• Өнөөдөр 2025-05-10

ХУЙРНАН ШУУГИУЛАГЧ Б.ХУЛАН ОЛИМПОД БАРИЛДАНА

2024-07-04,   646

      “Парис 2024” зуны олимпын их наадам Франц Улсын Парис хотод эхлэхэд 22 хоног үлдээд байна. Парисын олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Белград-2022”  ДАШТ-ий мөнгө, Ази тивийн аваргын мөнгөн медальт, чөлөөт бөхийн Үндэсний шигээ баг, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Батхуягийн Хулан барилдана.

       Тэрбээр “Киргизстан Улсын нийслэл Бишкек хотноо болсон Азийн  олимпын эрх олгох “Бишкек 2024” тэмцээнд маш сайн барилдсан хэдий ч эцсийн мөчид бага зэрэг аз дутаж, харамсалтайгаар олимпын эрхээ авч чадаагүй юм. Харин дэлхийн олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд МЧБХ-оос гаргасан дүрэм, журмын дагуу МУГТ, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Бат-Очирын Болортуяа барилдах ёстой байв. Гэтэл МЧБХ-оос ОУХМ Б.Хуланд дахин нэг итгэл хүлээлгэн, боломж олгохоор шийдвэр гарган, МУГТ Б.Болортуяад боломж олгоогүй юм.  

       Харин олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд явах боломжгүй болсон МУГТ Б.Болортуяа “Энэ шийдвэр надад их хүнд туслаа. Гэсэн хэдий ч би тамирчин хүний ёс зүй, хайртай спортынхоо нэр хүндийг бодож өөрийн хүсэл зорилгыг золиослон нэгэнт гаргасан шийдвэртэй эвлэрч, баг хамт олондоо амжилт хүсэн үлдье дээ. Дэлхийн эрхийн тэмцээнд оролцох долоон тамирчиндаа ( дөрвөн эрэгтэй, гурван эмэгтэй ) бүгдэд нь амжилт хүсье. Ялангуяа жингийн өрсөлдөгч Б.Хуландаа эрхээ заавал аваарай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Чиний төлөө залбирах болно” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлж байсан билээ.

         Б.Хулан, Б.Болортуяа гавьяатын итгэлийг алдалгүй Туркийн Станбул хотноо болсон чөлөөт бөхийн олимпын эрх олгох сүүлийн тэмцээнээс “Парис 2024” олимпын эрхийг хүртсэн юм. Тэрбээр хэсэгтээ Шри-Ланк, Бразилийн бөхчүүдийг цэвэр ялж, шийдвэрлэх барилдаанд дэлхийн аваргын гурван хүрэл медальт Грекийн Преволарктай барилдаж 6:1-ээр ялсан. Улмаар олимпын эрх хүртэх шийдвэрлэх барилдаанд Туркийн бөх Йетгүлийг цэвэр дарж ялалтыг авсан.  Олимпын эрх авсны дараа Б.Хулан “ Надад дахин боломж олгосон хүмүүсийн итгэлийг алдаагүйдээ маш их баяртай байна. Олимпын наадамд хичээж барилдах болно” гэсэн юм.

       Б.Хулан эмэгтэй бөх гэхэд их өвөрмөц “Монгол барилдаан”-тай тамирчин. Хав золгосон босоо барилдаанд маш сайн барилддаг. Хөл мэхийг маш уран чадварлаг хийдэг. Ер нь дөрвөн мөчний барилдаантай, мэхэндээ даацтай. Тийм болохоор түүнийг хөгжөөн дэмжигчид нь “Хуйрнан шуугиулагч”, уран барилдаант Хулан гэх нь бий. Харин хэвтээ барилдаан түүний сул тал болчихоод байгаа. Түүний багш МУГД З. Дүвчин багш хөлдөө оноо алдаггүй. Хөлийн хамгаалалт сайтай.  Өрсөлдөгч бөхдөө хөлөө өгч барилдаад, хариу оноо авдаг байсан гэдэг. Гэтэл Б.Хулан, З.Дүвчин багшийн шавь гэхэд хөлийн хамгаалалт тун тааруу байгаа юм.

        Б.Хулан 2022 онд насанд хүрэгчдийн дэлхийн аваргад анх удаа барилдаж “Белград-2022” ДАШТ-ээс мөнгөн медальт хүртэж, Монголын чөлөөт бөхийн тамирчдаас дэлхийн дэвжээнээс хүртсэн 23 дахь мөнгөн медалийг эх орондоо авчирч байлаа. Тэрбээр ДАШТ-ий  эхний тойрогт “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, 2018 оны Жакартагийн Азийн наадмын аварга Энэтхэгийн Винеш Винешийг цэвэр ялсан. Наймны нэгийн шигшээ барилдаанд Казахстаны Жюлдиз Эшимоваг 3:0-ээр буулган авсан. Улмаар Азербайжаны Лейла Гурбанова, Шведийн Эмма Малмгрин  нарыг мөн л цэвэр дарсан. Харин ДАШТ-ий аваргын алтан медалийн төлөө АНУ-ын бөх, Пан Америкийн аварга  Доминик Пэрришт 4:2-оор ялагдан ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байлаа.

        Дэлхийн аваргын мөнгө, Азийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Б.Хулан “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин билээ.Түүний хувьд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртээд зогсох биш цаашдаа олимп, дэлхийгээс алтан медаль хүртэх бүрэн боломжтой, өсөх ирээдүйтэй залуу тамирчдын нэг. Д.Хулан 15 настай байх даа, 2015 онд Багануур дүүргийн чөлөөт бөхийн секцэнд орж хичээллэсэн байдаг. Улмаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Зэвэгийн Дүвчин багшийн шавь болжээ. Тэр цагаас түүний амжилтын гараа эхэлсэн. Өнөөг хүртэл тэр З.Дүвчин багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.

     Б.Хулангийн аав, ээж хоёр малчин юм билээ. Аав нь уяач хүн байдаг гэсэн. Тийм болохоор Б.Хулан багаасаа хурдан морины унаач хүүхдүүдтэй, хурдан морины уяан дээр барилдаж өссөн юм билээ. Харин хажуу айлын охин нь чөлөөт бөхийн секцэнд түүнийг дагуулж явсаар байгаад чөлөөт бөхөд урвуулчихсан гэсэн.

     Б.Хулан эцэг, эхээс наймуулаа. Түүний доод талын дүү Б.Анударь эгчийгээ дагаж чөлөөт бөхөөр хичээллэх болжээ. Б. Анударь Монголын бүх ард түмний спартакиадаас хүрэл медаль хүртсэн. Өнгөрсөн 2023 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий 59 кг-ын жинд түрүүлсэн. Тэр эгч Б.Хулантайгаа төстэй барилдаантай. Босоо барилдаанаас хөл мэхийг маш сайн хийж байгаа. Харин хамгаалалт болон хэвтээ барилдаанд жаахан тааруухан байгаа билээ. Гэхдээ Б.Анударь их ирээдүйтэй тамирчин болох шинжтэй байгаа. Тэрбээр эгч Б.Хулангийнхаа бэлтгэл хангагч болж өгөн, дүүгийн нөмөр нөөлөг, түшиг тулгуур болж яваа юм билээ.

 


ХУЙРНАН ШУУГИУЛАГЧ Б.ХУЛАН ОЛИМПОД БАРИЛДАНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-01 19:59:55
    Ш.МӨНХЦЭЦЭГ: Миний дүү чаднаа амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-04 20:36:46
    алт: хүчээр эрхээ авсан байх шүү олимпоос медаль авнаа сайн хүүхэд амжилт хүснээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-04 15:37:01
    Зочин: Энэ нэмэргүй байх оо, чадалтай байсан бол нөхөөсөөр биш бусад шигээ эрхээ аваад явах байсан бус уу, тэгээд ч энэ хуйрнан шуугигч чимэг нь олимпод хэр нэмэр болох юм бол доо, чимэгээрээ илүүрхээд хэсэг толгойлох юм болов уу,кк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-04 11:06:50
    Aagi: amjilt huseye ohni mini.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-04 09:36:33
    Зочин: Нэг юм дуулгана аа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188