• Өнөөдөр 2026-01-07

Г.БОЛОР-ЭРДЭНЭ: Таеквондо намайг их урам, хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй болгосон

2026-01-06,   311

Монгол хүний тэсвэр тэвчээр хүч чадлыг олимпын дэвжээнд гаргаж,  дэлхий дахинд харуулж чадсан тамирчин бол Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ юм. ПАРИС-2024 паралимпын наадмын К44 ангилал буюу таеквондо-гийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн,  дэлхийн таван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

-“Парис-2024” паралимпын наадмаас алтан медаль хүртэхэд их ойрхон байсан шүү. Оноо 7:7-ын харьцаатай болж, нэмэлт цаг сунгасан тулаанд жаахан яарч алдаа гаргав уу?

      -Сайн байна уу. Танай сэтгүүлийн хамт олон болон нийт уншигч, спорт сонирхогчдодоо шинэ оны энэ өдрийн мэнд хүргэе.

“Парис-2024” паралимпын наадмын тулаан бүр их хариуцлага, хичээл зүтгэл шаардаж байлаа. Манай таеквондо-гийн тулаан таван минутын хугацаанд үргэлжилддэг. Финалын тулааны сүүлийн нэг минут 40 секунд хүртэл би оноогоор тэргүүлж явсан. Сүүлийн нэг минутын хугацаанд жаахан тактикийн алдаа гаргаж, оноо тэнцэж 7:7 болсон. Тэгээд нэмэлт цаг сунгаж, хэн түрүүлж оноо авсан нь ялалт авах шийдвэрлэх тулаан хийсэн.

Би оноо авах боломжтой хөлийн техникийн цохилт хийсэн. Өрсөлдөгч тамирчин маань ч миний эсрэг бэлдэж, боловсруулсан тактикаа хийсэн. Туркийн тамирчны хөлийн өшиглөлт миний цээжинд түрүүлж хүрсэн болохоор яалт ч үгүй оноо алдаж, 7:7-оор оноо тэнцсэн юм. Нэмэлт цаг сунгасан тулаанд би Туркийн тамирчныг анаж, түрүүлж хөдөлгөөд, сөрөг довтолгоо хийж оноо авах тактиктай байсан нь миний гол алдаа болчихсон. Би өөрөө түрүүлж довтолж оноо авах тулаан хийсэн бол байдал өөрөөр эргэх байсан байж магадгүй.

-Олимпын алтан медалийн финалын тулаан дээр халтирч хоёр оноо алдах шиг болсон. Дэвжээ нойтон байсан уу?

     -Тулааны сүүлийн 13 секунд үлдсэн байх үед 7:6-аар миний талд тулаан ашигтайгаар үргэлжилж байсан юм. Дэвжээн дээр халтираагүй. Намайг хөлийн цохилт хийх үед Туркийн тамирчин өлгөсөн цохилт хийж таараад би тэнцвэрээ ялимгүй алдаж, оноо 7:7 болж тэнцэх шалтгаан болсон.

 -Туркийн Мухмут Бозтекэ Токио-2020”  паралимпын хүрэл, дэлхийн аваргын хошой мөнгө, хошой хүрэл медальтай туршлагатай тамирчин байна лээ. Та Туркийн Мухмут Бозтекэтэй өмнө нь хэдэн удаа тулалдаж байв?

     -Туркийн тамирчин Мухмут Бозтекэ маш сайн тамирчин. Өмнөх “Токио-2020” паралимпын наадмын хүрэл медальтай. Бид 11 удаа таарч тулалдлаа. Үүнээс Мухмут Бозтекэ долоо хожиж, би дөрвөн удаа ялалт авчээ.

Туркийн тамирчинтай миний тулааны арга барил таардаггүй. Ер нь л их эвгүй, хүчтэй өрсөлдөгч байгаа юм. Гэхдээ “Парис-2024” паралимпод явахын өмнө Турк, Италийн гол өрсөлдөгч болсон хүчтэй хоёр тамирчны тулаан дээр анализ хийж, бэлтгэл, сургуулилалт, техник, сэтгэл зүй гээд бүх зүйлээ бэлдсэн. Гэвч хүссэн ялалтаа авч чадаагүй.

-“Токио 2022” паралимпод гаргасан алдаагаа засаж, медаль хүртлээ.  “Парис-2024”-д эхний тулаан хийлгүй гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойргийн тулааныг шууд хийхэд сэтгэл зүй болон биеийн байдал ямар байсан бэ?

    -“Токио-2020” паралимпод надад сэтгэл зүйч байгаагүй. Харин “Парис-2024”-ийн өмнө сэтгэл зүйчтэй ажилласан нь үр дүнгээ өгсөн. Миний сэтгэл зүй маш өндөр байсан. Дөрвөн жилийн өмнөх “Токио-2020” паралимпод хожигдол амссан  бараан дурсамжийг маань манай сэтгэл зүйч, миний дотор сэтгэлээс гарган, арчиж устгасан. Сэтгэлд бугласан том хар чулуу мэт дарамтыг аваад хаячихсан. Тийм болохоор “Парис-2024” паралимпод маш өндөр сэтгэл зүйтэй оролцсон.

 –Бага нас нь хөдөө, Сүхбаатар аймагт өнгөрсөн гэсэн. Багадаа хэр хөдөлгөөнтэй хүүхэд байсан бэ?

       -Тийм ээ, миний бага нас Сүхбаатар аймагт өнгөрсөн. Багадаа их хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байлаа. Байнга л багш нарынхаа чихийг “халууцуулдаг” байв. Таеквондо-гийн спортоор хичээллэх болсон үеэс хойш томоожиж, зодоон, цохион хийж явахаа больсон. Спорт хүнийг зөв чиглүүлэн, хүмүүжүүлж, төлөвшүүлдэг юм билээ.

–Гарын чинь гэмтэл олдмол бэртэл үү?

    -Миний гарын бэртэл олдмол гэмтэл 2005 онд мориноос унаж, гараа гэмтээсэн юм.

–Таеквондо-гоор хичээллэхээс өмнө хөгжлийн бэрхшээлтэй гэдэгтээ хэр гутардаг байсан бэ?

      -Хөгжлийн бэрхшээлтэй гэж гутарч байгаагүй. Яагаад гэвэл  таеквондо-гийн спорт намайг их урам, хүсэл мөрөөдөл, зорилго, тэмүүлэлтэй болгосон. Би “Дэлхийн аварга, олимпын аварга болж чадна. Тэр зорилт, зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөж, хичээж, зүтгэх ёстой” гэсэн бодолтой бэлтгэл, сургуулилалтаа хийдэг байсан.

 Таеквондо-г сонгож хичээллэх болсон түүхээсээ ярихгүй юу?

        -“Таеквондо-гийн секцэнд хүүхэд бүртгэж байна” гэсэн зар байсан. Зарын дагуу Сүхбаатар аймгийн БТСГ-ын таеквондо-гийн заал руу очтол тэнд маш олон хүүхэд бэлтгэл хийж байгааг  хараад, сэтгэл догдолсон. Тэгээд л багшид бүртгүүлэн орж байлаа. Секцэнд ороод долоо хонож байсан чинь аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж таарсан. Анхны тэмцээнээсээ мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй.

-Олон улсын таеквондо-гоор хэдэн жил хичээллэж байгаад паралимпын тамирчин болов?

    -Олон улсын таеквондо-гоор зургаан жил хичээллэсэн. 2014 оноос хойш олимпын таеквондо-гоор хичээллэх болсон.

-Таны ихэвчлэн хийдэг техник юу вэ?

    -Дархан мэх гэдэг шиг миний гол төлөв хийдэг, дадамгай хөлийн цохилт гэвэл 360 хэмийн эргэлттэй хөлийн цохилт болон 180 хэмийн эргэлттэй өшиглөлтийг өөрийн эзэмшсэн хэмжээнд хийж тулалддаг. Таеквондо-гоор хичээллэсэн 16 жилийн турш өдөр болгон энэ хоёр хөлийн цохилтын техникийг давтаж байгаа.

Энэ хоёр цохилтын үр шимийг хүртэж, өнөөдрийн энэ амжилтад хүрсэн. Дархан мэх шиг хэн ч хорьсон шууд хийж, оноо авч чаддаг хэмжээнд хүрсэн. Энэ хоёр цохилтоор оноо авах үед надад их гоё, тааламжтай мэдрэмж төрдөг. Хүний сурсан зүйлийг сураар боож болохгүй гэдэг шиг өрсөлдөгч яаж ч хамгаалж, хорьсон ч энэ хоёр цохилтыг хийдэг.  

 –Тамирчин хүний ар гэрийн амьдрал хаягдаж, орхигдоод байдаг тал бий. Шигшээ багийн тамирчны цалин, ар гэрийн чинь амьдралд хүрэлцдэг үү?

      -Анх олон улс, тив, дэлхийн уралдаан, тэмцээнд  явах үед аав, ээж хоёр маань өр, зээл тавьж байгаад намайг явуулдаг байлаа. Аав, ээж хоёрынхоо тэр хичээл, зүтгэлийг амжилтаараа хариулахын тулд  илүү хичээж тулалддаг байсан.

Ар гэрийнхээ амьдралыг УШБ-ийн тамирчны цалингаар болгож байгаа. Дээрээс нь ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдын мөнгөн урамшуулал нэмэгдэнэ. Тэмцээнд явах зардлыг гаргаж, ивээн тэтгэдэг, хувь хүмүүс, албан байгууллага, компаниуддаа үргэлж баярлаж, талархаж явдаг.

 –“Парис-2024” паралимпын наадамд бэртэлтэй орсон гэсэн. Одоо бэртэл нь гүйцэд эдгэрсэн үү?

     - “Парис-2024” паралимпод өвдөгний бага зэргийн бэртэлтэй орсон. Манай БТСУХ-ны Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн эмч, сувилагч, массажист гээд чадварлаг мундаг хүмүүс тамирчдын ард байдаг. Тэр хүмүүсийн хичээл, зүтгэл, чармайлтын хүчинд бэртлээ эмчлүүлж, эдгээж байгаа. Одоо ч нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа. “Парис-2024” олимпын циклд тус төвийнхөн  тамирчдын төлөө маш сайн ажилласан.

-Дэлхийн аваргад тав, Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөн таван удаа түрүүлнэ гэдэг том амжилт шүү. Өөрт дутуу байсан олимпын медалиа авчихлаа. Одоо цаашдын зорилго паралимпын аварга болоход чиглэж байгаа юу?

         -Тийм ээ, би дэлхийд таван удаа, Ази тивд таван удаа түрүүлсэн. Азийн наадмын аварга болсон. Олон улсын тэмцээнээс авч үзээгүй медаль байхгүй. Ази, Европ,  Австрали тив, далайн орнууд, Пан Америк гээд таван тивийн дөрвөн тивд нь түрүүлж үзсэн. Ганцхан Африк тивийн аваргад оролцож үзээгүй байна. Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, таван тивийн аваргад түрүүлсэн гэдэг бас нэг өвөрмөц амжилтыг гаргахыг хүсдэг. Мэдээж надад “Лос Анжелес-2028” паралимпын наадамд дутуугаа гүйцээж, алтан медаль хүртэх зорилго бий. Тийм учраас одооноос хичээж бэртгэл, сургуулилалтаа хийж байна.

-Хэдэн нас хүртлээ тулалдах бодолтой байгаа вэ?

     -Би одоо 29 настай. “Лос Анжелес-2028” паралимпын наадамд оролцоод зодог тайлах бодолтой байгаа.

 


Г.БОЛОР-ЭРДЭНЭ: Таеквондо намайг их урам, хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй болгосон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188