• Өнөөдөр 2024-03-29

ДАРХАН АВАРГА Д.ЦЭРЭНТОГТОХЫН ГЭРГИЙ О.ОТГОНЧУЛУУН: БӨХИЙН ТҮҮХЭНД МИНИЙ ХАНЬ ШИГ БАРИЛДААНТАЙ ХҮН ТУН ЦӨӨХӨН ДӨӨ

2023-07-03,   2078

Монгол Улсын дархан аварга Д.Цэрэнтогтох агсны гэрий О.Отгончулуунтай ярилцлаа.

-Таны ханийн бага нас хаана, хэрхэн өнгөрсөн юм бол. Багадаа ямар хүүхэд байсан гэж ярьдаг байв?

            -Миний хань Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Шаргын тасархай гэх газар айлын зургаа дахь хүүхэд болж мэндэлсэн юм билээ. Төрсөн газарт нь Их, бага майхант гээд асар шиг сайхан уул бий. Аавынх нь талынхан барилддаггүй ч гэлээ маш өндөр, биерхүү хүмүүс байсан гэдэг. Манай хадам аав манай хүнээс том болохоор дээл нь томдоод таардаггүй байсан. Харин ээж нь залуудаа эмэгтэй хүн гэхэд их иртэй, дэндүү бяртай байсан юм гэдэг. Манай хадам ээжийг залуудаа эмнэг хангалаас бууж, айж үзээгүй гэж ярьдаг байсан. Үнээ, мал нийлэх гэж байхад хэний ч хамаагүй эмнэг хангалыг унаад давхичихдаг байсан гэдэг.  

          Харин миний хань багаасаа адуу, малтай ноцолдож өссөн. Бидний үеийнхэн бүгд л тийм байсан даа. Манай хүн багадаа их эрх мөртлөө ажилд гарамгай сайн байсан гэдэг. Ялангуяа адуунд иртэй байсан юм билээ. Бага ангид байхдаа усан борооноор адуу уруудаж байхад адуугаа тогтоож, хаданд хашиж байгаад морио солиод уначихдаг байсан гэдэг. Таван настайгаасаа хурдан морь унаж байсан гэж ярьдаг. Манай хүн цайлган цагаан, шуналын сэтгэлгүй, сайхан хүн байсан. Өссөн орчин, хүмүүжүүлсэн аав, ээж нь үүнд их нөлөөлсөн гэж боддог.

-Таны хань их ажилсаг, бяртай хүүхэд байжээ. Тийм болохоор багаасаа  бөх болох мөрөөдөлтэй байсан болов уу?

             -Өөрөө болон аав, ээж нь бөх болно гэж боддоггүй байсан гэдэг. Харин ах, дүү нар нь “Бөх болж магадгүй. Энэ яг бөх болно” гэж ярьдаг, үеийнхнээсээ гойд илүү хүүхэд байсан тухай нь ярьдаг. Хань минь Өвөрхангай аймагт долдугаар анги төгсчихөөд Алтанбулагийн техниккумд хуваарилагдсан юм билээ. Гэтэл өмнөх жил нь үеэл нь тус сургуульд яваад бурхан болчихсон болохоор аав, ээж нь ханийг минь сургуульд нь явуулаагүй, Баянхонгорын барилгын техниккумд оруулсан гэдэг. Тэгээд манай хадам ах манай хүнд зодог, шуудаг авч өгч бөх болох замыг нь нээсэн гэдэг. Тэр цагаас хойш манай хүн бөхөд сонирхолтой болж, бүр сайн барилдаж эхэлсэн гэдэг. Сургуульд байхдаа барилддаг, тэшүүрээр гулгадаг, шатар, даам тоглодог спортлог, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Мөн математикийн хичээлдээ сайн, сэргэлэн хүүхэд байсан тухайгаа ярьдаг байсан. Сахилгагүй болохоор нь хүмүүс “Дашдоржийн хар хүн болохгүй шүү” гэж ярьдаг байсан гэдэг.

-Та хоёр хаана, хэрхэн танилцаж байсан бэ. Анх танд ямар хүн шиг санагдаж байв?

            -Манай хүн 1970 онд Зүүнбаянгийн цэргийн ангид хуваарилагдсан юм. Тэгээд Цэргийн баяраар барилдаж, аймгийн арслан түрүүлж, манай хүн үзүүрлэж байсан гэдэг. Дараа нь Дорноговийн наадамд шаггүй барилдсан. Тэгээд аав нь “Алдар” нийгэмлэгт оруулж байсан гэдэг. “Алдар” нийгэмлэгт орсон залуучууд биеийн тамир сурталчлахаар аймгуудаар явдаг байсан. Тэгж Баянхонгор, Өвөрхангайгаар явж байгаад хөлөө гэмтээчихсэн Өвөрхангай аймгийн эмнэлэгт ирж, бид 1972 оны хавар танилцаж байсан юм. Анх харахад, нэлээд булиа, нүдэнд дулаахан бор залуу байсан. Хоёулаа бие биеэ хараад л байсан.  Хүнд ерөөл учрал байдаг нь үнэн шиг санагддаг. Тэгээд зун нь манай хүн улсын начин болж байсан юм. Тэр үед би бөх гэж сонсож байснаас өөр юу ч мэддэггүй байлаа. Ханийгаа анх удаа улсын наадамд барилдахдаа зургаа давж, чимэгтэй начин болж байхад нь баяр хүргэхээ ч мэддэггүй байлаа шүү дээ. Тэр үед хань минь 21 настай, би 19 настай байлаа.

-Хүн бүхэн хорвоогийн жамаар хэн нэгэнтэй учирч бас хагацдаг. Таны хань ямар шалтгааны улмаас бурхан болсон бэ?

             -Миний хань зүрхний улмаас нас барсан. Оношоо сонсчихоод Өвөрхангай явах гэж зүтгэсээр байгаад эмнэлэгт нь очиж хэвтээд, бурхан болсон. Учирч байсан газраа хагацах үнэхээр хэцүү юм билээ. 43 жил ханиараа гоёж, сайхан амьдарсан. Заримдаа "Биднээс арай эрт явж дээ" гэж харамсдаг. Одоо манайх найм, есөн ач, зээтэй, хүүхдүүд минь төлөв төвшин сайхан амьдарч байна. Үүнээс илүү жаргал гэж юу байх вэ.

-Танд наадамтай холбоотой олон сайхан дурсамж байдаг байх. Гэхдээ?

            -Хань минь 1981 онд улс хувьсгалын 60 жилийн ойн баяр наадмын дараа гурван удаа автотээврийн осолд орсон. Тэр үед үнэхээр аймшигтай байсан. Түүнээс хойш бидний гэр бүлийнхэн баяр наадмаар бурхан болчихдог болсон. Миний аав, хадам ээж наадам болохоос хоёр, гуравхан хоногийн өмнө бурхан болж байлаа. Миний ах наадмын өдөр амьсгал хурааж байсан. Ийм хэцүү цаг үеийг бид хамт туулсан.

-Та ханийгаа ямар хүн байсан гэж ярих вэ. Наадмын өдрүүдээр барилдааныг нь үздэг үү?

           -Би ханийгаа бурхан болсноос хойш наадам үзээгүй. Наадмын үеэр хөдөө явчихдаг юм. Хань минь бурхан болоод долоон жил болжээ. Сүүлийн жилүүдэд наадмын нээлт, шөвгийн дөрвөн бөхийг хардаг болсон. Өвгөнийгөө ид сайн барилдаж байхад нь тавын даваанаас хойш хоол, цайг нь бариад очдог байсан.   Миний хань жинхэнэ уран, давтагдашгүй барилдаантай хүн байсан. Бөхийн түүхэнд миний хань шиг барилдаантай хүн тун цөөхөн дөө. Бараг байхгүй гэхэд болно. Тухайн үед улсын аварга болохын тулд аймаг аймгийн бөхчүүд шаталчилж барилддаг байсан. Тэгээд алгарсан 30 бөх хоорондоо гурван өдөр барилддаг, нэг өдөр 10 барилддаг байсан гэсэн үг. Хань минь тэгээд 30 удаа барилдахад нэг ч уналгүй түрүүлж байсан хүн шүү дээ. Хань минь улсын наадамд анх түрүүлэхдээ Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Дамдин гуай гээд гурван аваргыг давж, түрүүлж байсан. Тэр үед Дамдин гуай арай настай нь байсан юм билээ. Тэгээд ханийг минь тунаанаас гаргах гэж амлаж байсан гэдэг.

-Таны хань ид барилдаж байх үедээ нутгаасаа бараг ганцаараа барилдаж байжээ?

             -Тухайн үед өвгөнд минь хань болчихоор нутгийн бөх байгаагүй. Харин өвгөнийг минь том цолтой болсноос хойш нутгаас минь олон бөх төрөн гарсан даа. Тэгэхээр би ханийгаа булган сүүлтэй, буянтай хүн гэж боддог. Өвгөнийг минь аварга болсноос хойш Дүвчин заан, Ишгэн заан, Ганбаатар арслан төрж, Долгорсүрэн начин цолтой байснаа заан болсон. Шавь нар нь гэвэл, Ганхуяг арслан, Д.Сумъяабазар, Элбэг начин, Ядамсүрэн, Батсайхан, Батжаргал тэднээс гадна сумын хэдэн хүүг барилдаантай болгосон. Зарим нь надтай холбоотой байдаг. Хань минь нутгийнхаа хүмүүсийг дэмждэг, нутаг амьтай хүн байсан. Увс, Өвөрхангай, Архангайн бөхчүүд өвгөний минь гал дээр бэлтгэл хийдэг байсан.

-Таны үзсэн хамгийн сайхан наадам хэдэн оных вэ?

                -Ханийгаа улсын наадамд түрүүлж, аварга болоход нь их баярлаж байсан. Санаанаас гардаггүй хамгийн сайхан дурсамжуудын минь нэг. Би ханийгаа их холоос үзэж байсан юм. Тэгээд түрүүлчихээр нь хадам ах, охинтойгоо хамт Цэнгэлдэх хүрээлэн тойрч очоод ортол нутгийн бөхчүүд өвгөнийг минь өргөөд өөдөөс гүйж явсан. Бид гурав сандарсандаа буцаад гүйж байлаа.

-Та анх ханьтайгаа танилцахдаа бөхийн талаар ямар ч ойлголтгүй байсан гэлээ. Харин бөхийн эхнэр байна гэдэг ховорхон хувь заяа биз дээ?

             -Бөхийн эхнэр байна гэдэг яах аргагүй ховор, дээдийн заяа шүү дээ. Миний хань барилдаад унасан ч, давсан ч олон юм яриад байдаггүй сайхан хүн байсан. Давж, түрүүлж байснаасаа илүү унаснаа яриад инээдэг байсан. Ер нь унасан мэхэндээ дахиж унадаггүй байсан даа. Барилдааны хувилбарыг маш сайн мэддэг байсан шүү. Ханийг минь ид сайхан барилдаж байхад манайхаар хүн их цугладаг байлаа. Хөдөөний хүмүүс болохоороо сайн, муу санаагүй бүгдийг нь дайлж, цайлаад л гаргадаг байсан. Өвөл, зунгүй мах чанаж, айраг сөгнөөд л сайхан байж дээ. Бид хоёулаа айрганд дуртай байлаа. Тэгээд хаана ч явсан өвгөнөөрөө гоёдог, сайхан байдаг байж. Одоо ч өвгөнийхөө нэр алдрынх нь сүр хүчинд бөмбөрч л явна даа.

-Таны хань хүүхдүүддээ юу захиж, сургадаг байсан бэ?

            -Хань минь хүүхдүүдээ их эрхлүүлдэг байсан. Хүүхдээ цохиж, аашилж  байхыг нь мэдэхгүй юм байна. Бэлтгэлээсээ ирчихээд морь болж хүүхдүүдээ нуруун дээрээ мордуулж эрхлүүлдэг тийм л хүн байсан. Ер нь их хөдөлмөрч шүү. Өглөө бүр эрт босож, гүйдэг байсан. Наадмын өглөө ч гүйнэ. 1981 онд автозамын осолд орсноос хойш бие нь таагүй болж эхэлсэн. Гадаадад олон удаа эмчилгээ хийлгэж байсан. Тэр үед бэртэж, гэмтээгүй байсан бол одоо ч сайхнаараа байх байсан даа гэж боддог, харамсдаг юм. Хань минь 64 настайдаа бурхан болсон доо.

-Таны хань үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхөөр олон амжилт гаргаж байсан. Энэ тухай та ярьж өгөөч?

            -Манай өвгөн чөлөөтөөр дэлхийн аваргын шагналт байр, олимпын шагналт байр, Азийн алт, мөнгө, хүрэл, Дэлхийн цомын мөнгөн медальтай. Үүнээс гадна олон улсын тэмцээнд уралдаанд маш олон амжилт гаргаж байсан. Сүүлд нь үндэсний бөхөөр барилдуулахгүй гадаад руу тэмцээнд явуулчихдаг байсан. 1974-1976 онд шахаа их байсан. Тэгээгүй бол ханийгаа  үндэсний бөхөөр олон түрүү хүртэх байсан гэж боддог юм. Хань минь сүүлдээ чөлөөт бөхөө орхиж байж, үндэсний бөхөөрөө амжилт гаргасан. "Ер нь  шийдэмгий, хурдан мэхтэй, мэхийг нь тооцоолж барилдахад их  хэцүү" гэж бөхчүүд ярьдаг байсан. Тухайлбал, Ишгэн заан “Цэрэнтогтохыг ямар мэх хийх гэж байгааг мэдрэх, гүйцэж харах хэцүү. Тарган морин дээр мордчихсон юм шиг л байдаг” гэж ярьдаг байсан. Хань минь алиа хошин зантай, найз нөхөдтэйгөө дотно, найрсаг хүн байсан.

-Тамирчин хүнд бэлтгэлээс гадна сэтгэл зүйн бэлтгэл их чухал юм шиг санагддаг. Энэ бүхэн таниас хамаардаг байсан болов уу?

           -Олимп, дэлхийн аваргын тэмцээнд орохоороо бүтэн жилээр бэлтгэлд гардаг байсан. Наадмын өмнөх хэд хоногт би яг уяач шиг л байдаг байлаа. Ханийнхаа хоол, ундыг нь тааруулна. Сэрүүхэн, чимээгүй газар унтуулна. Хоол бага иддэг хүн байсан. Наадмын өдөр давс нь ихэдсэн юм уу гэмээр бор шөл, бор цай уудаг байсан. Мөн ханийнхаа дээлийг хүнээр оёулж үзээгүй. Шөнөжин сууж байгаад ч хамаагүй бүгдийг нь оёж дуусгаад, өмсүүлээд явуулдаг байсан. Тэгээд би хойноос нь хоол, цай бариад очиж үзнэ. Төв цэнгэлдэх хүрээлэнд наадам үзэхэд ямар хэцүү байдаг гэж санана. Ойр хавийн хүмүүс “Тэр унана, тэр давна. Тэр унаасай” гээд л хүнийг харааж үздэг. Хүний үрийг харааж, зүхэж үзэх ямар хэрэг байдаг байна. Нэг удаа нэг хүн миний ханийг унаасай гээд байхаар нь би шүхрээрээ цохихоо алдсан. Тэр үед залуу ч байж дээ. Харин одоо тэгсэн бол дуугарахгүй, тэвчих байх. Бас нэг хүн миний ханийг Х.Баянмөнх аваргаас мөнгө авч, унасан гээд агсамнахад нь би "Тэгэх хүн биш шүү дээ" гээд уйлж байсан . Гэхдээ бөхийн буян, ханийн минь буян их шүү дээ. Би энэ тухай хүүхдүүддээ "Сайхан аавынхаа буяныг зөв эдэлж, зөв явна шүү" гэж захидаг юм.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. 

              -Баярлалаа, үүнээс илүү зүйл ярих эвгүй, болохгүй байгааг ойлгоорой, дүү нар минь. 

 




 


ДАРХАН АВАРГА Д.ЦЭРЭНТОГТОХЫН ГЭРГИЙ О.ОТГОНЧУЛУУН: БӨХИЙН ТҮҮХЭНД МИНИЙ ХАНЬ ШИГ БАРИЛДААНТАЙ ХҮН ТУН ЦӨӨХӨН ДӨӨ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-02 12:37:25
    Yumchee: Tanaid ochihod saihan baidag bailaa.. Bid bugd zaluu baih dee. Avarga maani buyntai buuritai saihan hun shuu. Amgalan noirsogdoo. Otgoo egchdee eruul enhiig eruue. Bayarkhuu Yumchee 2- oos
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-01 15:04:07
    zochin: Iluu dutuu zangui gunduugui daruuxan engiin eldev xela amand orood baidaggui buuritai xun baij dee Olnii xair itgeliig daasan mundag tamirchin baisan shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-01 08:34:35
    Иргэн : Ёстой үнэн ... шүтээн бөхчүүдийн минь нэг байлаа ...
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188