• Өнөөдөр 2024-04-30

ЧӨЛӨӨТИЙНХӨН АЗИЙН АВАРГААС АРВАН МЕДАЛЬ ХҮРТСЭН АМЖИЛТ ҮЗҮҮЛЭВ

2024-04-15,   345

       Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстан Улсын Бишкек хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монголын чөлөөт бөхийн холбооны шинэчлэлт өөрчлөлт, зөв менежментийн зохион байгуулалт нь Үндэсний шигшээ багт сэргэн мандалтыг авчирч байгаа бололтой. Манай улсын МЧҮШБ-ийн 20 тамирчин Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, арван медаль хүртсэн амжилт гаргалаа.

         Азийн аваргын эмэгтэйчүүдийн тэмцээний 50 кг-ын жинд МУГТ Д.Отгонжаргал, 53 кг-д ОУХМ Ч.Отгонтуяа, 55 кг-д ОУХМ М.Дөлгөөн, 57 кг-д ОУХМ Э.Гантуяа, 59 кг-д залуу тамирчин Б.Анударь, 62 кг-д МУГТ С.Цэрэнчимэд, 65 кг-д ОУХМ Т.Энхжин, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа, 72 кг-д ОУХМ З.Болортунгалаг, 76 кг-д ОУХМ Н.Загардулам нар өрсөлдсөн юм.  Эмэгтэй жингийн эхний өдрийн барилдаанд 50 кг-д Д.Отгонжаргал, 55 кг-д М.Дөлгөөн, 59 кг-д Б.Анударь, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 76 кг-д Н.Загардулам нарын манай таван тамирчин барилдсан.  “Бишкек-2024” бөхийн чөлөөт барилдааны ААШТ-ий сүүлчийн өдөр манай таван тамирчин өрсөлдөж нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. Ийнхүү манай эмэгтэй бөхчүүд арван жингийн зургаад нь медальт байрт шалгарч, багийн дүнгээр гуравдугаар байр эзэлж, хүрэл цомын эзэд боллоо.

Мөнгөн медаль:

59 кг-д Б.Анударь

65 кг-д Т.Энхжин

Хүрэл медаль:

53 кг-д Ч.Отгонтуяа

62 кг-д С.Цэрэнчимэд

68 кг-д Э.Дэлгэрмаа

72 кг-д З.Болортунгалаг

Багийн нийлбэр дүнгээр:

1. Япон 173 оноо

2. Хятад 172 оноо

3. Монгол 138 оноо

4. Энэтхэг 135 оноо

5. Киргизстан 122 оноогоор тус тус эхний таван байрт шалгарсан байна.

     Манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр мөн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч З.Дүвчин нар ажиллажээ.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 50 КГ-ЫН ЖИНД. Д.ОТГОНЖАРГАЛ V БАЙР

      Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө “U23” ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Энэтхэгийн П.Шиванытай хүч сорьж, сүүлийн хоёр секундэд хоёр оноо алдаж 8:7-оор ялагдлаа. Маш харамсалтай барилдаан болж, тавдугаар байрт орсон. Гэхдээ МУГТ Д.Отгонжаргал олимпын эрхээ ДАШТ-ээс авчихсан байгаа билээ.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 53 КГ-ЫН ЖИНД Ч.ОТГОНТУЯА ХҮРЭЛ МЕДАЛЬ

        Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд ОУХМ Ч.Отгонтуяа Хойд Солонгосын Ким Жи Хюнд 10:0-ээр ялагдсан. Улмаар дагах барилдаанд Узбекистаны М.Дилшодаг 10:0-ээр ялж хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болсон юм. Тэрбээр Хятадын тамирчинтай хүч үзэж Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 59 КГ-ЫН ЖИНД Б.АНУДАРЬ МӨНГӨН МЕДАЛЬ

         Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Б.Анударь алтан медалийн төлөө Хятадын тамирчин Жан Гитай барилдаж мөнгөн медалийн эзэн боллоо. Барилдааны эхэнд өрсөлдөгчийн хэвтээ барилдааны мэхэнд орсноор нэг дор арван оноо алдаж, оноогоор цэвэр ялагдсан юм. Одоо 20 настай тэрбээр олон улсын анхны тэмцээндээ оролцож, анхны медалиа ийнхүү хүртлээ.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 68 КГ-ЫН ЖИНД Э.ДЭЛГЭРМАА ХҮРЭЛ МЕДАЛЬ

         Эмэгтэйчүүдийн  68 кг-ын жинд барилдсан ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө Хятадын тамирчин Ли Зөлюүтэй барилдаж, сүүлчийн 22 секундэд хожлын оноогоо авч ялснаар хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас олимпын эрхээ авсан хоёр дахь тамирчны нэг билээ.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 55  КГ-ЫН ЖИНД  М.ДӨЛГӨӨН V БАЙР

       Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Ази тивийн иж бүрэн медальтай, “Нанжин”-2014 залуучуудын олимпын наадмын мөнгөн медальт, ОУХМ М. Дөлгөөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөөх барилдаанд Хятадын Мин Жантай хүч сорьж 15:5-аар ялагдлаа.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 62 КГ-ЫН ЖИНД С.ЦЭРЭНЧИМЭД ХҮРЭЛ МЕДАЛЬ

        Дэлхийн аварга, МУГТ С.Цэрэнчимэд 62 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Өмнөд Солонгосын тамирчинг цэвэр дарж ялсан. С.Цэрэнчимэд Хятадын Л.Лилиг 5:0- ээр ялж, дөрөвний нэгийн шигшээд олимпын мөнгө, дэлхийн гурван удаагийн аварга Киригзстаны Айсулуу Тыныбековатай барилдаж 13:2-оор ялагдсан юм. С.Цэрэнчимэдийн хувьд 2011, 2014, 2019 онд тивийн аваргаас хүрэл медаль хүртэж байв. Энэ түүний Ази тивийн дөрөв дэх хүрэл медаль боллоо.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 65 КГ-ЫН ЖИНД Т.ЭНХЖИН МӨНГӨН МЕДАЛЬ

        Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ОУХМ Т. Энхжин, Японы Ёшитаке Махитай аваргын төлөө хүч сорин ялагдаж, тивийн аваргын мөнгөн медаль хүртлээ. Манай тамирчин Хятадын тамирчинг 6:4-өөр ялж шийдвэрлэх барилдаанд Казахстаны Ирина Казюлинатай барилдаж 6:4-өөр ялсан юм.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 72 КГ-ЫН ЖИНД З.БОЛОРТУНГАЛАГ  ХҮРЭЛ МЕДАЛЬ

        Эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ З.Болортунгалаг дэвжээний эзэн орон Киргизстаны Нуртаев Нурзатыг цэвэр дарж, тивийн аваргын хүрэл медаль хүртлээ. Манай тамирчин хэсэгтээ Никура Сумирег 10:6 -аар ялсан. Улмаар шийдвэрлэх барилдаанд Хятадын Жян Цяньтай барилдаж 8:2-оор ялагдсан юм. Тэрбээр өмнө нь 65 кг-ын жинд 2021 оны Азийн аваргын алтан медалийг эх орондоо авчирч байсан билээ.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-ЫН ЖИНД Э.ГАНТУЯА V БАЙР

       Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд "Осло 2021” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Э.Гантуяа Энэтхэгийн С.Саритаг 8:4-өөр ялж, 1/4,-т Хятадын Фен Юн Шинтай өрсөлдөж 10:0-ээр цэвэр ялагдсан. Манай тамирчин хүрэл медалийн төлөө Хойд Солонгосын Хэён Жи Юунд ялагдаж Азийн аваргын шагналт V байрт шалгарлаа.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ШИГШЭЭ БАГ ТАВДУГААР БАЙРТ ШАЛГАРЛАА

         Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй жингийн барилдаан хоёр өдөр үргэлжилж өндөрлөсөн. Манай улс бүтэн багаараа буюу арван жинд оролцож хоёр мөнгө, хоёр хүрэл нийт дөрвөн медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Э.Энхболд хүрэл, 65 кг-д Т.Тулга мөнгө, 79 кг-д Э.Бямбадорж мөнгө, 92 кг-д Д.Батзул хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр тавдугаар байрт шалгарсан.

Багийн нэгдсэн дүнгээр:

1. Иран 190 оноо

2. Япон 130 оноо

3. Киргизстан 121 оноо

4. Казахстан 181 оноо

5. Монгол 92 оноогоор тус тус эхний таван байрт шалгарсан байна.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 61 КГ-ЫН ЖИНД Э.ЭНХБОЛД ХҮРЭЛ МЕДАЛЬ

       Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Э.Энхболд Палестины А. Алиг ялж тивийн аваргын хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Азийн аваргын хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Д.Акаштай барилдаж 18:7-оор яллаа.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 65 КГ-ЫН ЖИНД Т.ТУЛГА МӨНГӨН МЕДАЛЬ

        Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Т. Тулга 65 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр жингийнхээ хүчтэй өрсөлдөгч Ираны алдарт бөх Рахман Амузидхалилитай барилдаж 2:1-ээр ялагдаж Ази тивийн хошой мөнгөн медальтан боллоо.

          Манай бөх хэсэгтээ Япон, БНАСАУ-ын тамирчинг ялж хагас шигшээд үлдсэн. Зооны аваргын барилдаанд Энэтхэгийн Рохитыг ялж аваргын алтан медалийн төлөө шалгарсан юм. Т.Тулга Ираны бөхийг өнгөрсөн Азийн наадмын финалд тааран ялж байсан билээ.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 79  КГ-ЫН ЖИНД Э.БЯМБАДОРЖ  МӨНГӨН МЕДАЛЬ

       Эрэгтэйчүүдийн 79 кг-ын жингийн алтан медалийн төлөө Э.Бямбадорж, Ираны бөх Ноходиларими Мохаммед Ашгартай барилдаж 12:2-ын харьцаатай ялагдан мөнгөн медалийн эзэн боллоо. Манай тамирчин эхний барилдаанаа Казахстаны Азамат Омырзхановтой барилдаж цэвэр ялсан. Харин  дөрөвний нэгт үлдэх барилдаанд Японы бөхийг 5:3-аар ялж хагас шигшээд Узбекистаны Хасановыг ялж аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан юм.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 92  КГ-ЫН ЖИНД Д. БАТЗУЛ ХҮРЭЛ МЕДАЛЬ

       Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд Д. Батзул дэвжээний эзэн орон Киргизстаны бөх Карыпбаев Нуртилекийг 2:2-ын харьцаатай оноо тэнцэж, сүүлийн оноогоор ялж, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медалиа хүртлээ. Д. Батзул Дархан-Уул аймгийн дасгалжуулагч ОУХМ Ё. Батдархан, МУГД Ц. Баярсайхан багш нарын шавь билээ. Түүний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний анхны медаль хүрэл байлаа.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 125  КГ-ЫН ЖИНД Б.ОДГЭРЭЛ V БАЙР

      “Бишкек 2024” ААШТ-ий 125 кг-ын жинд манай тамирчин Б.Одгэрэл нэгдүгээр тойргийн барилдаанд Сирийн Омар Сарим, хоёрдугаар тойрогт Узбекистаны Сардорбек Холматовтай барилдан ялж шигшээ дөрөвт үлдсэн. Улмаар эзэн орны бөх Лазаревтай барилдаж 10:0-ээр ялагдсан юм. Азийн аваргын хүрэл медалийн төлөө Хятадын бөх Бөх-Эрдэнэд ялагдаж V байрт шалгарлаа.

 


ЧӨЛӨӨТИЙНХӨН АЗИЙН АВАРГААС АРВАН МЕДАЛЬ ХҮРТСЭН АМЖИЛТ ҮЗҮҮЛЭВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188