• Өнөөдөр 2024-05-04

АЗИЙН АВАРГЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛЖ Б.ГАНХАЙЧ МӨНГӨ, Б.НЯМ-ЭРДЭНЭ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-04-22,   787

   Жүдо бөхийн 2024 оны  Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-23-ны өдрүүдэд Хонконгод болж өндөрлөнө. Энэ удаагийн Азийн аваргад 36 орны эрэгтэй 166, эмэгтэй 106, нийт 272 тамирчин өрсөлдөж байна.  Азийн аваргын эхний өдөр манай улсаас 48 кг-ын жинд ОУХМ Б.Баасанхүү, 57 кг-д МУГТ Л.Энхрийлэн, 66 кг-д ОУХМ Б.Эрхэмбаяр нар алтан медаль, 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам, 60 кг-ын жинд ОУХМ Б.Цогт-Очир нар хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргасан. Харин Азийн аваргын хоёр дахь өдрийн тэмцээний 63 кг-ын жинд ОУХМ Б.Ганхайч мөнгөн медаль, 70 кг-д ОУХМ залуу тамирчин Б.Ням-Эрдэнэ хүрэл медаль хүртэж медалийн буухиаг үргэлжлүүллээ.

АЗИ ТИВИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛИЙГ Б.ГАНХАЙЧ  ХҮРТЭВ :

           Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин 2022 оны Ази тивийн аварга, ОУХМ Болдын Ганхайч барилдлаа. Тэрбээр 2024 оны Ази тивийн аваргын алтан медалийн төлөө Япон Улсын тамирчин Ямагүчи Кираритай барилдсан.

       Барилдааны үндсэн цагт хоёр тамирчин хэн, хэнээсээ үнэлгээ авч чадаагүй. Нэмэлт цагийн барилдаанд Б.Ганхайч идэвхгүй барилдаан хийж, гурван торгуулиар ялагдал хүлээснээр Ази тивийн аваргаас мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр Б.Ганхайч Азийн аваргын алт, мөнгөн медальтай боллоо. Тэрбээр “Парис 2024” их дуулгын хүрэл медалийн барилдаанд Ямагүчи Кирариг гурван торгуулиар ялж байсан. Харин Азийн аваргад түүнд гурван  торгуулиар ялагдлаа.

      Манай бөх Б.Ганхайчид маш их нөөц боломж харагдаад байдаг. Даацтай мэх, дайчин, эрэмгий барилдаан л дутагдаад байх шиг харагдах юм. Азийн аваргын мөнгөн медаль гэдэг том амжилт, гэхдээ Б.Ганхайчид хошой аварга болох боломж байлаа. Тэр боломжийг Б.Ганхайч өөрөө бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй, үгүй хийчихлээ.

     Тэрбээр нэг л  хэнэггүй, унжгар, идэвхгүй, барилдаан хийж шүүгчдийг битгий хэл үзэгчдийг бухимдуулсан. Хүч, бяраар 63 кг-ын жиндээ, Ази тивдээ битгий хэл дэлхийд илүүрхэх хэмжээний бөх. Гэтэл тэр маш удаан, барьцаа аваад мэх хийхгүй, удаж, удаж  ганц нэг мэх хийнэ. Тэр мэх нь өрсөлдөгчийн тэнцвэрийг алдагдуулахгүй. Мэх хийсэн болоод л унаад өгнө. Босохдоо их удаан, хөдөлж ядаад, хөлийн, шилбэний хамгаалалт, үс гэзгээ засаад, суугаад л байгаа, харагдах юм.

     Үзэгчид бухимдсан бухимдал, дургүйцлээ сошиалд илэрхийлсээр байна. Үзэгч “Б.Ганхайч угаасаа л ийм удаан тайван хөдөлгөөнтэй хүн юм байна. Хожигдож яваа хүн чинь хор шартай, түрүүлж босох хүртэл шүүгчдийн нүдэнд эерэг харагдана. Гэтэл тэр хоёр жилийн өмнө ямар байсан яг тэр хэвээрээ. Олон хүн түүний барилдааныг шүүмжилж байлаа.  Шүүмжлэлд дүн шинжилгээ  хийж, барилдаандаа өөрчлөлт хийгээгүй байна. Яг хуучин хэвээрээ. Уг хүн нь ийм тайван юм байна даа гэж бодлоо. Өөр юу хэлэх вэ. Боломж байлаа цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүсье!!!” гэжээ.

АЗИ ТИВИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛИЙГ Б.НЯМ-ЭРДЭНЭ АВЛАА :

         Үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Батсуурийн Ням-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Узбекистан Улсын шилдэг тамирчин Гулноза Мятнозоваг хамгийн богино хугацаанд цэвэр ялснаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ.

        Б.Ням-Эрдэнэ 2005 онд төрсөн 18 настай охин.  Өсвөр үеийн дэлхийн аваргын болон, Азийн аваргын хүрэл медальтай. Тэрбээр өчигдөр маш шийдэмгий мэхээ даалган хийж өрсөлдөгчөө 19 секундэд иппон буюу цэвэр яллаа.Одоогоор Б.Ням-Эрдэнэ 959 оноогоор дэлхийн чансааны 47-д эрэмблэгдэж байна.

       Манай залуу тамирчин Б.Ням-Эрдэнэ нэгдүгээр тойргийн барилдаанд Макогийн Лай Лон Куокыг ялсан. Хоёрдугаар тойрогт Тайванийн Юү Жун Лиаотой барилдсан. Барилдааны эхэнд үнэлгээ алдсан хэдий ч дайчин, идэвхтэй барилдаан гаргаж гурван торгуулиар Тайванийн тамирчинг буулган авсан юм. Хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Японы тамирчин Саки Низоед даралтаар хожигдож, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй үлдсэн билээ.

 


 

 


АЗИЙН АВАРГЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛЖ Б.ГАНХАЙЧ МӨНГӨ, Б.НЯМ-ЭРДЭНЭ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188