• Өнөөдөр 2026-01-27

Ж.УРАНГОО: Олимпын наадамд М.Уранцэцэг эгчийг барилдаж байхыг хараад жүдо бөхөөр хичээллэх бодол төрсөн

2026-01-27,   82

Хэнтий аймгийн Чингис хотод  нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн билээ. Энэ удаагийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд түрүүлсэн Орхон аймгийн “Орхон-Ирээдүйн-Одод” дэвжээний 18 настай залуу тамирчин, спортын дэд мастер Жадамбын Урангоотой ярилцлаа. Тэрбээр УАШТ-ий “Эмэгтэй шилдэг тамирчин” шагналыг хүртсэн. Мөн Ази тивийн хошой аварга, ОУХМ П.Лхамдэгдийн “Нэрэмжит тусгай шагнал”-ын эзэн болсон. Ж.Урангоо 2024 оны өсвөр үеийн УАШТ-ий мөнгөн медальтай. Азийн цомын цуврал тэмцээнээс алт, мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байлаа. 2025 оны жүдо бөхийн залуучуудын УАШТ-ий мөнгөн медальтай. 2026 онд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртээд байна.

-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, “Шилдэг эмэгтэй тамирчин” шагналыг хүртсэнд баяр хүргэе.

     -Сайн байна уу. Танд их баярлалаа.

-УАШТ-д хэдэн тойрог барилдаж алтан медаль хүртсэн бэ?

       -Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д дөрвөн тойрог барилдаж алтан медаль хүртлээ.

-Жингийнхээ шилдэг тамирчин ОУХМ О.Хүслэнг ялсан. Удаан хугацаанд О.Хүслэн барилдахгүй байж байгаад УАШТ-ий өмнө ирсэн. Түүний бэлтгэл тааруу байв уу, Чиний бэлтгэл үнэхээр сайн хангадсан байв уу?

    -Манай жингийн шилдэг тамирчин, ОУХМ О. Хүслэнгийн бэлтгэл сайн байсан шүү. Миний ч гэсэн  бэлтгэл их сайхан таарсан даа.

- Өнгөрсөн 2025 онд  жүдо бөхийн шилдэг тамирчдын “Топ-6”  чансаа олгох тэмцээнд түрүүлсэн байх аа?         

     -Тийм ээ, өнгөрсөн 2025 онд жүдо бөхийн жин тус бүрийн шилдэг зургаан тамирчин өрсөлддөг  “Топ-6 “ тэмцээнд түрүүлсэн. Түүнээс өмнө “Топ-6” тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан.

-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

      -Намайг Жадамбын Урангоо гэдэг.

-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?

       -Би 2007 онд Баянхонгор аймгийн хуучнаар Байдрагийн сангийн аж ахуй буюу одоогийн Жаргалант суманд төрсөн.

 -Айлын хэд дэх хүүхэд вэ?

       -Би одоо 18 настай. Айлын хоёр дахь хүүхэд байгаа.

 -Бага нас нь хаана өнгөрөв?

     -Миний бага нас маань Орхон аймгийн Эрдэнэт хотын  Жаргалант суманд өнгөрсөн.

-Жүдо бөхөөр хичээллэхээс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?

     -Жүдо бөхөөс өөр спортын төрлөөр хичээллэж байгаагүй. Миний анхны сонгож хичээллэсэн төрөл л жүдо бөхийн спорт байсан.

-Жүдо  бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?

     -Би жүдо бөхийн спортоор 2022 оноос эхлэн хичээллэж байгаа. Одоо дөрөв дэх жилдээ энэ спортоор хичээллэж байна.

 –Жүдо бөхийн спортын ямар зэрэг цолтой вэ?

       -Би жүдо бөхийн спортын дэд мастер цолтой.

-Жүдо бөхийн анхны багш нь хэн бэ?

     -Миний жүдо бөхийн анхны багш гэвэл самбо бөхийн дэлхийн аварга, Эрдэнэт хотын “Орхон- Ирээдүй-Одод” клубийн дасгалжуулагч, ОУХМ, Чиммэддоржийн Марал-Эрдэнэ гэдэг хүн байгаа.

-Яагаад бусад спортоос илүүтэйгээр жүдо бөхийн спортыг сонирхон хичээллэх болов?

     -“Токио-2020” олимпын наадамд, дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг эгчийг барилдаж байхыг зурагтаар харсан. Тэгээд л жүдо бөхийн спортоор хичээллээд үзье гэсэн бодол төрсөн. Гэрийнхэн маань охин хүүхэд барилдах дэмий гээд л хориглоод байсан. Хоёр жил аав, ээжээсээ гуйсны эцэст зөвшөөрүүлж чадаж байсан шүү.

-Жүдо бөхөөр хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?

      -Тийм ээ, тамирчин хүн болгонд шантарч, халирч, мохох, тийм үе байдаг шүү дээ. Тэр бүхнийг давж, туулан гарахад сэтгэл зүй их чухал юм билээ.

-Босоо болон хэвтээ барилдаанд сайн хийдэг гаршсан ямар дархан мэхтэй вэ?

     - Босоо барилдаанд гол төлөв лав барьц авч барилдахыг боддог.  Тонгорох, мордох, тэвэрч шидэх гэх мэт мэхнүүдийг түлхүү хийж сурахыг  хичээж байгаа. Хэвтээ барилдаанд мэдээж, даралт авах, өчих, боох мэхийг сайн хийж сурах гээд л суралцаж байна даа.

-Жүдо бөхийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?

     -2024 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай. Мөн 2024 онд Азийн цомын цуврал тэцээний -70 кг-ын жинд алт, мөнгө, хоёр хүрэл медаль авч байсан. 2025 оны жүдо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний -70 кг-ын жингийн мөнгөн медальтай. 2026 онд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний -78 кг-ын жинд алтан медаль хүртээд байна.

 -Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй дурсамж үлдээсэн ямар барилдаан байдаг вэ?

      -Хамгийн дурсамжтай барилдаан гэвэл 2025 оны “Топ-6” дотоодын чансаа олгох тэмцээний сүүлийн тойрогт өрсөлдөгчөө эхний 10 секундэд өөрийн дархан мэх болох тэвэрч шидэх мэхээр цэвэр хожиж байсан. Тэр тэмцээнд би клубээсээ ганцаараа орсон. Багш маань Өмнөд Солонгос Улс руу хамтарсан бэлтгэлээр явсан үе таарсан. Тийм болохоор надад зааж, зөвлөх ямар ч хүн байхгүй байлаа. Тийм хүнд үед түрүүлсэндээ ер нь их урам авсан. Өөртөө итгэх, итгэл сэргэсэн.

-Амралт, чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

    -Амралт,  чөлөөт цагаараа үндэсний бөх, чөлөөт бөх, самбо, жүдо гээд ер нь бөхийн спортын бүх төрлийн тэмцээнийг үздэг. Мөн үндэсний монгол бичигт их сонирхдог. Үндэсний монгол бичгээрээ уншиж, бичих дуртай.

-2026 онд “Гранд слам”, “Гран при”, тив, дэлхийн ямар томоохон тэмцээнүүдэд оролцохоор төлөвлөж байгаа вэ?

    - 2026 онд жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд барилдана гэж бодож байна.  Жүдо бөхийн “IJF”-ийн дэлхийн цуврал тэмцээн “Улаанбаатар-2026 Гранд слам”д оролцохоор төлөвлөж байгаа.


 

 


Ж.УРАНГОО: Олимпын наадамд М.Уранцэцэг эгчийг барилдаж байхыг хараад жүдо бөхөөр хичээллэх бодол төрсөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188