• Өнөөдөр 2025-05-10

ДЭЛХИЙН АВАРГЫН ХОШОЙ МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬТ Д.ОТГОНЖАРГАЛ ГЭЖ ХЭН БЭ

2024-08-06,   558

         “Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл, “Белград-2022” ДАШТ-ий мөнгө, “Белград-2023” ДАШТ-ий мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Долгоржавын Отгонжаргал өрсөлдөнө. Манай тамирчин эхлээд Италийн Эмануэла Лиуззитэй нэгдүгээр тойрогт учраа таарлаа. Түүнийг ялбал олимпын хоёр мөнгө, хоёр хүрэл медальт, дэлхийн иж бүрэн медальт Азербайжаны Мария Стадник, Германы Анастасия Блайвас нарын хэн ялсантай барилдана.

         Тэрбээр Серби Улсын Белград хотноо болсон “Белград 2023” ДАШТ-д,  дэлхийн аваргын хүрэл медальт, Туркийн бөх Эвин Демирханыг 8:3-аар, Европын аваргын хошой хүрэл медальт Беларусийн Ксения Станкевичийг 12:1-ээр, олимпын хүрэл, дэлхийн аваргын хоёр мөнгө, нэг хүрэл медальт АНУ-ын бөх Сара Хилдебрандтыг 7:5-ын харьцаатай оноогоор тус тус ялж финалд шалгарсан. ДАШТ-ий аваргын төлөө Японы алдарт бөх Юи Сүсакитай өрсөлдөж, мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын баг нийт баг тамирчдаас “Парис-2024” олимпын хоёр дахь эрхийг хүртсэн юм.

        Үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин, Д.Отгонжаргал 2001 оны аравдугаар сарын 2-ны өдөр төрсөн. Түүний анхны багш ОУХМ Сүхбаатарын Мөнхсүх, МУГТ Банзрагчийн Оюунсүрэн, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар нар юм. Одоо тэрбээр гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор “Женко” клубт чөлөөт бөхийн бэлтгэл сургуулилалтаа хийдэг. Д.Отгонжаргал 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальтай. 2019, 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Тэрбээр 2021 онд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд барилдаж, дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулсан юм. ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд 2017, 2019 оны ДАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртэж байсан Румыны туршлагатай бөх Алина Вучийг оноогоор цэвэр ялж байлаа. ДАШТ-д анх удаа барилдаж байгаа бөх гэхэд Д.Отгонжаргал үнэхээр гайхалтай сайн барилдсан билээ.

         МУГТ Д.Отгонжаргал 2021 онд насанд хүрэгчдийн ангилалд олон улсын тэмцээнд анхны медалиа, тэр тусмаа дэлхийн дэвжээнээс авна гэдэг нь гайхамшигтай зүйл. Тэр хэнээс ч айж бэргэлгүй тун зоримог, дайчин, шийдэмгий барилддаг. Хөлийн шилжилт хөдөлгөөн сайтай. Харин гадны бөхчүүдэд чацдуулах, бярдуулах гээд байдаг тал бий. “Осло 2021” ДАШТ-ийг чимсэн, таван барилдаанаас дөрөв ялснаар дэлхийд данстай бөх болсон билээ. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас хамгийн хөнгөн жинд медаль хүртсэн хоёр дахь бөх болж байлаа. Түүнээс өмнө нь гавьяат тамирчин Ц.Энхжаргал эмэгтэй бөхчүүдээс дэлхийн дэвжээнээс анхны медалийг 48 кг-ын жинд авчирч байв.

         Д.Отгонжаргал гавьяатын аавыг А.Ганбаатар, ээжийг нь  Д.Долгоржав гэдэг. Тэр эцэг, эхээс долуулаа, гурван эгч, нэг ах, хоёр дүүтэй. Д.Отгонжаргал 2020 онд “Сэтгэмж” цогцолбор сургуулийг төгсч, “Идэр” дээд сургуульд аялал жуулчлалын мэргэжлээр суралцжээ. Д.Отгонжаргалын чөлөөт бөхөөр  анхны медалиа 2016 оны өсвөр үеийн УАШТ-аас хүртсэн. Тэр цагаас хойш түүний амжилтын буухиа үргэлжилж байгаа. Тэрбээр насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван жил дараалан медаль хүртсэн Монголын анхны бөх юм.

 

 


 

 


ДЭЛХИЙН АВАРГЫН ХОШОЙ МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬТ Д.ОТГОНЖАРГАЛ ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188