• Өнөөдөр 2024-04-25

Хөл хориог цуцаллаа гэсэн шиг хөлхөлдвөл хот даяараа аюулд орохыг сануулъя

2020-12-12,   1261

-ХӨЛ ХОРИО ТАВИГДМАГЦ ХҮМҮҮС “УЯАНААСАА АЛДУУРСАН НОХОЙ” МЭТ ГАДУУР ДЭМИЙ СЭЛГҮҮЦЭЖ, “БҮРЭН ХУМЬЖ ЧАДААГҮЙ ХАЛДВАРЫГ УЛАМ ТАРХААХ ВИЙ” ХЭМЭЭН ЭМЭЭЖ БАЙНА-
  
Бүтэн сар гэртээ “хорионд” байсан Улаанбаатар хотын 1.5 сая иргэн гурван өдрийн дараа буюу ирэх даваа гарагийн 06:00 цагаас гэрээсээ чөлөөтэй гарч, орох боломжтой болж, хотын бужигнасан амьдрал эхлэх нь. Нийгмийн нэг хэсэг нь хөл хорио тавигдах даваа гарагийг “халагдах цэрэг” аятай минут, секунт тоолон, баярлан хүлээж байна. Харин үлдсэн хэсэг нь хөл хорио тавигдмагц хүмүүс “уяанаас алдуурсан нохой” мэт гадуур дэмий сэлгүүцэж, “Бүрэн хумьж чадаагүй халдварыг улам тархаах вий” хэмээн эмээж байна. 
 
Зүйрлэл нь онцгүй боловч “Хөл хорио тавигдмагц халдвар улам тархах вий” гэж эмээх нь хий хоосон түгшилт биш юм. Тухайлбал, хөл хорионы өдрүүдэд 18 салбарын төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байсан бол даваа гарагийн өглөө үйлчилгээний голдуу 34 салбарын аж ахуйн нэгж үүд хаалгаа нээнэ. 

Өөрөөр хэлбэл, даваа гарагийн өглөө нийт 52 салбарын 21 мянга гаруй аж ахуйн нэгжийн урьдчилсан тооцооллоор 282 мянган иргэн ажилдаа явж эхлэх нь. Бас үйл ажиллагаа нь эхлэх ресторан, кафе, ломбард, гутал, хувцас, цахилгааны барааны засвар, модны болон техникийн захууд, авто засварын газруудаар үйлчлүүлэхээр хэдэн зуун мянган иргэн гэрээсээ гарч ирэх нь. Багадаа л 500-600 мянган иргэн нийгмийн амьдралд биечлэн оролцож эхэлнэ гэсэн үг шүү дээ. Тэднээс хэд нь халдвар тээгч байхыг мэдэх аргагүй гэхээр л өөрийн эрхгүй түгшээд эхэлж байгаа юм. 

Хөл хорио тавигдсан даваа гарагийн өглөө Улаанбаатар хотод юу болох талаар зарим нэг төсөөллүүд бууж байна. Заримаас нь дүрсэлж үзье л дээ. 

ТҮГЖРЭЛ БА ТАКСИЧИД

Хөл хорионы өдрүүдэд 97 мянган автомашин тусгай зөвшөөрлөөр хөдөлгөөнд оролцож байсан. Харин даваа гарагийн 06:00 цагаас автомашинтай замын хөдөлгөөнд оролцоход тусгай зөвшөөрөл буюу QR код хамаарахгүй, зөвхөн урьдын дугаарын хязгаарлалт л үйлчилнэ. Тэгэхээр дунджаар 250 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож, өглөө, оройн алдарт түгжрэл эхэлнэ гэсэн үг. 
Бүтэн сар гэртээ байж, түгжрэлийг бараг л мартах шахсан улаанбаатарчуудад сонин мэдрэмж байх болов уу. 
Дээрээс нь 250 мянган автомашинаас багадаа 10 мянга нь такси үйлчилгээнд явах нь дамжиггүй. Улаанбаатар хотын “приус”-тнүүдийн тэн хагас нь  таксинд явж, амьжиргаагаа залгуулдаг гэх албан бус судалгаа бий. Манайхан өөрсдөө бол “халтуур хийнэ”, “мөөг түүнэ” гэдэг дээ. Харин бүтэн сар гэртээ ажилгүй, орлогогүй суусан учраас тэд даваа гарагаас гарч ирнэ, замын хажууд хүн гар өргөвөл, уралдаж авах нь тодорхой. Харин бууж, сууж байгаа хүмүүс нь халдвартай эсэхийг мэдэх, хамгаалах арга байхгүй. Жишээ нь, хувийн машинаараа таксинд явдаг иргэн Дорж даваа гарагийн өглөө Толгойтод байх гэрээсээ гараад Таван шар дээрээс хүн суулгаад III V дүгээр хорооллын эцэс дээр буулгалаа. Тэднээсээ дахин нэг хүн аваад Модны-2 дээр буулгалаа. Тэднээсээ бас зорчигч аваад XI хороололд буулгалаа гэж бодъё. Иргэн Доржийн машинд суусан хамгийн эхний хүн нь халдвартай байлаа гэхэд иргэн Дорж болон эхний хүний араас машинд суусан хоёр хүн халдвар авахгүй гэх баталгаа байхгүй. Ингэж бодвол халдварын хавьтлууд аалзны тор мэт л болно гэсэн үг. Дотооддоо халдвар алдсан анхны тохиолдол буюу тээврийн жолооч Д л гэхэд хоёр хоногт таван удаа автобусанд, хоёр удаа таксинд суусан байсан. Улмаар таксины жолоочийн маршрут, Д-гийн араас суусан хүмүүсийг ч илрүүлэх ёстой болсон шүү дээ. 

АВТОБУС БА АЮУЛ

Хөл хорио тавигдмагц 282 мянган иргэн ажилдаа явж эхэлнэ. Тэдний гуравны хоёр хувь нь хувийн автомашингүй учраас автобусаар зорчино. Харин нийтийн тээврийн автобус дотор иргэд 1.5-2 метрийн зай барих нь юу л бол. Хүн хоорондын зай барихын тулд нэг автобусанд 15-20 хүн суулгалаа гэж бодъё. Тэгвэл 500 мянган хүнийг ийм маягаар тээвэрлэхэд нийтийн тээврийн 800 автобус хүрэлцэнэ гэж үү. Мөн автобус хүлээсэн хүмүүс ч буудал дээр дүүрэн байх нь гарцаагүй. Жолооч нар “Алив ээ, наад зайгаараа хойшоо яваад өгөөч” гэж орилохоос “Зайгаа бариад цөөхүүлээ яв” гэж шаардах нь юу л бол. Мэдээж автобус бүрт, автобусны буудал бүрт цагдаа зогсоод, зохицуулалт хийхгүй бол шүү дээ. 

ГАДУУР ХООЛЛОХ ДУР

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан дунд “Барагтай л бол дампуурахгүй” гэдэг яриа бий. Өөрөөр хэлбэл, Монголын ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд үргэлж үйлчлүүлэгч дүүрэн байдаг. Тиймдээ ч байр болгоны доор нэг хятад, солонгос, монгол хоолны ресторан, гудамж бүрт 2-3 кафе, хороолол бүрт нэг түргэн хоолны газар байдаг биз. Ерөнхийдөө монголчууд “гадуур хооллох” дуртай ард түмэн. Ялангуяа бүтэн сар гэрийн хоол идсэн хүмүүс даваа гарагаас эхлээд гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, албан байгууллагаараа ресторан, кафе, цайны газруудыг дүүргэх нь тодорхой. Хэдийгээр НОК-оос ресторан, кафе, цайны газруудад тусгай дэглэм мөрдүүлнэ гэж байгаа ч халдварын эрсдэл маш өндөр. Дээрээс нь 18 градусаас доош спиртийн агууламжтай пиво, дарсыг зөвшөөрсөн учраас хамт олон, найз нөхөдтэйгөө бүтэн сар уулзаагүйгээ гайхацгааж цуглана. Өнгөрсөн сарын хугацаанд төрсөн өдөр нь тохиосон хүмүүс нөхөж тэмдэглэхийг ч үгүйсгэхгүй. 

ЭРҮҮЛ ЭНХ УУЛЗСАНЫ БАЯР ТЭМДЭГЛЭХ ВИЙ

Хөл хорио тавигдмагц аав, ээж, ах дүү, хамаатан садныхаараа хэсэцгээх нь бас л тодорхой зүйлсийн нэг. Хөл хорио тавигдахыг корона бүр мөсөн алга болсон мэт баярлаж, хүүхдүүдээ дагуулаад нэг нэгнийхээ зочилцгоож, хөл хориог хэрхэн даван туулснаа ам уралдан хуучилна. Хөл хорионы хүнд цаг үеийг эрүүл энх даван туулсны баяр болгож, нэг гэрт багтахгүй шахам бужигнацгаана. Цагаан сараар юу болдог билээ дээ. Төсөөлөөд байвал иймэрхүү зүйлс бууж байна. Бараг л зөрөхгүй болов уу. 
 
     Хөл хорио тавигдах гэж байгааг, албан байгууллагууд нээгдэж байгааг, хүмүүс ажилдаа орж байгааг, ерөөс алиныг нь ч буруутгах гэсэнгүй. 30 хоног ажилгүй, орлогогүй гэртээ хөл хорионд байснаас болж айл өрхүүдийн амьдрал эрс доройтож, албан байгууллагууд дампуурахад бэлэн байгаа. Үүнээс цааш дахин хөл хорионд байх боломж ч байхгүй. Тэгвэл ард түмэн өлсөж үхнэ, эдийн засаг элгээрээ бүр мөсөн хэвтэнэ. 

Гол нь хөл хорио тавигдсан ч корона бүр мөсөн дарагдаагүй байгаа гэдгийг л санах хэрэгтэй. Улаанбаатар хотод голомтолсон халдварын хавьтлууд бүрэн хумьж чадаагүй байгаа. Халдвар тээгчид өөрсдийгөө халдвартай гэдгээ ч мэдээгүй нийгмийн харилцаанд биечлэн оролцоод явж байгаа гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, төр хөл хориог цуцалсан ч өөртөө, гэр бүлийнхээ хүрээнд хөл хориогоо үргэлжлүүлэх нь иргэн таны эрх бас үүрэг, хариуцлага. Шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх, халдвар хамгаалал сахих, зай барих гэх мэтээр хувийн, гэр бүлийн хөл хорио тогтоож болно. Хөл хорио цуцлагдлаа гээд заавал гэрээсээ гарах ёстой гэсэн үг биш шүү дээ. 

Тиймээс ар гэрээ тэжээх гэж ажилдаа орсон бол халдвар хамгааллыг сайн сахиж, амны хаалт тогтмол зүүж, гараа байнга ариутгах хэрэгтэй. Ажил, гэр гэдгээс өөр маршрутаар аль болох явахгүй байх нь хамгийн зөв. 

Дахин сануулахад, гадуур явах онц шаардлагагүй бол аль болох гэртээ байх нь энэ цаг үед халдвараас өөрийгөө болон гэр бүлээ, хамгийн хайртай хүмүүсээ коронавирусээ хамгаалах хамгийн шилдэг арга.  

 

Хөл хориог цуцаллаа гэсэн шиг хөлхөлдвөл хот даяараа аюулд орохыг сануулъя
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-11 15:26:02
    Зочин: Бөгс алгадаад явдаг хүмүүст илүү хатуу
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188