• Өнөөдөр 2025-02-05

М.НАНДИНГОО: ХӨНГӨН АТЛЕТИКААР ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨХ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИН БОЛОХЫГ ЗОРЬЖ БАЙНА

2025-01-07,   345

“Монголын хамгийн хурдан хүүхэд” шагналын эзэн “Black Panther клубийн тамирчин, хөнгөн атлетикийн спортын мастер Мөнх-Эрдэнийн Нандингоотой ярилцлаа.  Тэрбээр 2017 онд Өвөр Монголын Ордос хотод болсон олон улсын хүүхдийн наадмаас хүрэл медаль, 2019 онд ОХУ-ын Чита хотод болсон олон улсын хүүхдийн наадмаас хүрэл медаль авч байлаа. 2019 онд өсвөрийн улсын аварга болсон. Харин 2023 онд насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга болсон юм.

-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

    -Намайг Мөнх-Эрдэнийн Нандингоо гэдэг.

-Одоо хэдэн настай, аль сургуульд сурдаг вэ?

         -Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Оюуны-Ирээдүй” цогцолбор дунд сургуулийг төгссөн. Одоо МУИС-ийн хууль зүйн сургуулийн гуравдугаар түвшний оюутан.  

-Айлын хэд дэх хүүхэд вэ?

        -Айлын том хүүхэд, доороо хоёр дүүтэй.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

       -Манай аавыг Мөнх-Эрдэнэ гэдэг. Дархан-Уул аймгийн Дулааны цахилгаан станцад ажилладаг. Ээжийг маань Баяржавхлан гэдэг.  Дархан-Ус сувагт ажилладаг. Аав, ээж хоёр спортод их хайртай хүмүүс. Манай том дүүг Нандин-Эрдэнэ гэдэг юм. Одоо сагсан бөмбөгийн спортоор хичээллэж байгаа. Харин бага дүү маань хөнгөн атлетикийн секцэнд явж эхэлсэн.

-Бага нас нь хаана өнгөрөв?

         -Би Дархан-Уул аймагт төрж, өссөн. Миний бага насны бүх дурсамж энэ газарт, Дархан хотын Бурхантын хөндий үлдсэн. Мөн “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн ангийн хамт олон, багш нар, найзууд гээд бүгдээрээ л миний бага насны дурсамжтай холбоотой.

-Хэдэн онд “Монголын хамгийн хурдан” хүүхдээр шалгарч байсан юм бэ?

       -Би 2022 онд “Монголын хамгийн хурдан гүйгч”-ээр шалгарч байсан. 12-р ангиа төгсөх хавар байлаа. Тэр үед элсэлтийн ерөнхий шалгалт өгөх дөхчихсөн, хичээлийнхээ хажуугаараа бэлтгэлээ хийж байгаад  ЭЕШ-даа орж байсан даа.

-Хэдэн настайгаасаа хөнгөн атлетикаар хичээллэж эхлэв?

        -Анх долдугаар ангийн намрын спартикатаар манай сургуулийн биеийн тамирын Б.Алтантариа багш  намайг сонгож авсан. Тэгээд Спортын ордны бэлтгэл рүү явуулж байлаа. Тэгэж л анх Сүхбаатар багш дээрээ очин бэлтгэл хийж эхэлсэндээ.

-Аль клуб, нийгэмлэгийн тамирчин бэ?

          -Одоогоор “Black Panther” гээд клубийн Жанцандорж багшийн удирдлдага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа.

-Спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?

          -Хөнгөн атлетикийн спортын мастер цолтой.

 -Хөнгөн атлетикийн чухам юу нь чамд илүүтэйгээр таалагдсан бэ?

         -Надад бүх спортын төрөл сонирхолтой санагддаг. Тэр дундаас хөнгөн атлетикийн спортод илүү дуртай. Хөнгөн атлетик бүх спортын суурь, цагаан толгой нь болж өгдөг юм. Спортын төрөл бүхэнд өөрийн гэсэн онцлог, давуу талууд бий.  Хөнгөн атлетикийн спорт нь нэгдүгээрт хувийн спорт. Хэрвээ би өөрөө л хичээж, хөдөлмөрлөж чадвал амжилтад хүрч чадна. Тийм болохоор хөнгөн атлетикийн спортод би дуртай байдаг. Хоёрдугаарт хөнгөн атлетикийн тамирчдын амжилт минут, секунд, долиор хэмжигддэг. Нэг секунд долийн төлөө маш их хүч, хөдөлмөр гардаг болохоор үйлдэл хөдөлгөөн болгон чухал байдаг юм. Гуравдугаарт спортын хатан хааныг хөнгөн атлетик гэдэг шүү дээ. Энэ утгаараа би сагсан бөмбөг, воллейбол зэрэг спорт тоглоомын төрөлд эвсэлтэй байдаг юм шиг санагддаг.

-Хөнгөн атлетикаар хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?

        - 2019 онд ОХУ-ын Чита хотод болсон олон улсын хүүхдийн бага наадмын 100 метрийн зайн гүйлтэд хүрэл медаль хүртэж байсан. 2017 онд Өвөр Монголын Ордос хотод болсон олон улсын хүүхдийн бага наадмаас буухиа гүйлтээр хүрэл медаль авч байлаа. 2019 онд өсвөр үеийн улсын аварга болсон. Харин 2023 онд насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга болсон байгаа.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

             -Би чөлөөт цаг гарвал  сагс тоглох, кино үзэх дуртай. Хуулийн сургуулийн оюутан болохоор сүүлийн үед ном унших зайлшгүй хэрэгтэй болсон. Тийм болохоор чөлөөт цагаараа хуулийн ном уншдаг болсон байгаа.

-Манай улсын хөнгөн атлетикийн ойрын зайн гүйлтийн тамирчид тэр болгон гадаадын тэмцээн уралдаанд оролцоод байдаггүй. Тэмцээний туршлага, техник арга барилын хувьд гадны тамирчдаас манайхан хэр зөрүүтэй байна вэ?

        -Манай улсын цаг агаар эрс тэс болохоор манай ойрын зайн тамирчид хавар зуны улиралд л гадаа талбай дээрээ бэлтгэл хийх боломжтой байгаа юм. Энэ талаараа бусад улсын тамирчдаас хол хоцорч байдаг. Манай улсад өвөл, намар бэлтгэл хийх боломжтой битүү дээвэртэй хөнгөн атлетикийн цэнгэлдэх хүрээлэн баригдах шаардлага бий. Тэгвэл манай ойрын зайн тамирчдын амжилтад их чухал нөлөө үзүүлнэ гэж боддог.

-Өөрөө хэд, хэдэн метрийн зайд гүйдэг вэ?

             -Би ойрын зайн гүйлтийн тамирчин. Тийм болохоор ойрын зайн 100, 200 метрийн зайд гүйдэг.

-Өөрийн хүсэл мөрөөдлөөс хуваалцахгүй юу?

            -Спортын ноён оргил нь олимпын наадам байдаг. Олимпод орж үзэх нь тамирчин бүрийн хүсэл мөрөөдөл байдаг шүү дээ. Би хөнгөн атлетикаар хичээллээд найман жил болсон. Иймээс энэ спортын эцсийн цэг хүртэл нь хичээллэх зорилготой байгаа. Ойрын зорилго маань 100 метрийн зайн Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэх, шигшээ багийн тамирчин болохын тулд бэлтгэлээ хийсээр байгаа.

 

 


 

 


М.НАНДИНГОО: ХӨНГӨН АТЛЕТИКААР ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨХ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИН БОЛОХЫГ ЗОРЬЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188