• Өнөөдөр 2025-02-05

ЖҮДО БӨХИЙН "JUDO TOP 6"-ИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

2024-12-01,   362

Жүдо бөхийн жин тус бүрийн “TOP-6” тамирчдын дундах цуврал тэмцээн болж өндөрлөв. Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагааны дараа өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медаль, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медаль, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, олимпын наадмын хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Цэнд-Очирын Цогтбаатар өсвөрийн жүдочидтой хамтарсан бэлтгэл хийж, өөрийн жүдо бөхийн техникээсээ заасан. Энэ удаагийн тэмцээн нийт 100 сая төгрөгийн шагналын сантай байлаа.  "JUDO TOP 6" тэмцээнд 19 байгууллагын 83 тамирчин оролцсон.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ-Д Г.ОТГОНЦЭЦЭГ ТҮРҮҮЛЭВ

      “Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой хүрэл медальт Галбадрахын Отгонцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд аваргаллаа. Тэрбээр гуравдугаар тойрогт өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальтай Ж.Анударьд нэмэлт цагт ялагдал хүлээсэн юм. Харин сүүлийн тойрогт “World Masters”-ийн мөнгөн медальт ОУХМ Ганбаатарын Наранцэцэгийг цэвэр ялсан. Улмаар гурван бөх биенээ тойрч ялсан учир барилдааны чанараар Г.Отгонцэцэг түрүүлж, Г.Наранцэцэг мөнгө, Ж.Анударь хүрэл медаль хүртлээ. Энэ жинд Ж.Энхбулаг дөрөвт, Н.Ундрахбаяр тавд, Т.Отгонжаргал зургадугаар байр эзэллээ.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-Д Б.УРАНЗАЯА АВАРГА БОЛЛОО

     2024 оны улсын аварга “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Б.Уранзаяа тэмцээний эхний тойрогт “Хангарьд”-ын Б.Гүндэгмаад  ялагдсан. Харин түүний дараах үлдсэн бүх өрсөлдөгчөө цэвэр ялсаар барилдааны амжилтаараа алтан медалийн болзол хангалаа. Түүнтэй ижил ялалттай Б.Гүндэгмаа мөнгөн медаль хүртсэн бөгөөд тус тэмцээнд залуучуудын дэлхийн аварга Лхагвасүрэнгийн Сосорбарамыг орлон барилдсан юм. Хүрэл медалийг цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт Ц.Гал-Од хүртэв.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-Д Т.АРИУНЗАЯА АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ

      Өрсөлдөөнөөр дүүрэн “JUDO TOP 6” тэмцээний 57 кг-ын жинд өсвөр үеийн анхны дэлхийн аварга “Гүрү дожо” клубийн тамирчин, ОУХМ Тэрбишийн Ариунзаяа алтан медалийн болзол хангалаа. Тэрбээр бүх өрсөлдөгчөө ялснаар аваргалах боломжоо нээсэн юм. Түүний жинд мөнгөн медалийг ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо, хүрэл медалийг өсвөр үеийн Азийн аварга Оюунгэрэлийн Оюунчимэг хүртсэн.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63-Д Х.МАРАЛМАА АЛТАН МЕДАЛЬ АВЛАА

     Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд “Сэнсэй кап” тэмцээний мөнгөн медальт “Гүрү Дожо” клубийн 16 настай өсвөрийн тамирчин Хүрэлчулууны Маралмаа насанд хүрэгчдийн ангилалд анхны түрүүгээ авлаа. Тэрбээр “Хилчин” спорт хорооны тамирчин О.Саруултай ялалтын харьцаа тэнцсэн бөгөөд хоорондын барилдаанд илүүрхсэн учраас алтан медалийн болзол хангасан. Мөнгөн медалийг О.Саруул хүртсэн бол хүрэл медалийг “Шинэ Бадрах” дэвжээний Ганбатын Мөнхтуяа хүртлээ.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ-Д С.ЛХАГВАДУЛАМ ТҮРҮҮЛЭВ

    Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ энэ оны Зүүн Азийн аварга Саранцэцэгийн Лхагвадулам бүх өрсөлдөгчөө ялж, түрүүллээ. Түүний жинд “Хүч” спорт хорооны Д.Есүй мөнгө, “Женко” клубийн У.Анужин хүрэл медаль хүртэв.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ-Д А.ДУЛАМСҮРЭН АЛТАН МЕДАЛЬ АВЛАА

      Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд өсвөр үеийн Азийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин А.Дуламсүрэн таван ялалттайгаар тэргүүллээ. Түүний жинд “Хангарьд”-ын Э.Буян-Өлзий мөнгө, Хан-Уул дүүргийн “Женко” клубийн тамирчин Т.Түмэннаст хүрэл медаль хүртлээ.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ-Д А.АДЪЯАСҮРЭН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ

     Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд цэргийн дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн бүх өрсөлдөгчөө ялсаар алтан медаль хүртэв. Түүний дотоодын гол өрсөлдөгч Хан-Уул дүүрэг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Д.Номинзул үзүүрлэлээ. Харин хүрэл медалийг “Алдар” спорт хорооны тамирчин Э.Жаргалмаа хүртлээ.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-Д Т.ТҮМЭНЖАРГАЛ АВАРГА БОЛЛОО

      Манай жүдочдын хамгийн өрсөлдөөнтэй жин 60 кг-д “Шинэ Бадрах” дэвжээний 21 настай залуу жүдочин Түвшинтөрийн Түмэнжаргал насанд хүрэгчдийн ангилалд анхны түрүүгээ авлаа. Тэрбээр эхний дөрвөн учраагаа ялсан бөгөөд сүүлийн тойрогт Дархан Уул аймгийн тамирчин К.Ёолкод ялагдсанаар “Тэмүүжин” клубийн Д.Билгүүний хамт дөрвөн ялалт, нэг ялагдалтай болсон. Улмаар аваргыг барилдааны амжилтаар тодруулах болоход Т.Түмэнжаргал өрсөлдөгчдөө хамгийн богино хугацаанд буулгаж авсан амжилтаараа алтан медалийн болзол хангасан юм. Мөнгөн медалийн болзлыг Д.Билгүүн хангасан бол К.Ёолк хүрэл медаль хүртсэн.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-Д Ё.БАСХҮҮ АЛТАН МЕДАЛЬ АВЛАА

     ДАШТ-ий хошой хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Ёндонпэрэнлэйн Басхүү учраа бүрээ цэвэр ялсаар түрүүллээ. Түүний жинд мөнгөн медалийг Нямренчин хүртэхээр болсон бол хүрэл медалийн болзолыг 2024 оны улсын аварга “Хурд” дэвжээний Л.Сумъяа хангасан юм.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-Д Ж.ГАНСҮРЭН ТҮРҮҮЛЭВ

    Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хамгийн сонирхолтой өрсөлдөөн өрнөж, “Шинэ Бадрах” дэвжээний Ж.Гансүрэнгийн ялалтаар өндөрлөлөө. “Сэнсэй кап” тэмцээнд түрүүлж, жингийнхээ нэгт бичигдэж буй тэрбээр О.Уранбаяр, Ж.Энхтөр, А.Өсөхжаргал нарыг ялсан. Харин Б.Эрхэмбаяр, Б.Эрдэнэбаяр нарт ялагдсан юм. Улмаар Ж.Энхтөр, Б.Эрхэмбаяр нартай ялалт, ялагдал тэнцэж, хамгийн богино хугацаанд ялалт авсан амжилтаараа алтан медалийн болзол хангасан. Түүний жинд мөнгөн медалийг ОУХМ Б.Эрхэмбаяр, хүрэл медалийг Ж.Энхтөр хүртсэн.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-Д О.ШИНЭБАЯР АВАРГА БОЛЛОО

    Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Шинэбаяр бүх өрсөлдөгчөө ялсаар түрүүллээ. Түүний жинд мөнгөн медалийг Монгол Улсын аваргад 66 кг-д түрүүлж явсан “Женко” клубийн тамирчин Б.Мөнхбаяр хүртсэн. Харин хүрэл медалийг “Хангарьд”-ын Э.Буянцагаан хүртэв.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 90 КГ-Д Н.ДАГВАСҮРЭН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ

      Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд “Иппон” дэвжээний тамирчин Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга, ОУХМ Нямсүрэнгийн .Дагвасүрэн ээлжит түрүүгээ авлаа.  Энэ жинд Н.Дагвасүрэн болон “Хилчин” спорт хорооны Ц.Ган-Эрдэнэ, “Алдар” спорт хорооны Б.Мөнхбаяр нарын ялалт, ялагдал тэнцсэн бөгөөд хашир мастер хамгийн богино хугацаанд өрсөлдөгчдөө цэвэр ялсан амжилтаар тэргүүлжээ. Улмаар мөнгөн медалийг Ц.Ган-Эрдэнэ, хүрэл медалийг Б.Мөнхбаяр хүртэв.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -100 КГ-Д А.МӨНХ-ЭРДЭНЭ ТҮРҮҮЛЛЭЭ

  Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жингийн өрсөлдөөн мөн ширүүн өрнөж, гурван бөх харилцан ялалт, ялагдал тэнцсэн юм. Улмаар “Качи Дожо”-ны тамирчин А.Мөнх-Эрдэнэ хамгийн богино хугацаанд ялалт байгуулсан амжилтаар алтан медалийн болзол хангасан. Мөнгөн медалийг “Алдар” спорт хорооны тамирчин А.Энхбаяр, хүрэл медалийг “Боржин төв” дэвжээний жүдоч Б.Хүдэрчулуун хүртлээ.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ-Д Б.ГОНЧИГСҮРЭН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ

   Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Азийн наадмын мөнгөн медальт, “Улаанбаатар” их дуулга тэмцээний аварга, ОУХМ  Батхуягын Гончигсүрэн алтан медаль хүртсэн. Тэрбээр бүх өрсөлдөгчөө буулгаж авснаар түрүүллээ. Энэ жинд 90 кг-аас жин өгсөж буй цэргийн дэлхийн аварга, ОУХМ  Гантулгын Алтанбагана мөнгөн медалийг авсан. Харин хүрэл медалийг Монгол Улсын залуу начин, ОУХМ Эрдэнэхүүгийн Мөнхжаргал хүртлээ.


 

 


ЖҮДО БӨХИЙН "JUDO TOP 6"-ИЙН АВАРГУУД ТОДОРЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188