• Өнөөдөр 2025-01-19

Ази тивийн аварга С.ГҮНЖИНЛХАМ: Байлдааны самбо бөхийг хүнд хэцүү гэж бодож байгаагүй

2024-12-06,   556

Самбо бөхийн залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, С.Гүнжинлхам  энэ 2024 онд Ази тивийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртсэн юм. МҮБТДС-ийн оюутан, Ази тивийн аварга Сарантуяагийн Гүнжинлхамтай ярилцлаа.

- Сая болж өнгөрсөн жүдо бөхийн “Топ-6” тэмцээнд яагаад барилдсангүй вэ?

     -Би чансааны оноо олгосон “Sensei cup” тэмцээний эхний тойрогт “Рио 2016” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Г.Отгонцэцэг эгчтэй таарч хожигдсон.  Мөн самбо бөхийн дэлхийн аваргад хэд хоногийн дараа явах байсан учраас тэр тэмцээндээ илүү төвлөрсөн байсан үе байлаа.

-Жүдогийн тэмцээнүүдэд ер нь нэг их барилдаж харагдахгүй юм. Самбо бөхийг сонгож хичээллээд байна уу?

    -Ерөнхийдөө бол тийм, самбо бөхөөр илүү голчлон хичээллэж байгаа. Ер нь би нэг их хүний нүдэнд өртдөггүй дээ. Харин энэ 2024 онд болсон жүдогийн залуучуудын болон насанд хүрэгчдийн бүх тэмцээн уралдаанд орсон. Жүдо бөхийн “Топ-6”, “Sensei cup” тэмцээнээс бусдад нь медаль хүртээд байгаа.

-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

     -Намайг Сарантуяа овогтой Гүнжинлхам гэдэг.  Самбо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин. Харин жүдо бөхийн үндэсний шүүгч.

-Одоо хэдэн настай вэ, ямар сургуульд сурдаг вэ?

          -Би 21 настай. Үндэсний биеийн тамирын дээд сургуульд багш, спортын арга зүйч чиглэлээр суралцаад явж байгаа.

–Спортын ямар зэрэг цолтой вэ?

     -Самбо бөхийн спортын мастер цолтой. Харин жүдо бөхийн спортын дэд мастер цолтой.

-Бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?

     -2017 оноос анх бөхийн спортод хөл тавьж орсон. 2020-2022 онд огт бэлтгэл хийгээгүй, түр завсарласан байдлыг оролцуулалгүйгээр барилдаад яг  таван жил гаруй хугацаа өнгөрсөн байна.

 -2024 оны зургадугаар сард Макаод болсон Ази болон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнээс байлдааны самбоор мөнгө, спорт самбо бөхөөр хүрэл медаль хүртсэн байх аа?

      -Тийм ээ,  Энэ 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн урд өмнөх жилүүдийн тэмцээнээс илүү өргөн цар хүрээтэй, олон орон оролцсон тэмцээн болж өнгөрсөн.  

-Байлдааны самбо бөхөөр тулалдах хэцүү биш үү?

      -Мэдээж тулааны спорт эмэгтэйчүүдэд хэцүү, хүнд тал бий. Хүнд, хөнгөн бэртэл, гэмтэл авахаас гадна нүүр биендээ их, бага хэмжээний хөхрөлт, няцралт авах нь энүүхэнд байдаг.  Гэхдээ байлдааны самбо бөхийг  хэзээ ч хэцүү гэж бодож байгаагүй юм байна шүү.  Бас хэн нэгнээс айж сандарч чадахгүй юм байна гэсэн бодол төрж байсангүй.

-2024 оны самбо бөхийн ДАШТ-д тэмцээнд барилдсан уу?

       -Дэлхийн аваргад оролцож Беларусийн бөхөд хожигдсон. Миний хувьд анх удаа оролцсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга байсан.  Их зүйлийг ойлгуулсан, туршлага хуримтлуулсан их чухал тэмцээн болж өнгөрсөн.

-Яагаад бусад спортоос илүүтэйгээр бөхийн спортыг сонирхон хичээллэх болов?

      -Би өмнө нь дуулж бүжиглэдэг, урлагт их сонирхолтой хүүхэд байлаа. Нэг өдөр бөхийн заалаар шагайж үзсэн юм. Бэлтгэл хийж байгаа хүүхдүүдийг хараад, “Би яагаад энэ хүүхдүүд шиг мундаг болж чадахгүй гэж”  гэсэн бодол төрсөн. Тэр цаг үеэс эхлээд бөхийн спортод зүрх сэтгэлээрээ эргэлт буцалтгүй шунан дурласан.

-Самбо бөхийн чухам юу нь чамд илүүтэйгээр таалагдсан бэ?

             -Маш гайхалтай мэдрэмжийг хүнд суулгаж өгдөг спортын төрөл байгаа юм. Мэхний хувилбар барилдааны техникүүд гээд бусад бөхийн спортыг бодвол тэс өөр. Чөлөөт бөх, жүдогийн төгс хосолмол хувилбар юм шиг санагддаг шүү.

-Өөрийн тань жингийн хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар улсын тамирчид байна вэ?

             - Одоогоор манай жинд Беларусь, ОХУ,  Казахстан, Венусвэлийн бөхчүүд л илүү хүчтэй байгаа гэж хэлэхээр байна.

-Чөлөөт цагаараа жүдо бөхөөс гадна өөр юу хийх дуртай вэ?

             -Чөлөөт цагаараа дуу сонсох, шүлэг бичих их дуртай. Мөн сургуулийнхаа бага ангийн сурагчдад “ХИЧЭЭСЭН ӨДӨР БҮРИЙН ТООГООР ШАГНАЛ ИРДЭГ” гэсэн сэдвээр сэтгэл зүйн хичээл ордог.

-Жүдо, самбо бөхөөр хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?

            -Залуучуудын дэлхийн аваргын хошой хүрэл медальтай. Азийн аваргаас нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль авч байсан.  Дэлхийн тулааны урлагийн наадмын хүрэл медальтай.  Улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл нийлсэн 20 гаруй медаль бий.  

-2025 оны жүдо бөхийн УАШТ-д барилдах уу?

            -Жүдо бөхийн 2025 оны УАШТ-д барилдана. Жүдо бөхийн 2024 оны УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн байгаа. Одоо 2025 онд медалийнхаа өнгийг хувиргах, ахиулах зорилго тавин бэлтгэлээ хийж байна.

-Ирэх онд ямар томоохон тэмцээнүүд хүлээж байгаа вэ?

          -2025 онд бүх ард түний их наадам болно. Самбо, жүдо бөхийн УАШТ,  Азийн аварга, дэлхийн аварга,  дэлхийн цом, танхимын спортын их наадам гээд олон тэмцээн шил даран хүлээж байна даа. Энэ завшааныг ашиглаад ивээн тэтгэгч хувь хүн, албан байгууллага хайж байгаагаа хэлмээр байна. Хүсэл мөрөөдлийнхөө оргил руу тэмүүлж буй нэгэн тамирчныг мөрөөдөлд нь хүргэх гүүр нь байж өгөөч гэж чин сэтгэлээсээ хүсмээр байна баярлалаа. Намайг сонгож ярилцлага авсан танд болон танай хамт олонд бас баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

 


Ази тивийн аварга С.ГҮНЖИНЛХАМ: Байлдааны самбо бөхийг хүнд хэцүү гэж бодож байгаагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-08 18:27:03
    өнөрөө: мундаг тамирчин шүү миний хүү өөрөөр чинь их бахархадаг улаан пэн нь шүү Мөнх Эрдэнэ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188