• Өнөөдөр 2025-04-23

СПОРТ ХОЛБООДЫГ УЛСТӨРЧДӨӨС САЛГАЯ

2024-08-29,   406

 Х.БАТТУЛГААС ӨӨР ЖҮДО БӨХИЙГ УДИРДАХ ХҮН БАЙХГҮЙ ЮУ

       “Парис 2024” олимпын наадмаас манай тамирчид ганц мөнгөн медаль хүртэж, амжилт тааруухан оролцсон. Буруу бүхнийг тамирчид, дасгалжуулагчдаас хайж, эцэс төгсгөлгүй маргалдсан. Монголын жүдочид “Афин 2004” олимпын наадмаас хойш “Бээжин 2008”, “Лондон 2012”, “Рио 2016”, Токио 2020”, “Парис 2024” гээд олимпын наадмаас тасралтгүй медаль хүртэж байгаа. Энэ бүхэн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр  тасралтгүй 17 жил ажилласан Х.Баттулгын хичээл зүтгэл, ажлын үр дүнтэй холбоотой.

     “Парис 2024” олимпоос олон медаль хүртэх боломжийг жүдочид ашиглаж чадалгүй алдсан. “Рио 2016” олимпын наадамд жүдочид ганц мөнгөн медаль хүртэж, амжилт тааруухан оролцсон гээд Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, холбооны удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, хариуцлагатай байх шинэ соёл, жишгийг спортын салбарт харуулж байлаа.

        Гэхдээ Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгыг өөрчлөхгүйгээр 17 жил зүтгүүлсэн. Энэ хүн Монголын жүдо бөхийг дэлхийд гаргаж ирсэн ачтан мөн. Ажил нь уначихсан Монголын жүдо бөхийн холбоог шинэ менежментээр удирдан чиглүүлэн, сэргээж, жилийн дараа олимпын аварга тамирчныг төрүүлэн гаргасан. Зургаан жүдочныг дэлхийн аварга болгосон юм. Түүний жүдо бөхөд зарцуулсан мөнгө, хөрөнгө оруулалтыг тоолж, хэмжиж баршгүй.

        Х.Баттулгыг жүдо бөхөд “Нуруугаа авсан морь шиг” 20 орчим жил тасралтгүй зүтгүүллээ. Одоо түүнийг гавьяаны амралтад нь гаргаж, жүдо бөхийн “Хүндэт ерөнхийлөгч” болгон, залгамж халааг нь бэлтгэн гаргах ёстой. Монголын жүдо бөхийн холбоонд шинэ салхи, шинэ менежмент хийх цаг болсон.

БОКСЫН ХОЛБООНЫ АЖИЛ БОЛОХГҮЙ ХЭВЭЭР Л БАЙНА

          Монголын боксын холбооны Үндэсний шигшээ багийн эрэгтэй тамирчид “Парис 2024” олимпын наадамд оролцох нэг ч эрх хүртэж чадаагүйд бокс сонирхогчид сэтгэл гонсгор байгаа. Олимпын эрх хүртэж чадаагүй буруутанг хайж, тамирчин, дасгалжуулагч, холбооны нарийн бичгийн даргыг хүртэл буруутгаж, шүүмжилсэн. Буруутанг хайж буй бокс сонирхогчдод буруу байхгүй. Mонголын боксчид 1964 оноос хойш зуны олимпын бүх наадамд оролцож байсан бөгөөд гагцхүү 1984 оны Лос Анжелесын олимпын наадамд Оросыг аялдан дагаж оролцоогүй өнжиж байлаа. Монгол Улсад боксын спорт хөгжсөн 60 жилийн хугацаанд эрэгтэй боксчид 1984 оны болон энэ удаагийн 2024 оны олимпын наадамд л оролцсонгүй.

      Монголын боксын холбоонд “Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэдэг л болчихоод байгаа. Монголын боксын холбоо 2021 оны есдүгээр сарын 5-ны өдөр ээлжит бага хурлаа МАН-ын Тусгаар тогтнолын ордонд хийж, шинэ ерөнхийлөгчөөрөө тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг сонгосон. Ийнхүү тэрбээр Монголын боксын холбооны 15 дахь ерөнхийлөгчөөр сонгогдож, боксын ордон барьж өгнө гэж амлаж байв. Гэвч тэр ёстой нэг “Буруу хөл дээрээ босов” гэдэг шиг Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон үеэсээ эхлээд болчимгүй үг, бодлогогүй шийдвэр, овилгогүй зан, оновчгүй бодлогуудыг гаргаж эхэлсэн юм. Хатуу чанга, коммунист арга барилаар боксын холбоог, боксын Үндэсний шигшээ багийн тамирчдыг муйхарлан, нухчин дарангуйлах гээд буруудсан.

Түүнээс хойш ойрхон 2-3 хүн Монголын боксын холбоог удирдан чиглүүлэх гээд амжихгүй л явна. Одоо хүртэл хэн холбоог удирдаж байгаа нь ойлгомжгүй. Боксын холбоо морь унасан толгойгүй хүн шиг, ямар ч чиг баримжаагүй урсгалаараа явсаар л байна. Улстөрчид тус холбоогоор ахиж битгий тоглоосой. Монголын боксын холбоог сэтгэлгүй, ур чадваргүй, удирдлага, менежментийн мэдлэггүй хүмүүс л удирдаад байх шиг байна.

Я.СОДБААТАРЫН ЯВАХ ЦАГ БОЛСОН УУ

      Манай чөлөөт бөхчүүд 1980 оны Москвагийн олимпоос хойш олимпын медаль хүртэж чадалгүй 44 жилийн нүүрийг үзэж байна. Олимпоос эрэгтэй тамирчид медаль хүртэж чадахгүй байгаа явдал нь Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагуудын улс төржсөн, урагшгүй байдалтай холбоотой. Мөн багш, дасгалжуулагчдын хувийн амбиц, эв нэгдэлгүй байдлаас ихээхэн хамааралтай байгаа билээ.

           Чөлөөт бөхийн холбоог улстөрч, бизнесмэн, ах, дүү, хамаатан садан, ураг төрлийн хамаарал бүхий сэтгэлгүй, зүтгэлгүй хүмүүс улиг болтол удирдсан. Тэдгээр хүмүүсийн амьдрал сайжирсан. Харин чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын ур чадвар, амжилт унаж, уруудсан. Тус холбооны удирдлагууд олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн хэдэн эмэгтэй тамирчдын амжилтаар нүүрээ тахалж, өөрсдийгөө хамгаалан зөвтгөж ирсэн билээ. Одоо Монголын чөлөөт бөхийн холбоог улстөрчдөөр тоглуулдаг байдлаа эцэс болгон, цэг тавья.

БУУДЛАГЫН ХОЛБОО “БУДАА” БОЛСОН

        “Парис-2024” олимпын наадамд манай буудлагын тамирчид амжилттай оролцсон хэдий ч медаль хүртэж чадаагүй билээ. “Бээжин 2008” олимпоос хойш “Лондон 2012”, “Рио 2016”, “Токио 2020”, “Парис 2024” гээд дөрвөн олимпоос 16 жилийн хугацаанд нэг ч медаль хүртсэнгүй. Монголыг буудлага спортын холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир ажилладаг.

     Гэвч буудлагын тамирчдад бэлтгэл хийх заал, тийр, буу, сум, хувцас хэрэглэл дутмаг хэвээр байгаа. 1980 онд Герман Улсын “Спорт-Техник” нийгэмлэгийн тусламжтайгаар буудлага спортын иж бүрэн цогцолбор төв байгуулж, ашиглалтад орсноор материаллаг баазтай болсон. 30 жилийн түүхтэй Техник спортын төвийн ажил гэвч нэг л урагшилж өгөхгүй, уруудах тал руугаа хэлбийгээд байгаа.

        Шинэчлэл, засвар хийгээгүй удсан төвд тамирчдад бэлтгэл, сургуулилалт хийх орчин хязгаарлагдаж, цаашлаад Монгол Улс олон улсын тэмцээн хүлээн авах боломжгүй байсан билээ. Тэгвэл саяхан засвар хийсэн гэнэ. Тус төв нь энгийн болон зэрэглэл өндөр өрөө, орчин үеийн саун душ, тамирчид байрлах өрөө, хоолны газар, ариун цэврийн өрөөнөөс гадна үндсэн танхимын дуу тусгаарлагч, цэвэр бохир усны шугам сүлжээг нийтэд нь сольж бүрэн шинэчилсэн гээд байгаа. Буудлагын тамирчдын бэлтгэл хийх нөхцөлийг хэр бүрдүүлж чадсаныг цаг хугацаа л харуулах байх.

       Ер нь улстөрчид спорт холбоодыг самарч байсан тохиолдлууд нэлээдгүй гарч байв. УИХ-ын гишүүд Монголын Үндэсний бөхийн холбоо, Монгол бөхийн өргөөг хэдэн жил дамнуулан булаацалдан, хэрэлдэж маргалдсан билээ. Мөн Монголын чөлөөт бөхийн холбоог УИХ-ын гишүүн ах, дүү, төрөл садандаа дамжуулан бэлэглэж, хэдэн жил хэрүүл, маргаантайгаар тамирчдын амжилт гаргах боломжийг хэрхэн хойш нь татсан бэ гэдгийг санах хэрэгтэй. Сэтгэлгүй, санаачилгагүй УИХ-ын гишүүд спорт холбоодын ажлыг унагасаар байгаа. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Улстөрчид спорт холбоодоос холдож, баяр наадмыг хуулиар биш, дүрмээр зохицуулах эрхийг нь Төрийн тэргүүн, эв нэгдлийг илэрхийлэгчид шилжүүлэх саналтай байна. Баяр наадам нь хэрүүлтэй, холбоод нь талцалтай болсон байгаа нь улстөрчид, спорт холбоодыг удирдах болсонтой холбоотой" гэж байв.

 

 


 

 


СПОРТ ХОЛБООДЫГ УЛСТӨРЧДӨӨС САЛГАЯ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188