“Парис 2024” олимпын наадам хаяанд ирсэн чухал, хариуцлагатай үед манай жүдочид сэргэлт авч чадахгүй “сэхээнд” орчихсон байдалтай, нэг л сулбагар, унжуу, дорой байна. Нөгөө нэг их сүртэй олимпын дөрвөн жилийн бэлтгэлийн цикл энэ тэрийг яриад ч нэмэргүй болжээ. Олимпоос медаль хүртэх хамгийн их магадлалтай 48, 52, 57, 63, 60, 66, 73, -100, +100 кг-ын жингийн бөхчүүдийн ур чадвар ахихгүй, нэг түвшиндээ гацаад зогссон байдалтай, цаг хугацаа урсаад л байна даа. Залуу жүдочдыг туршлага суухыг хүлээж, толгойг нь илж, өмөөрч хамгаалсаар байтал зодог тайлах нас нь болчих юм. Гэтэл гадны залуу бөхчүүд туршлагаас илүү ур чадвар, барилдааны арга барилд анхаарал хандуулж байна. Тэд 17-22 насандаа оргил амжилтаа гаргаад эхэлчих юм.
Тэгэхээр манай Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын ур чадвар, мэдлэг, дасгалжуулах чадвар дэлхийн хэмжээнээс доогуур байгаад байх шиг байна. Тамирчдын бэлтгэлжилтийн циклийг тэд хараахан тохируулж чадахгүй, гадны тамирчдыг судлах судалгаа, анализ, дүгнэлтийг маш муу хийдэг байх.
Манай улсаас АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Бишрэлтийн Хорлоодой, Баянмөнхийн Нармандах, Батсүхийн Алтанцэцэг нарын барилдааны ур чадвар хэрхэн дээшилж, ахисан байгааг харах хэрэгтэй. Гэтэл манай Үндэсний шигшээ багийн тамирчдын барилдаанд уналтад орчихсон байна. Энэ байдлаар бол Парисын олимпоос медаль хүлээх ямар ч боломж алга. Хэзээ жүдочид сэргэлт авч, барилдаан нь сайжрахыг таашгүй.
Эрэгтэйчүүд 60 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгөн медальт ОУХМ Энхтайваны Ариунболд, ОУХМ Энхтайваны Сумьяабазар нар байна. Монголын 60 кг-ын бөхчүүд олимп, дэлхийн аваргад хэзээнээсээ өндөр амжилт гаргадаг байсан. Олимп, ДАШТ-ээс 60, 66 кг-ын бөхчүүд л медаль хүртдэг байв. Тэдний хэн нь ч гадаадын тэмцээнээс үгүй ядахдаа хүрэл медаь чирээд ирдэг байлаа. Гэтэл хамгийн сүүлд Э.Ариунболд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Түүнээс хойш гран при, гранд слам, Азийн аварга, Азийн наадам, ДАШТ-ээс нэг ч медаль хүртэж чадсангүй. Манай 60 кг-ын жингийн бөхчүүдийн амжилт нэг л сонин уруудаад байгаа.
Тус жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар, Б.Сүхбат, Б.Цогт-Очир, Ж.Амарболд, К.Ёолк, Б.Энэбиш нарын тэнцүүхэн өрсөлдөгчид байгаа билээ. Гэвч тэд монголдоо л ширүүн өрсөлдөөн өрнүүлэхээс цаашгүй байна. Гадны бөхчүүдтэй хамгийн сайн барилдаж чаддаг, техник ур чадвар сайтай нь Э.Ариунболд байх шиг байгаа юм.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаанд мөн л уналтад орчихлоо. Найдвар алдаггүй гран при, гранд сламаас тогтмол медаль хүртдэг байсан Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр хоёрын барилдаан нэг л болж өгөхгүй байна. Нэг л хэвийн түвшиндөө барилдаан нь гацчихлаа. Харин тэдний жингийн гадаадын бөхчүүдийн ур чадвар улам л ахиж, дээшлээд байх юм. Оролцсон тэмцээн болгондоо медаль хүртдэг Г.Хэрлэн мастер сүүлийн үед гран при, гранд сламд төдийлөн оролцохгүй байгаа. Улсын залуу аварга Г.Сод-Эрдэнэ, Л.Өнөболд нар мөн л тэмцээн уралдаанд оролцохгүй байна.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын гол найдвар дэлхийн аварга, МУГТ, Цэнд-Очирын Цогтбаатар гэмтэл, бэртэлтэй байна. Түүний амжилтыг үргэлжлүүлж байгаа ОУХМ Батзаяагийн Эрдэнэбаярын барилдааныг гадны дасгалжуулагч, бөхчүүд дэндүү сайн судалсан байна. Б.Эрдэнэбаярыг барилдааны сул тал, алдааг үнэхээр сайн ашиглаж ялаад эхэллээ. Тийм болохоор Б.Эрдэнэбаяр өөрийн барилдааны арга барилдаа өөрчлөлт хийж, илүү чамбай, хийгүй барилдаж, бэлтгэл сургуулилалтаа сайжруулах, тактикийн барилдааны арга барилд суралцах шаардлага бий болжээ. ОУХМ Л.Анхзаяа, О.Уранбаяр нар гран при, гранд слам тэмцээнүүдэд оролцох шаардлагатай байна.
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд олон улс, тив, дэлхийн хэмжээнд барилдах, амжилт гаргах боломжтой ганцхан тамирчин байгаа нь тун харамсалтай. Энэ жингийн бусад тамирчдын ур чадвар хүссэн хэмжээнд хүрч дээшлэхгүй хэвээр л байна. Ганц “дайчин” ОУХМ Гэрэлтуяагийн.Болор-Очироо амжилт гаргахыг хүлээсээр байна даа.
Монгол Улсын эрэгтэйчүүдийн 90 кг-ын жингийн гол нүүр царай ОУХМ Гантулгын Алтанбагана болсоор олон жилийн нүүрийг үзлээ. Түүнтэй ижил түвшинд өрсөлдөөн өрнүүлчих тамирчид доороос гарч ирэхгүй байсаар л байна. Г.Алтанбагана жин их хасдаг болохоор ядралт, буцалт их байдаг бололтой.
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жингийн гол итгэл, найдвар нь ОУХМ Б.Гончигсүрэн болоод байгаа. Түүний ур чадвар тэмцээнээс тэмцээнд ахиад л байна. Түүнд бэлтгэл хангагч, ойролцоо ур чадвартай бэлтгэл хангагч илүү чухал байгаа юм.
+100 кг-ын жинд манай улсын гол найдвар нь ОУХМ О.Цэцэнцэнгэл болсон. Түүний бэртэл, гэмтэл бүрэн эдгэх юм бол тэрбээр амжилт гаргах бүрэн боломжтой. Түүнтэй өрсөлдөөн өрнүүлэх, ойролцоо ур чадвартай бөхчүүд одоогоор алга байна.
Эмэгтэйчүүд 48 кг-ын жинд ОУХМ Ганбаатарын Наранцэцэг, ОУХМ Бавуудоржийн Баасанхүү нар дэлхийн хэмжээнд ижил түвшиний өрсөлдөөн өрнүүлж байгаа. Гэхдээ тэд спорт сонирхогчдын хүссэн, дэлхийн хэмжээний амжилтыг хараахан гаргаж чадахгүй байна. Г.Наранцэцэг, дэлхийн аварга М.Уранцэцэгийн бэлтгэл хангагч байсан. Түүнд амжилт гаргах боломж бүрэн бий. Тэрбээр 48 кг-ын жиндээ арал чацтай, бяртай. Барилдааны туршлага, ур чадвар ч сайн. Сүүлийн үед түүний барилдаан нэгэн хэвийн болчихсон. Ахиж дээшлэхгүй байгаа болохоор амжилт гаргахгүй байна. Магадгүй бидний нүдэнд харагдахгүй бэртэл, гэмтэлтэй ч байж болох юм.
ОУХМ Бавуудоржийн Баасанхүү боломжийн барилдаан гаргаж байгаа. Түүнээс спорт сонирхогчид илүү өндөр амжилт гаргахыг хүлээж байгаа. Түүнд боломж, нөөц бий. Улам л сайжрах, хий, зай гаргахгүй барилдах хэрэгтэй байна.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам боломжийн барилдааныг гаргаж байгаа. Түүний бэртэл, гэмтэл бүрэн эдгэсэн бол илүү өндөр амжилтыг тэр гаргаж чадна. Л.Сосорбарамд бэлтгэл хангагч, ойролцоо ур чадвартай жүдочид үгүйлэгдэж байгаа. Өсвөр, залуучуудын хэдэн тамирчин доороос гарч ирж байгаа хэдий ч дэлхийн хэмжээнд барилдах хэмжээнд хараахан хүрээгүй байна.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд дэлхийн аваргын хошой хүрэл медальт Лхагватогоогийн Энхрийлэн байна. Бэртэл, гэмтэл түүний амжилт гаргах боломжийг хаасаар байгаа. Түүнтэй ижил дэлхийн түвшинд өрсөлдөөн өрнүүлэх боломжтой тамирчин гэвэл ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо билээ. Гэтэл тэрбээр жин өгсөн 63 кг-д нэг хэсэг барилдаж үзээд чимээ тасарсан. Хэрэв М.Ичинхорлоо 57 кг-даа барилдаад эхэлбэл, Л.Энхрийлэнд сайнаар нөлөөлж, амжилт гаргах гол хөшүүрэг нь болох магадлал бий.
Эмэгтэйчүүд 63 кг-ын жинд Ази тивийн аварга ОУХМ Болдын Ганхайч мөн ч олон жил тус жинг чирч явна. Гэмтэл, бэртлийн улмаас барилдаанаа бүрэн гаргаж чадахгүй байгаа. Тийм болохоор спорт сонирхогчдын зүгээс түүн рүү чиглэсэн, дайралт, шүүмжлэл их бий. Түүнийг хурцалж, тогтмол амжилт гаргахад нь чухал нөлөө үзүүлж байсан МУГТ, дэлхийн аваргын хүрэл медальт Балдоржийн Мөнгөн чимэг зодог тайлсан. Ойролцоо өрсөлдөөн өрнүүлж байсан Саранцэцэгийн Лхагвадулам, Баярбатын Баасанжаргал нар жин өгсөн 70 кг-д барилдах болсон. Залуу тамирчин Д.Есүй, Х.Маралмаа нарын ур чадвар хурдан хугацаанд сайжрахыг хүлээсээс өөр арга алга.
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Батсуурийн Ням-Эрдэнэ гол итгэл найдварыг хүлээж байгаа. Гэсэн хэдий ч хүссэн хэмжээнд хүрэх нь хараахан болоогүй байна. Түүний араас Саранцэцэгийн Лхагвадулам, Баярбатын Баасанжаргал нар явж байгаа. Энэ жингийн бөхчүүд Парисын олимпын эрх авах хэмжээнд барилдаж чадахгүй байгаа.
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд залуу тамирчин ОУХМ Отгонбаярын Хүслэн, Батбаярын Эрдэнэт-Од нар барилдаж байгаа. Тэдний түвшин нэг л сайн ахиж өгөхгүй байна. Энэ жингийн бөхчүүдээс амжилт хүлээх цаг хараахан болоогүй байгаа бололтой.
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд ОУХМ Амарсайханы Адьяасүрэн барилдаж байгаа. Гэмтэл, бэртэл нь бүрэн эдгэх юм бол тэрбээр боломжийн амжилт гаргах байх. Түүнд бэлтгэл хангагч хэрэгтэй байгаа. Дамбадаржаагийн Номинзул, А.Адъяасүрэнтэй ижил түвшиний амжилтыг хараахан гаргаж чадахгүй чимээ алдарсан. Гэхдээ хүнд жинд доороос боломжийн хэмжээнд барилдах өсвөр, залуучуудын ангиллын тамирчид төрөн гарч ирж байгаа.
СЭРГЭЛТ АВЧ ЧАДАХГҮЙ ЖҮДОЧДЫН БАРИЛДААН “СЭХЭЭНД” ОРЧИХЛОО |
|
2025-02-10 08:49:28
2025-02-10 08:26:24
2025-02-10 07:00:00
2025-02-10 07:00:00
2025-02-10 07:00:00
2025-02-10 07:00:00
2025-02-10 07:00:00
2025-02-09 17:01:32
2025-02-09 13:59:46
2025-02-09 13:19:27
2025-02-09 12:54:50
2025-02-09 12:18:38
2025-02-09 12:11:37
2025-02-09 11:35:22
2025-02-09 11:21:18
2025-02-09 11:01:14
2025-02-09 10:51:20
2025-02-09 10:26:50
2025-02-09 10:11:40
2025-02-09 09:55:50
2025-02-09 09:16:59
2025-02-09 08:41:31
2025-02-09 08:36:26
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |