• Өнөөдөр 2025-05-10

ОУХМ Б.БАТ-ЭРДЭНЭ: НАМАЙГ ТӨРӨХ ЖИЛ Б.БАТ-ЭРДЭНЭ АВАРГА ТҮРҮҮЛЖ, НАДАД НЭРИЙГ НЬ ХАЙРЛАСАНД БЭЛГЭШЭЭЖ ЯВДАГ

2024-08-06,   884

         Самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, жүдо бөхийн ОУХМ Балжиннямын Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

       Тэрбээр Узбекистаны Ташкент хотод 2008 оны аравдугаар сард болсон самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Ази тивийн аварга болсон. Азийн аваргын дараа Узбекистанд  болсон ДАШТ-д мөн түрүүлж, залуучуудын дэлхийн аварга цолыг хүртсэн юм. Б.Бат-Эрдэнэ жүдо бөхийн Азийн аваргын мөнгө хүрэл медальтай. Улаанбаатар гран пригийн гурван хүрэл, Чингис хаан дэлхийн цомоос мөнгө, хошой хүрэл медаль хүртэж байв. Мөн Ташкентийн дэлхийн цомын мөнгөн медальтай. Европын дэлхийн цомоос хошой хүрэл медаль хүртэж байлаа. Истабулын дэлхийн цомын хүрэл медальтай. Самбо, жүдо бөхийн Монгол Улсын 52 кг-ын жингийн аварга тамирчин байлаа. Жүдо бөхийн спортоо орхиогүй бол олимп дэлхийгээс медаль авах бүрэн боложтой байв.

-Самбо бөхийн залуучуудын Азийн аварга, залуучуудын дэлхийн аварга цолыг их ойрхон хүртэж байжээ. Хоёр том тэмцээнд дараалан оролцох тухайн үед хүнд хэцүү байв уу?

          -Тийм ээ. 2008 оны самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан Улсад болсон. Азийн аваргын дараа Узбекистанд залуучуудын ДАШТ-ийг үргэлжлүүлэн зохион байгуулсан юм. Узбекистанд болсон залуучуудын Азийн аварга, ДАШТ-ээс алтан медаль хүртсэн амжилтын минь цаана МУГД Ц.Шийрэв багшийн минь хөдөлмөр зүтгэл их байсан юм шүү. Багш байхгүй бол би тэр амжилтад хүрч чадахгүй байлаа. Ц.Шийрэв багшийнхаа ач тусыг амжилтаар хариулахыг хичээдэг байсан. Хэдий чинээ олон амжилт гаргана багш маань төдий чинээ их баярлана гэж боддог байв.

           Азийн аваргын дараа гурав хоноод залуучуудын дэлхийн аварга тэмцээн эхэлсэн. Урьд өмнө Азийн аварга шалгаруулах тэмцээн, ДАШТ ингэж нэг улсад ойрхон болж байгаагүй юм билээ. Азийн аварга, ДАШТ тус тусдаа өөр өөр улсад явагддаг байсан. Хоёр том тэмцээнд ойрхон дараалан оролцоно гэдэг ачаалал ихтэй, хүнд, хэцүү юм билээ. Манай улсаас бусад орон, Азийн аварга, ДАШТ-д оролцох хоёр  шигшээ багтай ирсэн байсан л даа. Азийн аварга нээлттэйгээр зохиогдсон болохоор Европ, Америк гээд бусад тивийн улс орнуудын бөхчүүд барилдаж ширүүн өрсөлдөөн өрнөсөн. Азийн аваргад барилдсан гадаадын  шигшээ багийн тамирчид, дэлхийн аваргад барилдаагүй. Харин дэлхийн аваргад бусад улсын нэгдүгээр шигшээ баг нь барилдсан. Тийм болохоор тэд ядарч цуцаагүй, бэлтгэл сайтай их хүчтэй өрсөлдөгчид байсан л даа.

-Тэр үед дэлхийн залуучуудын аварга болно гэдэгтэй итгэлтэй байсан уу. Аваргын алтан медалийн төлөө ямар улсын тамирчинтай барилдав?

        -Би 2005 онд самбо бөхийн өсвөрийн ДАШТ-ний 48 кг-ын жинд хүрэл, 2006 онд ДАШТ-ний 52 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн. Тийм болохоор Азийн аварга болж чадна гэсэн итгэлтэй байсан. Харин дэлхийн аварга болно  гэсэн тийм их итгэлтэй байгаагүй. Боломжийнхоо хэрээр сайн барилдаж медальд хүрэх юмсан гэсэн бодол байсан л даа. Гэхдээ мэдээж дотроо дэлхийн аварга болчих юмсан гэсэн нууцхан бодол тээж явалгүй яахав.  Залуучуудын дэлхийн аваргын төлөө Украины бөхтэй барилдсан. Түүнийг хавсарч унагаж дөрвөн оноо авсан. Цаг дуусахын өмнө торгуульж нэг оноо алдаж 4:1-ийн харьцаатай оноогоор ялж дэлхийн залуучуудын аварга болж байлаа.

-Барилдааны үед голчлон ямар мэхийг хийдэг байв?

    -Хөл тавих мэхийг ихэвчлэн хийдэг байсан. Гэхдээ мэдээж барилдаан болгонд хийгээд байхгүй л дээ. Тухайн бөхийн арга барил, барилдааны явцад олж авсан барьцнаас шалтгаална. Ямар мэх хийх боломж гарна тэр мэхийг л хийдэг байлаа.

-Хүмүүс Б.Бат-Эрдэнэ гэхээр эрэгтэй хүн гэж боддог байх. Яагаад энэ нэрийг өөрт чинь өгсөн юм бол оо?

     -Харин тийм ээ. Хүмүүс тэгж  ойлгоод байдаг юм. Би 1988 оны цагаан сарын дараа төрсөн юм билээ. Тэр жилийн цагаан сарын барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга түрүүлсэн гэсэн.  Манайх дандаа эрэгтэй хүүхэдтэй байсан болохоор эмэгтэй хүүхэд гарахаар нь цагаан хэл ам хүрчих байх гээд дархан аваргын нэрийг өгсөн юм  гэнэ лээ.  Б.Бат-Эрдэнэ аваргын нэрийг надад өгсөнд нь их бэлэгшээдэг. Аав, ээж хоёр миний энэ нэрэнд их дуртай. Энэ нэрийг надад өгсний дараа дахин охинтой болсон гэж ярьдаг юм.

-Бага байх даа Дарханд болдог “Ирээдүйн-Од” жүдо бөхийн тэмцээнд хөвгүүдийн жинд орж барилдсан гэсэн. Хөвгүүдийн 28 кг-ын жинд дөрвөн тойрог цэвэр ялж яваад эмэгтэй хүүхэд гэж мэдэгдээд хасагдсан гэдэг. Яагаад хөвгүүдийн жинд барилдах болсон юм бэ?

        -Дархан хотод болсон  “Ирээдүйн-Од” олон хотын тэмцээн миний оролцсон анхны тэмцээн байсан. Жаахан байсан болохоор юу ч мэдээгүй. Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд хоорондоо барилддаг л юм байх гэж бодоод барилдсан. Харин Ц.Шийрэв багш маань албаар эрэгтэй хүүхдүүдтэй барилдуулж үзэх гэж тэгсэн юм билээ.  Дөрөв ялаад медалийн төлөө барилдах болсон. Тэгсэн чинь Улаанбаатарын зарим клубийн багш нар “ Наадах чинь эмэгтэй хүүхэд шүү дээ. Одоо хас, Ингэж болохгүй шүү дээ” гэж маргаан үүсгээд намайг тэмцээнээс хассан юм.  Тэмцээнээс хасагдаж медальгүй хоцорсондоо сэтгэл дундуур гунигтай санагдаж байлаа.  Гэтэл тэмцээний хаалтын ажиллагаан дээр Дарханы Биеийн тамир, спорт хорооныхон надад тус тэмцээний “Уран барилдаан”-ы шагналыг олгосон.  Медаль аваагүй ч гэсэн тэр шагнал надад маш их эрч хүч, урам зориг оруулсан. Самбо, жүдо бөхийн спортдоо улам дурлан, хичээж суралцах сонирхол, мөрөөдлийг минь бадрааж өгсөн  шагнал байсан шүү.

-Өөрийг чинь самбо бөхийн дэлхийн аварга болсны дараа олон хүн жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга болох охин гэж итгэл хүлээлгэж байлаа. Гэтэл жүдогийн дэлхийн аваргад өөр тамирчин явсан.  Тэмцээний зардал олдсонгүй юу, эсвэл оролцох эрх авч чадаагүй байв уу?

    -Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргад оролцохыг их хүсэж байсан л даа. Даан ч 1989-ээс 1990 оны хүүхдүүдийг оруулна гээд нас, он заасан болохоор орж чадаагүй. Гэхдээ насанд хүрэгчдийн дэлхийн аваргад хүч сорьсон.

 


ОУХМ Б.БАТ-ЭРДЭНЭ: НАМАЙГ ТӨРӨХ ЖИЛ Б.БАТ-ЭРДЭНЭ АВАРГА ТҮРҮҮЛЖ, НАДАД НЭРИЙГ НЬ ХАЙРЛАСАНД БЭЛГЭШЭЭЖ ЯВДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188