• Өнөөдөр 2026-01-09

Х.НЭРГҮЙ: Багийн гишүүд бие биеэ ойлгож байж л амжилт гаргана

2026-01-08,   362

Монголын волейболын холбооны Үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын тоглолт үргэлжилж байгаа билээ. Лигийн тоглолтын эмэгтэй тамирчдын хамгийн өндөр онооны рекордыг эзэмшиж яваа Darkhan Moguls” багийн довтлогч Хосбаярын Нэргүйтэй ярилцлаа. Тэрбээр 2024 онд  залуучуучдын УАШТ-ий, “Шилдэг довтлогч”, “Ирээдүйтэй эмэгтэй тамирчин’’-аар шалгарч байлаа. Мөн 2025 оны залуучуучдын УАШТ-ээс алтан медаль хүртэж, “Шилдэг довтлогч” шагналыг хүртсэн .  2025 оны Үндэсний дээд лигийн All Star ’’-ын “Эмэгтэй шилдэг тамирчин” шагналыг хүртсэн юм. 2025 онд  Хэнтий аймгийн “Хаан бөмбөг 2025”  шалгаруулалтын “Оны шилдэг залуу тамирчин”-аар шалгарч байв.  Монголын оюутны спортын холбооны  Монгол Улсын 2025 оны Шилдэг оюутан тамирчиншагналыг хүртсэн.

“Дархан Могулс” багт хэд дэх жилдээ тоглож байгаа вэ?

    -Би “Darkhan Moguls” багт нэгдээд удаагүй. Энэ багтаа нэг жилийн хугацаанд тоглож байна.

-“Дархан Могул” багт тоглохоос өмнө ямар багт тоглож байсан бэ?

     -“Darkhan Moguls” багт тоглохын өмнө “Enacoree” клубийн багт тоглодог байсан.

-Танай “Darkhan Moguls” багт  лигийн хамгийн туршлагатай шилдэг холбон тоглогч А.Батжаргал байгаа нь хожил авахад чухал нөлөө үзүүлж байна уу?

     -Тэгэлгүй яах вэ. Холбон тоглогч багийн тоглолтын гол найруулагч нь байдаг. Холбон тоглогчийн мэдрэмж, шийдвэр гаргах хурд, ур чадвар нь их чухал. Холбон тоглогч багийнхаа тоглогчдыг хөдөлгөөнд оруулж, хурдан довтолгоон хийх боломжийг хангаж өгдөг. Эсрэг багийн сул зай талбай, хамгаалалт тавихаас урьтаж, довтолгоон хийх нөхцөлийг бүрдүүлдэг.

-Ер нь танай “Дархан Могулс” лигийн бусад багуудаас харьцангүй залуу тоглогчдоос бүрдсэн баг уу?

     -Тийм ээ, манай багийн хамгийн бага нь 17 настай. Харин хамгийн эгч нь 26 наснаас доош настай тамирчид бий. Тийм болохоор бусад багаас харьцангүй залуу бүрэлдэхүүнтэй баг байгаа.

-Танай баг 2025-2026 оны дээд лигийн тэмцээнд одоогоор хэдэн тоглолт хийж, хэдэн хожилтой явж байгаа вэ?

    -Монголын волейболын холбооны  2025-2026  оны дээд лигийн улирлын тоглолтод зургаан хожилтой болсон. Жаахан тааруухан амжилттай яваа. Миний хувьд дараа жил  илүү хүчтэй болж орж ирнэ гэсэн бодолтой байна.

-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

        -Намайг Хосбаярын Нэргүй гэдэг. “Darkhan Moguls” багийн тоглогч.

–Спортын ямар зэрэг цолтой вэ?

       -Би волейболын спортын нэгдүгээр зэрэгтэй.

-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?

   -Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрж, өссөн.

-Айлын хэд дэх хүүхэд вэ?

     -Би айлын дундах хүүхэд. Дээрээ нэг ахтай. Доороо хоёр дүүтэй.

-Бага нас нь хаана өнгөрөв?

    -Миний бага нас эгэл жирийн малчин айлын гэрт өнгөрсөн дөө.

- Волейболоор хичээллэхээс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?

      -Дунд сургуулийн сурагч байх үедээ чөлөөт, жүдо бөх, хөнгөн атлетикаар хичээллэж байсан. Ер нь надад хичээллэж үзээгүй спортын төрөл гэж бараг л байхгүй дээ. Багаасаа л спортод дуртай, хүүхэд байлаа.

-Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?

     -Ер нь нэлээн хөдөлгөөнтэй хүүхэд байсан шүү. Багаасаа адуу, малтай ноцолдож өссөн. Тэр бүхэн маань спортоор хичээллэхэд дөхөм болсон байх.

-Волейболын спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?

     -Волейболын спортоор хичээллээд удаагүй байгаа.  Хоёр жил л болж байна даа.

- Волейболын анхны багш нь хэн бэ?

      -Надад волейболын спортыг анх заасан хүн гэвэл Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын багш нар. Тус сумын багш Бэрхжаргалын Амгаланбаяр,  Батсангийн Батзориг нар байгаа юм.

-Яагаад бусад спортоос илүүтэйгээр волейболын спортыг сонирхон хичээллэх болов?

    -Багийн спорт хувь тамирчныг хамт олонч, нийтэч, харилцааны соёлтой, боловсон, хүлээцтэй, тэсвэр, тэвчээртэй болгодог юм билээ. Багт хамт олноороо нэг зорилго, нэгдмэл хүсэл эрмэлзэлтэй байж л амжилт гаргана. Тийм болохоор илүү багийн хамт олондоо итгэж, найддаг болж төлөвшдөг.

 -Волейболын спортын чухам юу нь чамд илүүтэйгээр таалагдсан бэ?

       -Волейболын спортын багийн нэгдмэл байдал их таалагддаг. Үзэгчдэд багийн довтлогч их чухал мэт харагддаг байх. Ер нь бол довтолгооныг хүн болгон л хийж чадна. Хамгаалагч, холбогч, довтлогч гээд багийн гишүүд бүрийн гүйцэтгэх үүрэг чухал байдаг. Багийн гишүүд бие, биенээ ойлгож байж л амжилт гаргана.

-Волейболоор хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?

     -Анх хичээллэж байх үед мэдэхгүй, чадахгүй олон зүйлтэй тулгардаг байсан. Ер нь эхний нэг жилд шантарч, мохох үе зөндөө л гардаг байсан шүү. Харин одоо бол волейболын спортод  илүү их дурлах болсон. Хожил, хожигдлын үед  шар их хөдөлнө. Хожил, хожигдол бүрээс сургамж авахыг хичээдэг. Илүү их хөдөлмөрлөх, ур чадвараа сайжруулан, суралцах ёстой гэдгийг ухамсарлаж байгаа.

-Волейболын спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?

     -2024 онд  залуучуучдын улсын аварга шалгаруулах тэмцээс мөнгөн медаль авч, “Шилдэг довтлогч” шагналыг хүртсэн. 2024 оны Монголын волейболын холбооны  “Ирээдүйтэй эмэгтэй тамирчин’’-аар шалгарч байсан. 2025 онд Монголын Улсын шигшээ багийн тамирчнаар дуудагдаж , Азийн эмэгтэй багийн “чаленж” тэмцээнд оролцсон.  2025 оны залуучуучдын УАШТ-ээс алтан медаль хүртэж, “Шилдэг довтлогч” шагналыг авсан байгаа.

    2025 онд дэлхийн оюутны спортын зуны универсиад XXXIII наадамд багийн хамт оролцсон байгаа. Манай баг  Аргентин, Энэтхэг,Франц Улсын багийг хожиж, XI байрт орсон амжилт үзүүлсэн. 2025 оны Үндэсний дээд лигийн “All Star ’’-ын “Эмэгтэй шилдэг тамирчин”-аар шалгарсан. 2025 онд  Хэнтий аймгийн “Хаан бөмбөг 2025”  шалгаруулалтын “Оны шилдэг залуу тамирчин”-аар шалгарсан. Монголын оюутны спортын холбооны  Монгол Улсын 2025 оны “ШИЛДЭГ ОЮУТАН ТАМИРЧИН” -аар шалгарсан байгаа.

 -Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй дурсамж үлдээсэн тоглолтыг хэзээ хийж байв?

      -Анх волейбол тоглож сурч байх үеийн тэмцээнүүд   бүгд гоё, хөгжилтэй, дурсамжтай санагддаг. Одоо ч үргэлжлүүлээд сурч яваа. Анх суралцаж байсан үеэ одоо үетэй харилцуулж үзэхээр дажгүй сайжирч байгаа ч юм шиг. Монголын болон дэлхийн шилдэг тамирчидтай харьцуулахаар  арай л болоогүй байгаагаа мэдэрдэг. Манай дасгалжуулагч дандаа хэлдэг хэзээ ч ур чадвартай эрдэж, биеэ тоож болохгүй шүү гэдэг.

-Амралт, чөлөөт цагаар юу хийх дуртай вэ?

    -Бэлтгэлгүй үед эрүүл агаарт, байгалийн үзэсгэлэнтэй газар амрах, алхах дуртай.

-2026 онд оролцох ямар томоохон тэмцээнүүд хүлээж байгаа вэ?

     -Одоогоор төлөвлөсөн тэмцээн байхгүй байгаа. Олон улс, тив, дэлхийн олон тэмцээнд оролцож илүү их туршлага хурримтлуулах, олон газар очиж, олон найзтай болохыг хүсэж байна.

 


Х.НЭРГҮЙ: Багийн гишүүд бие биеэ ойлгож байж л амжилт гаргана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188