Эрт урьд цагт хорин таван тугалган цэрэг байж гэнэ. Тэднийг цөмийг нь нэгэн хуучин халбаганы тугалгаар цутгаж хийсэн тул ёстой л амь нэгтэй ахан дүүс байсан юм санж. Улаан, хөх өнгийн дүрэмт хувцас өмссөн тэрхүү тугалган цэргүүд буугаа мөрөвчлөөд цэх ширтэн зогсоцгоох нь үнэхээрийн цог жавхлан лугаа төгс үзэгдэх бүлгээ. Энэ л цоглог дайчин тугалган цэргүүдийг нэгэн жаалхүүд аав нь төрсөн өдрөөр нь бэлэглэжээ. Жаалхүү хайрцгийг яаран нээж үзээд “Ура. Энэ чинь тугалган цэргүүд байна шүү дээ” гэж баярлан дуу алджээ.
Тэгж л тугалган цэргүүд анх удаа хүүхдийн баяр хөөртэй, цовоо цолгин дууг сонссон юм санж. Хүү тэднийг шалавхан л хайрцагнаас нь гаргаад ширээн дээрээ өрж гэнэ ээ. Хоорондоо андуурмаар адилхан тэр тугалган цэргүүдээс харин нэг нь л өрөөсөн хөлтэй байх юм гэнэ. Түүнийг хамгийн сүүлд цутгасан болохоор тугалга нь хүрээгүй юмсанж. Гэвч тэр үүндээ огтхон ч гутарсан шинжгүй бусдын л адилаар, мөрлөсөн буугаа чанга атгаад бат суурьтай зогсож байлаа. Ганц хөл дээрээ ийнхүү зогсож байгаа нь харин ч түүний эрэлхэг зоригтойг илтгэж байв.
Ширээн дээрх олон тоглоомоос хатуу цаасаар урласан нэгэн гоё шилтгээн л мөнөөх тугалган цэрэгт нэн содон харагджээ. Үзэмжит тэр л ордны бяцхан цонхоор өрөө тасалгаанууд нь ч ив илхэн үзэгдэх юм гэнэ. Ордны яг өмнө нэг бяцхан толь хэвтэж байх нь цэнгэг сайхан нуурыг санагдуулна. Тэрхүү нуурын мандалд лааны тосоор хийсэн цав цагаан хунгууд өөрсдийгөө тольдон сэлж, хөвөөгөөр нь нов ногоон модод эгнэжээ. Энэ бүхэн эрэлхэг тугалган цэргийн харааг булаавч түүний зүрх сэтгэлийгшилтгээний нээлттэй хаалганы өмнө зогсох үзэсгэлэнт охин л туйлаас догдлуулан баясгажээ.
Охиныг мөн л хатуу цаасаар хайчлан урлаж, од мичид шигтгэсэн нимгэн даавуун даашинз өмсгөжээ. Тэрбээр турьхан хонгор мөрөн дээрээ хөх тууз тохсон байх бөгөөд, туузанд нь цэцгэн хэлбэртэй гоёмсог зүүлт хатгажээ. Тэр охин хоёр гараа урагш сунган, өрөөсөн хөл дээрээ дэгэнцэн зогссон нь бүжиглэж буй бололтой. Дээш өргөсөн хөл нь даашинзных нь хормойд далдлагдаад тугалган цэрэгт харагдсангүй. Үүнийг тугалган цэрэг анзаараад:
-Энэ охин бас над шиг өрөөсөн хөлтэй юм байна. Бид гэрлэвэл харин ч их аз жаргалтай байх юм биш байгаа даа. Дэндүү их үзэсгэлэнтэй ч юм уу. Энэ охин ийм тансаг сайхан орд харшид амьдарч байгаа юм чинь сурвалжит дээд гаралтай л байх. Гэтэл би жирийн нэгэн цаасан хайрцагт ах дүү хорин тавуулаа шахцалдан амьдардаг. Мэдээж энэ бүсгүйд миний муу цаасан хайрцаг гэр болж чадахгүй л дээ. Гэвч би түүнтэй танилцах л болно” гэж боджээ.
Тэр ингэж бодоод ч зогссонгүй тэп хийтэл үсрээд мөнөөх шилтгээний ойролцоо байсан хамрын тамхины хайрцагны ард очоод нуугдан зогсож гэнэ. Эндээс л бүжиглэж буй үзэсгэлэнт охиныг харахад хамгийн ойр дөт байжээ. Үдэш болоход ах нар нь өнөөх тугалган цэргийг хайсан боловч олсонгүй гэнэ.
Тэгээд ч цаасан хайрцагтаа орцгоолоо. Хүмүүс ч унтахаар хэвтэцгээж гэнэ. Харин эрэлхэг тугалган цэрэг маань нэг хөл дээрээ тэвчээртэй зогсон цонхоор тусах сарны гэрэлд үзэсгэлэнт бүсгүйгээ харсаар л байжээ. Үдшийн нам гүм болмогц ширээн дээрх тоглоомууд бие биенийхээрээ зочлон дараа нь байлдаж, бас багт наадам зохиож тоглоцгоов. Тугалган цэргүүд тоглохсон гэж хүсэвч хайрцагныхаа тагийг нээж хүчирсэнгүй.
Хушга хагалагч хөөрч догдолсондоо годройтож унаад канар бялзуухайг сэрээчихлээ. Нөгөөдөх нь сэрээд шүлэглэн ярьж гарав гэнэ. Харин тугалган цэрэг, бүжигчин охин хоёр л байрнаасаа огт хөдөлсөнгүй. Буугаа мөрөвчлөн, цэх шулуун зогссон цэрэг эр охиныг ширтсээр л байв. Гэтэл яг шөнийн арван хоёр цаг болоход хамрын тамхины хайрцаг пүдхийн онгойж дотроос нь нэг бүлтийсэн нүдтэй, чөрийсөн биетэй бяцхан чөтгөр гарч иржээ. Тэр бяцхан чөтгөр хайрцагнаасаа үсрэн бууж ирээд:
-Хөөе, өрөөсөн хөлтэй тугалган цэрэг чи юунд тэр бүжигчин охиныг ширтээв? Наад охин чинь чамайг юу гэж тоох билээ? гэж харшгирахад тугалган цэрэг юу ч сонсоогүй дүр үзүүлжээ. Чөтгөр:
-За гайгүй дээ, өглөө болог гэж нэг л заналтай хэлж гэнэ.
Өглөө болж жаалхүү сэрээд өнөөх тугалган цэргийг цонхны тавцан дээр аваачиж тавьжээ. Тэгтэл гэнэт салхи хөдөлж цонх дэлгэгдэж гэнэ. Салхинд цохигдов уу? Бяцхан чөтгөр түлхчихэв үү? Тулгалган цэрэг маань гурван давхрын цонхны тавцан дээрээс годройдон унахдаа цардмал зам дээр бууныхаа жадаар зоогдож орхижээ. Жаалхүү эгчтэйгээ түүнийг хайхаар гарч гэнэ.
Тэд тугалган цэргийг бараг л гишгэчих шахаад яваад байсан боловч олсонгүй. Хэрвээ тугалган цэрэг “Би энд байна” гэж хэлсэн бол тэд дор нь л олчих байлаа. Гэвч “Дүрэмт хувцас өмссөн цэргийн хүн байж гудамжинд хашгираад байх нь эвгүй юм” гэж бодоод тэрээр таг дуугүй л байж гэнэ. Тэгтэл бороо орж, удалгүй бүр хувингаар цутгах мэт асгарч гэнэ.
Харин түр зуурын ширүүн бороо арилсны дараа л түүгээр тоглож явсан хоёр хүүхэд зам дээр жадаараа зоогдчихсон мөнөөх тугалган цэргийг олж харжээ.
-Хараач, тугалган цэрэг байна гэж нэг нь хэлэхэд нөгөө нь:
-Өө, үүнийг чинь завинд суулгаад шуудууны усаар хөвүүлчихье. Сайхан аялал болно доо гэж гэнэ. Ингээд тэд сонин нугалж завь хийгээд тугалган цэргийг суулгаад явуулчихжээ. Тэр хоёр жаал ч завиа даган гүйсээр байж гэнэ. Суваг шуудуугаар урсах борооны ус давалгаалан үе үе завийг далбилзуулан хөмөрчих шахаж байжээ. Гэхдээ л тугалган цэрэг буугаа чанга атган хараа дээгүүр, нуруу цэх, зоригтой явсаар байж гэнэ. Тэгтэл, гэнэт харанхуй нөмрөн нөгөө хатуу цаасан хайрцагтаа эргээд орчих шиг болжээ. Тугалган цэрэг:
“Би ер нь хаашаа яваад, юунд орчихов доо. Тэр муу чөтгөрөөс л болж байгаа юм. Үзэсгэлэнт охин дэргэд минь яваа сан бол үүнээс харанхуй байсан ч би айхгүй дээ гэж бодож гэнэ.
Үнэндээ, завь гүүрэн доогуур яваад орчихсон юмсанжээ.
Гэтэл хажуухнаас нь үлэмж том биетэй усны харх үсрэн гарч ирээд:
-Хөөе, цэрэг эр хүлээ. Үнэмлэх бичгээ үзүүл! гэж хашхирчээ. Харин тугалган цэрэг хариу ч хэлэлгүй буугаа чанга атгасаар яваад л өнгөрч гэнэ. Мөнөөх харх түүний хойноос ус үсчүүлэн, шүдээ хавирсаар нэхэн хөөж “Хөөе, зомгол сүрэлнүүд ээ. Наадахаа бариад ав. Наадах чинь бичиг баримтгүй яваа юм шүү” гэж хашхирч байжээ.
Тэр л хархны хашхирахыг сонссон юм шиг усны урсгал ч бүр ширүүсэж, завь ч улам хурдалсаар гүүрэн дороос гарч ирэхэд эрэлхэг тугалган цэргийг гэрэл гэгээ угтжээ. Одоо л нэг сайхан аялах нь дээ гэж бодтол ямар ч зоригтой дайчин эр айн сүрдмээр их чимээ гарч гэнэ. Ингээд тугалган цэрэг завьтайгаа борооны усны шуудуунаас жинхэнэ урсгал ус руу шилжин хөвж орох нь тэр ээ. Ийм их усанд жинхэнэ завиар явахад ч аюултай шүү дээ.
Гэвч завийг зогсоох ямар ч арга байсангүй. Завь их ус руу хөвөн орж хүрхрээ рүү шидэгдэн дороо хэдэн удаа эргэлдсэнээ живж эхэлжээ. Ус эхлээд тугалган цэргийн бүсэлхийгээр, дараа нь хоолойгоор нь татаж удалгүй бүр толгой дээгүүр мэлтэлзээд ирж гэнэ шүү. Хөөрхий тугалган цэрэг эцсийн мөчид үзэсгэлэнт бүжигчин бүсгүйгээ дурсан “Түүнийг дахин хэзээ ч харахгүй нь дээ” гэж бодтол:
Яваад бай, яваад бай байлдагч минь
Ямагт бид зоригтой байвал
Ялалт амжилтанд хүрнэ шүү
гэсэн үгтэй нэгэн дуу санаанд нь оржээ.
Дуундаа зоригжин усны эргүүлгээс гарах гэж зүтгэж байтал араа шүд нь арзайсан аварга загас дайран хүрч ирээд түүнийг залгиж орхижээ. Аварга загасны гэдсэн дотор аймшигтай харанхуй, цухалдмаар давчуу ажээ.
Гэвч тугалган цэрэг маань тэнд буугаа чанга атгасан, зоригтой золбоотой хэвээрээ байж гэнэ. Тэгтэл нөгөө загас чинь хэд хүчтэй муригнан цовхочсоноо огт хөдөлгөөнгүй болчихжээ. Тугалган цэрэг ч энэ завшаанд жаахан унтаж хажуулаад авчээ.
Гэнэт нүд гялбам гэрэл гарч, цахилгаан цахих шиг болоход тугалган цэрэг сэржээ. Тэгтэл тугалган цэргийг залгисан аварга загасыг загасчин барьж аваад зах дээр зарж орхисон юмсанж. Захаас загасыг худалдаж авсан эзэгтэй гал тогоондоо авчран хутга сэрээ гялалзуулан ходоод гэдсийг нь цэвэрлэжээ. Ингэж цэвэрлэж байхдаа тугалган цэргийг олж гэнэ.
-Хүүе ээ, энэ чинь тугалган цэрэг байна шүү дээ гэж дуу алдсанаа эзэгтэй түүнийг хоёр хуруугаараа чимхэн бариад зочдын өрөөнд орж ирэхэд гайхалтай тэрхүү аялагчийг гэр бүлээрээ үзэж сонирхож гэнэ. Харин тугалган цэргийг ширээн дээр тавихад, тэр бүр ч гайхалтай зүйлсийг олж харжээ. Түүний нүдэнд саяхан сууж байсан өрөө, танил хүүхэд, тоглоомууд, хатуу цаасаар хийсэн нөгөө гайхамшигт ордон, үүдэнд нь зогсох бүжигчин бүсгүй бүгд харагджээ. Тэр бүжигчин мөн л урьдын адил нэг хөлөө өргөн, өрөөсөн хөл дээрээ зогсож байх юм гэнэ. Сэтгэл нь догдолсон тугалган цэрэг маань баярласандаа золтой л тугалган нулимс унагачихсангүй. Цэргийн хүн уйлж болохгүй гэсэндээ л тэсэж өнгөрөөжээ. Бүжигчин охиныг тэрбээр хайрын нүдээр ширтэхэд, цаадах нь ч бас түүн рүү инээмсэглэн харсаар байж гэнэ.
Гэтэл уяралтай энэ агшинд хаалга сэвхийн онгойгоод, тасалгаа нэвт үлээх салхинд бүжигчин охин хийсэн агаарт бүжиглэх мэт эргэлдсэнээ онгорхой байсан пийшингийн амаар орчихож гэнэ. Тугалган цэрэг араас нь үсрэн пийшингийн амаар орсон боловч хожимджээ. Дүрэлзэн асах галын дөл бүжигчин охиныг хоромхон зуур үнс болгон хувиргасан байлаа.
Хайр дурлалдаа шаналсных ч юмуу хамаг бие нь халуу шатсан тугалган цэргийн өнгө будаг нь хууран унаж байв. Тэр ч бас хайлж эхэлжээ.
Маргааш нь тэр айлын охин пийшингээс үнс гаргахдаа зүрхэн хэлбэртэй хэсэгхэн цагаан тугалга бас түлэгдэж харласан цэцгэн зүүлт олжээ.
Эрэлхэг тугалган цэрэг болоод үзэсгэлэнт бүжигчин охин хоёроос үлдсэн юм ердөө л тэр боловч, тоглоом хэмээх гайхамшигт ертөнцийн доторх үнэнч хайрын түүх байсан юм даа.
| Эрэлхэг тугалган цэрэг –Ханс Кристин Андерсон |
|
Голд урсаж байсан гурван иргэнийг аварчээ
2026-07-16 12:08:00
Мөнгө угаах гэмт хэрэг хоёр хувиар буурчээ
2026-07-16 12:02:01
ARA Festival-ийн үеэр зохион байгуулдаг “Glamour Concert” маргааш болно
2026-07-16 11:32:09
Наадмын өдрүүдэд 414 иргэнийг эрүүлжүүлэх байранд саатуулжээ
2026-07-16 11:26:30
АИ92 автобензиний үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгджээ
2026-07-16 10:58:45
ТАНИЛЦ: Ирэх долоо хоногоос халуун ус хязгаарлах байршлууд
2026-07-16 10:01:04
2026-07-16 07:30:55
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн “Бэсрэг наадам” болж өндөрлөв
2026-07-16 07:23:10
Зүүн Азийн волейболын тэмцээн ирэх сард Монголд болно
2026-07-16 07:10:00
Өмнөд солонгосчууд ховор металлын судалгааны төвтэй танилцлаа
2026-07-16 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-07-16 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-07-16 06:00:00
ДАШТ-ний хагас шигшээ тоглолтыг Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй үзүүлнэ
2026-07-15 15:15:50
УЛСЫН НАЧИН Б.БАТ-ЭРДЭНЭ: Эрдэнэт хотынхоо 50 жилийн ойд улсын цолтон болоод очиж байгаадаа баяртай байна
2026-07-15 13:36:50
УЛСЫН НАЧИН Э.МӨНХБААТАР: Улсын Арслан Д.Азжаргалаас хойш 20 жилийн дараа аймагтаа улсын цолтон боллоо
2026-07-15 13:03:48
МОНГОЛ УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭН: Багш нартаа болон “Бөх билэгт” дэвжээнийхээ хамт олонд баярлалаа
2026-07-15 12:23:34
ТАНИЛЦ: Нийтийн тээврийн дараах 15 чиглэлд энэ сарын 25-ныг дуустал өөрчлөлт орж байна
2026-07-15 11:32:13
Улсын Начин Б.Номиндалай: Миний олон жилийн уйгагүй хөдөлмөрийг зүлэг ногоон дэвжээ минь ивээлээ
2026-07-15 11:18:50
ЗАВЬТ ЭРГҮҮЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН ГОЛД УРСАЖ БАЙСАН ГУРВАН ИРГЭНИЙГ АВАРЛАА
2026-07-15 10:19:35
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын баярын амралтын өдрүүдэд ажиллах цагийн хуваарь
2026-07-15 10:11:10
2026-07-15 09:17:07
Дэлхийн адууны өдрийг Монгол Улс анх удаа тэмдэглэв
2026-07-15 08:54:51
“Иппон Дожо” клубийн урилгаар Тамүра Торү Монголд ирлээ
2026-07-15 07:46:34
Чикаго хотын монголчууд төрийн болон салбарын одон медаль хүртэв
2026-07-15 07:33:20
“Үүлэн бор” морь АНУ-ын “Charles Town” морин тойруулгад түрүүлжээ
2026-07-15 07:10:00
Вашингтон Дисигийн Монгол иргэд сайхан нааджээ
2026-07-15 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-07-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |