• Өнөөдөр 2025-10-12

Дэлхийн аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Дэлхийн аваргын финалд тайван, өөртөө итгэлтэй харвасан

2025-10-11,   716

Өмнөд Солонгосын Кванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-28-ны өдрүүдэд болж өндөрлөв. Тус ДАШТ-д 28 орны эрэгтэй 111, эмэгтэй 65, нийт 176  тамирчин, багийн болон холимог багийн, ганцаарчилсан төрөлд өрсөлдлөө. Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц мэргээ, сорин өрсөлдсөн юм. Пара байт харвааны  2025 оны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн багийн харваанд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Өмнөд Солонгосын багийг 6:0-ээр хожсоноор дэлхийн аваргын алтан медаль хүртсэн билээ. Пара байт харвааны дэлхийн аварга болсон “Добу мэргэн” клубийн тамирчин, Буянжаргалын Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Пара байт харвааны  2025 оны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн багийн харваанд  Д.Сэлэнгээгийн хамт өрсөлдөж дэлхийн аварга болсонд баяр хүргэе.

      -Маш их баярлалаа.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

     -Намайг Буянжаргалын Оюун-Эрдэнэ гэдэг. Орхон аймгийн Баян-Өндөр сум буюу Эрдэнэт хотод төрсөн. Улаанбаатар хотод өссөн.

–ДАШТ-ий финалын харваанд Өмнөд Солонгосын багийг 6:0-ээр хол илүүрхэн ялжээ. Финалд шалгарах мөчид хэр догдлолтой байв?

     -Миний хувьд дэлхийн аваргын финалын харваанд шалгарах мөчид маш тайван, өөртөө итгэлтэй байсан.

- Д.Сэлэнгэ та хоёр, бие биенээ сайн ойлголцож, сэтгэл зүйгээ зөв удирдаж чадсан учраас дэлхийн аваргын алтан медалийг хүртэж чадав уу?

    -Сүүлийн 3-4 жил Д.Сэлэнгээтэйгээ нэг баг болон хамт харваж байна. Бидний хувьд бусад тамирчдын адилаар бие, биедээ зөвлөгөө, зааварчилгаа өгч, хэн нэгнийхээ алдаа, оноог засаж, залруулан ажиллаж чаддаг сайн хамтрагчид байгаа.

-Урьдчилсан болон шигшээ харваанд ямар улсуудын хүчирхэг багийг буулган авсан бэ?

    -Урьдчилсан харваанаас манай баг  гуравдугаар байраар гарч шигшээ хаваанд шалгарсан. Тэгээд эхний харваанд гоц мөргөн ялалт авч, шигшээ наймд шалгарч үлдсэн. Шигшээ харваанд Турк Улсын хүчирхэг багтай таарсан.  Өмнө нь 2023 оны ДАШТ-ий хүрэл медаль төлөөх харваанд Туркийн багтай таарч байсан.

  Миний буруугаас болж ДАШТ-ий хүрэл медалиас мултарч байсан юм. Тийм болохоор энэ удаа Туркийн багтай дахин таарах үед, би сэтгэл зүйн хувь  нэлээдгүй сандралтай байлаа. Өмнөх ДАШТ-ий шиг алдаа гарчих вий гэсэн бодол эргэлдээд л байсан. Харин дасгалжуулагч болон багийнхан маань миний тэр тухгүй байдлыг маш сайхан ажиглаж мэдэрсэн байлаа. Багийнхан маань  “Элдэв зүйл битгий бод, тайван төвлөрч харвах хэрэгтэй” гэсэн зөвлөгөөг өгсөн.

  Тэр зөвлөгөөг сонсоод сэтгэл тайвширч, элдэв зүйл бодож, сэтгэл үсчихгүй тайвширсан нь үр дүнгээ өгсөн л дөө. Туркийн багтай 4:4-өөр тэнцэх үед “Shoot Off” хийж буулган авсан. Түүний дараа Итали Улсын хүчирхэг багтай таарч, тэднийг 6:2-оор буулган авч ялсан.

  Туркийн багийг ялсан болохоор сэтгэл зүйн хувьд илүү зоригтой, итгэлтэй болчихсон. Тэгээд ДАШТ-ий алтан медалийн төлөө Өмнөд Солонгосын багтай өрсөлдөхөөр болсон юм. Финалын зогсоолд дээр дэлхийн аваргын төлөө харвах үед маш их устай бороо орсон.

   Нойтон гартай харвах их хүнд хэцүү байв. Тэр бүх бэрхшээл саад тотгорыг үл тоон, мартахыг хичээсэн. “Хувьтай хүн хур борооноор” гэдэг   үгийг санаж, “Нэг цагийн улаан дээр барьж харваад дуусгая” даа гэж бодоод л харвасан даа.

-Ганцаарчилсан харваанд оролцсон уу, ямар амжилтыг үзүүлэв?

      -Хувийн харвааны урьдчилсан харваанд 287.3040 оноо  авч, долдугаар байраар шигшээ харваанд шалгарсан.  Шигшээ харвааны эхэнд гоц мөргөж ялалт авсан. Хоёр дахь харваанд АНУ-ын тамирчин Karen Sterfeld-ийг 6:0-ээр ялсан. Наймны нэгд үлдэх харваанд Грекийн Dorothea Poimenidoj-той 5:5-аар тэнцэж, “Shoot Off” харваа хийж 9:6-аар ялалт авсан. Тэгээд дөрөвний нэгийн шигшээ харваанд  олимп, дэлхийн аварга Хятадын Wu Chu Nyan-д 7:1-ээр ялагдаж, VI байрт шалгарсан байгаа.

-Дэлхийн аваргад Д.Сэлэнгээ та хоёроос өөр эмэгтэй тамирчин оролцсонгүй. ДАШТ-д оролцох эрх хүртсэн тамирчид өрсөлддөг юм уу?

     -Одоогоор БТСУХ-ны пара байт харвааны Үндэсний шигшээ багт гурван эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин бэлтгэл сургуулилалт хийдэг. Бид зөвхөн олимпын эрх авахын тулд гол чухал том тэмцээнүүдэд явдаг. Зардал мөнгө байвал бусад тэмцээнд оролцох нь нээлттэй л дээ.

–Пара байт харвааны спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?

      -Пара байт харваагаар 2003 оноос хойш 20 дахь жилдээ хичээллэж байгаа.

-Яагаад байт харвааны спортыг сонгон хичээллэх болов?

    -Нэг өдөр телевизээр МУГТ олимпын хошой хүрэл медальт, Д.Мөнхбаярын тухай нэвтрүүлгийг үзээд буудлагын тамирчин болохоор шийдсэн юм. Тэгсэн бүтээгүй. Түүний дараа Ю.Насанбат багш манай гэрт ирээд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд  байт харвааны спортоор хичээллэх боломжтой болсон. Чамд хичээллэх боломж байна уу” гэсэн. Тэр үеэс эхлэн байт харваагаар тасралтгүй хичээллэж байна даа.

Өөрөө пара байт харвааны  ямар төрөл, ангиллын хэдэн метрийн зайд харвадаг вэ?

    -Миний хувьд пара байт харвааны “Open” төрөлд  олимпын 70 м-ийн зайд харвадаг.

 –Пара байт харвааны ДАШТ болон паралимпын тэмцээнд  хэдэн удаа оролцож байгаа вэ?

     -Би “Лондон-2012”,  “Рио-2016”, “Парис-2024” паралимпын наадамд эрх авч оролцсон. Харин зургаан удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн.

Пара байт харваагаар өөрийн гаргаж байсан амжилтууддаа сонирхуулахгүй юу?

-“Рио-2016” олимпод паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Баатаржав ахтай холимог хосын харваанд өрсөлдөж IV  байрт орж байсан.  2013 болон 2015 онд Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн. 2018 онд “Fazza” тэмцээнээс  хос алтан медаль авч байлаа. 2015, болон 2016 онд  АНУ-д болсон “Arizona cup” тэмцээнээс  гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байлаа. 2025 онд Азийн аваргын олимпын эрх олгох тэмцээний алтан медальтай. Үүнээс гадна УАШТ болон бусад дотоодын тэмцээний медалиуд бий.

 –Хүйтэн сэрүүний улиралд бэлтгэл сургуулилалтаа хаана хийдэг вэ?

      -Манай дасгалжуулагч Б.Золбоо, МПСХ-ны нарийн бичгийн дарга Бат-Отгон эгч нар маань бидний бэлтгэлийг таслалдуулахгүй тулд бэлтгэлийн заал, танхимыг хөөцөлдөж олж өгдөгт нь баярлаж, талархаж явдаг.  

–Одоо ямар клуб дээр, хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?

      -Одоо “Добу мэргэн” клуб дээр Б.Золбоо багшийнхаа удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа.

-Уучлаарай өөрийн чинь энэ хөгжлийн бэрхшээл төрөлхийнх үү, олдмол бэртэл, гэмтлээс болсон уу?

       -Миний хөл төрөлхийн бэрхшээлтэй. Би гурван настай байхдаа аавтайгаа цуг Польш Улс руу явж хөлөө тайруулсан. Дөрвөн настай байх үеэсээ протез өмсөж сурсан даа. Насанд хүрсэн үеэс хойш хоёр жил болоод нэг удаа протезоо сольдог болсон. Харин одоо нэг протезыг эвдэртэл нь хэрэглэх болсон.

 -Одоо дараагийн зорилт, зорилго юунд чиглэгдэж байна вэ?

      -Дэлхийн аваргаас медаль хүртсэн болохоор илүү их зоригтой, зорилготой болсон юм шиг мэдрэмж төрж байгаа. 2026 оноос олимпын эрх олгох тэмцээнүүд эхэлнэ.  2028 оны Лос Анжелисийн олимпод энэ эрчээрэй  оролцохыг бодож байна даа.


 

 


Дэлхийн аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Дэлхийн аваргын финалд тайван, өөртөө итгэлтэй харвасан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-06 10:57:59
    Basca Feiza: сайн байцгаана уу. Мундаг Бүсгүй.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188