-Авто мото спортын олимп гэгддэг “Дакар ралли-2025”-д Монгол Улсаа төлөөлөн уралдах болсонд баяр хүргэе.
-Та сайн байна уу. Танд баярлалаа.
-Өөрийг тань мото спортын удам дамжсан тамирчин гэдэг. Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Пүрэвдоржийн Мөрөн гэдэг. Одоо 27 настай. Мото спортын ОУХМ цолтой.
-Аль аймгийн уугуул хүүхэд вэ?
-Улаанбаатар хотод төрж, өссөн.
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би айлын том, ууган хүүхэд.
-Бага нас нь хаана өнгөрөв. Зургаан настай байх үеэсээ хүүхдийн мотоцикл унаж сурсан юм уу?
-Миний бага нас мото спорттой салшгүй холбоотой. Ухаан орсон цагаасаа эхлэн мото спортын орчинд өсөж, торнисон. Манай аав мото спортоор хичээллэхээс гадна хашаандаа авто, мотоциклийн засварын газартай байсан. Тийм болохоор мото спортын тамирчин ах нар байнга ирж, засвар үйлчилгээ авдаг байлаа. Мотоциклийн дууг сонсож, мото спортын орчинд өссөндөө баяртай байдаг. Зургаан настайдаа мотоциклын дөрөөнд анх хөл тавьж, 13 настайгаасаа өнөөг хүртэл энэ спортоор хичээллэж байна. Дунд нь дөрвөн жил завсарласан үе бий.
-Мото спортод дуртай болсон нь гэр бүлийн орчин нөлөөлөжээ?
-Манай өвөө, жолооч мэргэжилтэй, мотоцикл унадаг хүн бий. Мөн аав, ах хоёр мото спортын ОУХМ цолтой тамирчид байгаа. Тийм болохоор манай гэр бүлийн орчин надад нөлөөлсөн.
-Мэргэжлийн уралдаанд хэзээнээс уралдаж эхэлсэн бэ?
-Сүүлийн 3-4 жилд ралли төрлийн олон улсын тэмцээнүүдэд амжилттай уралдаж байгаа. Харин мөрөөдлийн дакар ралли уралдаанд оролцох эрхийг 2024 оны наймдугаар сард хүртсэн. Би дакарын бүртгэлд 2021 оноос хойш бүртгүүлэх гэж оролдсон боловч олон янзын шалтгаан тоочиж бүртгэж авахаас гурван жил татгалзаж байлаа. Энэ жил намайг үргэлж дэмждэг гэр бүл, сайн баг хамт олон, найз нөхдийн тусламж, дэмжлэг, ерөөлөөр уралдах эрхээ баталгаажуулан авсандаа баяртай байгаа.
-Мото спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-2009 оноос хойш мото спортоор хичээллэж байгаа.
-Эр зориг шаардсан, эрсдэл ихтэй спортын чухам юу нь чамд илүүтэйгээр таалагдсан бэ?
-Мотоцикл унах үед аз жаргалыг мэдрэх адерналин гормоны ялгаралт ихэсдэг нь таалагддаг. Мотоцикл унаж салхи татуулан давхих үед би тэс өөр хүн болдог. Алжаал ядаргаа, ажлын стресс арилдаг. Мөн нийгмийн зүгээс ирж буй бухимдал, дарамтуудыг мартагддаг. Ер нь мотоциклтойгоо нэгдэж, нэгэн цул болсон юм шиг тийм нэг хүчирхэг, эрч хүчтэй сайхан мэдрэмжийг авдаг.
-Мото спортоор хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?
-Миний хийх дуртай зүйл болохоор яг уралдааны үед болон бэлтгэл, сургуулилалтын үед шантарч, мохох зүйл гарч байгаагүй. Харин 2016 онд уралдаж байгаад мотоциклтойгоо унаж, хүнд бэртсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлсэн чинь дотор эрхтэний бэртэл хавсарсан байна гэсэн. Эмч нар дахин мото спортоор хичээллэж болохгүй гэж хориглосон. Эмч нарын тэр мото спортоор хичээллэж болохгүй гэсэн үгийг сонссон чинь сэтгэл бачуураад, хоолой зангираад огшоод ирсэн. Тэвчье гэвч тэвчиж чадахгүй, нулимс өөрийн эрхгүй урсаад л байж билээ. Тэр хоригоос хойш боловсрол, мэдлэгтээ анхаарч дөрвөн жил гадаад сурсан. Тухайн үед мото спортоос өөр спортоор хичээллэх гэж үзсэн. Хөл бөмбөг, сагс, бокс, усан сэлэлт, фитнес гээд олон спортоор хичээллэх гэж үзсэн. Яагаад ч юм мэдэхгүй мото спорт сэтгэлийг минь татаад болдоггүй. Тэгээд л дөрвөн жилийн дараа гадаадаас ирээд тэсэхгүй мотоциклоо унаж, уралдаад эхэлсэн дээ. Тэгэхдээ холын зайн ралли төрлөөр нь уралдах нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн.
-Мото спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Би мото спортоор хичээллэж эхэлсэнээс хойш ойролцоогоор 130-140 тэмцээнд оролцсон байдаг. Дотоодын уралдаан тэмцээний 80 гаруй медальтай. Олон улсын 10 гаруй уралдаанд оролцож 45 алт, 19 мөнгө, долоон хүрэл медаль хүртэж байсан. Дакар раллид уралдах Монголын 13 дахь тамирчин, мотоциклоор уралдах долоо дахь монгол тамирчин болж байгаа.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй дурсамж үлдээсэн ямар уралдаан байсан бэ?
-Бага байхдаа гадаад, дотоодын уралдаанд ихэвчлэн аавтай цуг явдаг байлаа. Аавтайгаа цуг оролцож байсан тэр үеийн тэмцээнүүд л хамгийн сайхан дурсамжтай, сонирхолтой санагддаг. Намайг уралдаад үсэрч, харайх болгонд аавын сэтгэл, санаа нь зовж байгаа бололтой биеийн хэлэмжинд илт харагдаж байж билээ. Бараг л надтай цуг харайж, байгаа аятай, дээш, доош болоод, хажуу тийш хазайгаад байгаа нь харагдсан. Тэр уралдааны фото зурганд аавын тэр биеийн хэлэмж нь тод үлдсэн байдаг.
Одоо миний уралдах дакар ралли уралдааны хувьд 14 хоног элсэн манхан дундуур, 8 мянган гаруй км замыг туулан уралддаг. Тус уралдааны зайг Монгол Улсын хилийн зураас, шугамтай харьцуулах юм бол нэг бүтэн тойрох орчим урттай замыг туулна гэсэн үг. Тус уралдаан зүгээр нэг шулуун тэгш замаар уралдаггүй. Элсэн манхан, халуун цөл, уул, хад чулуу, ус шалбайг гээд маш хүнд байгалийн саадыг халуун нар, хүйтэн салхи, шуурга, цас, бороотой, шороотой цаг агаарын хүнд нөхцөлд туулан уралддаг.
Дакар ралли техникийн хүч чадал, бүрэн бүтэн байдлаас гадна, тамирчдаас ур чадвар, тэсвэр хатуужлын хязгаарыг шалгадаг өвөрмөц онцлотой уралдаан байгаа юм. Энэ уралдаан 47 жилийн өмнөөс зохиогдож ирсэн. Уралдааны түүхэнд олон тамирчин төөрсөн, бэртэж, гэмтсэн, 70 гаруй тамирчин нас барсан байдаг. Маш хэнцүү, хүнд тэмцээн байгаа.
Энэ уралдаанд оролцоно гэдэг том аз завшаан. Олон өдрийн хүнд бэрхшээлтэй уралдааны замыг бүрэн дуусгаж чадаж, өөрийгөө ялан дийлнэ гэдэг хамгийн том амжилт байгаа юм. Энэ том уралдаанд оролцох боломжийг надад ханган өгч байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, болон бусад байгууллага, хувь хүмүүс бий. Эдгээр байгууллага, хувь хүмүүс, багш, дасгалжуулагч, багийн хамт олон, найз, нөхөд, гэр бүлдээ баярлалаа гэж хэлмээр байна.
П.МӨРӨН: Мотоцикл унаж салхи татуулан давхихдаа би тэс өөр хүн болдог |
|
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |