Франц Улсын Парис хотноо олимпын их наадмын жүдо бөхийн төрөл тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн "Парис 2024” олимпын наадамд өмнөх жилүүдийн олимп, дэлхийн аварга тамирчид өвдөг шороодож, шинэ залуу жүдочдын эрэн үе эхэлж байгааг харуулж буй. Олимпын наадмын эхний дөрвөн өдрийн барилдаанд анх удаа олимпын аварга болсон жүдочдыг танилцуулж байна.
Казахстаны алдарт жүдочин Елдос Сметов олимпын гурав дахь медалиа, олимпын анхны алтан медалиа хүртлээ. Е.Сметов аварга “Парис 2024” олимпын 60 кг-ын жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Нидерландын Tornike TSJAKADOEA, хоёрдугаар тойрогт Украины Dilshot KHALMATOV-ыг ялсан. “А” хэсгийн аваргын төлөө “Токио 2020” олимпын наадмын мөнгөн медальт Тайванийн YANG Yung Wei-г буулган авсан. Шөвөгт дэлхийн аварга Испанийн Francisco GARRIGOS ялж, мөнгөн медалийн болзол хангаж, алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Финалд Францын Лука Мхейдзег ялж, олимпын аварга болсон билээ.
Елдос Сметов 1992 оны есдүгээр сарын 9-ний өдөр Казахстаны Жамбул хотод төрсөн. Өдгөө 31 настай тэрбээр өмнө нь “Рио 2016” олимпоос мөнгө, “Токио 2020” олимпоос хүрэл медаль хүртэж байлаа. Тэрбээр 2015 онд Казахстанд болсон ДАШТ-д түрүүлж байв. Энэ удаад дутуугаа гүйцээж, олимпын аварга боллоо. Ийнхүү Сметов олимпын иж бүрэн медальтан болж байна. Мөн дэлхий, олимпын аварга гэж дуудуулахаар боллоо.
Азербайжан Улсын алдарт жүдочин 1997 оны долдугаар сарын 27-нд Казахстаны Караганда хотод төрсөн. 2017, 2022, 2023 онд ДАШТ-ий хүрэл медальтай. 2024 онд дэлхийн аварга болсон. Европ тивийн аварга шалгаруулах тэмцээний 2017, 2022, 2024 оны аварга, Европ тивийн аварга шалгаруулах тэмцээний нэг мөнгө, их дуулга тэмцээний долоон алт, дөрвөн хүрэл, гран при тэмцээний хоёр алт, хоёр хүрэл медальтай.
Тэрбээр “Парис 2024” олимпын 73 кг-ын жинг тэргүүлэн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Израилийн Tohar BUTBUL-ыг, гуравдугаар тойрогт “А” хэсгийн аваргын төлөө Канадын Arthur MARGELIDON-ыг ялсан юм. Шөвгийн дөрөвт Косовагийн Akil GJAKOVA-г, финалд Францын Joan-Benjamin GABA-г ялж, олимпын аварга болсон.
Японы 48 кг-ын жингийн шилдэг тамирчин Нацүми Цүнода 1992 оны наймдугаар сарын 6-ны өдөр Японы Ячиё Чиба Кен хотод төрсөн. Одоо 32 настай. Тэрбээр 52 кг-аас жин бууж, 48 кг-ын жинд “Будапешт 2017” ДАШТ-ээс мөнгө, “Будадешт 2021” ДАШТ-ээс алт, “Ташкент 2022” ДАШТ-ээс алт, “Доха 2023” ДАШТ-ээс алтан медаль хүртсэн, дэлхийн гурван удаагийн аварга юм. Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 2018, 2023 онд алтан медаль хүртсэн. “Жакарта 2018”, “Ханжоу 2022” Азийн наадмын алтан медальтай. Их дуулгаас таван алт, гран при тэмцээнээс гурван алтан медаль хүртэж байлаа.
Цүнода аварга “Парис 2024” олимпын наадмын 48 кг-ын жингийн “В” хэсгийг тэргүүлэн, нэгдүгээр тойрогт Бразилын Natasha FERREIRA-г ялсан. Хоёрдугаар тойрогт Өмнөд Африкийн Geronay WHITEBOOI-ыг хожсон. Францын Shirine BOUKLI-ийг ялж “В” хэсгийн аварга болсон юм. Шигшээ дөрвийн барилдаанд Шведийн 18 настай “Шинэ-Од” болсон Tara BABULFATH-тай маш хүнд барилдаан хийж, шүүгчдийн саналаар торгуулиар ялсан. Улмаар 48 кг-ын жингийн алтан медалийн төлөө, дэлхийн аварга Б.Баасанхүүтэй барилдаж, олимпын алтан медалийг хүртсэн.
Узбекистан Улсын Диёра Келдиёрова нь 1998 оны долдугаар сарын 13-ны өдөр Узбекистанд мэндэлжээ. Тэрбээр зургаан настайгаасаа жүдо бөхийн спортоор хичээллэж эхэлсэн гэдэг. Тэрбээр 52 кг-ын жинд 8100 оноотойгоор дэлхийн чансааг тэргүүлээд байгаа юм. Диёра Келдиёрова нь 2019, 2022, 2023 оны Азийн аварга болсон. 2023, 2024 оны ДАШТ-ний хошой мөнгөн медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2021 онд мөнгө, 2022 онд хүрэл медаль авсан. Их дуулга тэмцээний таван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай.
“Парис 2024” олимпын наадмын 52 кг-ын жинг толгойлон “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт олимп, дэлхийн аварга, Японы алдарт жүдочин Ута Абэг цэвэр ялж, Абэг “шок”-онд оруулж, нулимстай үлдээсэн юм. Түүний дараа Германы Mascha BALLHAUS-ыг ялж “А” хэсгийн аварга болсон. Шигшээ дөрөвт Францын алдар жүдочин Amandine BUCHARD-ыг буулган авсан юм. Улмаар олимпын алтан медалийн төлөөх барилдаанд олимпын аварга Косовагийн Distria KRASNIQI-ийг ялж, олимпын алтан медалийг хүртсэн. Ингэснээр Диёра Келдиёрова Узбекистаны түүхэнд олимпын жүдогийн төрөлд анхны алтан медаль хүртсэн эмэгтэй тамирчин болсон юм.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд дэлхийн хошой аварга Канадын Криста Дэгүчи түрүүлж, удаан хугацаанд хүсэн хүлээсэн олимпын алтан медалиа хүртэв. Өдгөө 28 настай тэрбээр олимпод оролцохын төлөө, олимпын медаль авахын тулд Японоос явж, Канадыг зорьсон юм. Гэтэл Канадын жүдо бөхийн холбоо “Токио 2020” олимпод Канадаас оролцох эрхийг Жессика Климкейт өгсөн. Тухайн үедээ Криста Дегүчигийн сэтгэл санаа нь хамгийн доод цэгтээ хүрсэн гэдэг. Гэхдээ тэр бууж өгсөнгүй. Эргэн шилдэг барилдаанаа үзүүлж, дэлхийн аварга болж, Парисын олимпод Канадыг төлөөлөх эрхээ олж авсан. Олимпын финалд ч шинэхэн дэлхийн аварга Өмнөд Солонгосын Хух Мимиг илүүрхэн ялж, жүдогоор олимпоос алтан медаль хүртсэн Канад Улсын анхны тамирчин болон түүхэнд нэрээ мөнхлөв.
Криста Дэгүчи “Парис 2024” олимпын 57 кг-ын жинг тэргүүлэн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Панамын Kristine JIMENEZ-ийг ялсан. “А” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Сербийн Marica PERISIC-ийг буулган авсан. Шөвгийн дөрөвт Францын Sarah Leonie CYSIQUE-ийг ялсан. Улмаар финалын барилдаанд дэлхийн аварга Өмнөд Солонгосын HUH Mimi-ийг ялж, олимпын аварга болсон юм.
Словенийн шилдэг жүдочин Андрей Лески 1997 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Словенийн Копер хотод төрсөн. Тэрбээр 2023 оны ДАШТ-ий мөнгө, Европын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальтай. “Дюсселдорф 2018”, “Ташкент 2024”, Казахстаны их дуулга тэмцээнээс мөнгөн медаль, “Доха 2023”, Будапешт 2021”, “Загрев 2021” гран пригийн алтан медаль хүртсэн.
Андрей Лески “Парис 2024” олимпын 63 кг-ын жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Гүржийн Eter ASKILASHVILI-ийг, хоёрдугаар тойрогт Алжирын Amina BELKADI-ийг, “С” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Канадын Catherine BEAUCHEMIN-PINARD-ыг ялсан. Шөвгийн дөрөвт Францын олимп, дэлхийн аварга Clarisse AGBEGNENOU-ыг буулган авсан юм. Финалд Мексикийн Prisca AWITI ALCARAZ-ыг ялж, олимпын аварга болсон.
Хорватын шилдэг жүдочин, дэлхийн аварга Барбара Матич “Парис 2024” олимпын эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд аварга боллоо.Тэрбээр 1994 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Хорват Улсын Сплит хотод төрсөн. 2020 онд ДАШТ-нд түрүүлэн дэлхийн аварга болж, Хорватын спортын түүхэнд нэрээ мөнхөлсөн бол энэ удаа олимпын аварга болж, “Алтан үсэг”-ээр бичигдэх түүхийг бүтээв.
Барбара Матич “Парис 2024” олимпын эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинг тэргүүлэн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Италийн Kim POLLING-ийг, гуравдугаар тойрог буюу “А” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Испанийн Ai TSUNODA ROUSTANT-ыг ялсан. Шөвгийн дөрөвт Нидерландын Sanne VAN DIJKE-ийг буулган авсан юм. Финалын барилдаанд Германы Miriam BUTKEREIT-ыг ялж, олимпын аварга болсон.
ЖҮДО БӨХИЙН ОЛИМПЫН ШИНЭ АВАРГУУД |
|
2025-05-10 13:56:57
2025-05-10 12:23:53
2025-05-10 11:55:31
2025-05-10 11:25:33
2025-05-10 10:40:53
2025-05-10 10:32:08
2025-05-10 09:59:22
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-09 23:18:16
2025-05-09 18:11:07
2025-05-09 17:56:16
2025-05-09 17:43:29
2025-05-09 17:36:05
2025-05-09 17:14:18
2025-05-09 14:58:38
2025-05-09 13:23:32
2025-05-09 12:32:44
2025-05-09 11:52:36
2025-05-09 11:32:56
2025-05-09 11:25:22
2025-05-09 09:50:17
2025-05-09 09:40:55
2025-05-09 09:35:48
2025-05-09 09:32:37
2025-05-09 09:15:36
2025-05-09 07:37:33
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |