“ХОРИОТОЙ ЦАГААН САР”
Намайг бага байхад манай Деревенгийн Цахирын Нарийн гудамжны хавийн айлууд цагаан сарыг их нууцхан гэр бүлийн хүрээнд ёслодог байсан. Айлууд тавгийн идээ засна. Бууз, багш чанана. Сэлэнгийн Хушаат сумын угшилтай, Давхрын өртөөний унаган иргэд хэмээн өөрсдийгөө нэрлэдэг айлууд зүсмэл маягийн урт хавсай боорцог хийж таваг засна. Харин халх айлууд хэвийн боов, Ховд, Увс аймгаас ирсэн айлууд гүрмэл боорцог хийдэг байв. Одоогийнх шиг тийм өндөр таваг засахгүй, хэвийн боовыг хамгийн ихтэй л таван үеэр тавьдаг байсан байх. Цагаан сарын өдрүүдэд МАХН-ын идэвхтэн гишүүд, хорооны дарга, аравтын дарга, хэсгийн ахлагч нар айлуудаар орж тандалт, шалгалт хийнэ гээд тавгын идээгээ бүтээгээд шүүгээ, саванд нуудаг байлаа.

Одоогийнх шиг өргөн дэлгэр золголт хийхгүй, гэр бүл, айл хот, найз нөхөд, хамаатан садны хүрээнд цомхон нууцхан тэмдэглэдэг байсан санагддаг. Хар чавга, үзмийг дрожоор исгэн брашик хийнэ. 20 литрийн шилэн саванд хийж, үүсэн бөглөөгөөр таглаж, хучаад ханын пийшэнгийн ард дулаан газар тавина. Хүүхдүүд хар, чавгыг нь хулгайлж иднэ. Цагаан сарын өдрүүдэд хүүхдүүд айл их хэснэ. Айлууд хүүхдийн гар хоосон гаргахгүй гэж 12 мөнгөний дэвтэр, бэхийн сав, балийн харандаа, дүрдэг үзэгний иш, хошуу, нусны алчуур, 1-5 төгрөгийг, хатуу, зөөлөн чихэртэй өгнө. Зарим айл хэвийн боов, ёотон, мөсөн чихэр, нандин чавга, нар хамба, дугуй жижиг төмөр савтай мамбасай, шоколадтай банкя печень өгөх нь бий. Хүүхдүүд их цамаан хатуу гаатай болон чөмөгтэй чихрийг айлын хашаа давуулаад шидчихнэ. Зөөлөн 24-ийн баавгайтай чихэр өгсөн айлыг “баян айл” гэж магтана.
Манай өвөө “Та нар ийм хорио, цээртэй цаг үед заавал хэвийн боовоор таваг засах алба байхгүй ээ. Бидний дээр үед сүмэрийг хуурай арвайн гурилаар уул мэт шовойлгоод орой дээр нь шар тос тавьдаг байсан. Сүмэр гэдэг чинь сүмбэр уулыг бэлгэдэг байгаа зүйл шүү дээ” гэмээн хуучилдагсан. Тэр үед би “Цагаан сарыг яагаад тэмдэглэж болдоггүй хориглодог юм бэ” гэж аав, ээжээсээ асуухад, “МАХН-ын үзэл сурталд нийцэхгүй. Манай улсын их удирдагч Х.Чойбалсан гуай цагаан сарын өдөр өөд болсон юм. Түүнээс хойш уй гашуутай хар сар гээд нийт ард түмнийг тэмдэглэхийг хориглосон, зөвхөн нэгдэлчин, малчид л тэмдэглэж болно” гэж байсан билээ.
ДАВХРЫН ӨРТӨӨНИЙ СҮҮН ЗОВАДЫН АЙЛУУД

Манай хөрш айлууд өөрсдийгөө Дарханы унаган иргэд гэж ярина. Хөдөө, хотоос нүүж ирсэн айлуудыг цагаачид гэж тоглоом, шоглоомоор хочилно. Харин тэднийг хүмүүс Сэлэнгэ аймгийн Хушаат сумын харьяат, Давхрын өртөөний Сүүн зовадынхон гэдэг байсан. “Ногоон” Сундуй, кино механикч Гомбосүрэн, Сүрэнхорлоо, Цэрэн, Ханд, Пүрэвсүрэн, Цагаач, Шарав, Хас, Нанзадбаатар, Чойжил, Бямбаа гээд л айлууд байх. Тэдгээр айлууд маш олон хүүхэдтэй. Ихэнх нь 6-12 хүүхэдтэй байсан. Харин манайх таван хүүхэдтэй хамгийн бага хүүхэдтэй айлын тоонд ордог байв.
Хушаат сумаас гаралтай айлууд маш сонин хөдөөнөөс нүүж ирсэн айлуудаас тэс өөр ёс заншилтай. Цагаан сарыг тэмдэглэх боловч, тэгэж их ач холбогдол өгөөд таваг, идээ засаад байхгүй ёсчилсон болоод өнгөрнө. Харин шинэ жилийг нижгэр, өргөн тэмдэглэнэ. Хавар тавдугаар сард халиар түүж, халиартай хуушуур, бэн хайрна. Зун мөөгөнд явна, загас барина. Намар, самар, жимс түүнэ. Талх барина, мантуу хийнэ, гахай, тахиа үржүүлнэ, ногоо их тарина. Ер нь Орос хэв маягтай амьдралтай. Хөдөөнөөс нүүж ирсэн айлууд ногоо тарих нь битгий хэл идэхгүй. Албан байгууллагууд намар төмс, лууван, манжин, байцаа өгөхөөр малтай айлуудад тэжээл болгоод малдаа өгчих гээд өгнө.

Кино механик Гомбосүрэн гуай зуны орой хааяа нэг манай байшингийн ханан дээр кино гаргаж, ойр хавийн айлуудад үзүүлж соёлыг түгээнэ. Харин Сүрэнхорлоо гуайн хүү дугуйн спортын мастер Бямбасүрэн ах дулааны улиралд дугуй, мотоцикл унана, гар бөмбөг, сагс, хөл бөмбөг тоглоно. Өвөл болохоор хашаандаа мөсөн гулгуурын талбай хийж, ангийнхаа болон бусад сургуулийн багийг урьж, хоккейн тэмцээн явуулна. Бас болоогүй тэмцээний дундуур гэрийнхээ салхивчийг онгойлгож байгаад ЗХУ-ын хоккейн багийн ялалт авсан талаарх мэдээллийг чанга яригчаар танилцуулдаг байв.
Харин Цэрэн гуайнх тэр хавьдаа хамгийн баян чинээлэг, боломжийн амьдралтай айлуудын нэг байсан. Тэднийг их том ногооны талбайтай. Төмс, лууван, байцаа, манжин, өргөст хэмх, улаан лооль, чинжүү, тарвас, нар цэцэг хүртэл тарина. Олон гахай, тахиатай. Манай гудамжныхан орой тэднийд орж зураг үзнэ. Би Цэрэн гуайн хүү Доржоотой их тоглодог байсан. Доржоо орос дэлгүүрээс авсан унадаг дугуй, тоглоомон машин, олон янзын буу, тоглоом ихтэй. Тэгсэн хэрнээ модоор машин, буу, сэлэмийг өөрөө хийдэг байж билээ.
ЦАГААН САРЫН ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭДЭГ БОЛОВ

Гурил, тэжээлийн үйлдвэрийн анхны туслах аж ахуй байгуулагдахад 1976 онд манайх мал авч хөдөө гарсан. Тэр үеэс хойш цагаан сарыг хориглох хорио цээр арай суларч, нийтээр өргөн дэлгэр тэмдэглэх болсон санагддаг. Манайх малчин болохоор ямарч айх аюулгүйгээр ууц чанаж, идээ таваг засдаг болсон. Хэвийн боов хийх, бэмбээний гурил нухаж, эвэнд оруулна гэдэг амаргүй хүнд ажил байлаа. Мөн бууз, банш хийх нөр их ажлын амтыг мэдэрдэг болсон. Ээжийн авдарт хадганд боолтой олон жил ашиглаагүй нууцалж байсан, сийлбэртэй, том, жижиг модон хэвийн үүрэг, ролийг тэр үед мэдэрдэг болсон. Модон хэвээр дуртай хүн болгон хэвийн боовыг хэвлэж чадахгүй. Хэв дардаг мэргэшсэн маягийн хүн байдаг байлаа. Айл саахалтаараа хамжиж байгаад тавгийн боов, бууз, баншаа бэлтгэнэ.
Одоогийн Хөтөл хороолол, тэр үеийн Улсын нэгдсэн пондын өвсөн цэгийн зүүн талын толгойн өвөрт манай өвөлжөө байдаг байлаа. Их буланд бороо хур их орно. Дөрөө зурсан их өвс ургана. Өвс их ургадаг болохоор ялаа, шумуул нь барих шахана. Намаг, шалбааг ихтэй болохоор усны шувуу их цуглана. Оросууд шувуу их буудна. Цагдаа нар тэдэнд ямар ч арга хэмжээн авахгүй. Харин монгол айлуудад буу байвал шууд л хурааж аваад, торгууль тавина гэж сүрдүүлнэ. Орхон Жимс ногооны САА-н малчид Ноёнхонгорт зундаа ирж зусна. Хараа голын баруун талд Алтан хундага орчимд Сэлэнгийн Хушаат, Энхталын цагаан үнээний фермийн айлууд зусаж, Хүнсний комбинатад сүүгээ нийлүүлдэг байв.

1978 оны нийгэмчилгээний дараа, Ноёнхонгор, Их булангийн малчин айлуудын мал багасаж, Дархан хотын төв рүү нүүх болсон. Харин үйлдвэр албан байгууллагууд 1983 оноос хойш туслах, аж, ахуйтай болсон нь буцаад малчин айлуудыг тоог бага зэрэг нэмэгдүүлсэн. УГТЭШХ-ийн туслах аж ахуй айлууд Ноёнхонгорыг бүрэн эзэлж буусан. Тэр үед манай ах морь унаад Хүнсий комбинатын хойд талын толгойд даваад 1-р арван жилийн сургууль руу хичээлдээ явдаг байлаа. Заримдаа явган гүйгээд л явна.
Тухайн үед Дарханы хүнсний комбинат “Алтан шагай”, “Эрдэнэт”, “Минжийн хангай”, “Хавар” зэрэг зөөлөн чихэр үйлдвэрлэдэг байсан. Харин Мах комбинатын үйлдвэрт баруун аймгуудаас тууварчид ирж, малаа тушаадаг байв. Хавар 4-5 сард нутгаасаа гарсан тууварчид намар 8-10-р сарын хооронд Дарханд ирж малаа тушааж дуусна. Тууварчид хөдөө цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэж байгаа гэж ярьдаг байлаа.
1980 оноос хойш баруун аймгаас Ховд, Увсын айлууд эрчимтэйгээр нүүж ирэх болсон нь Дарханд цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэх шалтгаан болсон юм. Хөдөөнөөс нүүж ирсэн малчид ямарч айх айдасгүйгээр цагаан сарыг тэмдэглэдэг байв. Хорооны дарга, аравт, хэсгийн идэвхтэн, намын гишүүд тэднийг хорьж дийлэхээ больсон. Хөдөөнөөс нүүж ирсэн иргэд монгол дээл хувцас их өмсөнө. Хотын иргэд тэднийг дагаад цагаан сараар монгол, дээл өмсдөг болсон.
ШУРГУУ ХЭМЭЭХ АДУУЧДЫН БАЯР

Цагаан сарын өмнө битүүний өдөр шиг санагдана. Адуучид цугларч шургуу хэмээх өдөрлөг бяцхан наадам маягтай ёслолыг хийдэг байлаа. Манай өвөлжөөний зүүн талын сүүлд БХТН-ийн авто сургалтын жолооны талбай болсон тэгш талбайд адуугаа цуглуулан шургуу хийдэг байлаа. Чүлтэм цагдаа, Санжсүрэн цагдаа, “Жаал” хэмээх Адъяа, Намжил, “Архангайн Билэгт, Шаравдорж, Мажигжав, “Панаал” хэмээх Чимэд, Олзвой, “Замын” Самбуу, Жанжаахүү, “Хар” хэмээх Миеэ, “Шовх шар” хэмээх Хишигдэмбэрэл, “Хавтгай” хэмээх Пүрэвжав, “Жороо” хэмээх Цамба, Догсом, “Офицер” Цэрэндорж, “Хар” хэмээх Ханд, “Вагон хар” хэмээх Дашнамжил, Очирбат гээд олон адуучин цугладаг байлаа. Арц, хүж уугуулж, адуу малаа ариусгана. Идээ, таваг засна. Архи, нэрмэл задална.
Тэд морьтой болон явганаар морь уургалж, бугуйлдана. Эмнэг сургаж, адуучид өөрсдөө морио унаж ойрын зайд 2-3 км газар уралдана. Чухам яагаад хүүхэд унуулж өвлийн цагт морь уралдуулдаггүй байсныг мэдэхгүй. Харин хүүхдүүдийг хооронд нь барилдуулна. Овоо өөд гүйлгэж уралдуулан, түрүүлж ирсэн хүүхдийг шагнаж урамшуулдаг байсан. 1978 оны нийгэмчилгээний дараа адуутай айлууд цөөрч шургуу хийх нь багасан юм. Хот газрын иргэдийг таван толгой бодтой, 10 толгой бог малтай байх хууль хэрэгжих болсон нь адуу, адуучин хоёрыг бараг л устгасан зүйл болсон доо. Сүүлд 1983-1986 оны үед үйлдвэр, албан газруудын туслах аж ахуйн адуучид битүүний өдрийн шургууг сэргээсэн боловч цөөн адуучдын дунд хийж багаад больсон юм. Шургуу гэдэг нь одоогийн “Адуучин” тэмцээн шиг л юм байж дээ.
| МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР |
|
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
Т.Түвшинтулга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ
2026-02-15 20:43:23
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг УРИАЛЖ байна
2026-02-15 17:38:54
2026-02-15 15:39:21
Уран сайхны гимнастикийн “АЛДАР-80” тэмцээн эхэллээ
2026-02-15 15:26:20
Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ
2026-02-15 14:54:50
Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
2026-02-15 12:17:10
Казахстаны уран гулгагч М.Шайдоров өвлийн олимпоос алтан медаль хүртлээ
2026-02-15 10:32:24
Б.Хулан, М.Энхбилэг нар Европын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
2026-02-15 09:59:19
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-02-15 07:51:36
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-02-15 07:13:21
А.Амин-Эрдэнэ “No-Gi” төрөл улсын аваргаас алтан медаль хүртжээ
2026-02-15 07:10:00
Инкүши Ж.Энхсоёл хөнгөн бэртэл авч тоглолтоос чөлөөлөгджээ
2026-02-15 07:00:00
26 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Г.ХҮРЭЛСҮХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЧРААС ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ, ГЭРЭЭСЭЭ НҮҮХГҮЙ БАЙГАА
2026-02-15 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-02-15 07:00:00
ДУРДАТГАЛ: МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙН АЖЛЫН ӨРӨӨ БАЙСАН 204 ТООТ ӨРӨӨНИЙ ҮҮДНЭЭС...
2026-02-15 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-02-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |