• Өнөөдөр 2024-05-17

Гацаанаас гарсан төмөр зам буюу их говийн бүтээн байгуулалт

2021-05-26,   1146

Монголын говьд их бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, зэлүүд буйдхан говь эзэнтэй болжээ. 
 
Одоогоос хоёр жилийн өмнө монголчууд өөрсдийн хөрөнгөөр, дотоод ажиллах хүчээрээ төмөр зам барина хэмээн цаасан дээр төсөл хэрэгжүүлж байсан бол өнөөдөр үндэсний хэмжээний хамгийн том бүтээн байгуулалт болж, говийн бүсийн төмөр замын ажил дуусах шатандаа орсон байна.
 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцахаар өнгөрсөн амралтын өдрүүдэд говийн бүсийг зорилоо. Өглөө эртлэн хөдөлсөн автомашины цуваа үд дундын үед Зүүнбаянгийн өртөөнд хүрсэн юм. Биднийг очих үеэр говийн тэнгэр аашаа хувиргаж, улаан шороогоор нүүр нүдгүй шуурч байв. Гэвч төмөр замын ажлыг цаг хугацаанд нь хүлээлгэж өгөх учир ажилчид хариуцсан ажлаа цагийн хуваарийн дагуу шаргуу гэгч нь гүйцэтгэж байлаа.  

Монголын төмөр замчид яг л ийм өдрүүдэд их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, чөлөө завгүй ажиллажээ. Тэд бороо цас, халуун хүйтнийг үл ажран их ажлын ард гарсан хэдий ч энгийн даруухнаараа.  Зүүнбаянгийн өртөө дээр “Монгол Улсын түүхэн бүтээн байгуулалт “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416.1 километр замын дээд бүтцийн ажил дуусав” гэх хаяг бүхий том шар зүтгүүр их говийн нам гүмийг эвдэж, өртөөний зүг Монгол Улсын төрийн далбааг мандуулан дуут дохиогоо хангинуулсаар  ирж зогслоо. Энэ бол төмөр замын угсралтын ажил бүрэн дуусаж, галт тэрэг зорчиход бэлэн болсныг илтгэх аж.

Анх 2010 онд УИХ-аар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталснаар өнөөдрийн бүтээн байгуулалтын ажил өрнөх эхлэл тавигдсан билээ.  Гэвч олон жил уг төсөл хэрэгжиж чадалгүй гацаж, олны хэл аманд өртөөд байсан юм. 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр төмөр зам барихаар нээлтээ хийсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын дээд, доод бүтцийн ажил дуусжээ.
Тэгвэл цаасан дээрх төсөл биеллээ олж, Тавантолгойн нүүрсний уурхайн коксжих нүүрсийг ОХУ, БНХАУ руу галт тэргээр тээвэрлэхэд бэлэн болсон байна. Тус төслийг хэрэгжүүлэхэд үндэсний хэмжээний томоохон компаниуд голлох үүрэг гүйцэтгэсэн гэдгээрээ илүү онцлогтой. Тодруулбал, Тавантолгой-Зүүнбаян, чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын захиалагчаар “Монголын төмөр зам” ТӨХК ажиллаж байгаа бол төмөр замын доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН ажилласан юм. 
 
Уг төмөр замыг барихдаа 24.5 сая куб.метр газар шорооны ажил гүйцэтгэсэн бөгөөд говийн эрс тэс уур амьсгалтай амаргүй нөхцөлд монгол цэргүүд амрах чөлөөгүй ажилласаар замын доод бүтэц буюу газар шорооны ажлыг чамбай гэгч нь гүйцэтгэсэн. Ингэхдээ тэд дөрвөн км урт, 16 метр гүн бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штабын дөрвөн анги нэгтгэлийн алба хаагчид өвлийн дүн хүйтэнд 45 хоногийн дотор ухмалын ажлыг гүйцэтгэсэн гэнэ.
 
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төмөр замын төслийг дуусгасны дараа Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбож, улмаар Сүхбаатар, Дорнод аймгаар дамжуулан Бичигтийн боомттой холбох төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах шаардлагатай.
 
Төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг Бичигтийн боомт хүртэл барьж байгуулснаар төмөр замын дагуу байрлах 37 орд газрын баялгийг эргэлтэд оруулах, нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, транзит тээврийн маршрутыг хөгжүүлэх замаар эдийн засгийг тэлэх, нэг зах зээлээс хараат бус байдлыг бий болгох ач холбогдолтой юм байна.  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь нэг өртөө зургаан зөрлөгтэй. Тэгвэл тус төмөр замыг ирэх зургаадугаар сард улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байна. 

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН 240 КМ ТӨМӨР ЗАМЫГ 2020 ОНД ХҮЛЭЭЛГЭН ӨГНӨ 

Говийн бүсийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд үргэлжилж буй. БНХАУ-тай хил залгаа Гашуунсухайтын боомтод нүүрс тээврийн автомашин хэдэн мянгаараа цуваа болон зогсжээ. Угтаа бол монголын эдийн засгийн голлох бүтээгдэхүүн хил дээрээ гацаж, зогсонги байдалд орчихсон байна гэхэд хилсдэхгүй. Тэгвэл 2022 оноос зэрэглээтсэн говийн дундуур зурайсан ган зам ашиглалтад орж, эдийн засаг эргэлтэд орох нь. Тавантолгой-Гашуунсухайт хүртэлх 240 километрийн зам бүтээн байгуулалтын ажил эд  ундарч, төмөр замчдын их ажил аниргүй говийг сэрээнэ. Жил гаруйхны өмнө эхэлсэн бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар газар шорооны ажил 85 хувьтай, дээд бүтцийн барилга угсралт буюу гол замын үеийг хийх ажил 67 хувьтай үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, 240 км үргэлжлэх тус төмөр замын 107 километрийг нь бүрэн угсарч, дээд бүтцийн ажлыг дуусгажээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК ажиллаж байгаа бол Ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК ажиллаж байна. Уг төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн уулзваргүй төмөр зам гэдгээрээ онцлогтой.
 
Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутгийг дайран өнгөрөх нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам нь нийтдээ хоёр өртөө, зургаан зөрлөгтэй байх юм. Төмөр замын эхлэлийн цэг буюу Тавантолгой өртөөний дэргэд барьж буй зогсолтгүйгээр нүүрс тээвэрлэх тойрог замын барилгын ажил 92.8 хувийн гүйцэтгэлтэй байгааг албаныхан онцоллоо.
Харин нүүрс тээвэрлэх тойрог замаас эхэлсэн төмөр замын трассын дагуу 201.2 км дээд бүтцийн барилга угсралтыг дуусгажээ. Ийнхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам төгсгөлийн цэгтээ буюу Монгол Улс, БНХАУ-ын хилд тулж ирснээр хил холболтын асуудлыг шийдвэрлэх асуудал үлдсэн байна.
Тус төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн бүлэг ордын олборлолтын хэмжээ 2-3 дахин нэмэгдэж, жилд 30 сая  тонн коксжих болон эрчим хүчхний нүүрсийг экспортлох боломжтой болно. Ингэснээр Монгол Улс байгалийн баялгаа БНХАУ-ын Хуанхуа, Тяньжин, Чиндао, Жинжоу зэрэг далайн боомтоор дамжуулан олон улсын зах зээлд өрсөлдөх үнээр нүүрсээ борлуулах боломж бүрдэх аж.
 
Говийн тэнгэр их бүтээн байгуулалтын тоос хадаж, аниргүй говийн нам гүмийг төмөр замчдын их ажил эвджээ. Тун удахгүй Монголын их говиор галт тэрэгний буухиа тасралтгүй цуварч, монгол улс дэлхийн зах зээлд хүрэх нь.
 

Гацаанаас гарсан төмөр зам буюу их говийн бүтээн байгуулалт
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188