• Өнөөдөр 2024-04-28

Б.ГАНХАЙЧ ГАЙХАЛТАЙ ЭРГЭН ЭРЭЛТИЙГ ХИЙЖ ЧАДЛАА

2024-02-06,   527

          Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Ази тивийн аварга, ОУХМ Болдын Ганхайчийн барилдааныг жүдо бөх сонирхогчид шүүмжлэх нь нэлээдгүй бий. Б.Ганхайч ер нь ямар ч барилдаанд сандарч, тэвдэж, яараад байдаггүй. Түүний хэтэрхий тайван, өрсөлдөгчийг барьж баглаж барилддаг барилдаан нь үзэгчдийг цухалдуулдаг. Мөн шүүгчдийн нүдэнд идэвхгүй барилдаан болж харагддаг болохоор торгуулиар ялагдах хүлээх гол шалтгаан болоод байдаг юм.

          Тэрбээр тамирчинг хүнд тохиолддог бүх саад бэрхшээлийн даван туулж яваа, сэтгэлийн хаттай жүдочин. Б.Ганхайчийн төрөлх тайван, дөлгөөн чанар нь сайн, муу хэл амны дайралтуудыг ажрахгүйгээр  даван туулан гарах эрч хүчийг бий болгодог байж магадгүй. Тэр бүх сөрөг дайралтуудад сэтгэл, санаагаар унаж, урвайгаад байдаггүй. 2021 онд Токиогийн олимпын өмнөх ДАШТ-ий үеэр Б.Ганхайч ковид туссан. Ковид түүний олимпын бэлтгэлийн циклийг алдагдуулчихсан. Олимпын өмнөх бэлтгэлийг дутуу хийсэн, сэргэлт авч чадалгүй тэмцээнд үргэлжлүүлэн орсон. Жин хассан нь ядралт, цуцалтыг улам л нэмэгдүүлсэн байх.  

         Олимпын дараа жил Б.Ганхайч 2022 онд Казахстан Улсын Нур-Султан хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж Ази тивийн аварга болсон. Азийн аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Японы Нами Набекүраг цэвэр ялж, Азийн аваргын алтан медаль хүртсэн юм. 2019 оны Азийн аваргаас мөнгө, 2017 оны Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан тэрбээр ийнхүү Азийн аваргын иж бүрэн медальтай болсон билээ.

“Токио 2020” олимпын 63 кг-ын хувийн барилдаанд тэрбээр өөрийн санасан, хүссэн хэмжээнд барилдаанаа гаргаж чадаагүй. Гэхдээ олимпын багийн барилдаанд сайн барилдсан. “Токио 2020” олимпын 70 кг-ын жинд алтан медаль хүртэж, аварга болсон Японы Чизүрү Ариаг буулган авч байлаа. Дээд жингийн олимпын аварга, тэр тусмаа японы тамирчныг ялна гэдэг бахархалтай. Токиогийн олимпын тэр барилдаан Б.Ганхайчид ямар их нөөц боломж, шавхдашгүй эрч хүч нуугдаж байгааг харуулсан юм.

           Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Балдоржийн Мөнгөнчимэг түүнтэй хүчтэй, ширүүн өрсөлдөөнийг үзүүлдэг байсан. Тийм учраас тэд бие, биенээ хурцалж, ирлэн дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүргэсэн билээ. Б.Ганхайч жүдо бөхийн УАШТ-д таван удаа түрүүлээд байгаа. МУГТ Б.Мөнгөнчимэг хэдий бэртэлтэй байсан ч өөрт олдсон боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Харин Б.Ганхайч бэртэл, гэмтэлийн улмаас өөрийн нөөц боломж, барилдааныг гаргаж чадахгүй байгаа билээ.

Тамирчин хүний бэртэл, гэмтэл бусдын нүдэн ил харагдахгүй. Зөвхөн бэртэл авсан тамирчин л тэр зовлонг биеэрээ туулж, амжилт гаргахын төлөө шүд зуун, тэсвэр, тэвчээр гарган тэмцдэг билээ. Тамирчдын амжилтыг хойш татдаг хамгийн “Том дайсан” бол мэдээж бэртэл, гэмтэл яах аргагүй мөн. Хэдий тэд өвчин намдаагч хэрэглэн, шүд зуун тэсвэрлэн тэмцдэг ч ялагдал хүлээх нь олонтой.

            Б.Ганхайч 2023 онд мөрөндөө бэртэл авч, нэлээдгүй урт хугацаанд тэмцээнд оролгүй өнжөөд байсан.  Шинэ онд тэрбээр бэртлээс эргэн ирж, анхны олон улсын тэмцээн болох “Португаль 2024” гран прид орж, олимпын жилийн тэмцээний эхлэлээ тавьсан. Тус гран пригийн 63 кг-ын жингийн “D” хэсгийн барилдааны нэгдүгээр тойрогт  АНУ-ын Hannah Martin-ыг, хоёрдугаар тойрогт Алжирын Amna Belkadi-г, гуравдугаар тойрогт Өмнөд Солонгосын Shin Chae Won нарыг цувруулан ялж, шигшээ наймд шалгарч “D” хэсгийн аваргын төлөө Английн Lucy Renshall-тай барилдаж байгаад мөрний бэртлээ сэдрээж  барилдах боломжгүй болсон билээ.

             Өвчин намдаач хэрэглээд ч өвдөлт нь намдахгүй байж, багш, дасгалжуулагч, багийн эмч түүний барилдааныг зогсоож, Английн тамирчинд ялалтыг өгсөн юм. Хэдийгээр ялагдал хүлээсэн ч Б.Ганхайч  шигшээ наймд шалгарсан учраас Lucy Renshall-ийг дагаж Унгарын Szofi Ozbas-тай барилдах боломж гарсан. Гэвч тэрбээр дагах тойргийн барилдааны татамид гаралгүйгээр ялалтыг Унгарын бөхөд өгсөн юм. Харин барилдалгүй ялалтыг авсан Унгарын тамирчин Португалийн гран пригээс хүрэл медаль хүртсэн. Унгарын Szofi Ozbas-тай барилдаж мөрний бэртлээ улам хүндрүүлэлгүй зогсоосон нь Б.Ганхайчийн зөв байжээ.

             Францын “бага дэлхийн аварга” хэмээн нэрлэгддэг “Парис 2024” их дуулгад Б.Ганхайч 63 кг-ын “С” хэсгийн нэгдүгээр тойргийн барилдаанд Узбекистаны Sevinch ISOKOVA-г ялсан. Хоёрдугаар тойрогт Чехийн Renata ZACHOVA-г нэмэлт цагийн барилдаанд гурван торгуулиар ялсан. Гуравдугаар тойргийн барилдаанаа Косовогийн Laura FAZLIU-тай хийж, ялалт авч  наймны нэгд үлдсэн.  “С” хэсгийн аваргын төлөө Нидерландын Joanne VAN LIESHOUT-той барилдаж ялагдал хүлээв.

           Дагах тойргийн барилдаанд Кубын Maylin DEL TORO CARVAJAL-тай үндсэн цагт үнэлгээ авалгүй, цаг сунгаж барилдсан. Нэмэлт цагт хоёр, хоёр торгуультай эгзэгтэй үед Кубын бөхийг ялсан юм. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы Kirari YAMAGUCHI-ийг нэмэлт цагт торгуулиар ялж, Парисын их дуулгаас хүрэл медаль хүртсэн.

            Азийн аварга, ОУХМ Болдын Ганхайчийн бэртлээс эргэн ирсэн барилдаан гайхалтай байлаа. Мөрний бэртэл нь даацтай мэх хийх, хурд, хүч гаргах боломжгүй болгосон хэдий ч тэрбээр тактикийн барилдааныг гайхалтай хийж чадсан. Б.Ганхайч бэлтгэл дутуу, ядралт, цуцалт их, амьсгаа өндөртэй байв. Гэсэн хэдий ч тэрбээр туршлага заан, идэвхтэй барилдаан харуулсан зөв тактикийг хэрэглэж чадлаа. Б.Ганхайчид олимп, дэлхийн медальтан болох хүч, бяр, нөөц боломж бий. Одоо хамгийн чухал нь бэртлээ хурдан эдгээж, бэлтгэл, сургуулилалтаа чанаржуулах л чухал байна.

 

 

 

 


 

 


Б.ГАНХАЙЧ ГАЙХАЛТАЙ ЭРГЭН ЭРЭЛТИЙГ ХИЙЖ ЧАДЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188