• Өнөөдөр 2024-05-17

SOS: ХЯТАДУУДЫН МӨНГӨ УГААХ САЛБАР НЬ МОНГОЛЫН ГАЗАР ТАРИАЛАН, РАПС БОЛЖЭЭ

2022-03-01,   1950

-ХЯТАДУУД МОНГОЛЫН ТАРИАЛАНЧДААС 1.8 САЯ ТӨГРӨГӨӨС АВСАН РАПСАА ТАТВАРГҮЙГЭЭР ЭХ ОРОНДОО ЭКСПОРТОЛЖ, МОНГОЛЧУУДЫН ТАРЬСАН РАПСЫГ ШҮҮЖ, ЦЭВЭРЛЭЭД ҮР БОЛГОЖ 5-6 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАРЖ МӨНГӨ УГААДАГ ГЭВ-

          Газар тариалангийн нутгийг цөлмөж, үржил шимтэй хөрсийг улаанаар нь эргэлдүүлж, хөрсийг хөрс биш болгодог гэх рапсыг тарьж, урд хөршийн ургамлын тосны түүхий эдийг бэлтгэх хэрэгтэй эсэхийг шүүгээд бид 10 гаруй жил өнгөрчээ. Үндэсний аюулгүй байдалд заналхийлж, доройтол, ялзралд орсон хөрсийг улам доройтуулж, ургамал ургах нь бүү хэл улаан шороо ч тогтох аргагүй болгодог хэмээн нэг хэсэг нь ам уралдан ярьдаг. Нөгөө талдаа “Рапс хөрсөнд ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүй. Харин ч үржил шим сайтай, өндөр ач холбогдолтой ургамал. Тариаланчид рапс тарьж, экспортолсноор эдийн засагт чухал нөлөө үзүүлж байна. Сэлгээний ургамлыг технологийн дагуу тарихад асуудал үүсэхгүй” хэмээдэг билээ. Тарьж болно, болохгүй гэдгийг нь хоёр талцаж, шүүдэг рапсыг манай улсын тариаланчид сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр тариалах болсон. Тэгвэл Монголын органик хөрсөнд ургасан рапсыг бид дотооддоо багахан хэмжээгээр нөөцөлж, тосны үйлдвэрт түүхий эдээр тушааж, үлдэгдлийг нь БНХАУ руу экспортолдог ажээ. Ингэхдээ нэг ч төгрөгийн татвар төлөхгүйгээр экспортод гаргадаг байна. Тариаланчдын жилийн гурван улиралд бэлтгэж, базааж, тариалсан рапсыг хятадын ченж нар дуртай үнээ хэлж авдаг. Тэгээд экспортоор гаргахдаа нэг ч төгрөгийн татвар төлөхгүйгээр хил нэвтрүүлж, их хэмжээний ашиг олдог. Хаврын тариалалтын үеэр худалдаж авсан рапсаа шүүж, цэвэрлээд “БНХАУ-аас оруулж ирсэн баталгаатай сортын үр” хэмээгээд хоёр дахин өндөр үнээр борлуулдаг гэнэ. Нэг үгээр бол хятадууд тоглолт хийж, тариаланчдаас авсан рапсаа цэвэрлэж, шүүгээд “Баталгаатай сортын үр” гээд өөрсдөд нь өөрсдийнх нь тарьсан рапсыг өндөр үнээр худалдаалдаг гэнэ. “Эргэлт.мн” мэдээллийн сайтын сурвалжлах баг дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

ТАРИАЛАНЧ Б: ЗОГСОО ЗАЙГҮЙ РАПС ТАРИАЛАХ НЬ ХӨРСНИЙ ҮРЖИЛ ШИМИЙГ ДОРОЙТУУЛАХ ЭРСДЭЛТЭЙ. ТАРИАЛАНЧИД МӨНГӨНД НЬ БОЛЖ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ТАРЬЖ БАЙНА

Бид рапс тариалах нь хэр ашигтай, ашиггүй, газрын хөрсийг үнэхээр үржил шимгүй болгодог юм уу гэдгийг хэд хэдэн тариаланчтай холбогдож тодрууллаа. Бидэнд мэдээлэл өгөхийг хүссэн зарим тариаланч нэрээ нууцлахыг хүссэн юм.

           ТАРИАЛАНЧ Б “Сүүлийн таван жилийн хугацаанд рапс тарих тариаланчдын тоо хэд дахин нэмэгдсэн. Эдийн засагт нэмэртэй, улаан буудайнаас гурав дахин үнэтэй учраас тариаланчид хошуурч байгаа юм. Бид улаан буйдаа тариалж, улсад тушаагаад хэдэн сарын дараа арай гэж мөнгөө олж авдаг. Зарим нь намар өгсөн буудайныхаа мөнгийг одоо ч хүртэл олж авч чадаагүй байх. Хил, гааль хаалттай учраас тариалангийн салбар хүнд нөхцөлд оршин тогтнож байна. Иймээс рапс тариалж байгаа тариаланчдыг ч буруутгах аргагүй. Гэхдээ манайхан нэг зүйлд улайрч, туйлширч, “Сайн ургаж байна. Ашиг олж байна” гээд сонсчихоороо ухаан мэдрэлгүй дайраад эхэлдэг. Угтаа рапсыг сэлгээний журмаар тарих ёстой. Өөрөөр хэлбэл, таван жилд нэг удаа талбайгаа амраах, сэлгэх зориулалтаар тарих ёстой шүү дээ. Гэтэл манай тариаланчид өмнөх жил нь их ургац хурааж аваад, өндөр үнээр борлуулаад, мөнгөтэй болчихвол дараа жил нь арай гэж өнжүүлээд дараагийн жилд тариалчихдаг. Тэгэхээр технологийн горим алдагдаж, хөрсний үржил шим алдагдах, доройтуулах эрсдэл үүснэ. Яаж ч бодсон тийм байгаа биз дээ. Дөрвөн жилд нэг удаа тариалах ёстой гээд байхад хоёр жилд ашиглаж байна шүү дээ. Тэгээд хаа хамаагүй, талбай үлдсэн л бол рапс тариалж, замбараагүй байдал үүсгэж байна. Зарим эрдэмтэн, судлаачид рапс тариалах нь хамгийн зөв л гэдэг юм билээ. Тариаланч миний хувьд рапс тариалахыг дэмжиж, сүйд болдоггүй юм. Мөнгө, мөнгө гэсээр эцэст нь бид стратегийн гол бүтэгдэхүүнээ тарих талбайгүй, хүнгүй, техникгүй болох эрсдэл ирэх вий дээ гэж айж байна. Төр бодлогоороо үүнийг зохицуулах хэрэгтэй. Тариалах талбайг нь хумих нь зөв” гэлээ.

ТАРИАЛАНЧ Г: ЭХ ҮҮСВЭР НЬ ТОДОРХОЙГҮЙ РАПСЫН СОРТООР ДУРТАЙ ГАЗРАА ТАРИАЛАЛТ ХИЙЖ, МОНГОЛЫН ХӨРСӨНД ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА

            ТАРИАЛАНЧ Г “Сэлгээний ургамал гэдгийг манайхан төдийлөн сайн ойлгохгүй байх шиг. Мөнгө л олж байвал, хятадууд өндөр үнээр рапсыг нь худалдаж авч л байвал улаан буйдаагаа ч тариалахгүйгээр рапс тариалахад бэлэн болчихоод байна. Рапс чинь угаасаа “Шимэгч шар” хочтой ургамал шүү дээ. Хөрсний шим, усыг хамгийн ихээр татаж, байгалийн замаар эргэн төлжих боломжгүй болгодог гэж ярьдаг юм билээ. Олон жил дараалан рапс тарьсан талбайг та бүхэн хараад үзээрэй. Улаан элс, дагтаршиж, хатсан л талбай байдаг шүү дээ. Манайхан мөнгөнд нь болоод чухам сайн ургамал, сөрөг нөлөө үзүүлдэггүй, хоргүй ургамал гэж хошуу нийлүүлээд л магтаад байдаг. Бодит байдал газар дээр өөр байгаагүй шүү дээ. Зөвшөөрөгдсөн үрээр бус, хаа хамаагүй, аль хямдхан, эх үүсвэр нь тодорхойгүй үрээр байнга тариалалт хийгээд байхаар тэр талбай ямар болох нь тодорхой. Яам бодлогын хүрээнд хууль бус, эх үүсвэр нь тодорхойгүй үрийг цэгцлэх цаг нь болсон. Аюулын харанга дэлдэхэд ойрхон байна шүү дээ” гэв.

ТАРИЛАНЧ А: АЛБАНЫХАН ХЭДИЙГЭЭР 50 МЯНГАН ГА ТАЛБАЙД РАПС ТАРЬСАН ГЭЖ ЦААСАН ДЭЭР БИЧСЭН БАЙДАГ Ч ХӨРСӨН ДЭЭРЭЭ 100 МЯНГАН ГА ТАЛБАЙД ТАРИАЛДАГ БОЛСОН

        ТАРИАЛАНЧ А “Стратегийн гол бүтээгдэхүүнээ бид хойш тавьж, рапс гэж хошуурч байгаа нь хожмын нэг өдөр гай авчирч мэдэх. Одоохондоо ч яах вэ, сэлгээний ургамал, эдийн засагт хэрэгтэй гэдгээр нь тариалж байна. Албаныхан ч хорихгүй, хяналт тавихгүй байгаа нь учиртай байлгүй. Хаврын тариалалт, намрын ургац хураалтын үеэрх хоёр тоо хоорондоо асар их зөрүүтэй байдаг. Хэдийгээр албаныхан “50 мянган га талбайд рапс тариалсан” гэж мэдэгдсэн ч хөрсөн дээрээ 100 мянган га талбайд бэлхэн рапс тариалсан байдаг. Өөрөөр хэлбэл, цаасан дээр бичсэн тоо, хөрсөн дээр ургасан рапсын хэм хэмжээ өөр байдаг гэсэн үг.  Монголчуудын тариалсан рапсыг тосны үйлдвэрүүдэд нийлүүлэх гол зорилготой. Ургамлын тосны түүхий эдийг бэлтгэж, эх орондоо ургамлын тосоо үйлдвэрлэх өндөр ач холбогдолтой учраас зах замбараагүй рапс тариалахыг нь зөвшөөрч байгаа байх. Гэхдээ хожим шар цэцэг бидэнд гай авчирч мэдэх юм. Улаан буйдаагаа ч тариалах хүн олдохгүй байх цагт яах юм болдоо. Манай компанийн хувьд хоёр ч удаа рапс тариалж үзсэн. Бид их хэмжээгээр давтан тариалаагүй учраас сөрөг нөлөө нь одоогоор тодорхойгүй байна. Харин байнгын давтан тариалж байгаа талбай хаа сайгүй байна. Энэ нь технологийн горим алдагдаж байгаагийн нэг илрэл шүү дээ” гэлээ.  

Тариаланчдын ярьж буйгаар баталгаагүй, эх үүсвэр нь тодорхойгүй үрээр тариалалт хийдэг, хөрсний үржил шимийг байхгүй болгож, доройтуулдаг, албаныхны хэлсэн тооноос хоёр дахин илүү том талбайд тариалалт хийдэг гээд ноцтой зөрчлүүд байдаг ажээ.

“РАПС БОЛ ХЯТАДУУДЫН ТОГЛОЛТ ХИЙЖ, МӨНГӨ УГААХ САЛБАР НЬ БОЛСОН. ТЭД МОНГОЛЫН ТАРИАЛАНЧДЫГ ХУУРАН МЭХЭЛЖ, ХӨРСИЙГ ДОРОЙТУУЛЖ БАЙНА”

        Монголчуудын тариалсан рапсыг дөрөвхөн хятад ченж худалдаж авдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, хятадууд монопол байдал үүсгэж, мөнгөөр бүхнийг шийдэж, монголчуудыг атгандаа оруулжээ. Рапсыг өндөр үнээр авах уу, бага үнээр авах уу гэдгийг тэд л зөвхөн мэддэг аж. Манай тариаланчид тэдний хэлсэн үнэнд тааруулж, багтааж рапсаа тушаадаг гэнэ. Буцаагаад хэлсэн үнэнд нь рапс тариалах үрээ авдаг аж.

          Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээлэхдээ “Намрын намарт л манай тариаланчид хятадуудын арга эвийг олох гэж хэрэндээ хичээдэг. Арай ахиу үнээр рапсаа худалдахын тулд хятадуудын арга эвийг олох зайлшгүй шаардлагатай. Монголын цэвэр, бордоогүй хөрсөнд ургасан рапсыг хятадууд аль болох хямд үнээр худалдаж аваад экспортод гаргадаг. Ингэхдээ нэг ч төгрөгийн татвар төлдөггүй. Эх орондоо аваачаад хэд дахин өндөр үнээр борлуулж байгаа шүү дээ. Ченж нар намар рапсыг центнерийг нь 1.8-2 сая төгрөгөөр худалдаж авдаг. Харин хавар буцаагаад үрийг нь 4-6 сая төгрөгийн хооронд зардаг юм. Хамгийн гол нь монголчуудын өөрсдийнх нь тарьсан рапсыг шүүж, цэвэрлээд үр болгоод хоёр дахин өндөр үнээр зардаг гэсэн үг. Нэгдүгээрт, хятадууд “БНХАУ-аас оруулж ирсэн сайн чанарын үр” гэж монголчуудыг хууран мэхэлж байна. Хоёрдугаарт, монголчуудаас 1.8 сая төгрөгөөр авсан рапсаа шүүж, цэвэрлээд буцаагаад хоёр дахин өндөр үнээр буюу 5-6 сая төгрөгөөр зарж байна. Зургаан сар шуудайнд хийж хадгалсан үрээ хоёр дахин өндөр үнээр борлуулах нь мөнгө угаалт биш гэж үү. Хар ухаанаар бодоход ийм их хэмжээний мөнгө угааж, тоглолт хийж байна шүү дээ. Мөнгө угаалт нүдэн дээр нь үргэлжилж, улаан цайм хууль бус ажиллагаа хийгдэж байхад холбогдох албаныхан мэдсэн ч мэдээгүй юм шиг байдаг нь нууц биш. Монголын хөрсийг элэгдэлд оруулж, өвгөрүүлж, цөлмөж дуусчихаад тэд татваргүйгээр ургасан ургамлыг нь аваад явчихаж байна гээд бодоод үз дээ” гэсэн юм.

“Хятадын газар тариалангийн салбарын бодлогыг Монголын хөрсөнд хэрэгжүүлж байна”

            Мөн тэрбээр “Намар болохоор рапсыг авна, авахгүй гээд тариаланчдыг сандаргаж эхэлдэг. Чөлөөт зах зээл байхгүй учраас монголчууд хүлээхээс өөр сонголт байхгүй. Хятадуудын гар, хөл болсон монгол ченж нарыг царай алдаж, рапсаа худалдаалах гэсэн тариаланчдын цуваа намрын намартаа л нэмэгдэж байна. “Рапсыг чинь тэдэн төгрөгөөр авна” гээд дуртай үнээ хэлээд, үнээ зохионо. Буцаагаад үрээ зарахдаа “Тэдэн төгрөгөөр авбал ав” гээд мөн л үнээ зохиочихдог. Сүүлийн хоёр жилийн хугацаанд бүүр ч хэцүү байдалтай байлаа. Нэг үгээр бол Хятадын газар тариалангийн салбарын бодлогыг Монголын хөрсөнд хэрэгжүүлж байна гэсэн үг. ХХААХҮЯ бодлогын хүрээнд рапс тарихыг зөвшөөрч, дэмжиж байгаа бол татвартай болгох хэрэгтэй. Бүүр зайлшгүй шаардлагатай. Ингэж байж энэ их мөнгө угаалт, хууль бус ажиллагааг таслан зогсооно. Нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол бид хэдхэн жилийн дараа л өвгөрч, элэгдсэн хөрстэй, үржил шимгүй газар нутагтай болно. Үүнийг таслан зогсоох, арга хэмжээ авах эрх, боломж бий” гэв.

Эх сурвалжийн хэлснээр хятадууд монголчуудаас хямд үнээр рапс худалдаж авдаг. Түүнийгээ шүүж, цэвэрлээд буцаагаад өндөр үнээр үр болгож зардаг гэнэ. Мөн татвар төлөхгүйгээр Монголын үржил шимтэй хөрсөнд ургасан рапсыг экспортолж, ургамлын тосны түүхий эдээ бэлтгэж байна гэх. Бид энэ талаар албаны хүнээс тодруулсан юм.

Д.ЕСӨН-ЭРДЭНЭ: РАПСЫГ БНХАУ РУУ ЭКСПОРТЛОХОД ТАТВАРГҮЙ

             ХХААХҮЯ-ны Хөрс ургамал хамгаалалт, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнэ “Рапсын үрийг ОХУ, БНХАУ-аас импортоор оруулж ирдэг. Импортоор оруулж ирэхэд улсад татвараа төлнө. Харин буцаагаад экспортлохдоо татвар байхгүй. Шар рапсыг голчлон БНХАУ руу экспортлоод байдаг юм билээ. Таримлын сэлгээнд тариалах ёстой ургамал. Өөрөөр хэлбэл, улаан буудай тариалсан газраа өнжөөгөөд рапс тариалах ёстой. Яамнаас тоо хэмжээ захаас илүүтэй тухайн орон нутгийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд нь газар ашиглуулах гэрээгээр зохицуулж, тариалалт хийгддэг. Яам бодлогын хүрээнд нийт тариалалт хийж буй талбайн 25-30 хувьд нь рапс тарихыг баримталж ажилладаг. Тариаланчид технологийн зөвлөмжөө баримтлаад, рапсаа сэлгээнд тариад байвал тийм ч их сөрөг нөлөө байхгүй. Рапсыг давтан тариалаад байвал хөрсний үржил шим зэрэгт төвөгтэй. Нэг ургамлыг давтан тариалаад байвал өвчин, хортон гаралт үүснэ, хөрсний үржил шимийг бууруулдаг шүү дээ. Техникийн тохируулга, ургац хураалтаас шалтгаалаад талбайд хаягдал үүсэж, үүнээс болж зэрлэгшиж ургах асуудал үүсдэг. Гэхдээ сүүлийн үед ургац хураах зориулалтын техниктэй болж, технологийн дагуу ажиллавал, хаягдал үүсэх нь багасаж, хөрсөө боловсруулж чаддаг болсон.Рапсыг баталгаажсан үрээр тариалж, технологио мөрдөж ажиллах ёстой. Баталгаажсан үр ихэвчлэн ОХУ-аас оруулж ирдэг. Тариаланчдын хувьд технологио зөв мөрдөж, тариалалт хийж байгаа нь ч бий, чадахгүй байгаа нь ч бий. Зөрчлүүд мэр сэр илэрдэг. Энэ жилийн хувьд 66 мянган га талбайд тосны ургамал тариалах төлөвлөгөө гарсан байна. Тариалалтын жил ирэх тусам бага зэргээр буурсан. Тухайлбал, тосны ургамлыг өнгөрсөн 2015 онд 84, 2017 онд 81,  2018 онд 71, 2019 онд 86, 2020 онд 65 мянган га талбайд тариалсан байна” гэлээ.

          Асуудлын гол зангилаа нь татваргүйгээр экспортолдог. Хилээр оруулж ирж байгаа рапсын үр нь эх үүсвэр нь тодорхойгүй, хөрс эвдэх, алс ирээдүйд асар хортойд оршиж байгаа юм. Бид дараагийн дугаартаа эрдэмтэн, судлаачдаас тодруулж, Монголын хөрсөнд ургасан рапсыг машин машинаар нь урд хөрш рүү тээвэрлэж, "ХХААХҮЯ чинь татваргүй болгож, биднийг бодлогоор дэмжиж ажиллаж байна" гэх хятад ченж нарын даажигнал хэрээс хэтэрч байгааг хүргэх болно. 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...  

 


SOS: ХЯТАДУУДЫН МӨНГӨ УГААХ САЛБАР НЬ МОНГОЛЫН ГАЗАР ТАРИАЛАН, РАПС БОЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-01 14:13:37
    Хорчин : Хятадуудын Монголоос рапс авч байгаа мөнгө яаж орж ирдэг вэ хуулийн дагуу юу. ОХУ-д өнөөдрийн байдлаар Рапс, Буудай экспорт хийхгүй байхаар нөхцөл үүссэн
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188