• Өнөөдөр 2024-04-19

Халдваргүй гэдгээ батлах гэж дугаарлахдаа КОРОНАВИРУС АВЧИХААГҮЙ Л БАЙГААСАЙ

2020-11-30,   1096

-Орон нутаг руу буцах гэж байгаа иргэд халдваргүй гэдгээ баталж, шинжилгээ өгөхийн тулд өчигдөржин дугаарлав. Халдваргүй гэдгээ батлах гэж байхдаа халдвар авчихаагүй л байгаасай-

Монголчууд өнгөрсөн 30 жил аливаа нэг юманд оочерлосоор иржээ. Ерөөс дараалалд зогсохгүй өдөр, сар, улирал гэж бараг л үгүй гэмээр. Бодоод байхад 1990, 1991 оны “Картын бараа”-ны үеэс л монголчуудад “оочерлох” дадал сууж, тэр чигтээ тогтчихсон юм шиг байгаа юм. 

“...90-ээд онд насанд хүрсэн иргэн бүр карттай. Түүгээрээ мах, сүү, талх, бас 330 грамм цөцгийн тос, тус бүр 600 грамм цагаан будаа, сахар, 3.5 килограмм гурил, гурван шил архи авах нормтой. Эднийгээ авах гэж үүр хаяарахаас эхлээд л дэлгүүрийн үүдэнд зогсоно. Тэгэхгүй л бол хоосон хонодог үе байсан гэдэг. “Тэгж дугаарлаж байж л та нарыг хоолтой байлгаж, хүн болголоо шүү дээ” гэж аав, ээж нар хуучлахыг нэг биш удаа сонссон л байлгүй. 
1990 оны үед “Картын бараа”-нд дэлгүүрийн үүдэнд оочерлож байсан бидний аав, ээжүүд одоо тэтгэвэр, тэтгэмжээ авах гэж банкны үүдэнд сардаа нэг оочерлодог болжээ. Бас одонгийн мөнгө, насны хишгээ авах гэж улиралд нэг удаа оочерлоно. Өөрсдөө жилд өчнөөн удаа оочерт зогсож байж л үр хүүхдүүдийнхээ өмнөөс бас оочерт зогсоод байхыг нь яана. “30 жил оочерлосон туршлага нь хаачих юм” гэж боддог юм уу хаашаа юм. Намартаа ач, зээгээ цэцэрлэгт оруулах гэж цэцэрлэгийн үүдэнд оочерлоно. Өвөл болонгуут нөөцийн маханд өнөө хөгшид л дугаарлаж харагдана. 

За тэгээд, гадаадад сурч, ажиллах гэж байгаа залуучууд Элчин сайдын яамны гадаа хоёр, гурав хоногоор дугаарлана. Гадаад паспорт авах гэж бас оочерлоно. Тэр байтугай төрийн үйлчилгээний байгууллагаас “Монгол улсын иргэн” гэдгээ батлах ганц тамгатай тодорхойлолт авах гэж, эсвэл хэн нэг даргын ганцхан гарын үсэгтэй бичиг авахын тулд л өдрийн тал оочерлож байгаа юм. Хамгийн аймаар нь, өвдлөө гэхэд улсын эмнэлэгт үзүүлэхийн тулд “үхэтлээ” оочерлох хэрэгтэй болно. Цаашлаад төрөөс түрээсийн орон сууцанд хамруулах, газар эзэмшүүлэх, хөнгөлөлттэй эм олгох, 1072 хувьцаа олгох, ногдол ашиг тараах гэх мэт ямар нэг ажил хийхдээ заавал оочерлуулж байж л санаа нь амарна. 

Түүнчлэн дөрвөн жилд нэг удаа Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Орон нутгийн сонгуульд санал өгөх гэж гурвантаа бүх нийтээрээ оочерт зогсож байгаа юм. Бас дан эрчүүдээрээ жилд хоёр удаа цэрэг татлагын комиссын үүдэнд оочерлоно. Энэ ч яахав үүрэг юм хойно, чимээгүйхэн л оочерлоно. 
 
Төр гэлтгүй хувийн хэвшлийнхэн ч иргэдийг зогсоо чөлөөгүй оочерлуулна. Элдэв төрлийн хямдралтай, урамшуулалтай, агуулах чөлөөлөх худалдаа гэж “хошгируулаад” үе үе оочерлуулна. Хааяа нэг хамтлаг дуучдын тоглолт, бөхийн барилдаан үзье гэхэд бас л билет авах гэж оочерлоно. 
 
Бодоод байхад түгжрэл ч гэсэн машинтай л болохоос оочерлож л байгаа хэлбэр биз дээ.
Ингэж хөгшин, залуугүй, өвөл, зунгүй, өдөр, шөнөгүй оочерлосоор байгаад АТМ-д, дэлгүүрийн кассанд оочерлохыг юман чинээ бодохоо больж дээ, хөөрхий бид. 
Үнэндээ оочерт зогсох хүсэх юм биш л дээ. Өлсөнө, цангана, даарна, хөрнө, халууцна. Хүүхэд тэвэрсэн эмэгтэй, таяг тулсан настанг өрөвдөөд урдуураа оруулбал ард зогсож байгаа хүмүүстээ зэмлүүлнэ. Дээрээс нь урд хүнээсээ зай барих гээд байхад л хойноос түлхээд байна, ядаж байхад урд талын хүн халаас, цүнхээ байсгээд тэмтрээд байх нь бүр ч зовиуртай. 
 
Уг нь гурванхан сая хүн юунд ч оочерлохгүйгээр ажлаа амжуулах боломж байгаа л байх. Даанч оочерлуулаад сурчихсан төр засаг, хувийн хэвшил, оочерлоод сурчихсан ард түмний хэн нь ч “оочерлохгүй” байх тухай боддоггүй нь хачирхалтай.  
 
Хамгийн хачирхалтай нь оочерлож болохгүй үе гэж байдгийг ард түмэн ч, төр засаг ч мэдэхгүй бололтой юм. Дэлхий нийтийг айлгаж байгаа коронавирус агаар дуслын замаар халддаг, халдвартай иргэнээс 1.5 метр зайд халдварын нян цацагдаж байдаг гээд эрдэмтэд, эмч нар, УОК-ынхон яриад байгаа биз дээ. Тийм ч болохоор бүх нийтээр нь хөл хорионд байлгаж байгаа биш юм уу. 

Гэтэл хорионоос хойш төр засгаар ард түмнийг хэдэнтээ оочерлуулав. Эхлээд хотын төвөөр явах машинуудад “тусгай зөвшөөрөл” гээч юм тараана гэж иргэдийг Хангарьд ордны үүдэнд хоёр цаг оочерлуулсан. Дараа нь нөөцийн мах худалдаж байна гэж хотын иргэдийн хагасыг бүтэн өдөржин гудамжинд оочерлуулсан. Дөнгөж өчигдөр л гэхэд орон нутаг руу буцах гэж байгаа иргэд халдваргүй гэдгээ баталж, шинжилгээ өгөх гээд өдөржин оочерлов. Халдваргүй гэдгээ батлах гэж байхдаа халдвар авчихаагүй л байгаасай.  

Хөдөө ар гэр, мал ахуйгаа хаяад хотод ирээд хөл хорионд түгжигдсэн хэдэн мянган иргэн нутаг буцах нь гэж баярлаад халдвар авах хамгийн эрсдэлтэй нөхцөлд дугаарлаж байгаагаа ч анзаарах юм алга. Өвлийн эхэн сарын жаварт жиндэхдээ нэг нэгнийгээ тэврэх нь холгүй л зогсоо харагдсан. Тэдний дунд нэг халдвартай иргэн зогсож байсан бол яах вэ. Хэдэн хүнд халдвар тараах эрсдэлтэй вэ, халдвар авсан иргэн нууц үе дээрээ орон нутагтаа очоод халдвар тараавал яах вэ гэдгийг тооцож үзсэн үү. Чухамдаа оочерлуулж шинжилгээ авсан төр засгийн шийдэл буруу л гэх гээд байна. 
 
Бас Улаанбаатар хот коронавирусийн голомт болсон өдрөөс хойш нэг сая иргэнийг гэрт нь хорьж, 5000 цагдаагаар мануулж, хотод энгийн иргэнийг оруулахгүй, бас гаргахгүй гэж буутай цагдаа зогсоож халдварын эсрэг тэмцсэн 18 хоногийн хүч хөдөлмөрөө зохион байгуулалтгүй дарааллаас болж нураачихаагүй л байгаасай.
 

Халдваргүй гэдгээ батлах гэж дугаарлахдаа КОРОНАВИРУС АВЧИХААГҮЙ Л БАЙГААСАЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188