• Өнөөдөр 2026-06-17

Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан

2026-06-17,   162

Олон улсын таеквондо-гийн 2026 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний тулааны  62 кг-ын жинд өрсөлдөж алтан медаль хүртсэн Мөнх хөх сүлд клубийн тамирчин, зэвсэгт хүчний 189-р ангид ахлах ахлагч, Улсын шүүгч, Үндэсний шигшээ багийн тамирчин  Тогоосүрэнгийн Буяннэмэхтэй ярилцлаа. Тэрбээр таеквондо-гийн спортын ОУХМ цолтой. “ITF”-ийн олон улсын хар бүстэй.  “ITF” таеквондо-гийн Монгол Улсын арван удаагийн аварга тамирчин юм.  Т.Буяннэмэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл медальтай. Ази тивийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.

2026 оны “ITF-ийн УАШТ-д түрүүлж Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх хүртсэнд баяр хүргэе.

      -Сайн байна уу. Танд маш их баярлалаа.

-Хэд дэх удаагаа УАШТ-д түрүүлээд байна. Энэ жилийн УАШТ-д хэдэн төрөлд өрсөлдөж, хэдэн медаль хүртэв?

      -Олон улсын таеквондо-гийн 2026 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн тулааны 62 кг-ын жинд өрсөлдөж алтан медаль хүртсэн. Энэ жил арав дахь удаагаа УАШТ-д түрүүлж, арав дахь алтан медалиа хүртээд байна.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар тамирчин байсан бэ?

      -Хүнд бэртлээс буцаж ирээд улсын аварга болох хамгийн сайхан байсан. Би хүнд бэртэл авч гурван жил завсардсан. Тэгээд бэртлээ бүрэн эдгээгээд энэ жилийн УАШТ-д оролцлоо. Бэртлийн дараах эхний тэмцээн байв. УАШТ болохоор хөдөө орон нутаг болон хотын клубуудын хамгийн шилдэг гэсэн тамирчид өрсөлдсөн.  Бүгд л хүчтэй өрсөлдөгч нар байлаа.

-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

     -Намайг Тогоосүрэнгийн Буяннэмэх гэдэг. Би 28 настай. Нөхөр хоёр хүүгийн хамт амьдардаг. Төрийн албан хаагч, зэвсэгт хүчний 189-р ангид ахлах ахлагч цолтойгоор үүрэг гүйцэтгэдэг эмэгтэй байна.

-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?

     -Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Хотын уугуул иргэн.

-Бага нас нь аль дүүрэг, хороололд өнгөрөв?

      -Миний бага нас Сонгинохайрхан дүүргийн 7-р хороонд л өнгөрсөн дөө. Аав, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг байлаа.

-Багадаа хэр хөдөлгөөнтэй хүүхэд байсан бэ?

      -Бага байхын л сэргэлэн цовоо, гүйж, дэгдэж, харайсан хөдөлгөөнтэй, спортод элдэвтэй охин байсан даа. Дунд сургуулийн хоёрдугаар ангид байх үеэсээ л сургуулийнхаа жил бүр болдог “Алтан намар” спартакиадад оролцож, медаль хүртэж эхэлсэн.

–ЯагаадITF”-ийн таеквондо-гийн спортыг сонгож, сонирхон хичээллэх болсон юм бэ?

      -Намайг тавдугаар ангид орсон жил багын найз маань таеквондо-гийн дугуйланд бүртгүүлсэн байв.  Намайг хань татаж, хамтдаа явъя гэсэн. Тэгээд л найзыгаа дагаж таеквондоод анх хөл тавьж орсон. Яг л надад таарч тохирсон, миний сонирхлыг татсан спорт байсан даа. Таеквондо-гийн спортод намайг оруулж өгсөн багын найздаа маш их баярлаж явдаг.

-Анх тулааны спортоор хичээллэх үед тань гэр бүлийнхэн нь эсэргүүцэж байсан уу?

      -Анх таеквондо-гоор хичээллэж үед гэр бүлийхэн, аав, ээж маань дургүй байсан. Би цасан шуурга шуурч байсан ч бэлтгэлээ таслахгүй гээд явдаг байлаа. Манай гэрийхэн охин хүүхэд тулааны спортоор хичээллэж, бэртэж, гэмтэнэ гээд л санаа зовсондоо дургүй байсан байх. Тэгээд 2-3 сар хичээллээд анхны тэмцээнд орсон нь УАШТ байж таарсан.  Тэр УАШТ-ээс алтан медаль хүртэж, ээж, аав маань намайг хүлээн зөвшөөрсөн. Түүнээс хойш намайг тултал дэмждэг болсон. Аав маань надаас түрүүлээд тэмцээн болох зааланд очоод суучихдаг. Ээж маань хоол цай бэлдээд араас ирдэг болсон.

-Таеквондо-гийн анхны багш нь хэн бэ?

      -Би анх “Мөнх хөх сүлд” клубийн Аюурзана багшийн секцэнд орж байсан. Одоо хүртэл Аюурзана багшийнхаа удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа.

-Одоо таеквондо-гийн спортын ямар, зэрэг цолтой вэ?

      -Таеквондо-гийн спортын ОУХМ цолтой. “ITF”-ийн олон улсын хар бүстэй. БТСТА цол, тэмдэгтэй.

- Таеквондо-гийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?

        -Би 2009 онд анх анх хичээллэсэн гэхээр одоо 17 дахь жилдээ хичээллэж байна.

- Таеквондо-гоос өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?

        -Том амжилт гаргаж, тив, дэлхийн медаль хүртсэн спорт бол таеквондо. Харин бусад спорт гэвэл сагсан бөмбөг, гар бөмбөг, цэрэгжилтийн спорт, гимнастик, гардан тулаан гээд олон төрлөөр тэмцээн уралдаанд орж медальт байрт шалгарч байсан.

-Тамирчнаас гадна шүүгчээр ажиллаж харагддаг. Шүүгч болоод хэр удаж байгаа вэ?

     -Би 2014 оноос хойш шүүгчээр ажилласан. Одоо 12 жил шүүгч хийж байна. Арван жилийн хугацаанд  бүх тэмцээн, уралдааныг тасралтгүй шүүж Монгол Улсын шүүгч гэдэг цолыг 2025 онд хүртсэн. Одоо зэрэглэлээ ахиулж, Олон улсын шүүгч болж, мэдлэг чадвараа хөгжүүлэх гэж ажиллаж байгаа. 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах  Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгч хийх нөөц бололцоо бий.  Харин тамирчнаар өрсөлдөх  хүн, шүүгч хийх боломжгүй учраас энэ удаа шүүгчээр ажиллахгүй.

-Үлгэр дуурайл авдаг тамирчин бий юу?

      -Монгол болон гадаадын чадварлаг тамирчдыг харж үлгэр дуурайл авдаг. Мөн шинэ залуу тамирчдадаа өөрийн мэдэх, чадах зүйлийг заан өгч, зөв үлгэр дуурайл болохыг  эрмэлздэг.

-Таеквондог-ийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?

      -Би “ITF” таеквондо-гийн Монгол Улсын арван удаагийн аварга. Мөн Ази тивийн аваргын алт, мөнгө, хүрэл медальтай. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хошой хүрэл медаль хүртсэн амжилтуудыг одоогоор гаргасан байгаа.

-Сэтгэлд тань хоногшин үлдсэн, дурсамжтай ямар тэмцээн байдаг вэ?

     -Сэтгэл хоногшин үлдсэн тэмцээн гэвэл 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байгаа. Тус ДАШТ Беларусь Улсын Минск хотод зохион байгуулагдсан. ДАШТ-ий хүрэл медалийн төлөө тулалдсан юм. Тулааны цаг дуусахад аравхан секунд үлдсэн. Гэтэл би оноо дутуу явж байв. Ингээд хожигдож, медальгүй буцах гэж үү. Бэлтгэл, сургуулилалт, тэмцээний зардал гээд өчнөөн саад, бэрхшээлийг даван туулж, энэ хүртэл явчихаад хожигдож болохгүй гэсэн бодол хоромхон зуурт зурс хийгээд харваад өнгөрсөн.

     Тэгээд арван секундад бүх хүчээ шавхаад, зүтгэж, тулалдаад хожил авсан. Тэр дурсамж маань одоог хүртэл толгойноос гардаггүй юм. Ер нь тэмцээний зардал  байхгүйгээс болоод олон тэмцээнд оролцож чадахгүй үлдэж байлаа. Зардал олж, явсан ДАШТ-д амжилттай оролцож медаль хүртсэндээ их баярласан. Одоо харьцангүй таеквондо-гийн спорт маань хурдацтай хөгжиж байна. Манай спортод дуртай, дэмждэг хүн олон болжээ. Тийм болохоор удахгүй ямар нэгэн компанийн тамирчин болоод олон улс, тив, дэлхийн аваргын тэмцээндээ саадгүй оролцон амжилтад хүрэх байхаа гэсэн итгэлтэй байгаа.

Хөл, гарын ямар цохилтыг гол төлөв хийдэг вэ?

      -Манай Олон улсын таеквондо-гийн тулааны төрөлд  хөлийн цохилт 50 хувь, гарын цохилт 50 хувийг эзэлдэг. Миний хувьд тулаан хийхдээ гол төлөв хөлийн цохилтыг түлхүү хийж, давуу байдал үүсгэн тулалддаг онцлогтой.

-Түль, тулаан, хатуу биет хугалах төрлийн алинд нь илүү дуртай вэ?

      -Манай таеквондо-гийн спортын ДАШТ таван төрлөөр явагддаг. Би тулааны төрөлдөө илүү дуртай. Гэхдээ тэмцээнд бүх төрлөөр оролцохыг хичээдэг.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

      -Би гэр бүлтэй болоод олон зүйл маань өөрчлөгдсөн. Ганц бие байхдаа чөлөөт цагаараа дандаа бэлтгэл сургуулилалт, өөрийгөө хөгжүүлэх тал дээр ажилладаг байлаа. Одоо болохоор чөлөөт цагаараа нөхөр, хүүхдүүдтэйгээ гадуур зугаалж, гэр бүлээрэй тайван амгалан байхыг илүүд үздэг болсон. Хоёр хүүхдэдээ цаг зав гаргаж дуртай юмыг нь хийлгэж, тоглоомын төвд тоглуулан, жаргалтай байгааг нь харж л кайф авч амьдарч байна даа. Бүх зүйлийг хослуулж жигд явуулахыг эрмэлздэг болохоор чөлөөт цагаа зөв төлөвлөж бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй явуулдаг.

-Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?

        -Одоо 2026 оны наймдугаар сарын 3-9-ний хооронд Азийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байгаа. Аравдугаар сард Казахстан Улсад дэлхийн цомын тэмцээн болно. Хоёр жилд нэг удаа болдог ДАШТ 2027 онд Хятад Улсад зохион байгуулагдана.  Дэлхийн аваргад ивээн тэтгэгч  байгууллага олдвол оролцоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдөл юу байна вэ?

    -Тамирчин  хүн бүхний л зорилго, зорилт нэг байдаг шүү дээ. Дэлхийн тавцанд, олимпын дэвжээнд Монголынхоо далбааг мандуулах зорилготой. Ажил мэргэжлийнхээ хувьд зэвсэгт хүчний ахлагчийн албанд арав дахь жилдээ ажиллаж байна. Үлдсэн ажиллах хугацаандаа мэдлэг чадвараа дээшлүүлэн офицерын эгнээнд шилжин ажиллах бодол бий. Монгол Улсаа төлөөлж НҮБ-ийн энхийг сахиулах  ажиллагаанд оролцох  зорилго мөрөөдөл тээн ажиллаж байгаа. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн их дэмжлэг үзүүлж бэлтгэл, сургуулилалтаа хангах нөөц бололцоог маань хангаж өгч байгаа зэвсэгт хүчний 189-р ангийн захирагч, Штабын дарга, ангийн бие бүрэлдэхүүн, офицер нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.

 


Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188