• Өнөөдөр 2025-05-10

ЧӨЛӨӨТ БӨХЧҮҮД ОЛИМПООС МЕДАЛЬ ХҮРТЭЖ ЧАДАЛГҮЙ 44 ЖИЛ БОЛЛОО

2024-08-21,   545

        Сүүлийн хэдэн жил манай улсын чөлөөт бөхийн эрчүүдийн суудал өнцөгдөж, сүлд, хийморь нь ёстой нэг доройтжээ. Сүнс сүлд, сүүдэр нь зайлж, үйлс нь хазаасан бололтой. Оролцсон олимп болгоноосоо ганзага хоосон гараа санжагнуулан ирэх боллоо. Хатуухан хэлбэл чөлөөтийн эрчүүд маань тив, дэлхий, олимпын тэмцээнд гадаадын бөхчүүдэд  ёстой нэг нухлуулан дэвжээний алчуур болж явна даа хөөрхийс. Дэлхий дахинд бөхийн орон гэж нэрлэгддэг монголынхоо нэр хүндийг навс унаган, дэвжээний шороотой хутгах боллоо.  Гадаадын  бөхчүүдийн сүүлийг мушгих  эрчүүдээ харахаар гол харалж, хоолой зангирч,  нулимс дуслах шахна.  Өөдөлдөггүй, өрөвдөлтэй чөлөөтийн эрчүүдийг барилдааны ур чадварыг хэрхэн яаж, өөд татах вэ.

      Ямар гээгийн хараал хүртэхээрээ  1980 оны Москвагийн олимпоос хойш  44 жилийн хугацаанд эрэгтэй бөхчүүд медаль хүртэж чадахгүй байна вэ. 1968 оны Мехиогийн олимпоос Ж.Мөнхбат мөнгө, Ч.Дамдиншарав, Т.Артаг, Д. Сэрээтэр нар хүрэл медаль хүртэж байв. 1972 оны Мюнхений олимпоос Х.Баянмөнх мөнгөн медаль, 1976 оны Монреалийн олимпоос З.Ойдов мөнгөн медаль, 1980 оны Москвагийн олимпоос Ж.Даваажав мөнгө, Д.Оюунболд хүрэл медаль хүртэж байсан. Одоо 2028 оны Лос Анжелесын олимпоос чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүд медаль авч чадах уу, гэдэг эргэлзээтэй 48 жилийн хүлээлт эхэллээ.  Олимпоос медаль хүртсэн тамирчдыг С.Магсар багш дасгалжуулж байжээ. Харин одоо  тэр агуу дасгалжуулагчаа чөлөөт бөхийнхөн хэлмэгдүүлэн, амьдрал, хувь заяагаар нь тоглосон гунигт түүхийн  үйлийн үрийг эдэлж байна уу. Багшийгаа хэлмэгдүүлж, гомдооно гэдэг маш том нүгэл мөн. Ямар үйл хийсэн, түүнийхээ  үр шимийг хүртэх нь зайлшгүй билээ. Муу үр суулгавал, муу л ургац хураах нь дамжиггүй юм.

         Монголын чөлөөт бөхийн “Алтан үе”-ийн шилдэг тамирчдын амжилт Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Ардын багш Солийн Магсартай салшгүй холбоотой билээ.  “Сайн явахад нөхөд олширч, саар явахад нөхөд цөөрч итгэл цөхөрдөг” гэх нь бий. С.Магсар багшийн ажил амьдралын ололт амжилтын тэр он жилүүдэд түүнд олон найз нөхөд, хамт олон, шавь нар байсан.  Атаач бялдууч долдой шавь нарынх нь ховын үг, матаасаар Монголын төр “Төмөр нүүр”-ээ С.Магсар багшид харуулсан.  Тэр цаг үеийн ороо бусгаа он жилүүдийн хатуу  нугачаа, хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр С.Магсар багшийг дайрахад түүнээс олон найз  нөхөд, шавь нар нь дайжин  хөндийрч холдсон байдаг.  С.Магсар багшийн шавь нарын дундаас Төв хороонд матаас, мэдэгдэл бичиж хүргүүлсэн байдаг юм. Тэрхүү гүтгэлэг матаасын бичигт “ С.Магсар багш, Оросын мэргэжилтэн дасгалжуулагчийн үгэнд ордоггүй. Оросын бөхчүүдийг Монгол бөхчүүд  яагаад ялж болдоггүй юм. Бид ялж чадна хэмээн  Орос, Монголын ах дүүгийн найрамдалт харилцааны эсрэг ухуулга, сурталчилгааг байнга хийдэг.  С.Магсар багш шиг нийгмийн хог шаар, шавхруу байхгүй” гэж бичсэн байсан гэсэн.   Ийнхүү чөлөөт бөхийн шавь нарынхаа гүтгэлэгийн нөлөөгөөр С.Магсар багш,  МАХН-ын Төв хорооны хэлмэгдүүлэлтэд  өртөж, бие сэтгэл, ажил, амьдралаараа хохирсон  юм.

       Монголын шилдэг дасгалжуулагч, спортын нэрт зүтгэлтэн С.Магсар багш 1961-1965 онд тэр үеийн ЗХУ-ын Ленинград хотын Биеийн тамирын дээд сургуулийн чөлөөт бөхийн ангид дасгалжуулагч мэргэжлээр суралцан төгссөн юм билээ. Түүний анхны багш Оросын чөлөөт бөхийн алдарт мэргэжилтэн Ю.Замятин байжээ. Багш нь С.Магсар багшид өөрийн бөхийн эрдэм мэдлэгийг харамгүй зааж өвлүүлэн өгсөн байна. С.Магсар багш  сургуулиа төгсөж ирээд чөлөөт бөхийн Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах эрхэм хүндтэй, хариуцлагатай үүргийг хүлээн авсан гэдэг. Түүний чөлөөт бөхийн Улсын шигшээ багт ажилласан 1967-1977 оны хооронд  Монголын “Алтан үе”-ийн шилдэг тамирчид олимп, дэлхийн медальтан, дэлхийн аваргууд төрөн гарсан байдаг.

        Дэлхийд хаанчилж байсан ЗХУ-ын хүчирхэг бөхчүүдийн ноёрхлыг монголын бөхчүүд зогсоож тасалдуулах болсон. Энэ нь  орос ах нарт ая тал засагч зусарч бялдууч дарга нарт огт таалагдсангүй.  Харин ч бүүр “гал дээр тос нэмэв” гэгч болжээ. Оросын боол мэт аашилдаг дарга нарын уурыг хүргэсэн байна.  Оросын утсан хүүхэлдэй болсон дарга нар  “С.Магсар шавь нартаа ЗХУ-ын бөхийг ялах хэрэгтэй. Бул хар чулуу  мэт болсон оросын бөхчүүдийг ялахгүйгээр амжилт гаргахгүй” гэж уриалдаг юм байна. Энэхүү уриалга нь ах дүү хоёр орны ган бат найрамдалд сэв суулгах хорлон сүйтгэх үйл ажиллагаа мөнөөс мөн” хэмээн буруутган хэмлмэгдүүлжээ.

        Ийнхүү МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо 1978 онд “Биеийн тамир, спортын байгууллага дотор бугшсан оросын эсрэг үзэлтэй зарим удирдах ажилтны намч бус үйл ажиллагааны тухай 178-р “хар” тогтоол гэгчийг гаргасан байдаг билээ. Тус тогтоолын дагуу хэлмэгдсэн хүмүүсийн тэргүүн эгнээнд С.Магсар багш орсон байлаа. Тэр үеэс хойш чөлөөт бөхийнхний амжилт жилээс жилд дордон уруудсаар өнөөг хүрчээ. Хэлмэгдүүлтэд өртсөн С.Магсар багш Булган аймагт нутаг заагдан цөллөгдсөн байдаг. МАХН-ын төв хорооны Улс төрийн товчооны хэлмэгдүүлэлт бүхэл бүтэн 12 жил үргэлжлэн өнгөрсний дараа буюу Ардчилсан хувьсгал ялсан 1990 онд С.Магсар багшийг бүрэн цагаатгасан билээ. Гэхдээ түүнийг хэлмэгдүүлсэн МАХН-ынхан, түүнийг магтсан шавь нар нь түүнээс огт уучлалт гуйхгүй байсаар тэнгэрийн орон руу явуулсан. Чөлөөт бөхийн бурхан тэнгэр гэж байдаг бол түүнийг үе, үеийн  МЧБХ, чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид гомдоосон бололтой.  Ажил нь сажирдаггүй байнгын хэрүүл, тэмцэлтэй байдаг МЧБХ сүүлийн нэг жилийн богино хугацаанд  ажил нь овоо зөв цэгцэндээ орж байгаа. Энэ ажлын эрчээ сулруулахгүй явж чадах юм бол дараагийн олимпоос медаль хүртэх болов уу.

 

 

 


 

 


ЧӨЛӨӨТ БӨХЧҮҮД ОЛИМПООС МЕДАЛЬ ХҮРТЭЖ ЧАДАЛГҮЙ 44 ЖИЛ БОЛЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-21 21:01:59
    Зочин: Хаха, нарийн яривал 80 оны олимп чинь олимп биш шүү, хэдэн соц орнууд ороод медалийг нь улстөрийн тохироогоор хуваагаад авчихсан л олимп нэртэй шоу ш дээ, чөлөөт ч одоо угаасаа дэлхийн хэмжээнд уруудах шатандаа орчихлоо доо, удахгүй олимпын төрлөөс хасагдаад бүүрby by by болох биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-21 14:38:24
    olimp: olimp jil tutam boldgui shu de, iimd jileer bus, harin olimp bolson toogoor medal tooloh bh da
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-21 14:38:15
    olimp: olimp jil tutam boldgui shu de, iimd jileer bus, harin olimp bolson toogoor medal tooloh bh da
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-21 08:59:28
    Dd: Cheleet behiinhen bish "gantshan shavi" ni Zaria bichseniig suuld Magsar bash nevtruulgiin ueeer unshij baisan shuu dee Olimpiin bosgoson ended shuu Delhiid avraga during uzuulsen amjiltiig uguisgej Bas bolohgui shuu
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188