• Өнөөдөр 2024-04-19

Сэтгүүлчийн ширээ: ШИЛЭН БАЛЕТЧИН, УРУУЛЫН БУДАГ, НОМ

2021-03-19,   1237

“Ажлын ширээ” булангийнхаа анхны дугаарт сэтгүүлч нарын ширээг онцолж байна. Сэтгүүлчдийн завгүй хөдөлмөр, амжилт, амьдралынх нь нэг хэсэг болсон гурван сэтгүүлчийн ажлын ширээг танилцуулж байна. 

Unread” сайтын сэтгүүлч П. Номинбилэг: Цаг үргэлж нийгмийг илүү сайхан болгохын төлөө хичээдэгт сэтгүүлч мэргэжлийн сайхан нь оршдог юм болов уу

Би ажлын ширээгээ цэгцтэй байлгах дуртай. Хаана ч очсон, ажиллаж байгаа газрынхаа ширээн дээр энэ хэдэн юмаа л байрлуулдаг даа. Миний шилэн балетчин, найзын хэвлэж өгсөн муур, найзын хийж өгсөн жаазтай зураг, элсэн цаг, хөгжимт хайрцаг...

Би яг энэ ширээн дээр суугаад гурван сар болж байна. Саяхан нүүж ирсэн юм л даа. Ковидоос шалтгаалаад оффис дээр удаан суухгүй байгаа. Энгийн үед бол өглөө 07:00 өнгөрөөж очоод 18:00 цагийн үед ажлын ширээнээсээ босдог. Тэгэхээр өдрийн 10 цаг гаруй хугацааг энэ ширээндээ өнгөрөөдөг юм уу даа.

Өнөө үед хүнд чанартай мэдээлэл хүргэнэ гэдэг хэчнээн чухал билээ дээ. Цаг үргэлж нийгмийг илүү сайхан болгохын төлөө хичээдэгт сэтгүүлч мэргэжлийн сайхан нь оршдог юм болов уу.

LIVETV-ын сэтгүүлч Т.Сайнбуян: Өөрийн хийж байгаа зүйлдээ бүх зүрх сэтгэлээ зориулж, ажиллахыг хүсдэг

- Би LIVETV.MN мэдээллийн сайт байгуулагдаад удаагүй байхад ажилтнаар орсон юм. Тэр цагаас хойш энэ ширээ, компьютерын ард хоёр жилийн нүүрийг үзэж байна. Энэ зурган дээр миний ширээ хамгийн цэвэрхэн байгаа үе нь (инээв). Түүнээс бол сэтгүүлч хүний ширээ ном, сонин, цаасаар дүүрэн  сууна шүү дээ. Гэхдээ аль болох цэвэрхэн, эмх цэгцтэй суухыг эрмэлздэг.

Ажлын ширээгээ аль болох тухтай байлгах гэж хичээнэ. Ширээ гэхээсээ илүү компьютер доторх зүйлүүдийг эмх цэгцтэй байлгахыг хүсдэг.

Мэдээллийн сайт учраас хэрэгтэй зургаа цэгцтэй хадгалж, өмнө нь бичсэн зүйлүүдээ эргэж хайж олоход амар хялбараар хадгалдаг.  Ширээн дээр байгаа зүйлсээ танилцуулахад дандаа утга учиртай зүйлс байгаа. Ажлын ширээнд календарь зайлшгүй байх ёстой гэж үздэг. Мэдээж иймэрхүү төлөвлөгч календарь хийх ажлаа тэмдэглэхэд их амар. Бид заримдаа хаанаас ч юм хэнээс ч юм урам зориг авах үг сонсохыг хүсдэг шүү дээ.  Тиймээс ширээн дээр онч, мэргэн үгтэй жижиг календарь тавьсан. Энэ жижиг тэмдэглэл 365 өдөр надад урам зориг өгдөг.

 Өдөрт олон цагаар компьютерын ард суудаг учраас жижиг агааржуулагч байршуулсан. Дотор нь үнэртүүлэгч тос хийдэг тул орчин тойронд маш гоё үнэртэй болдог.

Өнгөрсөн жил Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр байгууллагын эрчүүд маань аяга, үзэг бэлэглэсэн. Тэмдэглэлийн цаас бол миний өдөр тутмын хэрэглээ. Мэдээ, сурвалжлага бэлтгэх сэтгүүлчид лайв хийсэн тохиолдолд гол агуулгыг нь тэмдэглэн авч, сайтад текст хэлбэрээр оруулдаг тул иймэрхүү тэмдэглэлийн цаасыг их ашигладаг.

Сэтгүүлч хүний өдөр тутмын нэг хэрэглээ бол яалтчгүй тэмдэглэлийн дэвтэр, ном. Миний ажлын ширээ тийм ч том биш учраас  олон ном тавих зай бараг л байхгүй. Ширээн дээрээ сүүлд уншсан ном, товхимолоо тавьсан.

Ширээний хамгийн гоё хэсэг нь миний шургуулга гэж хэлж болно. Нэрийн хуудас, гоёл чимэглэл, амны хаалт гээд өөрт хэрэгтэй зүйлсээ үүндээ хийсэн. Миний хувьд уруулын будагт их дуртай. Эмэгтэй хүн уруулаа будсан байхад хамгийн үзэсгэлэнтэй харагддаг гэж боддог доо.

Анх манай байгууллага 10 гаруй л хүнтэй байсан бол өнгөрсөн жил LIVETV байгуулагдсанаар 20 гаруй хүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Манай байгууллага тв, сайт, цахим орчинд шууд дамжуулалт хийдэг учир бүх уран бүтээлч, сэтгүүлч нар олон төрлийн ур чадварыг эзэмшээд явж байна. Миний хувьд анх “Өнөөдөр” сониноос ажлын гараагаа эхэлж байсан бол одоо телевизийн нэвтрүүлэг хийж, сайтад мэдээ, нийтлэл бичих зэргээр олон ажлыг нэгэн зэрэг амжуулж сурч байна даа.

Манай ажил өглөө 09.00 цагт эхэлж, 18.00 цагт тардаг ч сэтгүүлч болсон цагаасаа эхлэн цагтаа тарах нь тун цөөхөн. Мэдээж өдрийн төлөвлөсөн ажлаа дуусгасан бол эрт тарах боломжтой ч телевизийн оройн мэдээ бэлтгэх, төлөвлөсөн мэдээ, ярилцлага хийхээр бол асуултаа бэлтгэх гээд хийх ажил ихтэй.

Хүн болгон мэргэжилтэй, боловсролтой түүгээрээ бахархдаг биз ээ. Миний хувьд сайхан хамт олонтой ажиллаж байгаадаа баяртай байдаг. Орчин цагт сэтгүүлч хүний хөдөлмөр гэхээсээ илүү маш сайн баг хамт олны хүчээр мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг, нийтлэл гардаг болсон. Манай ажлын хувьд хүн бүрийн оролцоотойгоор бүх мэдээлэл бэлтгэгдэж гардаг даа. Тийм ч учраас өөрийн хийж байгаа зүйлдээ бүх зүрх сэтгэлээ зориулж, ажиллахыг хүсдэг.

“Эгүүр” сайтын сэтгүүлч Э.Булган:  “Өөрийн” гэсэн ширээтэй болчихоод...

“Өөрийн” гэсэн ширээтэй болоод арван сар болж байна. Гэхдээ ширээн дээр минь тэмдэглэлийн дэвтэр, бал, ном, чихэвчээс өөр зүйл байдаггүй. Уг нь их сургуулийн оюутан байхдаа ажилд орж, “өөрийн” гэсэн ширээтэй болчхоод, “өөрийн” гараар цэцэг тарьж, ширээн дээрээ тавина гэж боддог байв. Гэхдээ би ер тэгсэнгүй. Хайртай хүмүүсийнхээ зургийг ч жаазалж тавихыг хүсээгүй. Магадгүй энэ нь сэтгэл санаагаа амгалан, тайван байлгаж ярилцлага, сурвалжилга, мэдээ бэлтгэхийг хүсдэгтэй холбоотой байх. Харин тайван биш, ямар нэгэн зүйлд сэтгэл зовниж байгаа үедээ хаанаас нь уншсан ч сэтгэл бүлээцүүлэх шидтэй номуудаа барьж аваад суучихдаг талтай. Эсвэл шүлэг бичиж тайтгардаг. Зарим хүмүүс миний энэ чанарыг ойлгодогт талархдаг. Ойлгож байгааг нь ч мэдэрдэг... Харин зарим нь ойлгохыг ч хүсдэггүй. Надад ямар ч чимээгүй орчинд ганцаараа, өөрийн хүссэн зүйлээ хийж суух шиг сайхан зүйл үгүй мэт санагддаг. Юунд ч хашигдаж, туугдаагүйгээ мэдэрч, ажлаа хийх л жинхэнэ кайфтай.

 

 

Сэтгүүлчийн ширээ: ШИЛЭН БАЛЕТЧИН, УРУУЛЫН БУДАГ, НОМ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-19 17:38:21
    Эрхэм: үзэгний сав, сувенир, цэцэг, икэбана
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188