• Өнөөдөр 2024-03-29

Б.БАТ-ЭРДЭНЭ: Чөлөөт бөхийн холбооноос виз гараагүй шалтгааныг асуухад "Элчин сайд нь өөрөө тамирчдын нэрсийг сонгосон" гэсэн хариу өгсөн

2022-12-09,   951

     Чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээнд оролцох бөхчүүдийн эхний ээлж тэмцээндээ явсан. Тус тэмцээнд АНУ-ын виз гараагүй гэдэг шалтгааны улмаас үлдсэн ОУХМ Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Дэлхийн цомд явсан тамирчдын мэдээнд 86 кг-ын жинд Б.Бат-Эрдэнэ барилдана гэсэн байх юм.  Дэлхийн цомд оролцох Бат-Эрдэнэ гэдэг нэртэй хоёр бөх байдаг юм уу?

     -Одоогийн байдлаар Үндэсний шигшээ багт надаас өөр Бат-Эрдэнэ байхгүй. Визтэй тамирчид түрүүлж явсан. Түүн дотор Бат-Эрдэнэ гэдэг тамирчин явсан байж магадгүй. Үүнийг би мэдэхгүй байна.

-Таны виз ямар шалтгааны улмаас гараагүй юм бэ?

      -Шигшээ багийн ахлах дасгалжуулагч АНУ-ын Элчин сайдын яам руу дэлхийн цомд оролцох тамирчдын нэрсийг явуулсан. Тэмцээнд явах 10 жингээс 97 кг-д Батзул визтэй байсан. Тэгээд найман жингийн тамирчид орсон. Гэтэл намайг оруулахгүй үлдээгээд Америкийн Элчин нэрс сонгосон гэж худал мэдээлэл өгсөн.

-Яагаад тамирчдын нэрсийг сонгосон юм бол.  АНУ-ын Элчингийн хүмүүст хандаж энэ талаар тайлбар, хариу авахгүй яасан юм бэ?

    -Би Америкийн Элчинтэй, элчингийн гадаа уулзсан. Танай Монголын чөлөөт бөхийн холбооноос тамирчдын нэрсийг өгсөн. Бид хэзээ ч нэрс сонгож хүнийг үлдээхгүй гэсэн хариулт өгсөн.

-Эрэгтэй тамирчид бүтэн багаар дэлхийн цомд оролцож чадахгүй боллоо. Нэг жинд хоёр тамирчныг визэнд оруулж болоогүй юм болов уу?

     -Анхнаасаа нэг жинд нэг тамирчин оруулна гэсэн. Зарим жинд шигшээгийн тамирчдыг давхарлан явуулж болох байсан.

-Виз нь гарсан тамирчдын нэрсийг  харахад  гол төлөв шигшээгийн ахлахын шавь нар байгаа юм биш үү?

     -Харин тийм ээ. Дандаа ахлах дасгалжуулагчийн шавь нарын виз гарсан байна лээ. Өөрийнхөө шавь нарыг визэнд оруулах гэсэн юм байна гэж хардаж байна. Зарим бөхийн нэр сүүлд нэмэгдэж орсон байгаа. Бид энэ байдлыг нь мэдэхгүй ийм нөхцөл байдалд хүрлээ.

-Чөлөөт бөхийн холбооноос  Улсын төсөв мөнгө байхгүй улмаас  тамирчдыг  хоёр тасалж визэнд оруулсан гэж байсан?

      -Үүнийг би сайн мэдэхгүй байна. Хэрвээ би эхний хэдтэй визэнд ороод визээ авсан бол хувийн зардлаараа дэлхийн цомд оролцох байсан. Би өмнө нь хоёр удаа АНУ-ын визэнд орж, хоёр удаа явсан. Гэхдээ одоо визийн хугацаа дууссан болохоор дахин орсон юм. Улсын төсвийн мөнгөө, эд нар болгож чадахгүй байсан бол аль эртнээс "Та нар өөрсдөө зардлаа хөөцөлдөж байгаарай" гэж хэлэх ёстой байсан. Яагаад заавал тэмцээний цагийг нь тулгаж байж үүнийгээ хэлж байгааг нь ойлгохгүй байна. Анхнаасаа виз авах хүсэл сонирхолтой байсан байна. Тэгээд төсөв байхгүй болохоор явж чадахгүй гэж хүмүүст хэлэх гэж бэлдэж байсан байх. Тийм ч учраас өнөөдөр шигшээгийн ахлах болон Монголын чөлөөт бөхийн холбоо ажлаа хийхгүй байна.

-Энэ бүхэн Чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн даргын ажлын хариуцлагагүй байдлаас болсон юм биш үү?

       -Хамаг буруугаа П.Буяндэлгэр эгч рүү болон Чимгээ эгч рүү чихээд байх хэрэггүй. Энэ асуудалд бүгд хариуцлага хүлээх ёстой. Бид дахиж эдгээр хүмүүстэй ажилламааргүй байна. Олон  ч хүн ийм үзэл бодолтой байгаа болов уу. Бид хувийн эрх ашгийг биш, Монгол Улсынхаа шигшээ багийн төлөө нэг үзэл бодолтой байх ёстой. Шигшээ багийн багш болохоор шавь нараа л дандаа бэлтгэл сургалтад гаргаж, тэмцээн, уралдаанд явуулдаг байдлыг болих хэрэгтэй.

-Дэлхийн цомд явж чадаагүй үлдсэн тамирчид гомдолтой байгаа юу?

     -Бүгд л гомдолтой байгаа байх. Ганхуяг гэхэд 92 кг-д барилдах ёстой байсан.  Гэтэл визэнд орсон боловч он сарыг нь зөрүүлэн сольж бичсэнээс болж эхний хэдтэй явж чадалгүй үлдсэн.


Б.БАТ-ЭРДЭНЭ: Чөлөөт бөхийн холбооноос виз гараагүй шалтгааныг асуухад "Элчин сайд нь өөрөө тамирчдын нэрсийг сонгосон" гэсэн хариу өгсөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-09 13:49:21
    хог дасгалжуулагч: энэ чөлөөтийн дасгалжуулагч нар гэж их хогын тулга тойрсон зантай өөрслийнхээ хэдхэн шавь нараал авч явж байна жүдог хар хэн хүчтэйнь шударгаар явж байна овоо хөгжихнүү гэсэн бахь байдгаараа л байн
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188