• Өнөөдөр 2024-05-14

“ТОГЛООМЧИД” ЖҮЖГИЙГ ҮЗЭХ ТАВАН ШАЛТГААН

2023-04-24,   533

              Оросын алдарт зохиолч Н.В.Гоголийн “Тоглоомчид” зохиолыг Улсын драмын эрдмийн театрын найруулагч Ш.Ёндоншарав найруулан үзэгчдэд хүргэж байгаа билээ. Тэгвэл Эргэлт.мн сайтаас “Тоглоомчид” жүжгийг үзэх таван шалтгааныг хүргэж байна.
 
-СОДОН ТАЙЗ ЗАСАЛТ-
 
      Тайз засалтын хувьд цомхон мөртлөө содон байгаа нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байв. Хайрцаг дотроос уран бүтээлчид гар ирж, буцаж орно. Тэгээд нэг модон ширээн дөрвөн сандал, шүхэр, нэг жижиг хайрцаг, цаг. Ердөө ийм нэгэн эд хэрэглэл, тайз засалт дээр л уран бүтээлчид тоглох бөгөөд нэмэгдэж орсон нь бороо л байлаа. Ийм цомхон тайз засалт жүжигчид болон үзэгчдийн олон зүйлд сатааруулахгүй, хувь уран бүтээлчдийн жүжиглэлт, хэлэх үг, үйлдэлд анхаарал хандуулах нь илүү давуу талтай байв. Тэгэхээр тус жүжгийг үзэх нэгэнд цомхон бөгөөд сонирхолтой тайз засалт хүлээж байгаа гэдгийг дуулгая.
 
-АМТТАЙ НАЙРУУЛГА-
 
            Айхтар сунжруулаагүй амттай найруулгатай уран бүтээл болсон байна лээ. Тоглоомчид гээд ширээ тойрч суугаад тоглох нь үзэгчдэд илүү уйтгартай байх байсан. Харин яг тоглох хэсэгт ая тавьж тэд бүжиглэж байгаа нь үзэгчдийг уйдаахгүй, харин ч анхаарал татаж, цааш үзэх хүслийг төрүүлж байсан юм. Мөн инээх, уйлах, уурлах, гуниглах гээд хүнээс гарч болох бүх мэдрэмжийг багтаан харуулж байсан нь онцлог байх бөгөөд тоглоомчдын дунд өрнөх атаа хорсол, архаг санаа, наймаа гээд бүхнийг нэг дор харуулж байлаа.
 
-ОНОСОН ДҮРҮҮД-
 
      Дүрүүд харин тун оносон байна лээ. Тэр дундаа жүжигчин Н.Ялалтыг буржгар үстэй, нүдний шил зүүсэн алиа хошин байдлаар бид барагтаа бол харж байгаагүй. Эсрэг дүрийн эрэгтэй жүжигчид дотроо толгой цохидог жүжигчин О.Гэрэлсүх жүжигчнийг бид тийм гонгинуур, гоншигнуур нэгнээр мэдэхгүй. Тэгэхээр харин ч сонирхолтой бөгөөд оносон дүрүүд байв. Нэг талаараа оролцон тоглож байгаа жүжигчдийн ч ур чадварыг сорьж, нөгөө талаараа үзэгчдэд сонин шийдэл байсан. Харин Шинээгийн хувьд Ихарев гэх алдартай мөрийтэй тоглоомчийн дүр тун зохиж байна лээ. Тэгэхээр бидний мэдэх эдгээр жүжигчдийг арай өөрөөр харахыг хүсвэл тус жүжгийг зориорой.
 
-ӨӨРСДИЙГӨӨ ТОЛЬДОХ-
 
        “Тоглоомчид” жүжгээс бид өөрсдийгөө тод харах нь. Хэчнээн муухай хүний мөсгүй, хүн чанар, хүнлэг сэтгэлгүй, өрөвдөм улс болсноо нэг тольдох нь. Үнэндээ бид өнөөдөр бие биенээ хайрлаж байна гэж боддог ч угтаа хууран мэхэлж, бүхнийг нь хулгайлдаг. Бүр хөөргөж, магтаж, хамгийн сайн хүн гэж дуулж байгаад л хар ангал руу унагаадаг, амьдралыг нь үгүй хийдэг болсон. Бид хулгайчидтай мөр зэрэгцэн хамт амьдарч, бүр нэг тогооноос хоол иддэг ч хулгайч гэдгийг нь таньдаггүй, мэддэггүй явсаар дуусдаг. Энэ санааг тус жүжиг хэлж, харуулж, мөнхүү сануулсан бүтээл болсон байна.
 
-ЗАЛУУ НАЙРУУЛАГЧИЙН ГУРАВ ДАХЬ БҮТЭЭЛ-
 
      ГИТИС-ийг төгсөж ирсэн залуухан найруулагч Улсын драмын эрдмийн театрт өөрийгөө харуулж, цаг хугацаатай уралдаж, сурсан, мэдсэнээ үзэгчдэд үзүүлээд байгааг мэддэг, дараагийн бүтээлийг нь хүлээж  суугаа нэгэнд бол энэ түүний найруулсан гурав дахь бүтээл. Тэгэхээр Ш.Ёндоншарав найруулагчийн өсөлт, бууралтыг нь илүүтэй харах боломжтой гэсэн үг. Ирээд л тэр “Сычуаны сайн хүн” жүжгийг тавьсан бол дараа нь  Мөрөөдлийн театрын уран бүтээлчдийн “Шөнө буусан аадар” жүжгийг найруулсан. Харин одоо энэ. Тэгэхээр найруулагчийнхаа чанар чансаа, өсөлт, дараагийн хүлээлт гээд олон зүйлийг харах үзэгчийн хувьд яах аргагүй үзэх жүжиг.
    Ийм нэг таван шалтгааныг хүргэж байна. Мэдээж уншигч танд бидний хараагүй олон шалтгаан, санаа бий биз ээ.

“ТОГЛООМЧИД” ЖҮЖГИЙГ ҮЗЭХ ТАВАН ШАЛТГААН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188