• Өнөөдөр 2025-07-03

Ч.ТҮВДЭНТАРВАА: Зүүн Азийн медалийг аавынхаа гараас авсан

2025-07-03,   471

Япон Улсын Чиба хотод болсон IBJJF”-ийн Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний насанд хүрэгчдийн ягаан бүсний 76 кг-ын  жинд хүрэл медаль хүртсэн Чойжамцын Түвдэнтарваатай ярилцлаа. Тэрбээр Булган аймгийн харьяат, “JET sharing Mongolia" ХХК,  “JUMP Mongolia академи”-ийн тамирчин юм.

–Жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 76 кг-ын жинд барилдаж хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.

       -Баярлалаа, “IBJJF” холбооны Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож хүрэл медаль хүртлээ.

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу, бага нас нь хаана хэрхэн өнгөрөв?

       -Намайг Чойжамц овогтой Түвдэнтарваа гэдэг. Булган сумын 2-р сургууль буюу “Эрдэмийн-Өргөө” цогцолбор сургуульд бага ангидаа Н.Оюунгэрэл,  дунд, ахлах ангидаа Д.Ганчимэг багш нарын удирдлага дор сурч төгссөн.Би ер нь Булганы төв болон хөдөөг хослуулж өссөн хүн. Би бага насандаа сурагчийн амралт болгоноор хөдөө өвөө, эмээгийндээ очдог  байлаа.  Дунд сургуулийн нэгдүгээр ангиасаа аравдугаар анги хүртэл хурдан морь унасан. Хүний морь их унадаг байв. Эмнэг адуунд дуртай байлаа.

   Есдүгээр ангиасаа хойш сурагчдын амралт, зав зайндаа хот руу явж, хар, бор ажил хийж эхэлсэн. Миний анхны ажил гэвэл Гандангийн Тасганы овооны арын “Шунхлай” ШТС-ийг Мандах ахлагчтай брагиад барьж байхад, гуйж байгаад туслах ажилтан болж ажиллаж байлаа.

-Булган аймгийн төвийн хүүхэд юм уу. Гэр бүлээ танилцуулахгүй юу?

     -Би Булган аймгийн Гурванбулаг суманд 2003 оны гуравдугаар сарын 9-ний өдөр төрсөн.  Аав, ээж хөдөө амьдардаг юм.  Булган аймгийн баруун талд Байшинлын аманд хөдөө байдаг. Манай аав Сандагийн Чойжамц Булган аймгийн Могод сумын малчин хүн. Ээж Гурванбулаг сумын хүн. Ээж малынхаа хажуугаар Булган аймгийн төвд ээлжийн ажил хийдэг.  Тийм болохоор би гурван дүүтэйгээ хамт өссөн. Тэднийгээ өсгөсөн гэж хэлж болох байх.  Өдөр бүр гэр орны ажил ус, түлээ, хоол, унд гээд ажил дуусахгүй.  Хагас сайн болгонд боорцог хийнэ. Харин бүтэн сайнд дүү нараа усанд оруулна, хичээлд нь бэлддэг байлаа. Харин дүү нар ахлах ангид орсон үеэс хойш өөрсдөө бие даан хийдэг болсон.

-Танайх бөхийн удамтай юу?

      -Манай ээжийн тал бөхийн удамтай. Улсын арслан Ч.Санжаадамба аварга ээжийн үеэл нь байгаа юм. Миний охин дүү Ч.Хажидсүрэнмаа самбо, жүдо бөхөөр хичээллэдэг. Одоо спортын дэд мастер цолтой. Хоёр охин дүү одоо сургуулийнхаа дотуур байранд амьдарч байгаа.

-Яагаад жюү жицүг сонгож, сонирхон хичээллэх болсон юм бэ

     -Бараг хувь тавилан гэхэд болох байх даа.  Яагаад ч юм жюү жицүгийн гэр бүлийн уур амьсгал, хүндлэл нь таалагдсан.  Жюү жицү хүнийг, хүмүүжүүлж  хүн болгон төлөвшүүлдэг спорт гэж боддог. Үүнийг жюү жицүгээр хичээллээд эхэлсэн хүмүүс мэдэрдэг дээ . Намайг долдугаар ангид орсон жилийн намар сумын алдарт уяач Х.Хаш-Эрдэнэ ах  хөтлөөд Булган аймгийн БТСГ-ын жүдо бөхийн багш, МУГД Ш.Эрдэнэ-Очир, одоогийн Булган аймгийн БТСГ-ын дарга аймгийн заан, ОУХМ Х.Батхишиг багш нарын шавь болгон өгч байлаа. Намайг дагаад манай ангийн хүүхдүүдийн ихэнх нь бөхөөр хичээллэж эхэлсэн.  Одоо харин Т.Буяннэмэх, Т.Буянтогтох, сумын заан М.Мөнхсүх , А.Жаргалсайхан гээд бид хэд л үлдсэн байна. Бусад нь өөр, өөрсдийн амьдралын зам мөрийг хөөгөөд явсан.

-Жүдо бөхөөр хэр амжилт үзүүлж байв?

   -Миний жүдо бөхийн амжилт тийм сайн байгаагүй. Аймгийн аваргаас дөрвөн хүрэл, хоёр мөнгөн медальтай. Эрдэнэт хотод болдог МУГТ Д.Нармандахын нэрэмжит тэмцээний мөнгөн медаль, хүүхдийн спортын зуны VI наадамд 5-р байрт орж байсан.  2021 онд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн “ЖАМП” буюу жюү жицүгийн дасгалжуулагчийн ангид орсон. Тэр цагаасаа эргэж буцалтгүй жюү жицүгээр хичээллэж өдий зэрэгтэй яваа.

-Жюү жицүгийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?

     -Жюү жицүгээр хичээллээд дөрвөн жил болж байгаа. 2021 оны арваннэгдүгээр сард “ЖАМП” хөтөлбөрт албан есоор орсон. Тэр цагаас хойш би Булган руу гэртээ  цөөхөн очсон шүү. Цагаан сар, наадам, шинэ жилүүд бол бүр мартагдсан байсан. Булган явах гэхээр бэлтгэлийн цикль алдагдах гээд байгаа юм шиг санагддаг.

-Хэдэн онд Абу Дабигийн “Гран при”-гээс, ямар бүсний  ангилалд алтан медаль хүртэж байсан билээ?

     -Абу Дабигийн “Гран при”-д  2024 онд цэнхэр бүсний 69 кг-ын жинд түрүүлж байсан. Өмнөх долоо хоногт нь Абу Даби хотод  Азийн аваргын тэмцээн болсон юм. Азийн аваргад барилдаж тавдугаар байрт орсон.

-Зүүн Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн санагдах юм?

       -2024 оны долдугаар сарын 13-ны өдөр  Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Тус тэмцээнээс мөнгөн медаль авсан. Гурван барилдаан хийж, зооны аваргын төлөө өмнө нь Зүүн Азийн аваргаар зооны аваргын барилдаан дээр хожигдсон Өмнөд Солонгосын Joo Soo Heong хожсон.  Тэр барилдаан их сайхан санагддаг шүү. Эх орондоо, аав, ээжийнхээ өмнө Солонгосыг хожиж байлаа.  Тэр мөчид би маш их баярласан. Эцсийн мөчид хөмрөх мэх хийсэн рийл байдаг юм. Яагаад тийм их эмоци гаргасан гэхээр, тэр тэмцээн болохоос хэдэн сарыг өмнө ойр дотны хүнээ алдаж, сэтгэл санаагаар уначисан байлаа. Гадагшаа тэмцээнд яваад медаль хүртэж чадаагүй. Сэтгэл дотор хуралдаж, зангирсан зүйл Зүүн Азийн аваргын ялалтын мөчид тэсэрч алга болох шиг сонин мэдрэмж төрсөн. Өөрийн мэдэлгүй огшиж, орилсон байсан. Аан бас тэр Зүүн Азийн медалийг би аавынхаа гараас авсан. Зүгээр л мөрөөдөл зүүд, диваажинд байгаа мэт сайхан мөч, миний хамгийн дуртай бахархалтай медаль  тэр байгаа юм.

–Медалийн өнгөө хувиргах боломж байсан уу?

     -За яг хэлж мэдэхгүй л байна. Би 2023 оны Азийн наадам, 2024 оны Азийн аварга, мөн “Гран при” тэмцээнд дараалан медалиас мултарч, тавдугаар байрт  орсон. Тийм болохоор жаахан хор шартай барилдсан байх. Ер нь жингийнхээ шилдэг тамирчидтай хоёр жил дараалан өндөр даваануудад барилдсан байсан.

 -Жюү жицүгийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?

     -Бүсний ангилалгүй Азийн аваргын хүрэл медальтай.  “IBJJF” холбооны ягаан бүсний Азийн аваргын хүрэлтэй. Грек Улсад болсон бүсний ангилалгүй ДАШТ-ий багийн барилдааны хүрэл медальтай. Абу Даби “Гранд слам”-ын цэнхэр бүсний аварга.  Зүүн Азийн аваргын мөнгө, 2024 оны ДАШТ-ий   шагналт долдугаар байр. Монгол Улсын хошой аварга. Бүсний ангилалгүй УАШТ-ий алтан медальтай. УАШТ-ий цэнхэр бүсний ангиллын  алт, мөнгөн медальтай. 2023 оны “Ханжоу-2022” Азийн наадам, 2024 оны Азийн аварга, Тайландйн  “Гран при” тэмцээний ягаан бүс, Абу Даби “Гранд слам”-ын шагналт тавдугаар байрт шалгарч байсан.

- Одоо 2025 онд оролцох ямар тэмцээнүүд бүлээж байгаа вэ?

     -Одоо наймдугаар сард “CHINGDOU World Games” дэлхийн чансааны тэмцээн болно. Эхний ээлжинд энэ тэмцээн чухал байгаа. Үүний дараа нь есдүгээр сард Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн. Арваннэгдүгээр сард  ДАШТ хүлээж байгаа.

 

 

 


 

 


Ч.ТҮВДЭНТАРВАА: Зүүн Азийн медалийг аавынхаа гараас авсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-03 10:14:43
    Зочин : Манай Тарваа багш мундаг залуу шүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188