• Өнөөдөр 2024-05-06

П.ОРХОН ЭРГЭН ИРЖЭЭ

2024-04-24,   494

      Чөлөөт бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхоныг эд амжилт гарган, гялалзаж эхэлсэн, оргил үед нь сэргээшийн асуудалтай холбож, хатуу чангаар дөрвөн жилийн хугацаагаар барилдах эрхийг нь хасаж, шийтгэсэн билээ. Түүнийг хорлосон хүмүүс П.Орхоныг чөлөөт бөхөөр дахин барилдахгүй болгох гэхдээ хориглосон бодисын жагсаалтад багтсан “Станозолол” хэмээх бодис хэрэглэсэн байдаг.  Олимпын дөрвөн жилийн циклийн хугацаанд П.Орхоныг зодог тайлна, эсвэл амжилт нь буураад чөлөөт бөхөөс үүрд холдоно гэж тооцоолсон байх л даа.

           Дэлхийн аварга болсон бөх, хурд, хүч, техник , ур чадвар нь эд жигдэрч явах үедээ өөрийгөө хорлоно гэж байхгүй. ДАШТ болохоос зураан сарын өмнө, олимпын наадам ойртсон үед сэргээшийн төрлийн бодис хэрэглэж, өөрийгөө золиосонд гаргана гэж үү. Хэн нэгэн түүний шинжилгээний дээжинд эсвэл хоол, ундад нь  хориотой эм бэлдмэл, бодис хийсэн байх магадлалтай.  Энэ л үнэнд арай ойртох байх. Цаг хугацаа бүхнийг шүүж, үнэнийг тодоруулна гэдэгт л итгэж найдна.

          Чилийсэн урт дөрвөн жилийн шийтгэлийн хугацааг П.Орхон туулаад л даваад гарлаа. Түүн руу чиглэсэн дайралт, гүтгэлэг, доромжлол хэрээс хэтэрсэн. Тэр бүхэнд П.Орхон халирч, шантран мохож, хугарч, нураагүй үлдсэн. Сэтгэлийн хат, тэсвэр, тэвчээрийн хүчээр бүхнийг даван туулан гарч чадсан. Олон хүн П.Орхоны эргэн эрэлтэд эргэлзэж байлаа. Оргил амжилт гаргах залуу нас нь өнгөрсөн, зодог тайлах болчихсон тамирчин, дөрвөн жил барилдаагүй, одоо амжилт гаргахгүй гэж байв.

              Гэтэл П.Орхон бага багааар боловч амжилтаа ахиулан, бэлтгэлээ чанаржуулан хийсээр “Парис 2024” олимпын наадмын эрхийг авч, баталгаажуулж чадлаа. 2017 онд дэлхийн аварга болж байсан үеийн эрэмгий дайчин, хурд, хүчтэй, техник, ур чадвартай П.Орхон эргэн эрж байгаад баярлаж байна. Тэр үүнийгээ дэлхий дахинд харуулж, нотоллоо. Олимпын эрхийг хүссэн, санасан хэн дуртай тамирчин санасны зоргоор авдаггүй юм аа. П.Орхон өөрийн нөөц боломж, ур чадвартай итгэлтэй байна. Өмнөхөөсөө илүү хат сууж, хатуужсан туршлагатай П.Орхон болон эргэн иржээ. Тийм ч учраас олимпын эрхийг тэр авч чадлаа. Олимп болтол П.Орхоныг магтаж, муулах хэрэггүй. Зүгээр л зөнгөөр нь түүнийг орхиж, хүлээх нь зөв болов уу.

           Би хувьдаа П.Орхоныг сэргээшийн эм, бэлдмэл хэрэглэсэн гэдэгт одоо хүртэл итгэдэггүй. Монголын чөлөөт бөхийн холбооны хуучин удирдлагууд болон Алдар” спорт хорооны дасгалжуулагчдын хоорондын таарамжгүй байдлын золиос нь П.Орхон болсон байх магадлал өндөр  бий.

          П.Орхон Жакарта 2018 Азийн зуны спортын XVIII наадмын 62 кг-ын жинд бүх өрсөлдөгчөө илт илүүрхэн ялж, алтан медалийн эзэн болсон. Азийн наадмын аварга болохдоо Киргизийн бөх Айсулуу Тыныбековаг ялж байлаа. 2017 оны Парисын ДАШТ-д мөн л түүнийг илүүрхэн ялсан. П.Орхоныг шийтгэл хүлээсэн дөрвөн жилийн хугацаанд Киргизийн бөх Айсулуу Тыныбекова Нурсултан 2019, Осло 2021, Белгиград 2023 ДАШТ-д түрүүлж, Токио 2020 олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж чадсан. Хэрэв П.Орхон допингийн хоригт ороогүй байсан бол Айсулуу Тыныбекова энэ бүх амжилтыг гаргаж чадах  байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Хэн хохирч, хэн хожсон бэ гэдгийг шүүн тунгаан бодоорой. П.Орхоныг мандаж явах үед нь магтаалын “цаасан малгай” өмсүүлэгч олон байв. Харин дэвжээнд гарах эрхгүй шийтгүүлсэн үед нь гутаан доромжлогч олширсон билээ.

         П.Орхон 2017 оны ДАШТ-ээс эхлээд 2018 оны Азийн наадам хүртэл нэг жилийн хугацаанд зургаан удаа шинжилгээ өгсөн байдаг. Тэр бүх шинжилгээний хариу бүгд зүгээр гарсан.  Харин Азийн наадмын үеэр өгсөн шинжилгээнд ийнхүү бүдэрсэн.  Азийн наадмын зохион байгуулагчдад П.Орхоныг хориотой бодис хэрэглэсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл ирсэн гэдэг. Тэр мэдээллийн дагуу шинжилгээ авч Олон улсын Допингийн эсрэг агентлагийн Катар Улсын Доха хот дахь итгэмжлэгдсэн лабораторид илгээсэн нь ийнхүү асуудал үүсгэсэн. П.Орхоныг Азийн наадмын зохион байгуулагчдад, допингийн шинжилгээ өгөөгүй байхад хориотой бодис хэрэглэсэн байж магадгүй гэх мэдээллийг түрүүлээд өгсөн нь  хачирхалтай бөгөөд хардах үндэслэл болж байгаа юм. 

        Мөн түүнчлэн Жакарта 2018 Азийн зуны спортын XVIII наадамд П.Орхоны багш МУГД Ц.Хосбаярыг явуулахгүй гэж хилийн хориг тавьж, цагдаагийн газарт саатуулсан нь нэг л хачин, шижиг түрүүлсэн асуудал мөнөөс мөн. Энэ бүхнийг Монголын чөлөөт бөхийн холбооныхон зориудаар зохион байгуулсан байж магадгүй гэсэн хардлагыг  төрүүлнэ. П.Орхон хэлэх гэсэн үгээ хэнд ч нууж, хаалгүйгээр шулуухан хэлчихдэг. Түүний эрс шулуу, шударга зан зарим нэгний эгдүү, дургүйг хүргэсэн байхыг үгүйсгэх аргагүй. Дэлхийн аварга бөх, олимпын наадмын өмнө сэргээшийн төрлийн бодис хэрэглэж, өөрийгөө хорлоно гэж ерөөсөө байхгүй.

          Одоо П.Орхон дэлхийд ямар чансаатай, ямар ур чадвартай, хэр өндөр зэрэглэлийн бөх вэ гэдгээ харуулах цаг үлдлээ. Түүнд амжилт гаргахад допинг ямар ч хэрэг байгаагүй гэдгийг дэлхий дахинд нотлон харуулах байх. Дэлхийн аварга П.Орхоныг “Парис 2024” олимпын наадамд гайхалтай барилдаан хийхийг нь хүсэн хүлээж буй хөгжөөн дэмжигч, бөхийн спорт сонирхогчид тэсэн ядан хүлээсээр байна. Парисын дэвжээ П.Орхонд ээлтэй. Парист тэр дэлхийн аварга болсон. Харин одоо Парисын олимпод хэрхэн барилдахыг нь харах үлдлээ.


 

 


П.ОРХОН ЭРГЭН ИРЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 17:41:15
    Зочин: Хайччихсан байж байгаад эргэн ирж байгаа юм бэ, спортын эргэн ирэлт ярих гэж байгаа бол гаргасан амжилт байх хэрэгтэй ш дээ, тэгж байж эргэн ирэлт ярина
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 07:33:49
    дэмжигч: амжилт хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-24 10:05:13
    Баянгол дүүргийн иргэн Орхонийн фень Д Эрдэнэбилэг : Гайхалтай сэтгэл огшоосон нийтлэл байлаа энэ бүгд үнэн тухай үеийн чөлөөт бөхийн удирлууудийн бусармаг үйл ажилгаа хийсэн ажилгаа шдээ Орхондоо амжилт хүсье дутуугаа гүйцээх үе чинь ирлээ ургшаа охин минь
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188