Хоромхон зуурт өнгөрөх зуны өдрүүдийг гэртээ өнгөрөөвөл уйтгартай биш гэж үү. Тиймээс уншигч та бүхэнд Архангай, Баян-Өлгий аймагт аялах боломжтой үзэсгэлэнт газруудыг танилцуулж байна.
Тайхар чулуу
Архангай аймгийн Ихтамир сумын нутагт хойд Тамир голын эрэгт байрлах энэхүү Тайхар чулуу нь аймгийн төвөөс 20 км зайд оршдог, 16 метр өндөр эгц боржин чулуун цохио юм. Домогт “Нэгэн хүчит бөх олныг айлган гарч ирсэн аварга том могойг дарж энэхүү чулууг өргөн энэ газарт тавьжээ” гэсэн байдаг.
Тайхар чулуун дээр олон мянган жилийн түүхийг харуулсан сүг зураг, овог аймгуудын тамга тэмдэг, янз бүрийн хэлний бичээсүүд бий. Эдгээр бичээсийг 19-р зууны сүүл үеэс эрдэмтэн, судлаачид сонирхон судалсан бөгөөд хамгийн эртнийх нь чулуун зэвсгийн сүүл үед хамаарах улаан зосоор зурсан тамга тэмдэг бүхий дүрс зураг, амьтны зураг юм. Мөн олон хэлээр бичсэн 150 орчим түүхийн холбогдолтой бичээс бий.
Тэрхийн цагаан нуур
Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах энэхүү нуур нь далайн түвшнээс дээш 2060 метрийн өндөрт орших бөгөөд урт нь 16 км, өргөн нь 5-6 км, гүн нь 6-20 метр. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж, өндөглөх бөгөөд нууранд хар галуу, цахлай зэрэг шувууд ирж, таван метр хүртэл гүн рүү шумбан, загасаар хооллодог. Нуурын нэрийн тухайд, эрт дээр үед нуурын зүүн эрэг дээрх овоон дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад “Хөөе, тэр их цагаан нуурыг хараач ээ!” гэж уулга алдаж хэлснээр "Тэрхийн цагаан нуур" гэдэг нэр бий болсон гэх домог байдаг. 2011 онд CNN мэдээллийн агентлаг дэлхийн аялах шилдэг газруудын нэгээр Тэрхийн цагаан нуурыг нэрлэсэн байдаг.
Хоргын тогоо
Хоргын тогоо нь Архангай аймгийн нутагт орших, одоогоос 9000 орчим жилийн өмнө дэлбэрч байгаад унтарсан галт уул юм. Хорго уул нь далайн түвшнээс дээш 2240 метрийн өндөрт байх бөгөөд тус уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зvvн тийшээ Суман, Чулуут голын хөндийгөөр 100-гаад километр урссан байдаг. Хэн ч саатан хоргодом энэхүү үзэсгэлэнт нутгийг 1965 оноос дархан цаазат газрын, 1994 оноос байгалийн цогцолборт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авчээ.
Чулуут гол
Чулуут гол нь Хангайн нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч, Даваатын гол нэртэйгээр урсан, хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн Чулуут гол болон 415 км урсаж Идэр голын баруун гарт очиж нийлнэ. Ус цуглуулах талбай нь 10,750 ам.км, усны уналт нь 2000 метр, голдиролын өргөн нь 80 метр, гүн нь гурван метр хүрдэг. Хөндий, голдирол нь хад чулуу ихтэй учраас Чулуут гол хэмээн нэрлэжээ.
Суварга хайрхан уул
Цэнхэр сумын нутагт орших Суварга хайрхан уул нь далайн түвшнээс дээш 3179 метрт өргөгдсөн, Хангайн уулархаг мужид багтах уул юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2007 онд төрийн тахилгатай уул болгожээ. Хайрханы суга бэлээр өвс ногоо сайхан ургадгаас гадна алт мөнгө зэрэг эрдэс баялгийн нөөцтэй.
Уулын ноён оргилоос доош энгэр талд тунгалаг устай нуур бий. Энэ нууранд сүсэгтэн олон сүүгээ өргөж, алт мөнгө шидэн, ирээдүйн амьдралаа даатгадаг. Нууранд хүрэхийн тулд зөвхөн мориор найман километр бартаатай зам туулдаг байна. Нууранд хүрэх амаргүй боловч зорьж очсон хүний хэрэг зориг бүтдэг хэмээх домог бий. Суварга хайрхан уул нь Отгонтэнгэр уул шиг мөнх цастай байдаг байжээ. Харин сүүлийн жилүүдэд цас, мөс нь байхгүй болсон нь байгалийн зүй тогтоц алдагдаж байгаатай холбоотой юм.
Бага түргэний хүрхрээ
Бага түргэний хүрхрээ нь аймгийн төвөөс 180 км, Цэнгэл сумын төвөөс 110 орчим км зайд оршдог. Өлгий-Сагсай-Цэнгэл-Бага Түргэн, эсвэл Өлгий-Улаанхус-Цэнгэл-Бага түргэн гэсэн үндсэн хоёр маршрутаар явж болно. Гэхдээ машинаар шууд яваад очих боломжгүй. Дөхөж очиж машинаа орхиод, цаашаагаа хүрхрээ рүү нэг км орчим явган алхдаг. Алтай Таван богдын байгалийн цогцолборт газрын үзэсгэлэнт газруудын нэг нь Цэнгэл сумын Хотон, Хурган нуурын хөндийн Бага түргэнийн хавцалд орших Их, Бага түргэний хүрхрээ юм.
Уг хүрхрээ нь мөнх цаст уулсаас эх авч урсдаг бөгөөд байгалийн үзэсгэлэн цогцолсон онгон зэрлэг байгаль дунд оршдогоороо онцлог юм. Хүрхрээний өндөр нь 15 метр бөгөөд энэ нь тус аймагт оршиж буй хүрхрээнүүдийн хамгийн өндөрт тооцогддог. Эргэн тойрон дахь уулс нь шинэс мод, харгана болон бутлаг ургамлаар баялаг. БНХАУ-ын Битүү ханасын үзэсгэлэнт газартай хиллэж оршдог.
Бага Ойгорын Цагаан салаагийн хадны сүг зураг
Цагаан салаагийн хадны сүг зураг нь уулын өвөр биед байрласан хавтгай гөлгөр чулуун дээр зурагдсан бөгөөд хэсэг хэсгээрээ бөөгнөрөн байрласан байдаг. Уртаараа 15 км орчим үргэлжилнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар 10,000 орчим зургаас бүрддэг байна. Зургийн гол сэдэв нь мал аж ахуй, ан агнуур юм. Мөн тэр үеийн ан амьтдыг урнаар дүрслэн үлдээсэн байдаг. Ан агнуурын тухайн үеийн арга барил, зэрлэг амьтдын ааш араншингийн талаар маш дэлгэрэнгүй, тод томруун дүрсэлсэн тул тоогоороо болон утга агуулгаараа хосгүй зүйл гэж тооцогддог.
Толбо нуур
Баян-Өлгий аймгийн Толбо сум аймгийн төвөөс 75 км зайд оршдог. Толбо нуур ньТолбо сумаас таван км-ийн зайд байрладаг, Монгол Алтайн нурууны томоохон цэнгэг уст нуур юм. Тус нуур нь 21 км урт, долоон км өргөн, хамгийн гүн хэсэгтээ 12 метр юм. Эргэн тойрондоо өндөр хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдсэн бөгөөд өдгөө Толбо, Хүнгүй зэрэг зарим уулын оргилд бага зэрэг мөнх мөс, цас ч харагдана.
Алтай Таван богд
Монгол орны хамгийн баруун захад, нийслэл Улаанбаатар хотоос 1821 км, Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос 185 км зайд тус аймгийн Цэнгэл, Улаанхус сумын заагт оршдог. Монгол Улсын хилийн нэгдүгээр багана мөн Алтай Таван богдод байрласан байдаг. Монгол Улсад "Богд" гэсэн үг орсон 280 гаруй уул байдаг бөгөөд хамгийн өндөр нь Алтай Таван богд /4374 м/ юм. Энэхүү уул нь Хүйтэн, Найрамдал, Бүргэд, Малчин, Өлгий зэрэг олон мөнх цаст оргилуудтай.
Ёлтын сав газар
Ёлтын сав газар нь Баян-Өлгий аймгийн Алтай суманд байрладаг. БНХАУ-тай хиллэдэг бөгөөд Алтай Таван богдын байгалийн цогцолборт газрын үзэсгэлэнт газруудын нэг. Уг газар нь унаган төрхөө хадгалсан, дэлхийд ховордсон амьтан, ургамал тархсан, мөн ойгоор бүрхэгдсэн үзэсгэлэнт байгальтай юм.
Ёлтын сав газрын ихэнх хэсэгт уулархаг ой бүхий газар зонхилдог учраас харьцангуй сэрүүвтэр, чийглэг байдаг. Эмийн ургамал болон хүнсний ургамлаар баялаг. Мөн Ёлтын ам, Бэхтийн гол, Өмхэйт гэдэг газруудад улаалзгана, үхрийн нүд, тошлой, хад зэрэг жимс, жимсгэнэ тархан ургахаас гадна уулын өвөрт саримсан сонгино ургадаг байна.
Архангай, Баян-Өлгий аймагт заавал үзэсгэлэнт газрууд |
|
2025-04-28 18:03:20
2025-04-28 17:32:11
2025-04-28 16:55:21
2025-04-28 16:08:33
2025-04-28 15:58:48
2025-04-28 15:48:53
2025-04-28 15:10:21
2025-04-28 15:00:18
2025-04-28 14:22:13
2025-04-28 14:21:18
2025-04-28 14:17:33
2025-04-28 13:44:10
2025-04-28 13:36:43
2025-04-28 13:35:51
2025-04-28 13:18:27
2025-04-28 12:58:44
2025-04-28 12:46:22
2025-04-28 12:41:51
2025-04-28 12:24:30
2025-04-28 12:10:03
2025-04-28 12:01:23
2025-04-28 11:35:14
2025-04-28 11:10:00
2025-04-28 11:03:25
2025-04-28 10:52:59
2025-04-28 10:29:45
2025-04-28 10:12:06
2025-04-28 10:04:20
2025-04-28 09:56:49
2025-04-28 08:57:19
2025-04-28 08:42:46
2025-04-28 08:13:22
2025-04-28 08:01:11
2025-04-28 07:38:10
2025-04-28 07:00:48
2025-04-28 07:00:29
2025-04-28 07:00:00
2025-04-28 07:00:00
2025-04-28 07:00:00
2025-04-28 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |