• Өнөөдөр 2025-04-22

2024 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН

2024-12-27,   1303

Улиран одож буй 2024 оны олимпын жил спортын салбарт амжилт, ялалт арвинтай, медалийн ургац хураасан сайхан жил байлаа.  Спортын салбартаа манлайлан, тив, дэлхий, олимпын дэвжээнд  улсынхаа нэрийг өндөрт өргөсөн олимпын төрлийн спортын оны онцлох арван тамирчдыг нэрлэж байна.

1.”ПАРИС-2024” ОЛИМПЫН МӨНГӨН МЕДАЛЬТ, “АБУ ДАБИ-2024” ДАШТ-ИЙ АЛТАН МЕДАЛЬТ  МУГТ Б.БААСАНХҮҮ

       Монгол Улсын гавьяат тамирчин Бавуудоржийн Баасанхүүгийн хувьд 2024 он “Од хийморьтой” их амжилтын жил байсан. Тэрбээр "Парис 2024" олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд  мөнгөн медаль хүртсэн. Мөн "Абу Даби 2024"  жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алтан медаль, "Хонконг-2024" Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, “Душанбе-2024” олон улсын жүдо бөхийн холбооны цуврал  их дуулга тэмцээнээс алтан медаль хүртсэн амжилтаар "БӨРТЭ ЧОНО 2024"  наадмын “Шилдгийн шилдэг тамирчин” болсон билээ.

2. “ПАРИС-2024” ПАРАЛИМПЫН АВАРГА МУГТ У.СҮРЭНЖАВ

      Монгол Улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Уламбаярын Сүрэнжав “Парис-2024” паралимпын наадмын пара таэквондогийн тулааны төрөлд алтан медаль хүртсэн. Тэрбээр паралимпын их наадмаас алтан медаль хүртсэн Монголын гурав дахь тамирчин болсон бөгөөд эх орондоо паралимпын тав дахь медалийг авчирсан билээ. У.Сүрэнжав 2023 онд пара таэквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, хүрэл медаль авсан. Мөн 2023 онд Хятад Улсад болсон “Ханжоу-2022”  Азийн зуны спортын их наадмаас мөнгөн медаль хүртсэн юм.

3. “ПАРИС-2024” ПАРАЛИМПЫН МӨНГӨН МЕДАЛЬТ МУГТ Э.СОДНОМПЭЛЖЭЭ

       Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ “Парис-2024” зуны 17-р паралимпын их наадмын  пауэрлифтингийн хэвтээ шахалтын 107 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр “Токио-2020” паралимпын их наадмын аварга, “Рио-2016” паралимпын их наадмын хүрэл медальтай. Дэлхийн рекорд дээд амжилтыг эзэмшдэг. Э.Содномпилжээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван алт, дөрвөн мөнгө, дэлхийн цомын зургаан алтан медальтай.  Азийн паралимпын их наадмын хоёр алт, нэг мөнгөн медальтай. Манай улсын паралимпын шилдэг тамирчин билээ.

4. “ПАРИС-2024” ПАРАЛИМПЫН МӨНГӨН МЕДАЛЬТ МУГТ Г.БОЛОР-ЭРДЭНЭ

     Монгол Улсын гавьяат тамирчин, пара таэквондогийн дэлхийн таван удаагийн аварга, Ганбатын Болор-Эрдэнэ “Парис-2024” паралимпын их наадмын таэквондогийн тулааны төрөлд мөнгөн медаль хүртсэн.

Тэрбээр пара таэквондогийн дэлхийн аваргаас таван алтан медаль хүртсэн. Ази тивийн дөрвөн удаагийн аварга, "Токио-2020" паралимпын наадмын шагналт байрт шалгарч байв.

”Москва-2014” ДАШТ-ээс алтан медаль, “Шилдэг тамирчин” шагналыг хүртсэн. “Самсун-2015” ДАШТ-ээс алтан медаль, “Лондон-2017” ДАШТ-ээс алтан медаль, “Анталья-2019” ДАШТ-ээс алтан медаль, “Шилдэг тамирчин” шагналыг хүртсэн. "Истанбул 2021" ДАШТ-ээс алтан медаль авч байлаа. Мөн Ази тивийн аваргаас  2015, 2016, 2017, 2018 онуудын алтан медаль медаль хүртэж,  2019 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2021 оны Ази тивийн аваргаас мөнгөн медаль хүртэж байв. 

5. “ПАРИС-2024” ПАРАЛИМПЫН МӨНГӨН МЕДАЛЬТ  ОУХМ Ц.БАТТУЛГА

      “Парис-2024” зуны паралимпын их наадмын  хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн “F-40” ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Цэгмидийн Баттулга өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн билээ.

      Тэрбээр тав дахь шидэлтээрээ 11.09 метр хол шидсэнээр “Парис-2024” паралимпын  их наадмын мөнгөн медалийн болзол хангасан юм. Ингэснээр Ц.Баттулга паралимпын наадмын хөнгөн атлетикийн төрөлд медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон. Ц.Баттулга өнгөрсөн жил болсон “Ханжоу-2022" Азийн зуны спортын их наадмаас хүрэл медаль хүртсэн бөгөөд Бээжингийн гран при болон Бүх Оросын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртэж байсан юм.

6.  “ТИРАНА-2024” ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬТ МУГТ С.ЦЭРЭНЧИМЭД

       Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Сүхээгийн Цэрэнчимэд Албани Улсад болсон “Тирана-2024” ДАШТ-ээс мөнгөн медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилтаар "БӨРТЭ ЧОНО-2024"  наадмын “Шилдэг тамирчин” шагналыг хүртсэн.

       Тэрбээр “Тирана-2024”  ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Мексикийн Ривера Арриагаг 10:0-ээр, Канадын  Лоуренс Борегарыг 8:8-аар, Азербайжаны Алена Колесникийг 9:0-ээр ялсан. Хагас шигшээд Энэтхэгийн Манси Мансиг 4:1-ээр ялж, финалд шалгарсан.  Дэлхийн аваргын алтан медалийн төлөө Японы олимп, дэлхийн аварга Рисока Кавайтай барилдаж, оноогоор тэргүүлж явсан ч шүүгчийн буруу шүүлтийн улмаас 4:2-оор ялагдан, мөнгөн медаль зүүсэн юм. С.Цэрэнчимэд 2014 онд дэлхийн аварга болж, 2015 онд мөнгөн медаль авч байлаа. Харин 2024 онд ДАШТ-ий гурав дахь медалиа хүртсэн.

7.  “МАНАМА-2024” ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬТ М.АНХЦЭЦЭГ

     Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга, “Токио-2020” олимпын наадмын дөрөвдүгээр байрын шагналт  Мөнхжанцангийн Анхцэцэг Бахрайн Улсад болсон “Манама-2024” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд өрсөлдөж, огцом өргөлтөөр дэлхийн аваргын мөнгөн медалийг хүртсэн. Тэрбээр  ийнхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, хошой мөнгө, хошой хүрэл медалийн эзэн болсон. М.Анхцэцэг "Парис 2024" олимпын наадамд оролцож, "Манама-2024" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн амжилтаар "БӨРТЭ ЧОНО-2024" наадмын “Шилдэг тамирчин” шагналыг хүртсэн юм.

8. “АБУ ДАБИ-2024” ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ ОУХМ Л.АНХЗАЯА

     Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Женко” клуб, зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Лавжаргалын Анхзаяа “Абу Даби-2024” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хүрэл медаль авсан. Тэрбээр энэхүү амжилтаараа МҮОХ-ны 2024 оны спортын салбарын шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно-2024” наадмын “Шилдэг эрэгтэй тамирчин” шагналыг хүртсэн юм.  

     Л.Анхзаяа самбо бөхийн өсвөр үеийн УАШТ-ээс алтан медаль хүртэж байсан. Мөн өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, залуучуудын УАШТ-ээс алтан медаль, насанд хүрэгчдийн УАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэж байв.  Харин жүдо бөхийн зaлуучуудын УАШТ-ээс алтан медаль, насанд хүрэгчдийн УАШТ-ээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. “IJF” цуврал тэмцээн 2022 оны Португалийн гран пригийн хүрэл, 2024 оны ДАШТ-ий хүрэл медальтай.

9.  “ТИРАНА-2024” ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ ОУХМ Ц.ЦОГБАДРАХ

      Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, УАШТ-ий хошой алтан медальт, ОУХМ Цэвээнсүрэнгийн Цогтбадрах Албани Улсад болсон “Тирана-2024” ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Тэрбээр Беларусь, Киргизстан, Иран Улсын бөхийг дараалан ялсан. Шөвгийн дөрөвт Туркийн тамирчинд ялагдаж, улмаар хүрэл медалийн төлөө Азербайжаны Нураддин Новрузовыг цэвэр ялснаар ДАШТ-ий хүрэл медалийн эзэн болсон юм. Ц.Цогбадрах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, "Korea Open 2024" тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн амжилтаараа "БӨРТЭ ЧОНО 2024"  наадмын “Шилдэг тамирчин” нэр дэвшсэн билээ.

10. “ЛИМА-2024 “ ДЭЛХИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛЬТ ОУХМ Т.АРИУНЗАЯА

        Жүдо бөхийн “Гүрү Дожо” клубийн тамирчин, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2-р дунд сургуулийг сурагч, ОУХМ Тэрбишийн Ариунзаяа Перу Улсад болсон жүдо бөхийн өсвөр үеийн “Лима-2024” ДАШТ-ээс алтан медаль хүртэж, Монгол Улсын анхны өсвөр үеийн дэлхийн аварга тамирчин болсон билээ. Мөн түүнчлэн “IJF”-ийн насанд хүрэгчдийн оны сүүлийн цуврал “Токио-2024” их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн юм.

    Т.Ариунзаяа жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ-д 11 удаа финалдаж, нийт гурван мөнгө, найман алтан медаль хүртэж байсан. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, “IJF”-ийн цуврал тэмцээний найман алт, хоёр мөнгөн медальтай. Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс 14,15,16 настайдаа тус тус оролцож хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж байсан. 

      2023 онд жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий 52 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Испани, Итали Улсад болсон “IJF” Европын  цуврал тэмцээнээс алт, мөнгөн медаль авч байлаа. Тэрбээр 2024 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээс эхлээд 57 кг-ын жинд барилдах байгаа билээ. Жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аваргаас алтан медаль, “Токио-2024” их дуулгаас хүрэл медальт хүртсэн амжилтаар "Бөртэ чоно-2024" наадмын "Шилдэг залуу тамирчин" шагналын эзэн болсон.


2024 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-27 21:40:52
    Зочин: Бараг бүгд бөх, Монголд бөх, хүчний спортоос өөр спортуудыг ад үздэг, ялангуяа багийн спортуудыг, спортын салбарын төсвөөр бөхчүүд л шал арчаад, зугаалаад дуусгадаг, энэнд эдгээр тамирчид ямар ч буруугүй л дээ, бодлого боловсруулагчдын алдаа, бөхчүүдийн замбараагүй лобиноос л үүдэлтэй гажуудал юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-27 09:31:17
    сүхээ: Амжилт хүсий
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188