• Өнөөдөр 2025-09-30

Ц.МӨНХХЭРЛЭН: Рекорд дээд амжилтыг тогтооно гэж бодоогүй л явж байлаа, зүүд ч юм шиг санагдаж байна

2025-09-29,   1056

Монголын бүх ард түмний XVI их наадмын хөнгөн атлетикийн тэмцээн есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болж өндөрлөсөн билээ. Тус их наадам нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг юм. Энэ удаагийн их наадмын эмэгтэйчүүдийн 200 м-ийн зайн гүйлтэд 24.72 секунд цагийн амжилтаар Монгол Улсын рекорд шинэ дээд амжилт шинэчлэн тогтоосонҮЧИМБЭР” клубийн тамирчин Цоодолын Мөнххэрлэнтэй ярилцлаа. Тэрбээр багийн буухиа гүйлтийн 4х100 м 48.04 секунд гүйж 37 жилийн дараа рекорд амжилтыг тогтоосон. Мөн буухиа гүйлтийн 4х400 м-ийн зайд  3.51.50 секунд гүйж  Монгол Улсын шинэ рекорд  амжилтыг тогтоож, 400 м-ийн зайд 56.24 секунд гүйж “Спортын мастер” цолны болзол хангасан юм.

үх ард түмний XVI-р их наадмын 200 м-ийн зайн гүйлтэд 24.72 секунд цагийн амжилтаар Монгол Улсын рекорд дээд амжилтыг шинэчлэн тогтоосонд баяр хүргэе.

      -Маш их баярлалаа

-Мөн багийн буухиа гүйлтийн  4х100 м 48.04 секунд гүйж 37 жилийн дараа рекорд амжилт, 4х400 м-ийн гүйлтэд 3.51.50 секунд гүйж рекорд дээд амжилтыг тогтоож,  400 м-ийн гүйлтэд 56.24 секунд гүйж  “Спортын мастер” цолны болзол хангасанд дахин баяр хүргэе.  Нэг тэмцээн дээр энэ олон зайд Монгол Улсын рекорд  дээд амжилтыг тогтооно гэдэг ховорхон амжилт байх.  Олон зайд дараалан гүйгээд  ядарч цуцсан уу?

    -Дахин, дахин баярлалаа. Тэмцээнээс хойш олон хүнээс талархлын үг сонсоод маш гоё өдрүүд үргэлжилж байна. Энэ рекорд амжилтуудыг шинэчлэн тогтооно гэж бодоогүй л явж байлаа.

     Зүүд ч юм шиг санагдаж байна. Байнгын өндөр ачаалалтай бэлтгэл сургуулилалт хийж байсан болохоор ядралт, цуцалт харьцангуй бага байсан. Эхний зай төрөлдөө гүйгээд гаргасан амжилтаасаа урамшаад ядарч байгаагаа ч мэдээгүй л гүйгээд л байлаа, хэ хэ хэ.

-Монгол Улсын эмэгтэйчүүдийн  200 м-ийн гүйлтийн дээд амжилтыг О.Мөнхтүмэн эзэмшиж байсан. Хэдэн жилийн дараа түүнийг тогтоосон дээд амжилтыг шинэчилсэн бэ?

       -Энэ 2025 оны зургадугаар  сард ОУХМ О.Мөнхтүмэн эгч маань Узбекистанд болсон олон улсын тэмцээний 200 м-ийн зайд Монгол Улсын рекордыг шинэчлэсэн юм. Тэр рекорд, дээд амжилтыг сая би Монголын бүх ард түмний спартакиадаар шинэчлэн тогтоосон.

 

-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

    -Юуны өмнө “Эргэлт”.мн сайтыг уншиж байгаа уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Цоодолын Мөнххэрлэн гэдэг. Би одоо МУБИС-ийн БТДС-д Биеийн тамирын багш мэргэжлээр суралцаж байгаа. Хөнгөн атлетикийн спортын мастер цолтой залуу тамирчин байна.

-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?

      -Би Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрж, өссөн.

-Бага нас нь хаана өнгөрөв ?

      -Бага нас маань Хэнтий аймгийн төв буюу Хэрлэн суманд өнгөрсөн.  Бага байхдаа тав дахь өдөр болонгуут хөдөө аав, ээж рүүгээ явдаг байв.  Хөдөө очоод л хурга, ишиг хөөж гүйсэн л хүүхэд байлаа.

      Манай өвөө “Миний охин их хурдан шүү. За хонь руугаа гүйгээрэй”  гээд л намайг урамшуулаад л гүйлгэнэ. Өвөөгийн үгэнд нь урамшаад их хичээж, хурдан гүйхийг боддог байж билээ.  Тэр л намайг  хөнгөн атлетик руу ороход их нөлөөлсөн байх гэж боддог.

-Спартакиадад Дархан багийн нэр дээр орсон. Үе, үеийн Дарханы хүүхдүүд хөнгөн атлетикаар сайн байдаг. Үүний нууц нь юунд байдаг юм бол. Газар зүйн онцлог уу, Сайн багш нар багш нарын ур чадварт байна уу?

    -Тийм шүү, гэхдээ би Дархан хотын хүүхэд биш болохоор сайн мэдэхгүй байна. Багш, дасгалжуулагчдын ур чадварт байдаг болов уу. Би Хэнтийд төрж өссөн. Миний хувьд хөдөө малын араас гүйж өссөн хүүхэд.

      Мөн манай аав их спортлог хүн байдаг л даа.  Волейбол тоглодог. Ер нь л их авьяастай хүн. Аавыгаа л дуурайсан байх гэж боддог . Мөн миний гүйлтийн суурь техникийг зөв тавьж өгсөн  багш маань их мундаг хүн бий. Ер нь сайн тамирчин болоход багшийн ур чадвар болон хувь хүний өөрийн хичээл зүтгэл их чухал байдаг л даа.

-Бүх ард түмний XVI спартакиадын 4х100 болон 4х400 м-ийн буухиа гүйлтэд хэн, хэнтэй нэг баг болон гүйж өндөр амжилт гаргав аа?

    -XVI спартакиадын  4х100 м-ийн буухиа гүйлтэд спортын мастер Э. Оюундарь эгч, спортын мастер М.Нандингоо, спортын дэд мастер Д. Отгон-Эрдэнэ нартай хамтдаа гүйсэн. Харин 4х400 м-ийн буухиа гүйлтэд  спортын мастер М.Нандингоо, спортын мастер Д.Сувд-Эрдэнэ, спортын мастер Э.Хонгорзул гээд л мундаг эгч болон найз нартайгаа хамтарч гүйгээд ийм бахдам сайхан амжилтын эзэд боллоо.

-Хөнгөн атлетикийн спортыг сонгож хичээллэх шалтгаан юу байсан бэ?

     -Дунд сургуулийн 5- р ангидаа анх сургуулийнхаа  спартакиадаас алтан медаль авсан. Тэгээд л манай сургуулийн хөнгөний секц ордог Б.Төрбат багш маань намайг бэлтгэлд дуудаад маргааш нь шууд бэлтгэлд явж эхэлсэн. Удалгүй аймгийн аварга шалгаруулах тэмцээн болоод 5-р ангийн жаахан охин 5 км-ийн зайн гүйлтэд эгч нартайгаа уралдаж V байрт орсон нь их том, урам хүч, нөлөөлөл болсон.

-Хөнгөн атлетикийн анхны багш нь хэн бэ?

       - “Алтан гадас” одонт Хэнтий аймгийн лаборатори 1-р сургуулийн биеийн тамирын Б. Төрбат багш байгаа.

-Хэд дэх жилдээ хөнгөн атлетикаар хичээллэж байгаа вэ?

       -Дунд сургуульд байх үеэс гэхээр одоо 10 дахь жилдээ хичээллээд явж байна.

-Ойрын зайн 200 м-т гүйдэг, тэгсэн хэрнээ  дундын зайн 400 м-ийн зайд гүйх юм. Яагаад  спартакиадын 100 м-ийн зайд оролцоогүй юм бэ?

     - Ер нь100 м-ийн зайд гүйхэд гарааны түлхэлт их чухал байдаг.  Би багаасаа дундын зайд гүйдэг гарааны “иреакц” жаахан тааруу.  100 м-т гүйхэд арай л болоогүй байх.  Гэхдээ гараагаа давтаж байгаад 100 м-т гүйх бодол бол бий.

-Одоо ямар клуб, байгууллагын тамирчин бэ?

       -Би ЕБС-ийн  8-р ангиасаа хойш ойрын зайн “ҮЧИМБЭР” клуб дээр, спортын мастер Г. Жанцандорж багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилалт хийж байгаа.

-Хэдэн зайн гүйлтийн Монгол Улсын дээд амжилтыг эзэмшиж байгаа вэ?

      -Одоогоор 200 м , 4х100 м , 4х400 м-ийн зайн төрлүүдийн Монгол Улсынхаа рекорд дээд амжилтыг эзэмшиж байгаа.

 -Хөнгөн атлетикаар хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтуудаасаа сонирхуулахгүй юу?

     -Өсвөрийн тамирчин байхдаа “ Монгол туургатан “ хүүхдийн спортын наадмаас хүрэл медаль, 2019 онд хүүхдийн спортын VI наадмаас алт, мөнгө , хүрэл медаль хүртэж байсан. 2022 онд МБАТС-аас алт, мөнгө , хүрэл, 2025 онд МБАТС-аас хүртсэн медалиуд байна.

-Хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?

       -2019 онд болсон хүүхдийн их наадам өсвөр үеийн минь бараг л сүүлийн тэмцээн тэр байсан.  Ах, эгч нартайгаа тэмцээндээ орох гээд л хөөрцөглөөд гүйж байсан үе минь одоо ч тод санагдаж байна. Ер нь л өсвөр үеийн бүх тэмцээнүүд олон сайхан дурсамж үлдээсэн. Багаараа жижиг автобусанд шахдалцаад л дуу дуулаад л, аймшгийн адал явдал, сонин хачин зүйлийн талаар яриад л тэмцээндээ явдаг байсан. Тэр үе, хүүхэд насны минь хамгийн сайхан гэгээлэг дурсамжуудыг үлдээсэн санагддаг.

-Сагсан бөмбөгийн спортыг сонирхдог юм уу?

      -Арван жилд байхдаа жаахан сонирхож тоглодог байсан. Сургуулийн аваргаар “Шилдэг хамгаалагч” болж байлаа.  Багш “Гүйлтээр хичээллэдэг байж сагс тоглож болохгүй бэртэл авна. Гар, хөлөө гэмтээчихнэ” гээд ер нь тоглуулах дургүй байсан.

 -Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

        -Чөлөөт цагаараа кино үзэх, гэртээ гэрийнхэндээ гарын хоолоо хийж өгөх, найзуудтайгаа уулзаж хөгжилдөх дуртай даа.

-Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд байгаа вэ?

       -Монголд хүйтэн, сэрүүний улирал эхэлсэн болохоор үүнээс шалтгаалаад энэ жилийн тэмцээн ер нь дууссан . Одоогоор шинэ он гарсны дараа  Азийн улс орнуудад болох хэд хэдэн тэмцээн байгаа.


 

 


Ц.МӨНХХЭРЛЭН: Рекорд дээд амжилтыг тогтооно гэж бодоогүй л явж байлаа, зүүд ч юм шиг санагдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-29 17:17:00
    Jawhaa: Mundag dvvdee amjilt hvsie daraagiin tsol ni oirhon baig
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-29 10:15:49
    Moogiu: Mundag shvv vneheer teswer tewcheer gargahgve iim amjilt iin ard garsan dvvdee ilvvv amjilt chinii mine ireedvi ih iig bvteeleg hvsel bvhen vielen boltugai
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188