"УИХ-Д ДАХИМАА ӨГДӨГГҮЙ” ДАРХАН АВАРГА, ОЛИМПЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ
Хэнтий аймгийнхан УИХ-д сонгох хүнгүй мэт дархан аварга Б.Бат-Эрдэнийг сонгосоор “улиг домог” болгож, уйдах дээрээ тулаад байгаа. Харин түүний улс төрийн хажуугаар эрхэлдэг хувийн бизнес нь “Атар чандага” ХХК, “Атар чандага сүү” ХХК, “Буудайн цацал” ХХК, “Аварга” биеийн тамирын дээд сургууль байгаа. Баагий аварга “Хөдөлмөр” нийгэмлэгийн байрыг хөлс, хүч гаргалгүйгээр Ардын намаасаа нэг ч төгрөг төлөлгүй авчихсан гэж чих дэлссээр удаж буй.
Б.Бат-Эрдэнэ аварга МАН дотроо арай л нэр цэвэр, хөдөөний сонгогчдын бахархал, хүндлэлийг хүлээсэн хүн хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч болгохоор зүтгүүлээд бараагүй. Чингис хааны нутгийн төв халхын “Цэвэр цус”-ны хүн гэж сонгуулийн пиараа буруу хийж, сайхан аваргын маань нэр төр, алдар хүндийг МАН-ынхан “Шороотой хутгаад” хаячихсан билээ. Ард түмэнд түүнд дургүйдээ биш. Монгол түмнээ “Цэвэр, бохир” цустай хэмээн ялгаварлан гадуурхан, ад шоо үзсэн МАН-д дургүйцсэн юм.
Ялагдал гэгчийг үндэсний бөхийн дэвжээнд амсалгүй арваад жил тонгочсон дархан аваргыг ард түмэн, сонгогчид далаар нь цэвэр дарсан. Ардын намын нэр хүнд навс уначихсан үед Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд ийнхүү өвдөг шороодсон. Гэсэн ч тэрбээр УИХ-ын гишүүний дархан, дархлагдсан суудалдаа хадагдсан мэт суусаар л өдийг хүрч байгаа. Хэнтийчүүд хэзээ аваргаас уйдахыг таашгүй. МАН-даа тунин гомдолж байгаад Олимп, биеийн тамирын сайд гэсэн сэтэртэй болоод авсан. Үндэсний бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоог удирдан, чиглүүлэн ажилласан ч ажлыг нь “навс” унагасан гашуун түүх Баагий аваргад бий. Энэ жилийн УИХ-ын сонгуульд “Ахиад ганцхан удаа сүүлийн боломж” өгөөч гээд гуйх болсон гэнэ лээ.
ОРОСЫН ЭРХ АШГИЙГ ОНЦГОЙЛОН ДЭМЖИГЧ “ЖЕНКО” Х.БАТТУЛГА
Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Монгол Улсын гавьяат тамирчин, самбо бөхийн дэлхийн аварга Х.Баттулга спортын салбарт амжилт гаргасан шигээ бизнест “Од, хийморь”-той яваа. Түүний амьдрал дуулиан шуугианаар дүүрэн байдаг. Анх бизнест хөл тавиад “17 чингэлэг спирт”-тэй нэр холбогдсон ч “Аавын хаалга”-ыг таталгүй үлдэж чадсан билээ. Агуу Чингис хааны хөшөө цогцолборыг Цонжин Болдогт сүндэрлүүлж, МОАХ-г удирдан, улстөрд эргэлт буцалтгүй орчихсон. Тэр МАН-ынхан шиг улс төрөөс төрсөн тэрбумтан биш. Өөрийн хүч хөдөлмөрөөр хөлжиж, баяжсан нэгэн. Монголын жүдо бөхийн холбоог зөв менежментээр удирдан чиглүүлж, олимп, дэлхийн аваргуудыг төрүүлэн гаргасан гавьяатан мөнөөс мөн.
Харин улстөрд хөл тавин ороод олигтой, гялааж, гялтаах, ард түмэн, улс эх оронд ашигтай зүйлийг төдийлөн хийгээгүй. УИХ-ын гишүүнээр удаа дараа улиран сонгогдож, ҮХХАА, Зам тээвэр, хот байгуулалтын сайд болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан ч ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлж, улс эх орноо өөд нь татаж чадаагүй билээ. Оросын эрх ашгийг нэгдүгээрт тавьж, Гашуун Сухайтын төмөр замыг гайтуулж, тойруулан мухардуулсан гэдэг шүүмжлэлд өртөөд удаж байгаа. Дотны анд У.Хүрэлсүхдээ “Түгжилдүүлэн” дахин Ерөнхийлөгчид дэвших эрхгүй болж байлаа. Х.Баттулга, С.Эрдэнэ хоёрын улстөрийн толхилцооны золиосонд АН-ын хүч суларч, МАН-ын мандан цэцэглэлт эхэлчихсэн билээ.
УЛСЫН АРСЛАН Д. АЗЖАРГАЛ УЛС ТӨРД ОРСОН
Улсын арслан Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо сумын харъяат Дагвадоржийн Азжаргал удамтай бөх хүний гэр бүлд төрж бойжсон юм билээ. Энэ нь түүний бөхийн спортыг, сонирхох дур хүслийг нь төрүүлсэн гэдэг. Д.Азжаргал 1997 онд Говьсүмбэр аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол авч, улсын цолонд хүрэх эхэллээ тавьсан.
Тэрбээр 2002 онд улсын наадмаар тав давж Монгол Улсын начин цолыг 24 насандаа авч байв. 2006 онд ес давж үзүүрлэн 28 насандаа Монгол Улсын арслан цол хүртсэн билээ. Д.Азжаргал УБИС-ийг багш, дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн. Тэрбээр улстөрч бөхчүүдийн эгнээг тэлэн, улс төрд орж ирсэн юм. Улсын наадамд үзүүрлэж, гурвантаа шөвгөрсөн арслан Д.Азжаргал Говьсүмбэр аймгийн АН-ын даргад өрсөлдөж байлаа.
ГАЗРААР ХӨЛЖСӨН ДАРХАН-УУЛ АЙМГИЙН “ПОП ДАРГА” Б. АЗЖАРГАЛ
Дархан-Уул аймгийн Засаг дарга Болдбаатарын Азжаргал бага, залуудаа чөлөөт бөх, үндэсний бөхийн спортоор сонирхон хичээллэж явсан нэгэн гэдэг. Тийм дээ ч тэр чөлөөт бөх, үндэсний бөхийн спортыг Дарханд хөгжүүлэх үйлсэд, багагүй дэмжлэг, туслалцаа үзүүлэн гар сунгадаг Засаг дарга гэнэ лээ.
Түүний хувьд 2020 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга болсон даруйдаа, бөхийн спортоор хичээллэдэг танил тал, найз нөхдөө хэлтэс, агентлаг, газрын даргаар томилж, мөнгө угаах, хөрөнгөжих ажлаа амжуулж эхэлсэн гэдэг яриа бий. Б.Азжаргал анх хүргэн ах УИХ-ын гишүүн асан, Батаагийн Баттулгын татаасаар спортоос улс төр рүү оржээ. Тэрбээр Дарханы МАСЗХ-оос Дархан сумын Засаг даргын орлогч болж, улс төрийн замналаа эхлүүлж байжээ.
Тэр Дархан-Уул аймгийн Засаг дарга болоод өөрийн найз бөх Д.Батчулууныг Газрын албаны даргаар томилж, Дархан-Уул аймагт газрын наймааг гааруулсан гэх юм билээ. Өөрийнх нь МАН-ын бүлэглэлийн булхай нь илрэхээр Газрын албаны дарга найзыгаа барьж өгч, бүх хэргийг тохсон гэх яриа бий. Б.Азжаргал Дархан сумын XXXI хороололд нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй хаус бариулж, 216 сая төгрөгөөр тавилга авсан талаар АТГ-т шалгагдаж байгааг мэдээлж байсан юм. МАН-ын төрөөс төрсөн тэрбумтан нарын нэгэн бол яах аргагүй Б.Азжаргал мөн билээ.
ДАЯН АВАРГА А.СҮХБАТ ДАРХАН ЦААЗАТ УУЛЫГ ЭЗЭН БОЛЖЭЭ
А.Сүхбат аварга монгол үндэсний бөхөд байгаа бурангүй явдалтай тэмцэнэ гэж үзэгч, шүтэн бишрэгчдээ нулимстай нь хутгаад зодог тайлж байлаа. Гэнэтийн тэр шийдвэртэй өөрөө ч шоконд орж, чанар муутай хямд архи уугаад хордлогонд орсон гэж ярьж байлаа. Өсөхөө аваргад тийрүүлээд, өөрийн шавьдаа унаад, өлөн байхдаа сархад хүртэж хордоод өөдлөхгүй байсаар сайхан аварга маань хар залуугаараа зүлэг ногоон дэвжээнээсээ холдсон.
Ард түмнээ чанартай хүнсээр хангах зорилго тавин “Алтан хүнс” компани байгуулан архи, спирт үйлдвэрлээд алдагдал хүлээсэн гээд, аврал эрэн Ардын намын гишүүн болчихсон юм. Алдар нэр, ардын түмний итгэл, хүндлэл дээр дөрөөлөн Ардын намаас УИХ-д нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон. Гишүүн болоод гийгүүлсэн зүйлгүй ч Үндэсний бөхийн холбоог булаацалдаж, “Монгол бөхийн өргөө”-ий үүд, хаалгыг дэлбэ өшиглөж даналзсан. “Рио 2016” олимпын медалийг луйвардсан Узбекүүдийг өмөөрөн хамгаалж, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос толгой гудайлган бөхөлзөн уучлалт гуйж, нулимс дуслуулах нь холгүй байв.
УИХ, Засгийн газрын гишүүдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниуд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан тухай баримт дэлгэдсэн. ЖДҮХС-тай холбоотой дуулиан дэгдэж эхлэх үеэр эрхэм гишүүний нэр ч дурдагдаж байсан билээ. Тухайн үед түүнээс зээл авсан эсэхийг сэтгүүлчид лавлахад "Нотлох баримтаа гаргаж ирээд надтай ярь" гэснээс өөр зүйл хэлж чадахгүй байсан юм.
Гэтэл УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын төрсөн дүү А.Баттөгс, түүний эхнэр Г.Буяндэлгэрийн "Түгээмэл түмэн хишиг" компани 2017 онд 800 сая төгрөгийн зээл авсан байдаг. Үүнд тэрбээр одоо хүртэл тайлбар хийгээгүй. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг чимэн, үзэгч түмнээ өндөлзүүлж явсан А.Сүхбат аварга маань дархан цаазат Богд уулын эргэн тойронд буга хамгаалах нэрийдлээр уулын олон амыг хашаагаар тусгаарлан өмчилж авчихаад, заяаны хань Баясаагаа залуу бүсгүйгээр солиод нам жим болсон.
АРД ТҮМНИЙ ИТГЭЛ ХАЙРЫГ ДААГААГҮЙ ОЛИМПЫН АВАРГА Н.ТҮВШИНБАЯР
Спортын ноён оргилд хүрч, олимпын аварга хэмээх алдар цолыг монголын тамирчдаас анх түрүүн хүртсэн хоёр тамирчны нэг нь МУГТ, Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, ДАШТ-ий хүрэл медальт, олимп, дэлхийн тэмцээнд “Найдвар алдаггүй” Найдангийн Түвшинбаяр байсан билээ. Гэвч тэрбээр ард түмний хайр хүндэтгэлийг дааж чадаагүй. Спортын салбар, жүдо бөхийнхөө хөгжилд хувь нэмрээ оруулалгүй, улс төрд хөл тавьж, сонгуульд нэрээ дэвшүүлэн, МҮОХ-ны ерөнхийлөгч болоод буруудсан. Алдар хүндээ ашиглан улс төрд амжилт гаргана гэж андуурч, эндүүрэн “Савнаасаа бусдыг дийлдэг сархад”-ын гайгаар сайхан аварга маань шоронгийн хаалга татсан билээ.
БУЛГАНЫ ЗАСАГ ДАРГА ЖҮДОЧИН Б.АРИУН-ЭРДЭНЭ
Самбо бөхийн МУГТ, жүдо бөхийн ОУХМ, жүдо бөхийн Ази тивийн аваргын мөнгөн медальт, УАШТ-ий найман удаагийн аварга, самбо бөхийн дэлхийн аварга, үндэсний бөхийн аймгийн арслан Батбаярын Ариун-Эрдэнэ спортын салбараас улс төр рүү орсон тамирчдын нэгэн төлөөлөл юм.
Тэрбээр жүдо бөхөөр олимп, дэлхийн аваргад амжилт гаргаж амжаагүй ч улс төрд чамгүй амжилттай яваа. Одоо тэрбээр төрөлх Булган аймгийнхаа Засаг даргын албыг амжилттай хашиж явна. Залуу хүний эрч хүч, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн Булган аймгийнхаа хөгжил, дэвшилд бодитой хувь нэмрийг оруулж байгаа. Булганчууд түүний хийж, хэрэгжүүлсэн олон ажилд ам сайтай байдаг.
Булган аймгаас УИХ-д сонгогдсон Д.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ нарын хамт 3.8 тэрбум төгрөгөөр “Айрагны өргөө”-г улсын төсвийн хөрөнгөөр бариулах гэж зүтгүүлээд буруудсан. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамт айрагны хөшөө босгож, “Айрагны өргөө”-ий нэрийг нь өөрчилж, Хутаг-Өндөр сумандаа барих гэж байгаа талаар чих дэлсэх болсон. Эрх мэдэл, эд хөрөнгөд шунаж, буруу улс төр хийж бохирдон, эвдэрчихгүй бол Б.Ариун-Эрдэнэ Булган аймгийг дажгүй удирдаж яваа, давгүй төрийн түшээ болон төлөвших шинжтэй.
"УСАН ТЭЭВЭР" ХӨГЖҮҮЛЭХ ГЭЭД УРУУДАН, БУРУУДСАН УЛСЫН АВАРГА Д.СУМЪЯАБАЗАР
Ард түмэн Д.Сумьяабазар аваргыг ихэд хүндлэн дээдлэдэг байлаа. Улсын наадамд түрүүлж, арслан цол хүртэхэд нь “Аварга, аварга, аварга” хэмээн цэнгэлдэх дүүрэн үзэгчид хашхирсаар “Аварга” цолыг амар, хялбар аргаар өгүүлсэн түүхтэй.
Аварга цол хүртээд тэрбээр удалгүй арлын Японд очиж, сүмо бөхөөр биш, нохой зодооноор шуугиулж чадалгүй байсаар зодог тайлсан. Банк ажиллуулаад барилдах ч завгүй явсаар дампуурах дээрээ тулаад далийгаад МАН руу орчихсон гэх яриа бий. Аваргын нэр хүндээрээ ард түмний итгэлийг авч УИХ-ын гишүүн болсон. “Айлын эрх хүүхэд” шиг зан гаргаж Ардын намдаа тунирхаж байгаад 2020 оны аравдугаар сарын 27-ны өдөр УИХ-ын гишүүний суудлаасаа “татгалзаж” Улаанбаатар хотын дарга болсон билээ. Ард түмний өмнө хүлээсэн УИХ-ын гишүүний эрхэм үүргээ умартан Улаанбаатар хотын захирагч болон жижгэрсэн юм.
"Аз жаргалтай Улаанбаатар", усан тээвэр, “LRT” төсөл хэрэгжүүлнэ гэж яриад хашаа, хайс, гарааш нураасан болоод л таг чиг болчихсон. Хотын даргын хамаарал бүхий Үндэсний хөрөнгө оруулалтын банк Эрүүл мэндийн даатгалын сангийн 14 тэрбумын өрийг төлөхийн тулд Монголбанкнаас зээл авсан гэх асуудал дэгдсэн. Гэтэл тэр улсын өрийг төлөхийн тулд улсын банкнаас мөнгө зээлсэн болж таарсан билээ. Үүнийг нь УИХ-ын Байнгын хорооны хурлын үеэр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хүлээн зөвшөөрсөн байдаг.
"БОГД ЗОНХОВА" ЦОГЦОЛБОРЫГ БОСГОНО ГЭЖ ЗӨРҮҮДЭЛЖ БУЙ ГАРЬД Ц.ЦЭРЭНПУНЦАГ
Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг бөхчүүд дундаа л бизнес сэтгэлгээ нь овоо хөгжчихсөн нэгэн байлаа. Бас болоогүй нэлээдгүй боловсрол, мэдлэгтэй, гадаад хэлний хувьд гайгүй сайн ярьчихдаг гэж магтагддаг байв. Тэрбээр А.Сүхбат аваргын нэгэн адил ард түмнээ эрүүл чанартай спирт, архиар хангах зорилт тавин ханцуй шамлан хүнсний бизнест хөл тавин орсон. “Тэргvvн” хэмээх архи үйлдэрлэж түрүүвчээ түнтийлгэн Үндэсний хэмжээний манлай архи, спиртын “Жем интернэшнл” групп, үүрэн холбооны “Жи-Мобайл” компанийг үүсгэн байгуулсан билээ. Улмаар бизнэсээ өргөжүүлэн “Ddish TV”, “Жем Нет”, “SPS TV” , “Хужирт Тур” ХХК-ийг байгуулсан байдаг.
Ц.Цэрэнпунцаг гарьд Завхан нутгийнхаа зон олны итгэлийг өвөртлөн УИХ-ын гишүүний зөөлөн суудалд тухлан суусан. “Хэлгүй юм шиг” УИХ-д хэсэг хугацаанд нам гүмхэн, чимээгүйхэн суусны эцэст нэг л өдөр “Богд Зонхова”-ын хөшөө цогцолборыг улсын төсвийн 32 тэрбум төгрөгөөр барина гэж зүтгүүлэн хэлд орсон билээ. Тэрбээр “Өвдсөн, зовсон хүмүүс хамгийн түрүүнд эмнэлгийг бус бурхан шашны газрыг барааддаг. Гадны жуулчдад үзүүлэх зүйл Гандан хийдээс өөр юу ч алга. Яагаад бурхны хөшөө барьж болдоггүй юм. Босгохдоо нэг босгоно” хэмээн зөрүүдлэн гэдийсээр өнөөдрийг хүрч байгаа.
СПОРТООС УЛСТӨРД ОРСОН ХҮМҮҮС |
|
2025-05-10 12:23:53
2025-05-10 11:55:31
2025-05-10 11:25:33
2025-05-10 10:40:53
2025-05-10 10:32:08
2025-05-10 09:59:22
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-09 23:18:16
2025-05-09 18:11:07
2025-05-09 17:56:16
2025-05-09 17:43:29
2025-05-09 17:36:05
2025-05-09 17:14:18
2025-05-09 14:58:38
2025-05-09 13:23:32
2025-05-09 12:32:44
2025-05-09 11:52:36
2025-05-09 11:32:56
2025-05-09 11:25:22
2025-05-09 09:50:17
2025-05-09 09:40:55
2025-05-09 09:35:48
2025-05-09 09:32:37
2025-05-09 09:15:36
2025-05-09 07:37:33
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |