигийн Barangay Ginebra San Miguel багт тоглож эхэлсэн ба өмнө Монголын хамгийн том лиг Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн холбооны Мон-Алтиус, Мадимос, Шонхрууд багт тоглож байсныг мэдэхгүй хүн үгүй. Т.Санчир 2014 оны Азийн наадамд 16.6 оноо, 5.6 самбараас бөмбөг авалт дундажлан, оноо авалтаар багаа тэргүүлэн тус тэмцээний наймдугаар байрт шалгарч байлаа. Монгол Улсын сагсан бөмбөгийн түүхэнд хамгийн том амжилт үзүүлсэн тамирчин гэж хэлж болно. Тэрбээр “Монголын лигийн багууд гэрээгээ нэг жилээр сунгадаг. Жил бүр гэрээгээ шинэчилдэг гэсэн үг. Би “Хасын хүлгүүд” багт дөрвөн жил тоглосон. Тамирчин хүнд хангамж, цалин чухал. Би огт цалингүй, хамгийн бага, өндөр цалинтай ч тоглож үзсэн. Тамирчин хүн өөрийгөө үнэлэх хэрэгтэй юм билээ. Тиймээс “Архангай Алтан Дорнодын дайчид” багийн саналыг хүлээж авсан. Өөр шалтгаан байхгүй ээ.Өнөөг хүртэлх хугацаанд дурсамжтай олон тэмцээнд оролцлоо. Хамгийн дурсамжтай нь “Хасын хүлгүүд” багийнхантайгаа лигт анх түрүүлдэг жил. Ер санаанаас гардаггүй тэмцээн ” хэмээн дурсан ярьсан байдаг.
ЖОЛООНЫ ХҮРД ЭЗЭГНЭГЧ
Авто тээвэр, газар тариалангийн салбарт тасралтгүй 40 гаруй жил хөдөлмөрлөсөн хүн бол Хөдөлмөрийн баатар Ш.Норовсамбуу. Тэрбээр Монгол Улсад атар газар эзэмших, газар тариаланг хөгжүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн нэгж га талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн улсдаа тэргүүлж буй нэгэн. Түүнчлэн хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн хамт олноо улсын “Тэргүүний тариаланч хамт олон”-оор удаа дараа шалгарахад идэвх санаачилга гарган манлайлан ажилласаар иржээ. Ийнхүү “Анхтамир” ХХК-ийн захирал, Гавьяат тээвэрчин Шаравын Норовсамбуугийн ард түмнээ эрүүл хүнсээр хангах, авто тээвэр, газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн баатар" цол хүртээсэн. Шагнал авах үеэрээ “Хүн хамгийн гол нь сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Би тээврийн жолооч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Авирмэд гуай, Гавьяат механикжуулагч Ө.Чимэддорж, ХХАА-н сайд байсан Д.Насанжаргал гуай нарын будааг тээвэрлээд л явж байсан хүн шүү дээ. Сэлбэг нийлүүлээч гээд, энэ хүмүүсээс тусламж гуйгаад л явж байсан хүн. Гэтэл одоо өнөөдөр энэ хүмүүс эргээд надаас зөвлөгөө авч байна шүү дээ. Юмны учир гэж сонин, түүх гэдэг үнэхээр агуу юм шүү. Зөв л явах хэрэгтэй, сэтгэл сайтай байх хэрэгтэй” хэмээсэн. Зүүнээс баруун, баруунаас зүүн, хойшоо урагшаа тээвэр хийж, жолооны хүрд эргүүлэн иргэдээ эрүүл хүнсээр хангаж баялаг бүтээгч, түгээгч юм.
ЭРГЭН ИРСЭН СЕРЁЖА
Шинэ хэв маяг, содон хоолойгоор дуу хуурын ертөнцөд эргэн ирсэн дуучин Серожа буюу Ц.Мөнхбаяр. Өнгөрсөн сард бие даасан тоглолтоо хийж эмэгтэйчүүдийн хүсэмжит залуугаар тодроод буй. Тэрбээр тодорхой хугацаанд урлагаас завсарлага авсан ч 2021 онд эргэн эрэлт хийсэн. Тухайлбал, тухайн жилийн “Playtime” зохион байгуулагдах үеэр “Адармаа” дуугаа дуулж, удаан хүлээсэн сонсогчдодоо гэнэтийн бэлэг барьж чадсан юм. Мөн энэ онд “Монхор баатар” цомгоо сонсогчдынхоо сонорт хүргээд байгаа билээ. Серёжа хэмээх нэрээрээ олонд танигдсан түүнийг “Содон хоолойгоороо тайзыг эзэгнэж, дүр төрхөөрөө зүрх сэтгэл эзэгнэгч” хэмээн шүтэн бишрэгчид нь хэлдэг.
Шинэхэн уран бүтээлүүдээрээ тасралтгүй бэлэг барьж бөгөөд БНСУ, АНУ-д тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа гэнэ лээ. Олон жил урлагаас холдоод байсан ч эргэн эрэлтийг эрч, хүчээр эхлүүлж чадлаа. Түүний гаргасан уран бүтээл болгон хит болж, олны талархлыг хүртээд буй.
ОЛИМПЫН НАЙДВАР Л.ЭНХРИЙЛЭН
2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Л.Энхрийлэн. Үл шантрах дайчин тэрбээр энэ жил дэлхийн медальтан болохдоо олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Дария Белодид, дэлхийн аварга Криста Дегүчи нарын бөмбөрцгийн шилдгүүдийг өвдөг шороодуулан, шуугиулсан. Ингэснээр ДАШТ-ээс медаль авсан Монголын долоо дахь эмэгтэй жүдоч болсон юм. Харин түүний дэлхийн медальтан болох хүртэлх замнал амар байсангүй. Багаасаа эмээ, өвөөтэйгөө өссөн Л.Энхрийлэн 2011 оноос хойш Ц.Шийрэв багшийн удирдлагад жүдо бөхөөр барилдаж эхэлсэн байна. Тэр багаасаа бөхөд хорхойтой, жүдогоор барилдах сонирхолтой байсан ч эмээ нь анхандаа эрс дургүйцсэн гэнэ. Гэсэн ч тэр мөрөөдөлдөө үнэнч байж анхны дэвжээндээ өөрийгөө нотлон харуулсан байна. Учир нь тэр “Боржин кап-2013” тэмцээнээс хос алтан медаль хүртэж амжилтын гараагаа эхлүүлжээ. Түүний дараа өсвөрийн АШТ-ий мөнгөн медаль, УАШТ-ий өсвөрийн ангилалд нэг түрүү, залуучуудын аваргад гурван удаа түрүүлж, 2016 онд “Чингис хаан” гран прид 17 насандаа түрүүлсэн бахархам амжилтын эзэн юм. Түүнчлэн бөхийн хорхойтнууд түүнийг МУГТ Д.Сумъяагийн үргэлжлэл хэмээн нэрийддэг. Тиймдээ ч түүний дараагийн алдрын дэвжээ “Парис-2024” олимпын наадам юм. Гагцхүү түүнд олимпын медаль энгэрт нь гялалзаж байхыг монголчууд хүлээх л үлджээ. Тийм ч учраас тэр бол олимпын найдвар хэмээн монголчууд горьдлого тээн хүлээж байна.
ДЭЛХИЙН АВАРГА Д.МӨНХЗУЛ
Энэ цагийн шатрын их спортод өөрийгөө болон эх орноо алдаршуулаад байгаа дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул. Зургаан настайгаасаа шатрын спортод өөрийгөө сорьсон түүний дэлхийн мастер болох хүртэлх түүх ололт амжилт дүүрэн байжээ. Мөн түүний эгч болон дүү нар нь шатрын спортоор хичээллэдэг бөгөөд дэлхийн шатрын холбоо тэднийг Унгарын алдарт эгч, дүү гуравтай адилтган зүйрлэдэг аж. Түүний нарийн тооцоолол, оновчтой нүүдэл, тогтвортой сэтгэл зүй нь дэлхийн тавцанд хүргэсэн гэж хэлж болохоор. Тэрбээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Миний хувьд тэмцээндээ хожсон, ялагдсан ч нэгэн хэвийн сэтгэл зүйтэй байхыг эрхэмлэдэг. Учир нь тоглолтын үер хэт их сэтгэл хөөрөл өндөртэй байх нь анхаарал сатаарах шалтгаан болдог. Өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйг мэдэрч тоглох нь миний хувьд чухал нөлөөтэй” гэжээ. Үүнээс үзэхэд тэр хэдийн өөрийгөө олжээ. Шатар бол түүний амьдралын нүүдэл юм. Тиймдээ ч түүний гаргасан амжилтуудыг дурдвал дэлхийн дэвжээнд хоосон байгаагүй. Тэрбээр 2017, 2018 оны сурагчдын дэлхийн аварга, 2014, 2016 оны Ази тивийн аварга, 2015, 2019 оны сурагчдын ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн түүхтэй. Тиймдээ ч түүний дараагийн зорилго бол их мастерын босго. Түүндээ хүрэх хүртлээ насанд хүрэгчдийн тэмцээнд өөрийгөө сорих хүсэлтэй нэгэн. Өдгөө өсвөр үеийн тамирчин охин өөрийн өнгө төрхийг тив, дэлхийд таниулаад байгаа нь энэ билээ.
ТАЛ НУТГИЙН ХҮҮ ЖАК УЭТЕРФОРД
Чингисийн монголчуудыг дэлхийд үнэн зөвөөр таниулж яваа монголч эрдэмтэн Жак Уэтерфорд энэ жил тэргүүн дээд зэргийн одон Чингис хаан одонг хүртсэн билээ. Тэгэхээс ч өөр аргагүй нэгэн гэдэгт монголын ард түмэн хүлээн зөвшөөрсөн. Учир нь тэр нэгэн бүтээлдээ “Ромчуудын 400 жил босгож чадаагүй эзэнт гүрнийг монголчууд 25 жилийн дотор босгосон” гэх гайхамшигт ухагдахууныг дэлхийн чихнээ цуурайтуулсан байдаг. Мөн тэрбээр “Америк бол миний төрсөн нутаг, харин Монгол бол миний сэтгэл зүрхний нутаг” хэмээн ярих дуртай аж. Тэгвэл сэтгэл зүрхний нутгаа хэрхэн бүтээж байсан түүний түүх чамгүй адармаатай. Нэрт эрдэмтэн Жак Уэтерфорд 10 настайгаасаа эхэлж Монголын түүхийг судалж эхэлжээ. Ингээд арван жилийн дараа 20 гаруй настайдаа Монголын зохиолчдын эвлэл рүү захидал бичиж, Монгол Улсад очих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч нийгмийн хоёр системийн зөрчлөөс болж Монголд ирж чадаагүй гэдэг. Гэвч тэр их түүхийг гэрчлэх холын аяндаа шантарсангүй. Монголын тухай түүхэн судалгааны номоо биччихээд Монголд ирж, үргэлжлүүлэн гүнзгийрүүлэн судалж 7-8 жил сэтгэл зүрхний нутаг Монголдоо амьдарсан гэдэг. Харин 2004 онд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг бичсэн нь олон улсад танигдаж, одоогоор 20 гаруй улсын хэлээр орчуулагдаад байна. Мөн тус ном нь хэвлэгдсэн ондоо “Нью-Йорк Таймс” сонины хамгийн их борлуулалттай номын жагсаалтад хоёр долоо хоногийн туршид багтсан бөгөөд 300 мянга гаруй хувь зарагджээ. Түүнчлэн “Амазон”-ы 2011 оны аудио номын уралдааны ялагчаар тодорсон хоёр номын нэг болж, тухайн жилээ “CNN” сувгийн долоо хоногийн шилдэг номоор шалгарсан байна. Мөн 2010 онд “Монголын их хатдын нууц товчоон”, 2016 онд “Чингис хаан ба бурхны эрэлд” “Дэлхийн хамгийн шилдэг эзэн хаан хэрхэн бидэнд шашны эрх чөлөөг өгсөн нь” бүтээлийг тус тус туурвисан нь үнэхээр ч монголчуудын байлдан дагуулал бүхэл бүтэн найман зууны турш нойрмоглосон дэлхий дахиныг хэрхэн цочроосон тухай өгүүлнэ.
МОНГОЛ МӨРӨӨДӨЛ Ш.ЭНХИЙН-ОД
Монголын сагсан бөмбөгийн шинэ гол дүр Шаравжамцын Энхийн-Од. Түүнийг гурван үе дамжсан сагсан бөмбөгч гэдгээр нь монголчууд хэдийнээ андахгүй. Түүний өвөө Цэрэнжанхар монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогч байсан бол аав Шаравжамц нь монголын анхны про тамирчин юм. Өдгөө тэрбээр АНУ-ын Дайтоны их сургуулийн нэгдүгээр дивизионд тэтгэлэг авч шалгарсан анхны монгол тамирчин. Тэр ч утгаараа монголын сагсан бөмбөгийн түүхийг тэдний гэр бүлээр төсөөлшгүй. Өдийг хүртэл энэ спортод бүхнээ зориулж ирсэн гэр бүлийн гурав дахь үе Ш.Энхийн-Од монголын мөрөөдөл болох дэлхийн сагсан бөмбөгийн NBA лигт нэрлэгдэхээр зэхэж буй нэгэн. Одоо ч тэр Дайтоны их сургуулийнхаа зааланд хөлсөө дуслуулж зогсоо. Тэрбээр анх найман настайгаасаа аавынхаа дасгалжуулалт дор сагсан бөмбөгтэй танилцжээ. Түүнээс хойш даруй найман жилийн дараа Монгол сагсан бөмбөгийн дээд лигийн цагариганаас довтлох тэмцээнд аавынхаа дээгүүр үсрэн довтолж, монголын ард түмнийг шуугиулаад байлаа. Түүний дараа АНУ-ын томоохон спортын сувгийн нэг ESPN-ээс ахлах сургуулийн шилдэг 100 тоглогчийн нэгээр шалгарсан юм. Харин түүний энэхүү замналыг энэ онд баримтат киноны хальсанд 16 ангитайгаар буулгасан нь олны анхаарлыг ихээр татаад байна. Энэ нь магадгүй түүнийг цаашдын NBA draft-д шалгарахад чухал нөлөө үзүүлнэ хэмээн дүгнээд байгаа юм. Харин одоо тэр америкийн коллежийн сагсан бөмбөгийн лигт “Dayton flayrs” багийн гарааны тавд багтаж тоглолтын замналаа үргэлжлүүлсээр байна. Тиймдээ ч түүний гоц тоглолтыг америкийн сагсан бөмбөгийн ертөнц хараандаа аваад байгаа билээ.
ЭГЭЛ БААТАР Д.Эрдэнэбилэг
2022 онд гал түймэртэй тэмцэх байгууллагын 100 жилийн түүхэнд нэгэн тод үйл явдал болсон нь НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Эрдэнэбилэг “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнуулсан билээ. Тэрбээр гал түймэр унтраах аврах ангид ажиллаж байх хугацаандаа эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж, өөрийн биеэ үл харамлан ажилласан эгэл баатруудын төлөөл юм. Тухайлбал тэр ахуйн гал түймрийн 3120 удаагийн дуудлагаар ажиллаж, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 5.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Ингэхдээ 1975 удаагийн гал түймэр дээр мэргэжлийн өндөр ур чадвар гарган өөрийн биеэр 684 хүнийг, тасгийн бие бүрэлдэхүүнийг удирдан зохион байгуулж 2162 хүнийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна. Үүнээс үзэхэд үнэнхүү ард түмний дунд төрсөн эгэл нэгэн баатар тэрбээр гавьяат цолоо хол давуулан биелүүлсэн аврагч юм. Түүнчлэн өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлэхдээ хэдэн сараар ч хамаагүй гал унтрааж явсан үе түүнд бишгүй байв. Тухайлбал, “Бөмбөгөр” худалдааны төв, “НИК”-ийн шатахууны агуулах, Залаатын амны “Голын эрэг амралтын газрын байр, МАХН-ын байр, цаасны үйлдвэр, төмрийн үйлдвэр, “Уран зургийн галерей”, Саруул худалдааны төв, Сандей Плаза, Багшийн хөгжлийн ордон, “Дашваанжил” ХХК-ийн борлуулалтын төв, Е Март худалдааны төв, “Говь Кашмер”-ийн үйлдвэр гээд улс, нийслэлийн хэмжээнд гарсан томоохон гал түймрүүд дээр тэр л ажиллаж байв. Түүнээс гадна тэр “Унтраана л гэж зүтгэхээс биш унтрахгүй байх вий гэж бодох эрхгүй. Тийм ч боломжгүй. Ой хээрийн түймэрт 2002 онд Улаанбаатарыг тойроод 40 гаруй хоног яваад ирэхэд хот гоё болчихсон юм шиг санагдсан” хэмээн байгуулсан гавьяагаа бахдан ярих түүхтэй нэгэн.
ХАРВААЧ П.Ангараг
Эрхийвчилсэн гартаа эвэр нум татаж, хурц нүдээрээ байгаа онилон харвах бяцхан охин П.Ангараг энэ зуны наадмын нэгэн өнгө төрх байлаа. Түүний дайчин, чадварлаг байдал олны анхаарлыг эрхгүй татаж, агуу том монгол ахуйг жижигхэн биедээ багтаан шингээсэн нэгэн гол дүр юм. Хэнтий аймгийн Батноров суманд төрж, өссөн их хааны үргэлжлэл тэрбээр энэ жил хоёрдугаар ангийн сурагч аж. Түүний олны хайрыг татаж, бахдал төрүүлсэн морин дээрээс харвах үзүүлбэр хүн бүрийн тэр болгон гаргаж чадахгүй чадвар гэнэ. Харин П.Ангараг охин энэ чадварыг анх ахаасаа үлгэрлэн сурчээ. Түүний хэлснээр “Ахыгаа хүүхдүүдэд морь унаж, нум сум харвахыг зааж байгааг нь хараад харвах дуртай болсон” гэх. Мөн тэр улсын их баяр наадмын нээлтэд морьтойгоо оролцож, наадамчин олны хайрыг татаад амжсан. Түүнээс гадна П.Ангараг охин зөвхөн үзүүлбэр үзүүлж, бусдын өмнө чадвараа гайхуулахаас өөр монгол ахуй, эртний нүүдлийн соёлд хамаарах монголчуудын уламжлалт чадвар, ур ухааныг хадгалж яваа бяцхан өв тээгч юм. Үндэсний дээлээрээ гоёж, морин дэл дээр салхи татуулан дэрвэж яваа долоон настай тэр, энэ цагийн нийгэмд монголоо гэсэн бүхнийг хадгалж яваа юм.
НИСДЭГ Т.Хангал
Монголын волейболын тэгш тоглогч гэгдэх Тамираагийн Хангал энэ жил Тайланд Улсын лигт тоглохоор эх орноосоо мордоод удаагүй байна. Үндэсний дээд лигийн шилдэг залуу тамирчин Тамираагийн Хангал энэ цагийн монголын волейболын лигт гялалзаж буй тод од юм. Түүний өвөө, аав мөн л волейболын спорттой салшгүй холбоотой тамирчид байсан юм. Тийм болоод ч тэр үү, гэр бүлийнхээ удам дамжсан ур чадварыг өвөлж өдгөө гадаадын лигт урилгаар тоглож буй цөөн тамирчдын нэг. Анхны амжилтаа гуравдугаар ангид байхдаа Баянгол дүүргийн мини-волейболын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж эхлүүлсэн нь ирээдүйн шилдэг тамирчин болох эхлэл байлаа. Түүний аав Р.Тамираа хүүгийнхээ энэ амжилтаас эхлүүлээд үндэсний дээд лигийн шилдэг тамирчин болох хүртэл хамт байсан. Тиймдээ ч ааваасаа үлгэр жишээ авдаг аж. Харин түүний үндэсний дээд лигийн “Нутар мед Ноён” клубт тоглож байх хугацаандаа гаргасан амжилтуудаас дурдвал, 2021 оны үндэсний дээд лигийн үнэ цэнтэй тоглогч, Монголын бүх ард түмний спортын 15-р наадмын Волейболын аварга шалгаруулах тэмцээний аваргын алтан медаль, Монголын хамгийн анхны волейболын эрэгтэй легионер тамирчин юм.
СОНГОДОГ БАРИТОН Э.АМАРТҮВШИН
Монголын дуурийн дуулаачдын ноён оргилын нэг бол яах аргагүй Монгол Улсын ардын жүжигчин Э.Амартүвшин билээ. Энэ цагт ховорхон алтан хоолойтой дуурийн дуулаач тэрбээр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн. Өнөө цаг үеийн дэлхийн шилдэг баритон дуучин хэмээх цолыг хүртсэн. Дэлхийн сонгодог урлаг түүгээр дутах нь гарцаагүй. Шинэхэн ардын жүжигчин Э.Амартүвшингийн сонгодог урлаг дахь оройгүй амжилтууд энэ жил хамгийн оргил цэгтээ хүрсэн. Тухайлбал, тэрбээр 2022 оны дэлхийн дуурийн шилдэг 11 дуучны нэгээр шалгарсан юм. Түүнээс өмнө П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуучдын уралдааны дэд байр, 2012 оны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the World 2015” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, Солонгосын нийслэл Сөүлд болсон олон улсын тэмцээний гуравдугаар байрын шагнал тус тус хүртэж байв.
ХОЁР ЖАГСААЛТАЙ ТУЛЖ, ХОЁР ХӨРШДӨӨ АЙЛЧИЛЖ, ХОЁР ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭЛ ЭХЛҮҮЛСЭН Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН ОНЦЛОХ 22 ХҮН |
|
2025-04-02 06:00:00
2025-04-02 06:00:00
2025-04-01 18:33:37
2025-04-01 17:03:00
2025-04-01 15:51:51
2025-04-01 15:43:06
2025-04-01 15:42:34
2025-04-01 15:40:22
2025-04-01 15:36:53
2025-04-01 15:35:04
2025-04-01 15:07:10
2025-04-01 13:49:50
2025-04-01 13:47:49
2025-04-01 13:01:31
2025-04-01 12:33:50
2025-04-01 12:28:01
2025-04-01 07:59:43
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |