• Өнөөдөр 2025-04-03

ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДААГҮЙ ХҮН УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ХАЛДВАР АВСАН ХҮНТЭЙ ЗӨРӨХ ТӨДИЙД Л ХАЛДВАР АВАХ ЭРСДЭЛТЭЙ

2024-08-06,   670

               Улаанбурхан өвчний нэрийг байнга шахуу сонсдог ч тухайн өвчнийг ямар өндөр эрсдэлтэй талаар иргэд төдийлөн мэддэггүй. Гэхдээ улаанбурхан маш халдвартай өвчин аж. Халдвартай хүний хажууд байсан вакцин хийлгээгүй, өмнө нь өвчилж байгаагүй хүн халдвар авах өндөр эрсдэлтэй. Өвчин даамжирвал чихний халдвар, тархины үрэвсэл үүсгэх аюултай.

          Монгол Улсад улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол батлагдсан. Тэдний ойрын 725 хавьтлыг тодорхойлж, голомтын вакцинжуулалтыг зохион байгуулж буй. Халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг тус өвчнөөс сэргийлэх, маск зүүж, ариутгал хийхийг уриалж байна. Гэтэл улаанбурхан өвчний талаарх ташаа ойлголт иргэдийн дунд байсаар байна. Тэгвэл Монгол Улс тус өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа, улаанбурхан өвчний шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх аргын талаар мэргэжлийн байгууллагаас тодруулж, сурвалжиллаа.

               2015-2016 онд улаанбурхан өвчний дэгдэлтээр 120 орчим хүүхэд нас барсан. Тэдний 52 хувь нь 0-2 насны хүүхдүүд байсан бөгөөд нэг тун вакцин хийлгэсэн, эсвэл огт хийлгээгүй хүүхдүүд байжээ. Иймд эрүүл мэндийн ажилтнуудын хамгийн эхэнд зөвлөх зүйл нь вакцинжуулалт юм. Энэ талаар ХӨСҮТ-ийн тавдугаар тасгийн эрхлэгч М.Оюунгэрэлээс тодрууллаа.

-Улаанбурхан өвчний тохиолдол илэрч, иргэдийг урьдчилан сэргийлэхийг сануулж байгаа. Гэтэл иргэд улаанбурхан өвчнийг өөр өвчинтэй андуурах, “Хүн бүр заавал нэг удаа өвддөг” гэх мэтээр ойлгодог. Тэгвэл улаанбурхан гэж яг ямар эрсдэл дагуулдаг өвчин юм бэ?

-Улаанбурхан бол вирусээр үүсдэг, цочмог халдварт өвчин. Өвчтөн халуурч, хоолны дуршилгүй болох, ядарч сульдах зэргээр илэрнэ. Өвчин даамжирсан тохиолдолд халуурч, бөөлждөг. Улаанбурхан өвчний үндсэн шинж тэмдэг нь арьс, амны салстсанд өвөрмөц тууралт гардаг. Мөн нүдний салст, хамрын салалтын үрэвсэл, ханиадаар илэрдэг. Эдгээр шинж тэмдэг нь арьсаар тууралт гарахаас өмнө илэрдэг. Халдвар авч, вирус биед орсон тохиолдолд өвлөл үүсгэнэ.

-Тус өвчнийг ямар хүмүүс хамгийн их тусах эрсдэлтэй вэ?

-Дархлаажуулалтад хамрагдаагүй, өмнө нь өвдөж байгаагүй хүмүүс тусах эрсдэл хамгийн өндөр. Иргэн бүрд есөн сартайд нь болон хоёр настайд нь гуравласан вакциныг хийдэг. Төлөвлөгөөт вакциндаа хамрагдаагүй тохиолдолд нэн даруй вакциндаа хамрагдах хэрэгтэй. 2015-2016 оны улаанбурхан өвчний дэгдэлтээр 50 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн. Нийт тохиолдлын дийлэнх хувийг вакциндаа бүрэн хамрагдаагүй бага насны хүүхдүүд эзэлж байсан.

-2016 оноос хойш Монголд энэ өвчний тохиолдол батлагдаагүй юм байна шүү дээ. Урьдчилан сэргийлэх журмаар ярьж, анхааруулдаг байсан юм уу?

-Эрүүл мэндийн байгууллагууд шинж тэмдэг илэрсэн сэжигтэй тохиолдол бүрийг анхаарч ажилладаг. Сэжигтэй тохиолдлуудад улаанбурхан өвчний шинжилгээ авдаг. Энэ хугацаанд шинжилгээгээр улаанбурхан өвчний тохиолдол илрээгүй.

-Улаанбурхан өвчнийг салхин цэцэг болон өөр өвчинтэй андуурах, иргэд дур мэдэн эмчлэх гэж оролдох, хүндрүүлэх тохиолдол байдаг уу?

-Хоёр хүртэлх насны, архаг суурь өвчтэй вакциндаа бүрэн хамрагдаж амжаагүй байхдаа өндөр халуурч, өвчний шинж тэмдэг илэрч байвал дур мэдэн антибиотик өгөх бус, эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Тууралт гарахаас нь өмнө эмчид хандах хэрэгтэй. Арьсан дээр тууралт гарах хүртэл хүлээх, буруу эмчилбэл өвчин даамжрах, эрт үеийн хүндрэл явагдсан байхыг үгүйсгэхгүй.

-Долдугаар сарын 31-нд улаанбурханаар өвчилсөн нь батлагдсан 47 настай иргэний биеийн байдал ямар байгаа вэ?

-Өвчтөний биеийн байдал сайжирч, зовууриуд нь багассан.

-Өмнө нь энэ өвчнөөр өвчилсөн хүн болон дархлаажуулалтдаа хамрагдсан иргэн тус өвчинг тусах эрсдэл бага юм байна. Тэгвэл дархлаажуулалт хамрагдаагүй насанд хүрсэн хүн өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

-Дархлаажуулалтын эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Вакцинжуулалтад хамрагдах заалт байгаа юу, эрүүл мэндийн хувьд хамрагдах боломжтой юу гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх вакциндаа хармагдаагүй тохиолдолд нөхөн хамрагдана. Олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүж, гараа тогтмол ариутгах хэрэгтэй.

-Шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор улаанбурхан өвчнөөс сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Вакцинжуулалтад хамрагдахаас гадна А витамин уух хэрэгтэй. Урьдчилан сэргийлэхээс гадна улаанбурхан өвчний эмчилгээнд А витамин багтдаг. Халуунтай байгаа хүүхдийг эмчид заавал үзүүлэх хэрэгтэй. Удаан халуунтай явуулж болохгүй. Хамгийн гол нь эрсдэлтэй энэ үед бага насны хүүхдүүдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх хэрэгтэй.

                2023 оны байдлаар 173 оронд улаанбурхан өвчний 330,000 гаруй тохиолдол батлагдсан байна. Харин 2024 оны эхний долоон сарын байдлаар 178 оронд 341,000 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 200 мянга гаруй нь батлагджээ. Азербайжан, Киргизстан, Казахстан, Йемен, Ирак, Румын, Экваторын Гвиней, Армен тэргүүтэй улсад 2024 оны эхний долоон сарын байдлаар халдварын тархалт хамгийн өндөр бүртгэгджээ.

Тэгвэл Монгол Улсад улаанбурхан өвчний халдвар тархах эрсдэлээс хэрхэн сэргийлж байгаа талаар ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа. Тэрбээр “2016 оноос хойш Монголд улаанбурхан өвчний тохиолдол илрээгүй байсан. Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлын хавьтагчдаас халдвар үүсэх эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна. Хяналтад байгаа хоёр өвчтөнөөс гадна өөр батлагдсан тохиолдол илрээгүй байна. Бид халдвар батлагдаагүй байсан ч байнгын долоон хам шинжээр халдварт өвчнүүдийг тандаж, хянаж байдаг. Энэ тандалтын тогтолцоо 2007 оноос хэрэгжиж эхэлсэн. Улаанбурхан өвчний тохиолдол илэрснээс хойш бид тандалтаа эрчимжүүлж, хариу арга хэмжээ авч эхэлж байна. Улаанбурханаар өмнө нь өвдөж байгаагүй, вакцинд хамрагдаагүй иргэд тус өвчнийг тусах эрсдэл 90 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, халдвартай иргэнтэй зөрөх төдийд өвчлөх эрсдэлтэй” гэв.

Иргэдийг урьдчилан сэргийлэх вакциндаа хамрагдахыг уриалж буй. Тэгвэл дархлаажуулалтын явц ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам “Халдварт өвчний үед чухал арга хэмжээ нь вакцинжуулах байдаг. Улаануудын эсрэг вакциныг хийж байгаа. Халдварын голомтын үед авч хэрэгжүүлэх ажлыг шат дараатай хийсэн. Вакцинд хамрагдаагүй, өмнө нь улаанбурхан өвчнөөр өвчлөөгүй иргэд ирж сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах эрхтэй. Нэн тэргүүд бага насны хүүхдийг вакцинжуулалтад хамруулах хэрэгтэй байна. Тус вакциныг харьяалал харгалзахгүй хийлгэх боломжтой” гэв. Улаануудын эсрэг вакцин хийлгэсэн эсэхээ мэдэхгүй байгаа тохиолдолд хэрхэн мэдэж болох талаар асуухад “2020 оноос өмнө төрсөн иргэн эрүүл мэндийн дэвтэр болон сэргийлэх тарилгын карт дээрх тэмдэглэгээгээр вакцин хийлгэсэн эсэхээ мэдэх боломжтой. 2020 оноос хойш вакцинд хамрагдсан хүүхдүүдийг дархлаажуулалтын цахим бүртгэлийн системд бүртгэдэг болсон. Тус мэдээллийг и-монголиа системээр нэвтэрч харах боломжтой” гэв.

      Улаанбурхан өвчний анхны тохиолдлыг 9 дүгээр зууны үед Арабын эмч Разес тодорхойлж бичсэн ч 18 дугаар зууны үед бие даасан өвчин гэж бүртгэх болсон бөгөөд 1954 онд үүсгэгч вирусийг ялгаж, 1967 онд ОХУ-д анх вакцин үйлдвэрлэжээ. Монгол Улсад 1973 оны дөрөвдүгээр сараас долоон аймгийн 1-8 насны хүүхдийг хамруулан вакцинжуулснаас гадна 1973 оны аравдугаар сард үлдсэн аймаг, хотуудад 1-14 нас хүртэл хүүхдүүдэд вакцин хийжээ. Монголд 1976, 1984, 2001, 2015 онд улаанбурхан өвчний дэгдэлт бүртгэгдсэн юм. Тус өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

-Бага насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох

- Илчлэг, тэжээллэг хоол өгөх

- Өдөрт 4-5 удаа заавал хооллох

- Хүүхдэд А, С амин дэмээр баялаг хоол хүнс түлхүү өгөх

- А, Д, С амин дэм болон бусад амин дэмийг нэмэлтээр өгөх

- Хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх

- Асаргааг сайжруулж, усаар чийрэгжүүлэх

- Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, хоёр цаг тутамд агааржуулах

-Аль ч насны хүн улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд дархлааг дэмжих, биеийн эсэргүүцлийг сайжруулах, хоол хүнс хэрэглэх шаардлагатай.

 


ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДААГҮЙ ХҮН УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ХАЛДВАР АВСАН ХҮНТЭЙ ЗӨРӨХ ТӨДИЙД Л ХАЛДВАР АВАХ ЭРСДЭЛТЭЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188