• Өнөөдөр 2025-04-20

Н.БАТБИЛГҮҮН: ИРАНЫ БӨХТЭЙ СЭТГЭЛД ХОНОГШТОЛ САЙХАН БАРИЛДСАН

2025-03-31,   15886

         Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын багийн ес дэх медалийг ОУХМ, улсын шинэхэн аварга, залуучуудын Азийн хошой аварга Наадамбатын Батбилгүүн хүртлээ. Түүний ярилцлагыг сэргээн хүргэж байна.

 Тайланд Улсын Срирача хотод чөлөөт бөхийн “U20” насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн саяхан болж өндөрлөөд байна. Тус Азийн аваргын эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд ОУХМ Н.Батбилгүүн барилдаж, Ази тивийн аварга болсон юм. Тэрбээр эхний тойрогт Энэтхэгийн тамирчин Сачин Сачиныг 10:0-ээр, хоёрдугаар тойрогт Туркменистаны Парахат Атаевыг мөн 10:0-ээр, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны тамирчин Науруз Ахмедхановыг 11:0-ийн харьцаатай илт илүүрхэн хожсон. Ийн Азийн аваргын алтан медалийн төлөө Ираны Рахмани Фироузжайеиг 6:3-ын харьцаатай ялж, Ази тивийн аварга болсон билээАзи тивийн  “U20, U23 насны ангиллын хос алтан медальтан, Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг, Батлан хамгаалах яамны  “Алдар спорт хороо, Төв аймгийн Төв-Арж клубийн тамирчин, ОУХМ Наадамбатын Батбилгүүнтэй ярилцлаа.

-Чөлөөт бөхийн “U20” насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Ази тивийн аварга болсонд баяр хүргэе.

-Баярлалаа

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй. Аль аймгийн хүүхэд вэ?

 -Намайг Наадамбатын Батбилгүүн гэдэг. Би Төв аймгийн Батсүмбэр сумын хүүхэд.

-Ам хэдүүлээ вэ. Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Манайх ам бүл наймуулаа, өнөр өтгөн айл бий. Би айлын том, таван дүүтэй.

 -Бага нас нь хаана өнгөрөв. Танайх бөхийн удамтай юу?

 -Миний бага нас Төв аймгийн Батсүмбэр сум Мандалын-Ар гэх газар өнгөрсөн. Манай аав, ээжийн хоёр талд бөхийн удам байхгүй юм билээ. Би л ураг удмынхаа анхны бөх нь болж байгаа.

-Одоо аль клубт, хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?

-Би Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг, Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хороо, Төв аймгийн “Төв-Арж” клубийн тамирчин. ОУХМ Л.Энхбаяр, Ц.Бат-Эрдэнэ, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, МУГТ Ц.Хосбаяр, МУГД Б.Одончимэг, мөн Үндэсний шигшээ багийн багш дасгалжуулагчдынхаа удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.

-Чөлөөт бөхийн спортыг яагаад сонгон хичээллэх болов?

-“Рио 2016” олимпын наадмын чөлөөт бөхийн төрлийг зурагтаар үзсэн юм. Тэр үед чөлөөт бөхийн спорт надад маш их таалагдан, сэтгэл татагдаж эхэлсэн. Тэгээд л ер нь чөлөөт бөхөөр хичээллэх сэдэл төрсөн дөө. Чөлөөт бөхийг барьцгүй барилдаан гэдэг. Яг л тэр нэр шигээ чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй хөдөлж, чөлөөтэй барилддаг бөхийн төрөл. Тийм болохоор нь энэ спортод татагдсан.

 -Чөлөөт бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?

 -Чөлөөт бөхийн спортоор долоо дахь жилдээ хичээллэж байгаа.

 -Чөлөөт бөхийн анхны багш нь хэн бэ?

 -Надад чөлөөт бөхийн спортыг таниулсан, миний анхны багш гэвэл Төв аймгийн Батсүмбэр сумын бөхийн багш, спортын мастер Ц.Бат-Эрдэнэ гэдэг хүн бий.

 -Насанд хүрэгчдийн УАШТ-д барилдаж байсан уу?

-Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдаж байсан. 2023 онд насанд хүрэгчдийн улсын аваргын 86 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байлаа. Харин энэ жил 2024 оны УАШТ-ий  86 кг-ын жинд барилдаж мөнгөн медаль авсан.

-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан барилдааныг хэзээ хийж байсан бэ?

-Сая болж өнгөрсөн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн байлаа. Азийн аваргын алтан медалийн төлөө Иран Улсын хүчтэй өрсөлдөгчтэй хийсэн барилдаан сэтгэлд хоногшиж үлдсэн сайхан барилдаан байлаа.

-Ази тивийн хошой аварга болсон гэсэн. Өмнө нь хэдэн онд ямар насны ангилалд Азийн аварга болсон юм бэ?

 -2023 онд Киргизстан Улсын Бишкек хотод болсон чөлөөт бөхийн “U23” хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 86 кг-ын жинд алтан медаль авч байсан юм.

-Азийн аваргын төлөө Иран Улсын амаргүй, хүчтэй өрсөлдөгчийг ялсан. Иран бөхийн барилдааны онцлог юу байв. Түүнийг ямар тактикийн барилдаан хийж ялав?

 -Тийм шүү. Ираны бөх их хүчтэй өрсөлдөгч байсан. Ираны бөхийн барилдааны онцлог гэвэл их хурдтай. Мэх, техник гүйцэтгэл, шилжилт, хөдөлгөөн сайтай тамирчин байна лээ. Мөн Монгол бөхчүүд шиг, хав золгооны барилдаан их сайтай байсан. Би Ираны бөхтэй барилдахынхаа өмнө багштайгаа маш сайн ярилцсан. Багш “За ямар ч байсан эхний оноог чи өөрөө урагш явж, түрүүлж авах хэрэгтэй. Тэгээд зоригтой, шийдэмгий барилдаарай. Хангалттай хожих боломж чамд бий” гэж хэлсэн. Багшийн захиж, хэлсэн тактик, зөвлөгөөний дагуу барилдаад Азийн аварга болсон. Багшдаа маш их баярласан.

-Өсвөр үе, залуучуудын ДАШТ-д барилдаж байв уу?

-Өсвөр үеийн олон улсын тэмцээнд барилдаж байгаагүй ээ. Харин 2022 онд 18 настайдаа залуучуудын дэлхийн аваргад барилдаад долдугаар байрт орж байв.

-Өөрийнхөө гаргасан амжилтуудаас танилцуулахгүй юу?

-Би 2021онд өсвөр үеийн УАШТ-ээс алтан медаль хүртэж байв. 2022 онд залуучуудын УАШТ-ээс алтан медаль, мөн 2022 онд олимпын аварга Жон Петерсоны нэрэмжит олон улсын залуучуудын чөлөөт бөхийн тэмцээнээс алтан медаль авсан. Үүнээс гадна 2022 онд Бахрейн Улсын Манама хотод болсон залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Монголын чөлөөт бөхийн залуучуудын лигийн 2023 оны 86 кг-ын жингийн аварга. 2023 онд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий 86 кг-ын жинд  хүрэл медаль хүртсэн. Мөн 2023 онд чөлөөт бөхийн залуучуудын УАШТ-ээс алтан медаль, Монгол Улсын арслан П.Дагвасүрэнгийн нэрэмжит чөлөөт бөхийн залуучуудын олон хотын тэмцээнээс алтан медаль авч байлаа. “U23” хүртэлх насны УАШТ-ээс  алтан медаль, ОХУ-ын Тувагийн Кызиль хотноо зохиогдсон чөлөөт бөхийн “Центр Ази” олон улсын тэмцээнээс хүрэл медаль, 2023 онд Киргизстан Улсын Бишкек хотод болсон “U23” хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн алтан медаль хүртсэн.

Өнгөрсөн жил ОХУ-ын Буриадын Улаан-Үдэ хотноо зохиогдсон Юрий Власкогийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнээс алтан медаль авсан. Харин 2024 онд насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгөн медаль, залуучуудын лигийн 92 кг -ын жингийн аварга болж, залуучуудын УАШТ-ээс алтан медаль хүртсэн. 2024 онд Өвөр Монголын “Хөлөнбуйр цом” насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэж, 2024 оны Тайланд Улсын Срирача хотод болсон залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авлаа.

-Ази тивийн аварга болчихоод үндэсний бөхийн дэвээ, шаваа хийж харагдсан. Үндэсний бөхөөр барилддаг уу?

-Тийм ээ, үндэсний бөхийн сумын заан цолтой. Төв аймгийн Батсүмбэр сумынхаа наадмын цол олгох барилдаанд сүүлийн гурван жил дараалан түрүүлсэн байгаа.

-Хүсэл мөрөөдөл, цаашдын зорилт, зорилгоосоо танилцуулахгүй юу?

-Миний хүсэл мөрөөдөл бол олимпын алтан медаль авах зорилт бий. Цаашдын зорилго гэвэл залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ түрүүлэх л байна даа.

 


 

 


Н.БАТБИЛГҮҮН: ИРАНЫ БӨХТЭЙ СЭТГЭЛД ХОНОГШТОЛ САЙХАН БАРИЛДСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-31 13:02:39
    Зочин: Жаахан хөөрүү, сумтай банди байна даа, хөөрхий
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188