
-“Хөдөлмөр” нийгэмлэгт гавьяат дасгалжуулагч Х.Намшир багшийн чөлөөтийн секцэнд анх хичээллэж, бөхийн спортод хөл тавьсан гэл үү?
-Тийм ээ, би дунд сургуулийн долдугаар ангид байх үедээ 1993 онд “Хөдөлмөр” нийгэмлэгийн МУГД Х.Намшир багшийн шавь болж байлаа. Тухайн үед Наяа багш “Хөдөлмөр” нийгэмлэгийн дарга байсан. Орой ажлаа тараад байнга бэлтгэл дээр ирж зөвлөгөө өгдөг байв.

Харин Нэргүй багш туслах дасгалжуулагчаар нь ажиллаж байсан. “Хөдөлмөр” нийгэмлэгийн секцэнд Биокомбинат, Нисэх, Яармаг, Зайсангийн хүүхдүүд явна. Би ер нь “Хөдөлмөр”-ийн хамгийн сүүлийн, отгон “бүтээгдэхүүн” юм. 1995 онд “Хөдөлмөр” нийгэмлэг татан буугдаж, хувийн хэвшилд шилжсэн.

- Чөлөөт бөхөөс өмнө өөр спортоор хичээллэж байв уу?
-Зургадугаар ангид байхдаа Б.Гомбогэрэл багшийн каратэгийн дугуйланд явсан. Тэр үед приставка эд дэлгэрч Хятад, Хонконгийн зодоонтой кино моодонд орсон үе байв. Тийм болохоор үеийнхээ хүүхдүүдийг дагаад тулааны спортоор хичээллэсэн юм.

Цаг уурын эрдэм шинжилгээний төвийн ард Засангийн хуучин зааланд манай клуб бэлтгэл хийдэг байв. Нэг өдөр манай клуб нүүгээд алга болчихсон. Хайгаад олоогүй. Миний багын найз Энхтөр “Хөдөлмөр” нийгэмлэгийн чөлөөт бөхийн дугуйланд явдаг байсан юм. Тэгээд найзыгаа дагаад чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн.
.jpg)
-Анх бөхөөр хичээллэж эхлэхдээ хэдэн килограмм жинтэй байсан бэ. Анхны тэмцээндээ хэзээ орж байв?
-Их бага 37 кг байсан. Тэр үед өсвөр үеийн тэмцээн 28 кг-аас эхэлдэг байлаа. Бөхийн секцэнд яваад гурван сар болоод гавьяат тамирчин А.Энхээ ахын нэрэмжит тэмцээнд орж барилдсан. Миний анхны тэмцээн байсан болохоор бага зэрэг сандарч, тэвдэж алдаа гаргасан зүйл байсан байх.

Гэхдээ боломжийн хэмжээнд барилдаж хүрэл медаль хүртсэн. Энхтөр найз минь мөнгөн медаль авч, манай “Хөдөлмөр” нийгэмлэгийн Баяржаргал түрүүлсэн. Х.Намшир багшийн “Хөдөлмөр”-ийн гурван бөх алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ гэхэд их сайхан санагдаж билээ. Тэр анхны тэмцээний хүрэл медаль надад их урам зориг, эрч хүч хайрласан.

-“ТВ коктейль”-ийн жүжигчин Цоомоо буюу Э.Цолмонбаяр цуг хичээллэж байсан юм уу?
-Манайх 1995 онд Долоон буудал руу нүүж, би XXXV сургууль руу шилжсэн юм. Манай гудамжны доод үзүүрийн айл Цомоогийнх. Тэр үед Цоомоо Урт цагааны “Хоршоолол” –ын секцэнд явдаг байсан юм билээ. Өсвөр үеийн тэмцээнд намайг барилдаж байхыг харсан гэсэн. Бие, биенээ мэддэг байсан болохоор Долоон буудалд очоод танилцаж найзууд болсон.

Тэгээд би Цоомоог дагуулж “ХОТШ” клуб дээр Х.Намшир багшийн чөлөөт бөхийн секцэнд хамт хичээллэсэн. Цоомоо миний доод жинд их сайн барилдана. Дүүргийн аварга болоод, өсвөр үеийн улсын аваргын хүрэл медалийн төлөө барилдаж, дөрөвдүгээр байрт шалгарч байлаа. Дунд сургуулиа төгсөөд би УБИС-ийн Биеийн тамирын сургуульд орсон. Харин Цоомоо урлагийн сургуульд ороод бөхийн спортоосоо хөндийрсөн.

-Оюутан болоод залуучууд, насанд хүрэгчдийн тэмцээнд барилдаж эхэлсэн үү?
-2000 онд насанд хүрэгчдийн улсын аваргад 20 настайдаа анх удаа барилдсан. Ах нартаа анх тулж үзэв. Өөрийгөө сорьсон, нээсэн чухал тэмцээн байж билээ. Тэр үед манай жингийн лидер тамирчин нь Т.Зүүнбаян, “Мэлзэн” Энхбаатар ах нар байв.

Би шигшээ дөрөвт үлдээд зооны аваргын төлөөх барилдаанд Т.Зүүнбаян ахад хожигдоод, хүрэл медалийн төлөөх барилдаанд Энхбаатар ахыг ялж улсын аваргын анхны хүрэл медалиа авсан. Тэр улсын аварга шалгаруулах тэмцээн надад хамгийн том шалгуур болсон. Тэгж л миний бөх болох амжилтын гараа эхэлсэн.

-Азийн аваргад хэзээ оров. Дэлхийн универсиад наадмын аварга байх аа?
-Анх 2004 онд Иран Улсын Тегеран хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд барилдсан. Азийн аваргад би нэг л удаа оролцож үзсэн минь тэр. Оска ах тус тэмцээнд цуг явсан юм. “Оска” МУГТ О.Пүрэвбаатар ах “Би 24 настай байхдаа Иранд болсон тэмцээнд түрүүлж Ази тивийн аварга болж байлаа” гэж ярьсан.

Тэгэхээр нь би ихэд бэлгэшээж “Ахаа би одоо 24 настай. Энэ Азийн аваргад түрүүлж таны амжилтыг давтах юм байна даа” гэж хэлсэн чинь байдаггүй. Тэр Азийн аваргаас мөнгөн медаль авсан. Узбекистаны бөх, дэлхийн аваргын 2-3 медальтай, Ази тивийн дөрвөн удаагийн аварга Ачаловт шүүгчдийн саналаар 2:1-ээр хожигдсон.

Жаахан харамсалтай барилдаан болсон. Түүнээс хойш Азийн аваргад ахиж барилдаагүй. Харин 2005 онд Туркийн Измир хотноо болсон оюутны универсиад наадамд барилдаж аварга болсон. 2002 онд Дан Коловт түрүүлсэн. Тэр үед багш нар “Дан Коловт түрүүлсэн хүн дэлхийн аваргаас медаль хүртдэг юм” гэж билээ.

Би тухайн үед нэг их тоолгүй өнгөрсөн. Хэзээ хойно дэлхийн аваргаас медаль хүртсэний дараа багш нарын хэлсэн үгийг санасан. Манай ахмад үеийн бөхчүүдээс Дан Коловт түрүүлсэн бөхчүүдийн ихэнх нь дэлхийн хос медальтангууд байдаг юм билээ. Хамгийн сүүлд МУГТ Э.Бэхбаяр Дан Коловт түрүүлж, дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртсэн байх.
.jpg)
-Өөрт чинь ээлтэй улсын дэвжээ байдаг уу. Турк, Иран, Болгар, АНУ-д болсон тэмцээнд түрүүлж байжээ?
-Туркийн Измирийн унирверсиад наадмаас 2005 онд, Болгарын Дан Коловоос 2002 онд, АНУ-ын Девид Шульцийн тэмцээнээс 2008 онд алтан медаль хүртэж байв. Би Иран Улсад гурван удаа очиж барилдсан. Гурван медаль авч байлаа. Тийм болохоор Иран Улсын дэвжээ надад ээлтэй байсан.
2004 онд Тахтийн цомын тэмцээнд дөрвөн Иран, нэг Орос, Турк, Америкийн бөхчүүдийг ялж түрүүлсэн. Түүнээс хоёр сарын дараа Иранд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд очиж барилдан мөнгөн медаль хүртсэн юм. Сүүлд 2012 онд Ираны Тахтийн цомд очиж барилдаж мөнгөн медаль авсан.

-“Афины-2004” олимпод очоод хэр амжилттай барилдсан бэ?
-Олимпын нэгдүгээр тойргийн барилдаанд 2003 оны дэлхийн аваргын мөнгөн медальтай Нурзат Бабаки гэдэг Ираны бөхийг 6:0-ээр хожсон. Дараагийн тойрогт Солонгосын бөхөд 4:3-аар хожигдсон. Ираны Нурзат Бабаки Солонгосын бөхийг ялсан юм. Ингээд гурван биенээ хожиж, тойрсон барилдаан болчихов.

Тэр үеийн дүрэм их хачин байсан. Ираны бөх надаас оноо аваагүй болохоор түүнд шагналын оноо өгөөгүй. Тэгээд Иран хасагдаад Солонгос намайг хожсон гээд нэгээр гараад явчихсан. Хэрэв би Ираны бөхийг 6:0-ээр биш, 6:1-ээр хожиж, нэг оноо алдчихсан байсан бол би нэгээр гарах боломжтой байсан. Ер нь надад олимпын тэмцээнд тийм нэг азгүйтэл таараад байдаг.

-“Бээжин-2008” олимпод барилдсан байх аа?
-Бээжингийн 2008 оны олимпын нэгдүгээр тойрогт дэлхийн аварга ОХУ-ын бөх Бесик Кудуховтой таарчихсан. Тэр үед дүрэм их хачин хэвээр байсан. Одоо чөлөөт бөхийн дүрэмд өөрчлөлт ороод их аятайхан болсон байна.

Дэлхийн чансааны 1.2.3.4 номерын бөхийг сугалаа сугалуулахгүйгээр шууд зоодог болж. Бидний үед тийм дүрэм байгаагүй. Дэлхийн чансааны нэг, хоёр номерын хоёр бөх олимпын нэгдүгээр тойрогт хоорондоо тайрсан. Би Кудоховтой эхний үед 1:1-ээр тэнцсэн юм. Харин хоёрдугаар үеийн барилдаанд сүүлийн оноогоор Кудохов хожлыг авсан. Нэгдүгээр үед би Кудоховын хөлийг авч дэвжээнээс өргөж гаргасан юм.

Шүүгч намайг дэвжээнээс түрүүлж гадаа гишгэсэн, Кудохов агаарт өргөгдсөн байсан гээд түүнд нэг оноо өгч оноог тэнцүүлсэн. Хоёрдугаар үеийн барилдаанд би нэг оноо алдсан, оноогоо нөхөх гэж шатсан барилдаан хийж, 1:0-ээр Кудохов ялалтыг авсан юм. Кудохов тухайн үед намайг л хожчихвол олимпын аварга болно гэсэн итгэл үнэмшилтэй байсан юм билээ. Намайг хожсон барилдаандаа баярлаж дараагийн тойрогт Японы бөхтэй төвлөрч барилдаж чадалгүй хожигдсон.

Тэгээд би Кудоховыг дагах эрхгүй болж хасагдсан. Харин Кудохов Японы бөхийг дагаж барилдаад олимпоос хүрэл медаль авсан. Бээжингийн олимпын дараа би Кудоховын олон ярилцлагыг уншсан. Тэр ярилцлагадаа “Би Наранбаатарыг хожчихоод өөрийгөө олимпын аварга болчихлоо гэж бодоод сэтгэл хөөрөөд төвлөрч чадалгүй, хэт яарсан барилдаан хийж алдаа гаргасан” гэж ярьсан байна лээ.

-“Лондон-2012” олимпод барилдаад зодог тайлсан байх аа?
-Би 2004 онд Афинд, 2008 онд Бээжинд, 2012 онд Лондоны олимпод барилдсан. Лондоны олимпод гуч гарчихсан ахмад тамирчин барилдсан. Жин их хассан. Лондонд Х.Баянмөнх аваргын хэлсэн “Бөхийн үнэнд гүйцэгдэнэ” гэдэг л болсон. 2012 оны олимпод барилдаад “Миний барилдах эцсийн хязгаар болж дээ” гэж бодсон.

Ер нь ч Лондоны олимпод нэг сайн барилдаж, даагаа нэхэж үзээд болино гэж шийдчихсэн байсан л даа. Гэхдээ надад боломж байсан. Тэр боломжийг би өөрөө ашиглаж чадалгүй хожигдсон. Олимпоос ирээд маргааш нь би барилдахаа болих шийдвэр гаргасан юм. Шинэ залуу бөхчүүддээ байраа тавьж, боломж гаргах нь зөв байх гэдгээ хэлсэн.

-Дэлхийн аваргаас анх медаль авахдаа Кудоховтой барилдсан бил үү?
-2005 онд Унгарын Будапештын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн хошой аварга Мансуровыг зооны аваргын төлөөх барилдаанд хожиж яваад хожигдсон. Би дандаа тийм нэг жижиг алдаанаас болж азгүйтэж хожигдсон байдаг. Тэр дэлхийн аваргаас би анхны хүрэл медалиа хүртэж, Мансуров түрүүлсэн.

2007 онд Азербайжаны Баку хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Бесик Кудоховтой барилдсан. Нэгдүгээр үе дээр би хожиж, хоёрдугаар үеийн барилдаанд 1:0-ээр хожиж яваад таван секунд дутуу байхад ардаа гарган алдаж хожигдсон.

-Зах зээлийн нийгмийн шилжилтийн хүнд үед тамирчин байж дээ?
-Бидний хүүхэд нас шилжилтийн хүнд үетэй таарсан. Идэж, уух, өмсөх зүйх хувцас ховор. Эд бараа байлаа гэхэд мөнгө байхгүй. Биокомбинатаас хотын төв ороход 20-иод км зайтай. Тэр үед нийтийн тээвэр явахгүй. Аав, ээж хоёр цэргийн ангид ажиллана.

Төсвийн байгууллага бага цалинтай. Тэр хүнд үеийг одоо эргээд харахад цаг үеийн шалгуур байж дээ гэж боддог. Айхтар хоол ундгүй хоноод, өмсөх хувцасгүй болоогүй. Гэхдээ тухайн үед байхгүйн зовлон их байсан. Бүх нийтээрээ л тийм байсан үе. Тийм цаг үед спортоор хичээллэнэ гэдэг бэрхшээлтэй байв. Автобус унаа, хоолны мөнгөгүй. Бэлтгэлд яваад буцаж ирэхэд 40-50 км замыг туулна. Хүүхэд насны спортод дуртай, хүсэл, сонирхолдоо хөтлөгдөн тэр бүхнийг даван туулсан.
.jpg)
-Өөрийг чинь Улсын шигшээгийн тамирчин болох үед чөлөөт бөхийн хөгжлийн уналтын үе таарчихжээ?
-Ганцхан чөлөөт бөх гэлтгүй, ерөөсөө их спортын уналтын үе таарсан. Монголын топ дөрвөн спортын төрлийн амжилт суларчихсан байлаа. Ганц шилдэг тамирчин нь жүдогийн Х.Цагаанбаатар л байлаа шүү дээ. 1996 оноос хойш жүдо бөхийн тамирчдын амжилт нь буурчихсан. Боксын амжилт 1997 оноос хойш уначихсан байв. Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар 2007 оноос хойш амжилт гаргаж эхэлсэн. Гол шалтгаан нь мэдээж зах зээлийн шилжилтийн үе, хөрөнгө, санхүүгийн уналт, хомсдлын үе байлаа. Улс орны эдийн засаг сэргэснээс хойш тамирчдын ахуй, хамгамж нэмэгдэж, амжилт өсөөд явчихсан.
-Бээжингийн олимпын дараа байх аа Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар, та гурав “Амжилтын төлөө хамтдаа” ТББ байгуулсан. “Аваргуудын халаа” гэдэг анхны шагналаа М.Уранцэцэгт өгч байсан байх аа?
-2009 оны тавдугаар сарын 9-ний өдөр “Амжилтын төлөө хамтдаа” ТББ байгуулж байлаа. Тэр үед Урнаа жаахан охин байсан. Бид тэр шагналыг Урнаад анх өгсөн дөө, их бэлгэшээдэг. “Аваргуудын халаа” гэсэн шагналыг хүртсэний дараа Урнаа дэлхийн аварга болсон. Тухайн үед Урнаа их авьяастай, хөдөлмөрч охин харагдсан. Манай ТББ-ын гишүүн, “Ардын эрх” сонины сэтгүүлч Бадмаа найз маань “М.Уранцэцэгт энэ шагналыг өгөх нь зөв” гэсэн саналыг эхэлж гаргасан юм. Бид ч дэмжсэн нь үнэхээр зөв шийдвэр байжээ.
- “Аваргууд” академийн ажил хэр урагштай явж байна вэ?
-“Аваргууд” академийн тамирчдын амжилт жилээс жилд ахин, дээшилж байгаа. Үүнд бид их урамшиж, баяртай яваа. Бид “Аваргууд” академийнхаа хөгжлийг дараагийн шатанд гаргахын тулд Төв аймгийн Батсүмбэрт “ Спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж дуусгасан. Зургаан дэвжээ багтах хэмжээтэй том бэлтгэлийн заал барьж ашиглалтад оруулсан. Өвөл, зуны 90 ортой тамирчдын байр бий. Энэ цогцолбороо олимпын бэлтгэлийн төв, олон улсын бэлтгэлийн бааз болгох зорилт тавьж байгаа юм.
-Та ”Спортын бэлтгэлийн төв”-ийн даргаар ажилласан. Лондоны олимпын дараа тамирчнаас шууд удирдах албан тушаалд дэвшин ажиллах ямар байв. Яагаад дасгалжуулагч болохгүй, дарга болсон юм бэ?
-“Спортын бэлтгэлийн төв”-ийн даргаар 2012-2015 он хүртэл гурван жилийн хугацаанд ажилласан. Түүний дараа Хууль сахиулах их сургуулийн “Соёмбо” спорт хорооны даргаар 2015-2018 он хүртэл ажилласан. Түүний дараа “Аваргууд” академийнхаа “Спорт цогцолбор”-ын төсөл дээр ажилласан. Удирдах албанд зүтгэхдээ анх мэдээж миний хувьд өөрийгөө хүлээн зөвшөөрч, бусдын хувьд намайг хүлээн зөвшөөрсөн болохоор хийгээд үзсэн. Надад бол спортын салбарыг удирдах шинэ зүйл мэт санагдаагүй. Би өөрөө энэ салбарын бүтээгдэхүүн болохоор дотно, сайхан мэдрэмж төрсөн. Энэ салбарт тамирчнаар 18 жил явсан гэдэг чамлалтгүй урт хугацаа. Харин тушаал, шийдвэр, бичиг, цаасны зарим нэг ажил шинэ мэт санагдах үе байсан шүү. Аль болох шинэ зүйлд хурдан суралцахыг хичээсэн. Дасгалжуулагчийг хэзээ л бол хэзээ хүссэн цагтаа хийж болно. Харин спортын салбарын бодлого, төлөвлөлтийн ажлыг хийж, энэ салбарын ажлыг бага боловч бодлогын түвшинд өөрчлөх хүсэлдээ хөтлөгдсөн юм. Спортын хөгжлийн бодлогод өөрийн тодорхой хэмжээний хувь нэмрийг оруулахыг хичээсэн.
-Та дэлхийн аваргын хос медальтай. Дэлхийн аваргын хос медальтан хэд байдаг вэ?
-Манай чөлөөтийн эрчүүдээс дэлхийн аваргын хос медальтай 12 бөх бий. Дэлхийн аваргын нэг хүрэл, хос алтан медальтай гэхээр З.Ойдов гуай . Х.Баянмөнх аварга нэг алт, хос мөнгөн медальтай. Дэлхийн аваргын хос мөнгөн медальтай бөх гэвэл О.Пүрэвбаатар, Б.Болд ах нар байна. Мөнгө, хүрэл медальтай гэхээр А.Энхээ ах, Ц.Нацагдорж гуай, М.Хойлогдорж гуай, бид дөрөв байна. Хос хүрэл медальтан гэвэл Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, Т.Тулга, М.Лхагвагэрэл нар байгаа.
-Эмэгтэй бөхчүүд амжилт гаргаад байна. Эрэгтэй тамирчдын амжилт уруудаад байна уу?
-Эмэгтэй чөлөөт бөх дэлхий дахинд хөгжөөд удаагүй байна. Үүнийг эрэгтэй чөлөөт бөхийн хөгжилтэй харьцуулж болохгүй. Зуун жилийн түүх, 20 жилийн түүх гэдэг өөр. Гэхдээ манай эмэгтэйчүүдэд потинцал, нөөц боломж бий. Сургалт, дасгалжуулалтыг нь сайжруулбал эмэгтэйчүүд илүү өндөр амжилт гаргана. 2012-2016 оны хооронд эрэгтэй багийн бодлого зөв гольдирлоор хөгжиж явсан. Тэр үед дэлхийн аваргаас зургаан медаль авч байлаа. 2016 оны Риогийн олимпод бүтэн багаараа эрх авч оролцсон. Бэлтгэлийн чанарт анхаарахгүй, азанд найдаад явж болохгүй. Хуучин бид нарын үе рүү ухраад очно.
Эрэгтэй бөхчүүдийн амжилт нэг хэсэг хугацаанд суларсан нь шигшээ багийн бодлого алдагдсантай холбоотой. Сургалт, дасгалжуулалт болон багш нарын ур чадварын асуудал. Шигшээ багийг ур чадвар өндөртэй багш, дасгалжуулагчид удирдах ёстой. Тэгж байж тамирчдын бэлтгэлийн циклийг тааруулж, тохируулан ур чадварыг нь сайжруулна. Эхлэн суралцагч, анхан шатны секц, дугуйлангийн программ, хөтөлбөрөөр шигшээ багийн бэлтгэлийг хийлгэж болохгүйтэй адил. “Рио-2016” олимпын дөрвөн жилд Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, Б.Баяраа, Энхбаяр гэсэн дөрвөн дасгалжуулагч шигшээ багийн бэлтгэл, дасгалжуулалтыг шинэ шатанд гаргасан.
Тэдэнд сургалт дасгалжуулалтын онолын зөвлөгөөг А.Басхүү багш өгч байсан. Олимпын дөрвөн жилийн циклд дэлхийн аваргаас зургаан медаль авна гэдэг том амжилт. Тамирчдынх нь гаргасан амжилт тэдгээр багш нарын ажлыг дүгнэсэн үзүүлэлт болсон. Гэтэл 2016-2020 оны олимпын циклийн төгсгөлд эрэгтэй баг, тамирчид дэлхийн аваргаас медальгүй ирсэн. Олимпын ганц эрх авсан. Харин 2020-2024 оны олимпын циклд эрэгтэй тамирчдын амжилт өссөн нь МЧБХ-ны зөв менежментийн үр дүн яах аргагүй мөн.
| Б.Наранбаатар: Иран Улсын дэвжээ надад ээлтэй байсан |
|
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХОВД, ХӨВСГӨЛ, ДОРНОГОВЬ АЙМАГ ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЙНА
2025-11-24 07:07:16
ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫГ УДИРДАЖ ЯВСАН УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Х.ЖЕКЕЙ УЛСААСАА "УРВААД" УДЛАА, АРААС НЬ Г.АМАРТҮВШИН ҮҮ
2025-11-24 07:00:00
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЧИХЛЭЭ, Ж.ЧИНБҮРЭН САЙД АА
2025-11-24 07:00:00
АН-ЫН ЭКС ДАРГА Л.ГАНТӨМӨР НАМЫНХАА “АЖИЛГҮЙЧҮҮД”-ИЙГ ТӨРД ИНГЭЖ ШАХЖЭЭ
2025-11-24 07:00:00
Б.Наранбаатар: Иран Улсын дэвжээ надад ээлтэй байсан
2025-11-24 07:00:00
Э.ЭНХ-АМАР: ASIA PACIFIC CUP ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛСОН АНХНЫ МОНГОЛ БАГИЙН ТАМИРЧИН ГЭДГЭЭРЭЭ БАХАРХАЖ БАЙНА
2025-11-24 07:00:00
БАЯРЛАЛАА, И.МИШЭЭЛ
2025-11-24 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ БИЕ ЭРХТНИЙ ХҮЧ САЙЖИРНА
2025-11-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -11 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-24 06:00:00
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-23 15:06:53
Уран сайхны гимнастикийн багш дасгалжуулагчдын үндэсний сургалт болов
2025-11-23 15:04:25
Томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урьдчидан сэргийлье
2025-11-23 15:00:00
Ж.Баатарболд 100 км-ийн марафонд Х байрт орлоо
2025-11-23 14:54:01
Л.Долгорсүрэн “OLYMPIA AMATEUR INDIA-2025”-аас алт, мөнгөн медаль хүртлээ
2025-11-23 14:33:20
Томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
2025-11-23 14:30:00
Байгаль хамгаалагчид янгир, бор гөрөөс бугад хужир тавьж өгчээ
2025-11-23 14:04:17
Ирэх лхагва гарагт бүх нийтээр амарна
2025-11-23 14:02:25
"Мөнх тэнгэрийн бичиг-2025" монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо
2025-11-23 13:19:42
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж давс, бодис цацаж байна
2025-11-23 13:16:25
Монгол Улсын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
2025-11-23 13:14:26
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭЛЭЛД ҮНДЭСЛЭН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА
2025-11-23 13:09:50
Г.Ган-Орхоныг “Олимпын алдар” одонгоор шагнав
2025-11-23 12:40:09
Цас орж, шуурч байгаа аймаг сумд
2025-11-23 12:36:40
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2025-11-23 12:32:39
“Өндөр Гэгээн Занабазарт зориулан “Дурсгалын марк” хэвлүүлжээ
2025-11-23 12:30:05
ӨВЛИЙГ БИ АНИРГҮЙ Л ГЭЖ БОДДОГ СОН
2025-11-23 12:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
2025-11-23 12:29:22
УУЛЫН ХҮМҮҮС, ХАНХЫН ЖАВРААС ҮЛДСЭН ТЭМДЭГЛЭЛ
2025-11-23 12:29:00
ЖҮЖИГЧИН З.БУЛГАН: ЗИЛОВЫН ДҮРИЙГ ӨӨРӨӨ БҮТЭЭЖ БАЙГАА ХЭРНЭЭ Л ҮЗЭН ЯДААД БАЙЛАА
2025-11-23 12:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2025-11-23 12:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН НОЁН ОРГИЛУУДЫН НЭГ АКАДЕМИЧ С.НАРАНГЭРЭЛИЙНХ
2025-11-23 12:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |