Танихгүй дугаараас дуудлага ирж байна. Автал “Сайн уу, ахын дүү” гэж 40 гаруй насны эрэгтэй хүн мэнд мэдэв. Цааш яриаг нь сонсоод байтал Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амьдардаг холын хамаатны ах байх юм. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд өнгөрсөн арвандугаар сарын дундуур самар түүх гэж дөрвүүлээ ирээд, хөл хорионд гацаад байгаа гэнэ. “Хөл хоригдсон хүмүүсийг нутаг буцаах сураг ажиг байна уу” гэж асуухаар залгажээ.
“Танай аймаг чинь самартай биз дээ, хаа байсан Сэлэнгийн Хүдэрт очиж түүдэг нь яаж байгаа юм бэ” гэвэл “Хүдэрийн самар чөмөг томтой, амт нь илүү, бусдаасаа үнэтэй байдаг юм аа, хэдэн төгрөг илүү олох гэж л тэр шүү дээ. Ингээд нутаг ч буцаж чадахгүй гацна гэж яаж мэдэх вэ” гэж байна.
Цааш үргэлжлүүлэн “Уулнаас бууж ирээд дөрөв хонож байна, ууланд танилцсан залуугийнхаа гэрт л хоног төөрүүлж байна даа” гэх мэтээр бодит байдлаа ярьж байна.
Хөвсгөл аймгийн харьяалалтай 43 хүн Хүдэр сумаас нутаг буцах хүсэлт гаргаад, хариу хүлээж байгаа гэнэ. Зарим нь зочид буудалд, ихэнх нь таньж мэддэг айлаараа амьдарч байгаа тухай ярьж байна. “Самар түүж, хэдэн төгрөг олохоор гэрээсээ гараад, 700 гаруй километр хол, сайн танихгүй айлд гацна гэдэг ямар л сайн байх вэ дээ” гэж бодож суутал хамаатны ах “Ууланд өчнөөн хүн бий. Улс даяар өвчин гараад хэцүү байна гэж хэд хоногийн өмнө л мэдэцгээсэн. Гэхдээ ихэнх нь гэртээ буцъя гэж яарахгүй байх юм билээ. Нэг мөсөн ахиу мөнгө олоод л буцъя гэж байгаа харагдсан. Ах нь харин хэдэн хүүхдээ санаад горьгүй нь” гэж байна. Бидний яриа ингэсгээд дуусаж, утас тасрав.
Дараа нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын онцгой комисстой холбогдож, нөхцөл байдал ямар байгааг тодрууллаа. “Өнгөрсөн 24-нд Улаанбаатар хотын харьяалалтай 300 орчим иргэнийг буцаасан. Ингэхдээ Хүдэр сумаас унаа гаргаж, тэднийг сумаас 90 орчим километр буюу Дархан-Сэлэнгийн замын “Дөрвөн зам” пост дээр хүргэж өгсөн. Тэнд PCR шинжилгээ аваад, вагонд суулгасан. Одоо ууланд 1000 орчим иргэн байгаа гэх баримжаа байгаа. Уулаар тарчихсан учраас нэгдсэн тоо хараахан гаргаагүй байна. Уулнаас бууж ирсэн иргэдийг л бүртгэж байгаа. Одоогоор өөр аймгийн харьяалалтай 83 иргэн уулнаас бууж ирээд байна. Гэхдээ тэднийг буцаах товлосон өдөр гараагүй байна. Мөн ууланд байгаа самарчдын отогт хүнс хүргэх иргэдийг онцгой комиссын зөвшөөрлөөр явуулж байна. Долоо хоног нэг, хоёр удаа хүнс хүргэж байгаа байх” гэх мэдээлэл өгч байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын уугуул, өөр аймгаас ирсэн самарчдад хөлсөөр газарчилж, ууланд хүргэж өгдөг нутгийн иргэн С-тэй холбогдлоо.
Энэ жил Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд самрын их ургацын жил тохиож буй аж. Их ургацын жил гэдэг нь хуш модны самар их хэмжээгээр ургахыг хэлдэг бөгөөд 3-6 жилд нэг удаа давтагддаг гэх. Хамгийн сүүлд 2014 онд их ургацын жил тохиож, газар газрын 6000 гаруй самарчин Хүдэр суманд цугласан байж. Тэр үед сумын төвийн дэлгүүр, цайны газар, зочид буудлууд дүүрэн хүнтэй, хаа сайгүй гадны дугаартай машинууд сүлжилдээд л ёстой оволзож байсан гэнэ. Мэдээж тийм олон хүн цугласан учраас сумын төвд ч, ууланд ч архидалт хавтгайрч, Хүдэр сумын иргэдийг хэсэгтээ л түгшээж байсан аж.
Энэ жил Хүдэр сумын Зүүн Моностой, Баруун Моностой, Американ, Бүдүүн гэх дөрвөн газарт самар гойд сайн ургажээ. Өнгөрсөн аравдугаар сараас хойш тэр газрууд руу 2000 орчим хүн самарт явсан албан бус тоо байна. Ялангуяа Хүдэр сумаас зүүн урагшаа Баруун болон Зүүн Моностой, Бүдүүн гэх газарт хүмүүс их очжээ. Тэр нь Хэн Хэнтийн нурууны баруун хойд хэсэг, Төв аймгийн Мөнгөнморьт сумын хойд хэсэг гэсэн үг юм. 2016 оны арваннэгдүгээр сарын дундуур Баруун Моностой руу самар түүхээр явсан Орхон аймгийн харьяат хоёр иргэн хагас сар гаруй сураггүй алга болж байлаа. Харамсалтай нь, тэд арванхоёрдугаар сарын 4-нд осгосон байдалтай олдож байсныг санаж байгаа байх. Тэр хэргээс үүдэж уулаар нэг тарсан самарчдыг цэгцлэхээр сум, орон нутгийн хууль хяналтынхан, удирдлагууд хөдөлгөөнд орж байсан юм.
Самар сайн ургасан дээрх газрууд Хүдэр сумаас 60 орчим километр зайтай. Жижиг тэрэг байтугай жийп ч очих боломжгүй, бартаа ихтэй газрууд. Тиймээс Хүдэр сумын төв Самарчдын отог орох хооронд “Зил-131” машинтай жолооч нар самарчдыг зөөдөг аж. Ингэхдээ нэг самарчин 30 мянган төгрөгийн зардал, нэг шуудай цайруулсан самар тутамдаа 60 мянган төгрөгийн хөлс төлдөг аж. Өөрөөр хэлбэл, нэг шуудай цайруулсан самартай уулнаас бууж байгаа иргэн нийт 90 мянган төгрөг төлөөд, Хүдэр сумын төв рүү хүргүүлдэг гэсэн үг. Түүнчлэн тэдгээр “Зил-131” машинтай жолооч нарын эхнэрүүд нь самарчдын отог дээр дэлгүүр, гуанз ажиллуулдаг бөгөөд самарчдыг зөөхийн хажуугаар хүнс, бараагаа ч татдаг аж. “Энэ бол самар түүхээс ч дутахгүй орлоготой бизнэс” гэж нутгийн иргэн ярьж байна.
Хүдэр суманд энэ жил Баян-Өлгий, Ховд аймгийнхаас бусад бараг бүх аймгийн иргэд цуглажээ. Самарчид ихэвчлэн гэр бүл, хамаатан садан, найз нөхдөөрөө нийлээд 5-6 уулаа очдог аж. Тэдний дунд хөгшин настай хүмүүс, хүүхдээ дагуулсан эмэгтэйчүүд ч олон байдаг бөгөөд өөрөө алхаж чаддаг л бол нас харгалзахгүй, хэн ч хамаагүй очдог гэнэ.
Самарчид Хүдэр сумаас Самарчдын нэгдсэн отогт хүргүүлээд тэндээсээ цааш багадаа 1-2 километр алхаж, өөрсдийн отгоо барих бөгөөд их ургацын жил таарвал хавар тавдугаар сар хүртэл тэр отогтоо байрладаг аж. Самарчдын нэгдсэн отог дээр бараг л сумын төв шахуу, хоол хүнс, архи, тамхи, хүүхэн гээд бүхий л үйлчилгээ бий гэнэ. “Гол нь өвдвөл л ёстой аврал муутай газар даа” хэмээн нутгийн иргэн хэлж байна.
(7).jpg)
Нутгийн иргэн “Энэ сарын эхээр нэг килограмм самар ууландаа 11.500 төгрөг хүрээд уналаа. Харин одоо 8500 төгрөгийн үнэтэй байгаа. Насанд хүрсэн эрэгтэй хүн сард нэг тонн орчим самар түүгээд байх шиг байгаа юм. Хамгийн өндөр ханшаар бодож үзвэл ганцхан сард 10 гаруй сая төгрөг олоод байна гэсэн үг шүү дээ. Өнөөгийн нийгэмд хэн ч ийм хэмжээний мөнгөнөөс татгалзахгүй. Өр зээлээ төлчихнө, хэрэв үлдвэл ахуй амьдралаа өөд татна. Тийм ч учраас энэ цар тахал, хөл хорионы үед тэд уулнаас бууж ирэхгүй л болов уу. Буугаад ирэнгүүт нь нутаг буцаачихвал яах юм. Шахаж шаардаагүй л бол хавар болтол тэндээ самраа түүгээд байж л байна. Мэдээж өвдөж зовоод, өлсөж цангаад эхэлбэл яах ч аргагүй л дээ” хэмээн ярьж байна.
.jpeg)
Холын хамаатны ах, Хүдэр сумын онцгой комисс, нутгийн иргэнтэй ярилцсаны дараа “Самарчдад уулнаас бууж, нутаг буцах эрх байхгүй юм биш үү” гэх бодол төрлөө. Тогтвортой ажил хийе гэхээр нас, хүйс, боловсрол, мэдлэгээрээ гологдоод байдаг. Арай гэж ажил олж хийгээд, авсан цалин нь сарынхаа хэрэгцээний хаана ч хүрэхгүй байгаад байдаг. Аз болж самарны их ургацын жил тохиож буй сураг дуулаад самар их ургасан газар руу хөгшин настай аавыгаа, хөлд ороод удаагүй хүүхдээ, хоол ч болов хийгээд дэргэд байж бай гээд эхнэрээ хүртэл дагуулаад оччихсон байгаа. Зарим нь эхнэр хүүхдээ гэртээ үлдээгээд, “Өр ширээ дарах ахиухан мөнгөтэй болоод удахгүй ирнэ” гээд гарсан байгаа. Хангалттай цалин орлоготой бол хүйтэн жавартай хөвчийн гүнд зутарч, хөр цасан дундаас боргоцой түүж, мөнгө олох замыг хэн ч сонгорхгүй нь мэдээж. Харин самарчдын хувьд энэ бол сонголтгүй сонголт. Өөрөөр хэлбэл, ахиухан мөнгө олохоос нааш буцах эрх байхгүй гэх юм уу даа.
Гол нь ахуй амьдралаа дээшлүүлэхийн тулд, ахиу хэдэн төгрөг олохын тулд өвлийн хүйтэнд, ууланд өдөр хоногийг өнгөрүүлж байгаа тэдний дунд өвчин тахал тархахгүй л байгаасай.
Уулнаас буух, нутаг буцах хүсэлгүй, эрхгүй САМАРЧИД... |
|