• Өнөөдөр 2025-07-02

СПОРТЫН АЛДАРТНУУДЫН СПОРТЛОГ ХҮҮХДҮҮД

2024-06-10,   886

         Монголын спортын алдартнуудын хүүхдүүд спортод хөл тавин орж, багагүй амжилт гаргаж яваа. Тэдний зарим нэгийг төлөөлөл болгон хүргэж байна. Японы мэргэжлийн сүмо бөхөөр Монголын нэлээд бөхчүүдийн хүүхдүүд барилдаж амжилт гаргажээ. Мөн сагсан бөмбөг, волейбол, буудлага, жүдо, чөлөөт бөхийн спортоор чамгүй амжилт гаргаж яваа.

-ОЛИМПЫН МӨНГӨН МЕДАЛЬТ, О.ГҮНДЭГМАА-

        Монголын шүхрийн болон уулын спортын нэрт тамирчин Отрядын охин олимпын мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл, дэлхийн цомын аварга, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа юм. Тэрбээр спорт гар бууны 10м, спорт гар бууны 25 метрийн дасгалуудад өрсөлддөг.

-УЛСЫН ГАРЬД Б.ГАНТОГТОХ-

          Дархан аварга, олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Баянмөнхийн хүү бол улсын гарьд Б.Гантогтох юм. Тэрбээр сонихогчдын сүмо бөхийн дэлхийн аварга, чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл медальтай. Улсын баяр наадамд гурван удаа үзүүрлэж байсан. 2004 онд улсын гарьд цол хүртсэн.

-ЯПОНЫ ЛИГИЙН ЛЕГИОНЕР ТОГЛОГЧ Г.ХАНДСҮРЭН-

           Чөлөөт бөхийн ОУХМ, үндэсний бөхийн улсын гарьд Б.Гантогтохын охин бол Г.Хандсүрэн юм.  Тэрбээр Япон, Тайванийн волейболын дээд лигт легионер тоглогчоор тоглосон.  Монголын ирээдүйтэй залуу тамирчин бүсгүй билээ. Г.Хандсүрэн волейболын спортоор эрчимтэй хичээллээд арав гаруй жил болж буй.

        Г.Хандсүрэн 2018 оноос хойш “Хасу CUP”, “Тэнүүн Огоо CUP”, Волейболын холбооны цом, Үндэсний дээд лиг гэх мэт томоохон тэмцээнүүдэд медальт байрт шалгарч байлаа. Мөн Японы оюутны дээд лигийн хошой мөнгө, "Бүх Японы аварга" шалгаруулах тэмцээний дөрөвдүгээр байрт багаараа шалгарч байсан. Японы дээд лигийн хоёрдугаар дивизоны “Брийт Хамамацү” багт легионер тоглогчоор тоглож байв.

-ХАКҮХО М. ДАВААЖАРГАЛ, СПОРТЫН МАСТЕР М.БАТХУЯГ-

         Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт, МУГТ Ж.Мөнхбатын хүү бол  Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга ёкозүно Даваажаргал юм. Тэрбээр сүмо бөхийн  макүүчи дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн цор ганц аварга болсон өвөрмөц амжилтын эзэн билээ. Харин түүний ах М.Батхуяг жүдо бөхөөр хичээллэж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар больсон байдаг. М.Батхуяг аавынхаа байгуулсан “Их шавь” БТДС-д самбо, жүдо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байсан юм.

-ЖҮДО БӨХИЙН ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТ Ө.ДҮҮРЭНБАЯР-

         Архангай аймгийн Баян-Улаан сумын харьяат, “Тавхай” хэмээх улсын заан Дашийн Лувсан­гийн хүү бол улсын начин Өлзий­баяр юм. Харин улсын начин Л.Өлзийбаярын хүү бол жүдо залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Ө.Дүүрэнбаяр юм.

      Түүний өвөө улсын заан Д.Лувсан гуай "тавхай" нэрээ­рээ олноо алдаршсан домогт бөх бөгөөд Л.Энхбаяр, Л.Өлзийбаяр, Л.Батбаяр гэсэн гурван хүүтэй. Л.Өлзийбаярын ах нь чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ, улсын начин Лу.Энхбаяр билээ. Харин Л.Батбаяр мөн л сайн барилддаг бөх байсан гэдэг.

     МУГТ Ө.Дүүрэнбаярын аавын атл удам гэлтгүй, ээж Бурмаа нь мөн л цуутай бөхийн үр удам юм. Ээж нь улсын заан Рэгжийбуугийн Даваанямын төрсөн дүү билээ. Мөн түүний ээжийн талд Харүмафүжи Д.Бямбадорж, улсын заан Д.Лхагвадорж, улсын гарьд Н.Ганбаатар, аймгийн начин Д.Баасандорж гээд бөх бий.

-ЖҮДО БӨХИЙН ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА Ц.ЦЭРЭННАДМИД, АЗИЙН АВАРГЫН ХОШОЙ МӨНГӨН МЕДАЛЬТ Ц.ОЧИРБАТ-

           Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул самбо бөхийн дэлхийн аварга, үндэсний бөхийн улсын заан, МУГТ Дамбажавын Цэнд-Аюушийн хүү бол Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол Улсын найман удаагийн аварга, ОУХМ, “Хүч” спорт хорооны дасгалжуулагч Ц.Очирбат юм. Харин жүдо бөхийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, дэлхийн цомын аварга, Европын нээлттэй тэмцээний аварга, ОУХМ Ц.Цэрэннадмид бол түүний охин билээ.

-УЛСЫН ГАРЬД, ОУХМ Д.БАЯРАА АГСАН-

           Үндэсний бөхийн дархан аварга Дарийн Дамдингийн хүү бол  чөлөөт бөхийн ОУХМ, үндэсний бөхийн улсын гарьд Д.Баяраа агсан юм. Тэрбээр 1990 онд болсон Монголын нууц товчооны 750 жилийн ойн даншиг наадамд найм давсан амжилтаараа улсын заан цолыг хүртсэн. Харин улсын гарьд цолыг шинэ дүрмийн дагуу хүртэж байлаа. Д.Баяраа агсан 1979 онд чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ээс хүрэл медальт хүртэж байв. Чөлөөт бөхийн Монгол Улсын дөрвөн удаагийн аварга юм.

-ИОГЧИН Д.ЦЭЦГЭЭ, ЖҮДОЧИН Д.СҮЛДБАЯР-

        “Москва 1980” олимпын мөнгөн медальт, МУГТ, Ардын багш Цэндийн Дамдингийн охин  морь, тэмээ, сарлаг, цаатай Монгол аяллыг санаачлан, зохион байгуулагч, Монгол уламжлалтын их эмч, докторант,  “Big Blue Flower “ аяллын компанийн захирал, “Бадамлянхуа” иог төвийн багш. Д.Цэцгээ юм. Харин түүний хүү бол жүдо бөхийн ОУХМ,  жүдо бөхийн мастеруудын ДАШТ-ий алт, мөнгөн Д.Сүлдбаяр юм. Тэрбээр одоо АНУ-ын Вержиниа  мужийн Арлингтон хотод жүдо бөх, жюү жицүгийн багш, дасгалжуулагчаар ажиллаж, амьдарч байгаа.

-“МОНГОЛЫН СУПЕР ВОЛЕЙБОЛЧИН” Т.ХАНГАЛ-

              Монгол Улсын гавьяат багш, дасгалжуулагч Ренчингийн хүү бол волейболын “Ноён” багт тоглож явсан, дасгалжуулагч Р.Тамир юм.  Түүний хүү  бол “Натур ноён мед” багийн тоглогч ОУХМ Т.Хангал билээ.  Тэрбээр багаасаа тодорсон, удам дамжсан шилдэг волейболчин. Т.Хангал 2022-2023 оны Тайландын мэргэжлийн лигт легионероор тоглож, багаараа Тайландын лигийн аварга болж, “MVP” буюу үнэ цэнтэй тоглогчоор тодорч байв.

-АСАШЁОРЮҮ Д.ДАГВАДОРЖ, АВАРГА Д.СУМЪЯАБАЗАР, НАЧИН Д.СЭРЖБҮДЭЭ-

        Улсын заан Долгорсүрэнгийн хүү бол японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь, ёкозүна болсон анхны Монгол хүн, Хөдөлмөрийн баатар, МУГТ  Д.Дагвадорж юм. Тэрбээр сүмо бөхийн дээд зиндаанд 25 удаа  түрүүлж байлаа. Харин түүний ах үндэсний бөхийн аварга, чөлөөт бөхийн ОУХМ  Д.Сумъяабазар, улсын начин Д.Сэржбүдээ нар билээ. Аса аваргын хоёр ах Японы мэргэжлийн тулааны спортод хүч үзэж явсан билээ.

-ХАРҮМАФҮЖИ Д.БЯМБАДОРЖ, УЛСЫН НАЧИН Д.ЛХАГВАДОРЖ, АЙМГИЙН  НАЧИН Д.БААСАНДОРЖ-

            Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул үндэсний бөхийн улсын заан Р.Даваанямын хүү бол  Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга, Харумафүжи Д.Бямбадорж юм. Харин том хүү Д.Баасандорж нь аймгийн начин, бага хүү Д.Лхагвадорж нь улсын начин юм. Тэдний, авга ах нь  МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж, үеэл нь улсын гарьд Н.Ганбаатар билээ. Яах аргагүй удам дамжсан бөхчүүд гэж тэднийг хэлнэ.

-АСАСЕКИРЮҮ Б.ДАШНЯМ-

    Монгол Улсын харцага Л.Бадарчийн хүү бол Японы мэргэжлийн сүмо бөх Асасекирюү Дашням билээ. Тэрбээр их аварга Асашёорюү Д.Дагвадоржтой нэгэн дэвжээнд барилдаж, цагтаа сэкиваке цол хүртэж явсан. Б.Дашням Кёкүтэнхо, Токитэнкү нарын дараа ояката болж байсан Монголын гурав дахь бөх юм.

-Г.ӨСӨХБАЯР АВАРГЫН ХҮҮ Ө.ПЭРЭНЛЭЙЖАМЦ, Ө.ДЭМИДЖАМЦ-

           Үндэсний бөхийн спортын түүхэнд тод мөрөө үлдээн, монгол түмнээ баясгаж яваа аваргуудын нэг нь дархан аварга, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр билээ. Г.Өсөхбаяр аваргын  хүү Ө.Пэрэнлэйжамц сагсан бөмбөгийн спортоос жүдо бөхийн спорт руу ороод байгаа. Түүнийг аавынхаа амжилтыг үргэлжлүүлэх, “аавынхаа шийрийг хатаах” ирээдүйтэй бөх болно гэж олон хүн үнэлж, дээлийнх нь захыг мушгиж суугаа. Өсөхөө аваргын хоёр дахь хүү Ө.Дэмиджамц нь мэргэжлийн сүмо бөхийг сонгоод байгаа.

       Энэ жил 23 настай тэрбээр их аварга Хакүхогийн татан буугдсан “Миягино” дэвжээнд элссэн юм. Ө.Дэмиджамц Сэйхакүхо гэсэн маш том нэртэй барилдаж, анхны барилдаандаа эхний ялалтаа байгуулсан билээ. Ө.Дэмиджамц 2000 оны наймдугаар сарын 24-нд төрсөн. 192 см өндөр, 127 кг жинтэй. 2016 онд Японы Тоттори жёохокү сургуульд элсэж, манай сонирхогчдын сүмогийн алдарт мэргэжилтэн Р.Гантөгс багш дээр хичээллэсэн. Дошишя их сургуулийн сүмо бөхийн багт байх даа Бүх Японы аварга шалгаруулах оюутны тэмцээнд оролцож, Каназавагийн тэмцээнд түрүүлж байсан юм.

-ЧИЁШООМА Г.МӨНХСАЙХАН-

           Үндэсний бөхийн улсын арслан  Ганбаатарын хүү бол Чиёшоома Мөнхсайхан юм. Ганбаатар арслангийн хүү Мөнхсайхан 1991 оны долдугаар сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн. Мэргэжлийн сүмогийн “Коконоэ” дэвжээнд харьяалагддаг бөх.

-АРАВАШИ Г.ДӨЛГӨӨН-

          Үндэсний бөхийн улсын харцага, чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Лодойн Эрхбаярын хүү бол Японы мэргэжлийн сүмо бөх Араваши Дөлгөөн юм. Тэрбээр 2002 оны арваннэгдүгээр сард “Арайсо” дэвжээнээс анх мэргэжлийн сүмод барилдсан. 2014 онд дээд зиндаанд дэвшиж байв. Мэргэжлийн сүмо бөхөд 493 давсан. Дээд зиндаанд 21 башё барилдахдаа 138 даваа авч байлаа. Зүүн өвдөгний бэртлийн улмаас зодог тайлсан.

-“АРСЛАНГИЙН СИМБА ХҮҮ” САГСЧИН Г.ДӨЛГӨӨН-

          Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Үндэсний бөхийн улсын арслан, чөлөөт бөхийн ОУХМ, кураш бөхийн дэлхийн аварга, самбо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, сагсан бөмбөгийн “Генералууд” багийн төвийн тоглогч Доржпаламын Ганхуягийн хүү бол сагсчин Г.Дөлгөөн юм. Тэрбээр АНУ-ын Охайхо мужийн коллежийн багаас АНУ-ын коллежуудын лигт тоглож байгаа. Америкууд түүнийг “Монгол мангас” хэмээнд нэрлэдэг. Харин монголчууд “Арслангийн Симба хүү” хэмээн өхөөрдөн дууддаг юм.

-“МОНГОЛ МАЙК” Ш.ЭНХИЙН-ОД, Ш МӨНХИЙН-ОД-

       МУГТ, шаравжамцын хоёр хүү Ш.Энхийн-Од, Ш.Мөнхийн-Од нар билээ.  NBA-ийн талбайд хөл тавьж, эцгийнхээ дутууг гүйцээх мөрөөдөлтэй яваа нь Ш.Энхийн-Од билээ.  Америкууд түүнийг “Монгол Майк” хэмээн дуудах болсон.  Тэрбээр АНУ-ын ахлах сургууль, коллежийн багт тоглосон. Харин Ш.Мөнхийн-Од одоогоор аавынхаа үүсгэн байгуулсан “Stars” клубийн багш, дасгалжуулагчаар ажиллаж байна.

-ТОКИТЭНКҮ А.ХҮЧИТБААТАР АГСАН-

 

          Үндэсний бөхийн улсын начин Алтангадасын хүү бол мэргэжлийн сүмо бөхийн тамирчин агсан Токитэнкү Хүчитбаатар юм. Тэрбээр Японд оюутан байх даа сүмо бөхөөр хичээллэж, Бүх Японы оюутны сүмо бөхийн тэмцээнд түрүүлж, сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж,  мэргэжлийн сүмо бөх болсон.


СПОРТЫН АЛДАРТНУУДЫН СПОРТЛОГ ХҮҮХДҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-10 17:52:27
    Зочин: Гаргалгаа нь бөхийн хүүхэд үсрээд л бөх гэхэд болохоор, бөхийн хүүхэд өөр спортод явцгүй гэдгийн сонгодог жишээ нь тэр Гантогтохын Хандсүрэн, материал нь байвч толгой нь болж өгөхгүй, үсээ янз бүрээр будаад ч нэмэргүй, кк
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188